antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 4, 2016 16 comments

Аляскад монгол тэмээтэйгээ хамт уйлсан минь

нийтлэсэн Admin
527-145707156112790953_1086134098073626_7552049622910528829_n
Анх Америкт хөл тавихдаа Аласка мужид 2000 оны хавар очиж хүн ардынх нь сайхан сэтгэлд уярахаас гадна байгалийн гайхамшгийг нь шүтэн, онгон дагшин байгалийг нь биширсээр ирсэн юм.
Намайг Аласкад ирэхэд хойт туйлын алдартай цагаан шөнө аль хэдийнээ эхэлсэн байлаа. Өдөр шөнөгүй гэрэлтэй байх энэ үе нь хичээл номоо хийдүүлээд хоер гурван хоногоор Ленинградын цагаан шөнийг харах гэж явдаг байсан залуу зандан насыг минь яахын аргагүй санагдуулсан билээ. Аласкад ирээд мартагдашгүй сайхан оюутан насаа эргэн санахад сонин байлаа. 2001 оны өвөл Аласкад дахин очих таатай боломжийг Номхон далайн дээд сургууль надад олгосон юм.
Манайхаас дутахгүй хүйтэн байх болов уу гэж бодоод аль болох дулаан хувцасаа бэлдээд очтол үстэй малгай, бээлийний хэрэг надад гараагүй.
Миний байсан Анкорож хот нь Номхон далайн урсгал дээр оршдог болохоор өвөл нь цас их оровч дулаан уур амьсгалаараа Монгол орны маань намрын сэрүүнийг санагдуулахаар байлаа. Америкийн хамгийн хүйтэн муж гэж тооцогдох Аласкийн тэр жилийн өвөл харин миний амьдралд хамгийн дулаан өвөл болж өнгөрсөн юм.
Өмнө нь өдөр шөнөгүй гэрэлтэй байдаг цагаан шөнийн цагаар ирж харанхуй шөнийг бараг гурван сарын турш үзэлгүй буцаж байсан бол энэ удаад өвлийн цагаар очиж нарны гэрэл харалгүй хоер сарыг өнгөрөөсөн. Зарим шөнөдөө туйлын туяа тусахад гэрэл гэгээтэй болж хаа ч давтагдашгүй гэрэл цацарсан саруулхан шөнийн тэнгэрт говийн зэрэглээг өнгөтөөр харах шиг болдог байлаа. Зохиолч, яруу найрагчдын естой л нэг онгод нь орохоор хосгүй сонин шөнүүдээрээ Аласка нутаг сэтгэлийг минь уяраасан.
Тэр жилийн мартагдашгүй дулаан өвөл дуусахад хавар нь сэтгэл догдлуулсан үйл явдлаар эхэлж билээ. Хөвсгөл аймгийн Хатгал дахь дархан цаазат газрын нэгэн ажилтан эмчилгээнд ирэх болсноор би ажлаа түр хойшлуулж, түүнд хэсэг хугацаанд туслан ажиллах болсон. Наранцэцэгийг эмнэлгээс гарахад нь юу үзэж сонирхмоор байна вэ? гэж асуухад минь:”Энд амьтны хүрээлэн байдаг бол заан гэдэг амьтанг л харамаар байна” гэв. Ингээд түүний хүсэлтийн дагуу Хөвсгөлийн дархан цаазат газар төсөл хэрэгжүүлэн удирдаж байсан америк хүн, гэргийнхээ хамт бид хоёртой Анкорож хотын захад байрладаг амьтны хүрээлэн рүү нэгэн өглөө явж билээ. Тэнд очингуутаа бид зааны байр руу явсан.
Наранцэцэг анх удаа амьд заан харж байгаа болохоороо естой л нэг хүсэл мөрөөдөл нь биелсэн хүүхэд шиг бөөн баяр болон тэнд удаан зогсож билээ. Гайхаж биширсэн түүнээс хоер бөхтэй монгол тэмээ энд байдаг гэнэ.Тийшээ явья гэтэл зааны урт хушууг гайхсан тэр тэндээс мөд хөдлөх янзгүй байхад нь төслийнх нь удирдагчтай үлдээгээд тэмээний зүг ганцаараа алхсан.
Явах замдаа бөх нь уначихсан, ноос ноолуур нь ширэлдчихсэн, нүд нь нуухтсан, өрөвдмөөр хэдэн тэмээг Орос, Герман, Унгар, Вашингтоны зоо паркт харснаа санаж явлаа. Гэтэл өмнө минь эгээ л говийнхоо шаргал хөндийд тааваараа бэлчиж яваа юм шиг өнгө зүстэй, ширээ бөх нь тэгширсэн, сүрлэг сайхан хоер тэмээ байж байв. Холын барааг ширтсэн цаанаа л нэг ихэмсэг зогсож байгаа тэмээг хараад сэтгэл минь сэргэх шиг болсон доо.
Яаж ойртуулахаа мэдэхгүй баахан зогсож байснаа гэнэт өөрийн мэдэлгүй “Хөөе, хөөе” гэж хашгираад хашааны завсраар гараараа даллатал хэвтэж байсан тэмээ нь босоод үзэгчид бидний зүг рүү алгуурхан алхаад ирсэн юм. Тэмээг дөхөөд ирэхэд тэнд байсан бүх хүн төмөр хашааны завсраар гараа оруулахад тэмээ миний гарыг сонгож аваад үнэрлэсэн. Тэгснээ гүнзгий урт амьсгаа аваад уян хүзүүгээ өргөж, тэнгэр өөд харахад нь дүрлэгэр бор нүднээс нь бөөн нулимс мэлмэрэн асгарч билээ. Бөөн бөөнөөр бөмбөрөн урсаж буй нулимсыг нь хараад өөрийн эрхгүй уйлахад минь дэргэд зогсож байсан хүмүүс “Тэмээний хэл мэддэг хүн байна шүү дээ” гэлцэн уйлж байгаа тэмээ бид хоерыг ээлжлэн харж мэл гайхсан байдалтай байв.
Яг энэ үеэр Наранцэцэг гэр бүлийн хоер америктай дөхөж ирснээ нус нулимсаа арчин зогсох намайг хараад их л сандарч яав ийв болов. Тэгтэл нэгэн америк эр хажуугаас “Тэмээ бидэн дээр ирээд энэ эмэгтэйн гарыг үнстэл нэг үг хэлээд тэмээг уйлуулчихлаа. Дараа нь өөрөө уйлаад эхэлсэн” гээд тайлбарлаж гарав. Тэнд байсан хүмүүс над руу гайхан харж учрыг олох санаатай “Энэ эмэгтэй яагаад байгаа юм бэ? Тэмээ эхлээд уйлсан юм уу?” гээд асуугаад байсан. Би гэдэг хүн хэлэх үгээ олохгүй хий дэмий л тэдэн рүү харан нэг инээмсэглэж, тэмээ рүүгээ харан нулимсаа арчин нэг хэсэг л зогссон доо.
Өмнө нь ботгоо голсон ингийг морин хуурын эгшгээр уярааж хайлуулдаг гэдгийг олон удаа сонссон боловч яг өөрийн биеэр уйлж байгаа тэмээтэй тааралдаж байгаагүй болохоор сэтгэл минь ихээр хөдөлсөн байх. Жаахан тайвшраад тэмээний тухай тайлбарыг унштал дөрвөн жилийн өмнө хоер тэмээг хэдэн сарлагийн хамт Өвөр Монголоос авчирсан гэж бичсэн байлаа.
Зарим нь уйлж, зарим нь инээсэн биднийг тэндээс холдон явахад хөөрхий тэр амьтан хашааныхаа цаанаас бидний зүг рүү харан харсаар хоцорч билээ. Алс холын Америк тивд ирсэн тэр тэмээ монгол хүний үнэрийг мартаагүйд нь их өрөвдсөн. Гэртээ ирээд ч догдолсон сэтгэл минь ер тайвшрахгүй, тэр олон хүн дотроос намайг монгол хүн гэж тэр тэмээ яаж танив аа гээд Наранцэцэгийг унтуулахгүй дахин дахин шаалгааж суулаа. Өглөө босоход нь “Малаас хол, хот газар, сэхээтний гэр бүлд төрсөн намайг тэр тэмээ яаж монгол хүн гэж мэдэв ээ?” гээд л нөгөөх асуултаа дахин давтаж асуухад минь Нараа минь өөдөөс зааны аврага бие, урт хушуу, богинохон сүүлийн талаар ярьсаар л байлаа.
Оюутны солилцооны шугамаар Аласкад сурч байсан нэгэн монгол охин намайг нутаг буцахад минь гаргаж өгөхөөр ирсэн юм. Би түүнд: “Миний дүү гэрээ санаад байвал амьтны хүрээлэнд очоод хоер тэмээтэйгээ нэг сайн уйлаад аваарай. Тэгсний дараа сэтгэл чинь онгойж нэг хэсэгтээ л сэргэлэн цовоо явах болноо, чи минь” гэхэд хацар дээр минь үнссэнээ :”За, би тэнд заавал очно” гэж шивнээд онгоцны буудал дээр доголон нулимстай торойгоод үлдэж байсан.
Миний амьдралд тохиолдсон сайхан дурсамжтай олон үйл явдлуудын нэг нь Америк оронд монгол тэмээтэй ийнхүү учирч, уйлж явсан минь яахын аргагүй мөн бөгөөд монгол хүний барааг ойрд хараагүй арван зургаахан настай тэр жаахан охин намайг хараад уйлж байсан нь бас хэзээ ч мартагдахгүй биз ээ.
Дашрамд дурдахад энэ хугацаанд Хулан маань дунд сургуулиа төгсөөд, Аласкийн дээд сургуулийг суралцаж дүүргэд, хань ижил, үр хүүхэдтэй болоод сайн явж байгаа.
Аласка яваад ирсэн хүнээс нөгөөх хоёр тэмээний нэг нь үлдсэн бөгөөд хашааных нь гадуур давхар хашаа барьснаар түүнд хүрэх боломжгүй болсон байна гэж сонслоо.
Ш.Наранчимэг. /Арлингтон. Виржиниа/
2005 он
“Даяар монгол” сонины архиваас.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • иш (March 04, 2016 3:45:52 pm )

    Хачин сайхан дурсамж байна. Элдэв хов живээс ийм сайхан гэгээлэг зүйлийг уншиж нэг хэсэгтээ сэтгэл санаа өөдрөг сайхан болж байна.

    • badamaa (March 05, 2016 8:03:06 am )

      unshaad shuud yilav.

  • Сүхээ (March 04, 2016 3:49:44 pm )

    Уншихад сайхан байлаа

  • Altaa (March 04, 2016 4:11:03 pm )

    Minii ch bas samsaa sharhirlaa.

  • Anonymous (March 04, 2016 4:38:13 pm )

    Тэмээ гэж маш их ухаантай, уяхан хөөрхөн амьтан юм даа. Сайхан байлаа, баярлалаа

  • Anonymous (March 04, 2016 6:31:18 pm )

    Samsaa min sharhirav s’han dursamj bna bayrlalaa

  • Сосаа (March 04, 2016 6:40:10 pm )

    Ийм юм гэж байдаг мөн сониноо.Одоогоос олоон жилийн өмнө болсон явдал.Хойно сургуульд сурч байгаад зуны амралтаар гэртээ дөнгөж ирээд байлаа.Гэтэл ээж, малд явж байгаа дүүгээ дууд гэдэг юм байна.Би гараад хашгарлаа.Тэгсэн чинь бараг саахалтын зайтай чөдөртэй идээшилж явсан, миний байнга унадаг бор морь гэнэт янцгаагаад чөдөртэйгээ дэгээд над руу явлаа.Би ч сандарсандаа урдаас нь тосож очоод хүзүүдэж аваад зөндөө уйлж билээ.

  • Зочин (March 04, 2016 7:07:59 pm )

    Самсаа шархирах байтугай би бүр уйлчихлаа. Берлин хотын зоо паркад байгаа 2 бөхтэй ноос нь ноорчихсон тэмээг хараад маш их өрөвдсөн . Тэмээ ухаантай, сайхан амьтан шүү.

  • ЗОЧИН ДБААСАН (March 04, 2016 8:56:54 pm )

    ТЭМЭЭ САЙХАН АМЬТАН ЭНЭ ЯВДАЛ ҮНЭН БАЙХ ,АМЬТНЫ ХҮРЭЭЛЭН БОЛ ГЭМГҮЙ АМЬТНЫГ ХОРЬСОН ШОРОН МӨН.ХӨӨРХИЙ ТЭМЭЭ МИНЬ….

  • od (March 05, 2016 7:31:07 am )

    Nulims garaad bn. Nutgaa sanasan setgel temee. Srtgel hodolloo

  • badamaa (March 05, 2016 8:05:11 am )

    Shyyd yillaa.Orovdmoor yum.Bayarlalaa.

  • unshad (March 05, 2016 12:11:16 pm )

    bi unshaad uillaa 1-ree iim uilanxai um baixdaa gej bodood coment unshtal nad shig xumuus baidag l um bn

  • Монгол хүн (March 05, 2016 12:41:18 pm )

    90-ээд онд Сингапурын паркад хэдэн тэмээн дээр монгол хүүхдүүд очоод ‘ЗҮҮДНИЙ ГОВЬ’-ийг дуулахад бас… уяхан амьтан шүү.

  • МОНГОЛ (March 05, 2016 10:10:07 pm )

    bi unshaad uillaa

  • Mongol (March 06, 2016 12:17:43 am )

    Norvegiin Kristiansand hotiin zoo parkt Mongoliin govios irsen 2 temee b.dag. Ohin bid 2 anh ochij uzehed neg temeen irj huzuugee maijuulaad nudneesee nulims goojuulsan. Bid 2 bas dagaad uilchihsan. Temee uneheer uhaantai amitan øøriin erhgui eh orno sansan shuu……

  • зочин (March 25, 2016 12:34:48 pm )

    ТАМД УНАСАН ТЭМЭЭ

    …Кайрын амьтны хүрээлэнгээр зугаалж явсан Монголын эрхэм сэтгүүлчдийн чихэнд “Танай нутгаас ирсэн тэмээ энд бий” гэх үг хачин содон сонстож нэг бөхт тэмээний нутагт үзмэр болж буй хоёр бөхтөө үзэхээр сониучирхан очицгоов. Тэнд бид юу харсан гэж санана. Нүд халтирч самсаа борхироод өөрийн эрхгүй нүүр бурууллаа. Тэнүүн говьдоо нүд хужирлаж явсан тэнгэрийн амьтан маань энд усны амьтан шиг улаан шир болчихсон, ширхэг ч үс хялгасгүйн дээр ширээ бөх нь гүрдгэр хөх биеэ дагаж унаад тамд унасан зовлонтын дүрийг энэ насанд мартахааргүй шингээн угтлаа. Төмөр торон хашааны хаягдмал буланд эвдэрч тарж уначихсан тэмээний амьд шир, бурхан минь тэмээ гэж хэлэхэд ч хэцүүтэйеэ амьтан хүзүүгээ сунгаад амь тавих цаг мөчөө тоолон хэвтэж байлаа. Азиас ханьтайгаа ирсэн гэх тэр амьтны “эр нөхөр” нь хэдийнэ хүний нутагт ясаа тавьжээ. Үр зулгзага нь болох нүцгэн хөх ботго далайн байцааны навчинд амиа тавьж өөрийг нь үзэхээр ирсэн гадныхны гараас навчийг булаахаар хомхойрон үхэлдэх нь эгээ л нохой шиг. Монгол мал гэж хэлэх арга алга. Баян арабууд хүүхдүүдээ зугаацуулан мөнөөх тэнэг амьтныг байцааны навчаар хууран хүссэн газар руугаа нохой шиг дагуулан очиж торны наанаас патиар татуулцгаах аж. Нүд хальтирч зүрх шимшрэм эл зургийг харж алмайрсан бидний хэдэн нөхөд сэтгэлээ өвтгөн байж тэмээгээ дуудлаа. “Сөөг сөөг, сөөг сөөг”.
    Гэтэл хөөрхий нөгөө амьд зовлого болсон зовлонт адгуус, зовхио нээхээс ч түүртэж байсан тэр муу амьтан элэг нутаг нэгт эзэн хүнийхээ дуугаар сэгхийтэл босоод ирэх нь тэр. Дэнхэн данхан гэж гуйвж ганхсаар салгалаад ирэхдээ бөн бөн нулимстай байлаа. Бүсгүйчүүд нь орь дуу тавин халаглаж эрчүүд маань хүртэл шимшрэлийн гашуун нулимсаа гүдхийтэл залгисан шүү. Хий дэмий л ам нь ангалзан хүзүүгээ гүрдийтэл зүтгэлэх тэмээний нүднээс бөөн бөөн нулимс унасаар. Дотор сэтгэлдээ орь дуу тавихын хэрээр дуу хоолойгоо түгжин бүлхэрч зогссон надад “Буу байгаасай. Хөөрхийг зовлонгоос нь салгаж буян үйлдчихээд буцах сан” гэх арга барагдсан бодол элэг мэрж байлаа. Бурхан минь, бүү үзэгд. Амьтны хүрээлэн гэдэг чинь амьтны там юм байна шүү дээ хэмээн өөр хоорондоо эрээнтсэн хоолойгоор ярилцах зуураа тэмээнийхээ аманд байцааны навч дөхүүлцгээсэн ч навч ч зажлах тэнхэлгүй болсон тэр амьтны нүдэнд Монголын уудам нутаг театрын хөшиг хаагдах шиг харанхуйлан үзэгдээд зүгээр л гашуун усан дуслууд бөмбөрөн хулжиж байлаа. Энэ насанд бодол сэтгэлээс арилахгүйгээр яс маханд хагадаж үлдэх эмгэнэлт зураг.
    Амьтны хүрээлэнд анааш үзэхээр зорьж ирсэн эх газрын хэдэн монголд анааш заанууд арилан одож, ахиад юу ч үзэж харах хүсэл сонирхол хэдийнэ мартагдан хөшицгөөжээ.
    Удтал зовлон ярьж тарчлан зогссон бид “Буцъя, больё” гэж үг солилцоод эргэхүй сөөнгөтөн дуугарах зовлонт тэмээний буйлаан яг л золбин жингэр тарчлан гинших шиг гаслантай сонсогдов оо. Дэмий л дотор сэтгэлээ сэмлэж, урагдах дуунд нь хоргодсоор автобусандаа суугаад буудлаа зорин явахдаа бид хэлж боломгүй хүнд гунигт цөмөөрөө автаж дуу шуугүйхэн харьсан билээ. Ийн үзэхүй монгол хүн, монгол нутаг хоёр хэзээ эртийн, хэний ч таашгүй тийм амин холбоотойгоо ухаарч бурхадын шүншигт нутагтаа бушуухан эгэхийн далд хүсэлд автаж явсан. Бас нэгэн ухаарал гэмшиглэн хальт зурсхийсэн нь, хэзээ ч бид монгол малаа харьд өгч болохгүй юм байна, нэгэнт монгол нутгаа олж төрсөн амьд амьтныг ухаант хүн ингэж тарчлаан зовоож, тамд өгчилгөх нь хэдэн төрөлд өршөөгдөмгүй нүгэл болно гэж бодогдсон шүү. Манайхан сүүлийн үед гадаадын төр засгийн томчуул болоод нэр хүндтэй нэгнийг айлчлан ирэхэд шандаст хурдан хүлгүүдээ хадаг сүүтэй барьж, ёслон хүндэтгэдэг болсон нь нүдэнд харагдаж, учир төөргийг нь мэдэхгүй алс руу унаа хүлгээ ийн блэг болгон илгээх нь хичнээн гунигтай тухай эрхгүй санааширч явлаа. Буянт малдаа буруу санадаггүй монгол түмний их ухаанаар энэ асуудалд хандах ёстой юм байна гэдгийг хаа холын халуун орны бүгчим тэнгэр дор мэдэрснээ та бүхэнтэйгээ цухасхан хуваалцахад ийм буюу.

antalya rent a car