Поп хатагтай, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа “Аргагүй Монгол аялгуу” хэмээх шинэ цомгийн баяраа нийслэлийн фэнүүдтэйгээ өнгөрсөн есдүгээр сард тэмдэглэсэн билээ. Тэгвэл дуучин Б.Сарантуяа “Аргагүй Монгол аялгуу” тоглолтоо орон нутагт хийхээр замд гарах гэж байна. Тэрбээр 21 аймагт аялан тоглолт хийх талаараа өнөөдөр “Монгол-Ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.
Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа тав дахь удаагаа орон нутгаар аялан тоглолтоо хийхээр бэлтгэлээ хэдийнэ базаажээ. Энэ удаагийн түүний аялан тоглолт дөрвөн хэсэгтэй бөгөөд 15 хүний бүрэлдхүүнтэй баг 44 хоногийн хугацаанд аялах гэнэ.
“Аргагүй Монгол аялгуу” аялан тоглолт аравдугаар сарын 14-нөөс төвийн бүсэд зургаа хоног, аравдугаар сарын 24-нөөс говийн бүсээр 12 хоног, арваннэгдүгээр сарын 7-ноос баруун бүсийн аймгуудаар 15 хоног, арваннэгдүгээр сарын сүүлээр зүүн бүсийн аймгуудаар найм хоног тус тус үргэлжлэх юм байна. Дуучин Б.Сарантуяа өмнө нь аялан тоглолтоо зөвхөн аймгийн төв дээр хийдэг байсан бол энэ удаа зам дагуух сумдад тоглох юм байна. Нийт 45 хоногийн хугацаанд үргэлжлэх аялан тоглолтынхоо явцад тэрбээр 60 гаруй удаа тоглолт хийх ажээ.
Энэхүү аялан тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Saraa’s music production” “New Star” студи ажиллах юм байна. “Аргагүй Монгол аялгуу” тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчид нь поп хатагтай Сараатай найман жил хамтран ажиллаж байгаа Хаан банк болон “Магнай трейд” групп, G-Mobile корпорацийнхан гэнэ. “Аргагүй Монгол аялгуу” орон нутаг дахь тоглолт арванхоёрдугаар сарын 6-нд өндөрлөх бол үүний дараа поп хатагтай Казахстаны нийслэл Астана, Буриадын нийслэл Улаан-Үд, Саха Улсын нийслэл Якутск хотод болон ӨМӨЗО-нд “Аргагүй Монгол аялгуу” бүрэн хэмжээний тоглолт хийхээр төлөвлөсөн байгаа юм билээ.
Дашрамд сонирхуулахад, поп хатагтай Сараа “Хайрын бэлэг” нэртэй сингл цомгийнхоо ажлыг эхлүүлж амжсан байна. Тиймээс аялан тоглолтоо дуусгаад арванхоёрдугаар сарын дундуур “Хайрын бэлэг” сингл цомгоо үзэгчдэд өргөн барихаар төлөвлөжээ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 17, 2012 7:01:47 am )
yamar goyo zurag we
1 Comment