Засгийн газрын ээлжит хуралдаанаар УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн боловсруулсан Сонгуулийн хууль болон УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэж, “Тусгайлсан саналгүй” гэсэн хариу өгчээ.
Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн санаачилсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг буцаасан байна. Энэхүү шийдвэрээс хэд хэдэн зүйл илэрхий болж ирлээ. Эдгээрийг нэг бүрчлэн задлан хүргэе.
1.Сонгуулийн хуулийн заалтыг орхигдуулсан нь улс төрийн зорилготой байжээ
Уг нь сонгууль болохоос зургаан сарын доторхи хугацаанд Сонгуулийн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж байсан түүх Монголд байхгүй. Эрх баригчид УИХ-д дахин сонгогдох боломжоо нэмэгдүүлэхийн тулд тоглоомын дүрмээ өөрсдөө гаргадаг жишиг бол харин бий. Тэд энэ удаа ч энэ эрхээ сонгууль болохоос өмнө дахин ашиглахаар гарц, боломж, шийдэл, хувилбар, санаа бүхнийг уралдуулж байна. Түүний нэг илрэл улс төрийн амьдралд өрнөж эхэллээ. Юу гэвэл, сонгуулиас өмнө сонгуулийн хуулийг дахин өөрчлөх магадгүй болсон тухай манай сонин өмнөх дугаартай нийтэлсэн билээ. “Ээлжит сонгууль болохоос зургаан сарын дотор Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн заалтыг орхигдуулсан нь санаандгүй хэрэг байсан тухай УИХ-ын гишүүн А.Бакей ярьж байсан нь худал болж таарлаа. Тэрээр “Энэ заалт орхигдсоныг хэн ч анзаараагүй” гэсэн бол Р.Бурмаа гишүүн ажлын хэсэг дээр зориуд тус заалтыг шаардлагагүй гэж үзэж хассан хэмээн өөр зүйл ярьсан. Хуулийн гол найруулга дээр суусан хоёр хүний ам ингэж зөрсөн нь тухайн үедээ төдий л анхаарал татаагүй өнгөрсөн. Гэтэл энэ нь эрх баригчдын башир аргуудын нэг байсан нь одоо илэрхий болж байх шиг. Учир нь тэд ямар нэгэн байдлаар сонгуулиас өмнө сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах нөхцөл байдал үүсч мэднэ гэсэн алсын бодолтойгоор буюу зориудаар тус заалтыг хасчээ. Мандатын тоо хуваарилах, тойрог тогтоох дээр АН-ын байр суурь анхнаасаа тодорхой байсан. Түүнийгээ гүйцэлдүүлэх хувилбаруудын нэг нь Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах шийдэл гэдгийг тэд эртнээс олж харж, ийм боломжийг нээлттэй үлдээжээ. Үүнийгээ одоо тэд ашиглах гэж байна.
2. Сонгуулийн хуулийг өөрчлөх санаархал нэгэнт ил болов
Сонгууль болохоос зургаан сарын дотор сонгуулийн хуулийг өөрчилж болохгүй хэд хэдэн шалтгаан байдаг. Хамгийн гол шалтгаан нь эрх баригчид өөрсдийн ашиг сонирхлоо тусгасан өөрчлөлтийг оруулах магадлал их учраас түүнээс болгоомжилж зайлсхийдэг. Тэгвэл энэ удаа шинэ оны босгон дээр батлагдсан Сонгуулийн тухай хуулийг дахин өөрчилж магадгүй байна. Уг нь тус хуулиар сонгуулийн холимог тогтолцоог хэвээр үлдээж, 48:28 гэсэн харьцааг хадгалж үлдэхээр болсон. Тэгвэл АН-ын гишүүдийн зүгээс үүнийг өөрчлөх санаа дэвшүүлсэн юм байна. Хамгийн гайхалтай нь энэхүү санаачилга зөвхөн АН-аас гараагүй, МАН-ын төлөөлөл ч дунд нь байгаа аж. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл боловсруулсан Ш.Түвдэндорж нарын гишүүд гэдэгт МАН-ын гишүүд байгаа нь энэхүү хууль хоёр гол намын ашиг сонирхолд нийцэж байгааг илэрхийлэх нэг баримт болж байна. Учир нь МАН-ын гишүүдийн зүгээс Сонгуулийн хуульд зургаан сарын дотор өөрчлөлт оруулахыг эрс эсэргүүцэхгүй байгаа бөгөөд гагцхүү эрх баригч хүчин болох АН-ын эрх ашиг дангаар туссан байдлаар өөрчлөгдөж болохгүй гэсэн байр суурьтай байгаа бололтой. Хуульд өөрчлөлт оруулах энэхүү төсөл нь гэрлийн хурдаар батлагдаж мэдэхээр байна. Уг нь Р.Бурмаа гишүүний тайлбараар бол Хуулийн тухай хуульд зааснаар бол хэр баргийн хуулийн төслийг өргөн бариад, УИХ хүлээж аваад хэлэлцэхгүй. Учир нь талуудын оролцоог хангасан, хэлэлцүүлэг хийсэн гээд олон шалгуурыг хангаж байж хууль батлахаар тусгасан. Тэгвэл дээрх хуулийн төсөл эхний даваагаа торохгүй давлаа. Засгийн газрын зүгээс өгсөн тусгайлсан саналгүй гэдэг нь “дэмжсэн” гэдэгтэй дүйцэх хариу юм. Яг л мөнөөх Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулах эсэх тухай Дээд шүүхээс тодруулга авахад “Тусгайлсан саналгүй” гэж ирсэн хариутай адил. УИХ энэ хариуг “дэмжсэн” гэж үзээд, Цэцийн даргыг огцруулсан билээ.
3.Сонгуулийн хуулийг яаж өөрчлөх гэж байна вэ?
Ш.Түвдэндорж нарын санаачилсан хуулиар бол шуудхандаа жагсаалтын 28-аас зургааг нь хасч, тойргийн 48 дээр нэмэх хувилбар хэрэгжих юм. Өөрөөр хэлбэл, өмнөх хуульд байгаа 48:28 гэдгийг 54:22 болгож өөрчлөхөөр тусгажээ. Ингэхдээ хотын зургаан тойрогт нэг нэг мандатыг нэмж хуваарилах гэнэ. Тодруулбал, Хан-Уул, Багахангай, Багануур дүүрэгт ногдох мандатын тоо хоёр байсныг гурав, Баянзүрх, Налайх дүүрэгт ногдох мандатын тоо гурав байсныг дөрөв, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүрэгт ногдох мандат тус бүр хоёр байсныг гурав, Сонгинохайрхан дүүргийн мандат гурав байсныг дөрөв болгож нэмэгдүүлэхээр санал оруулжээ. Энэ нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулгын санаачилж, УИХ-аар хэлэлцүүлээд дэмжигдээгүй хувилбартай яг адилхан нийслэлийн мандатын тоог нэмье гэсэн санаачилга билээ. Гагцхүү түүнээс ялгаатай шийдэл нь, нэмэх мандатыг хөдөө орон нутгийн мандатын тооноос хасалгүй, жагсаалтын 28-аас хасах байдлаар санал оруулж ирж байгаад гол учир нь байгаа юм. Тийм ч учраас энэхүү санал дэмжигдэх магадлал өндөр байна.
4. Энэхүү хувилбар яагаад дэмжигдэх магадлалтай вэ?
Өмнө нь 28 гишүүн жагсаалтаар гардаг, үлдсэн 48 мандатын 14 нь Улаанбаатар хотод, 34 нь хөдөө орон нутагт хуваарилагддаг байсан юм. Тэгвэл энэ нь төлөөллийн зарчмыг хангаж чадахгүй байна гэдэг үндэслэлээр хотын мандатыг заавал нэмэгдүүлэх шаардлагатай гэлцэж байсан. Өөрөөр хэлбэл, орон нутгийн тойргийн нэг мандат дунджаар 48916 сонгогчийг төлөөлдөг бол нийслэлийн тойргийн нэг мандат дунджаар 99889 сонгогчийг төлөөлж байгаа нь шударга бус, тэгш бус байдлыг үүсгэж байна гэжээ. Гэвч хотын мандатыг нэмэх АН-ын өмнөх санал дэмжигдээгүй нь шийдэл буруу байсных. Тэд жагсаалтын 28-ыг хэвээр үлдээж, харин хотын 14 мандатыг 21 болгож, хөдөө орон нутгийн 34 мандатыг 27 болгохоор санаархсан ч МАН болоод орон нутгаас сонгогдсон АН-ын гишүүдийн дэмжлэгийг аваагүй. Харин энэ удаа Сонгуулийн хуулийг өөрчилж болох боломжийг зориуд онгорхой үлдээснээ ашиглаж, дахин өөр хувилбар санаачлан оруулж ирсэн нь энэ. АН-д ч тэр, МАН-д ч тэр, тойрог олдохгүй улстөрчид олон бий. Тойрог горилсон гишүүдийнхээ хөлд дарагдаж, толгой гашилж буй намуудын хувьд хотын тойргийг нэмэгдүүлэх шийдэл бол ёстой л нүд, чих сэргээсэн мэдээ болж буй нь лавтай. Ямар ч шийдвэр хүн бүрт таалагдах, эсвэл ашигтай байх магадлал байхгүй ч энэ нь парламентад суудалтай намуудын хувьд олзуурхах зүйл болж байгаа бололтой.
5. “Хонь бүрэн, чоно цатгалан”
Намын жагсаалт болон тойргийн мандатын тоог 54:22 болгох хувилбар бүх талд таалагдаж байгаа гэдгийг дээр хэлсэн. Иймэрхүү аль аль талдаа тал алдаагүй шийдвэрийг оноож хэлбэл “Хонь бүрэн, чоно цатгалан” гэдэг дээ. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах нь үнэхээр талуудад таалагдаж байгаа юу гэдэгт хариулахыг хичээе.АН-д яагаад таалагдаж байгаа вэ? Үүнд эргэлзэх ямар ч шалтгаан байхгүй. Учир нь тэд гол санаачлагч нь шүү дээ.
Ш.Түвдэндорж: Нэрсийн жагсаалтыг цөөлөх миний төслийг намууд дэмжих байх
Ш.Түвдэндорж нарынУИХ-ын гишүүд Сонгуулийн тухай хууль болон УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах төсөл санаачилжээ. Засгийн газраас санал аваад буй уг төслөө УИХ-д удахгүй өргөн барих юм байна. Энэ талаар нь Ш.Түвдэндорж гишүүнээс тодрууллаа.
-Сонгуулийн хуульд ямар өөрчлөлт оруулахаар төсөл санаачилсан юм бэ. Энэ талаар тодруулж болох уу?
-Хуулийн төсөл боловсруулах болсон шалтгаан гэвэл энэ оны нэгдүгээр сард болсон УИХ-ын намрын чуулганы төгсгөлд УИХ-ын тойргийг 26 байхаар тогтоож түүнд хуваарилагдах мандатын тоог тогтоосон. Энэ үеэр манай улсын нийслэлийн сонгогчдын тоо өмнөх сонгуулийнхтай харьцуулбал их өссөн, хот хөдөөнөөс сонгогдож байгаа УИХ-ын гишүүдийн иргэд, сонгогчдыг төлөөлөх мандат, сонгогчдын тоо нь харьцангуй зөрүүтэй байгаа нь Үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдөж байна гэсэн шүүмжлэл гарсан. Түүнчлэн намын нэрсийн жагсаалтыг, УИХ-ыг ард нийтээр шууд сонгож байгуулна гэсэн заалттай зөрчилддөг гэж зарим судлаач үздэг. Гэсэн ч тухайн үед хөдөө орон нутгийн тойргийн мандатыг хот руу татах нь засаг захиргааны нэгжийг харгалзан үзэх үзэл баримтлалтай зөрчилдөж байна гэж шүүмжилснээр энэ асуудал УИХ-аар дэмжигдээгүй. Харин нэрсийн жагсаалтаар сонгогдох мандатаас нийслэл рүү шилжүүлж болох, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж гишүүдийн тоог нэмэх замаар сонгогчдын төлөөллийг тэнцвэржүүлэх боломжтой гэж үзсэн. Энэ үзэл санааны дагуу намын нэрсийн жагсаалтаар сонгогдож байгаа 28 мандатаас зургааг нь нийслэлийн зургаан тойрогт тус бүр нэг, нэг мандатаар нэмж оруулах замаар шийдвэрлэх боломжтой гэж харсан юм. Одоогийн байдлаар нийслэлд нэг гишүүн 100 мянга орчим сонгогчийг төлөөлдөг. Орон нутагт бол энэ тоо 50 мянга орчим болж буурдаг. Энэхүү хол зөрүүг тодорхой хэмжээгээр багасгаж нийслэлийн сонгогчдын эрх ашгийг хамгаалах, тэдний төлөө дуугарч, ажил хийх төлөөллийнх нь тоог нэмэх боломж нээгдэж байгаа юм.
-Гэхдээ сонгуулиас өмнөх зургаан сарын дотор Сонгуулийн хуулийг өөрчилж болохгүй биз дээ. Хэдийгээр ийм заалт хуульд тусаагүй ч бусад холбогдох баримт бичгээр хязгаарлагдана гэж ажлын хэсгийн гишүүд мэдэгдсэн ш дээ?
-Монгол Улсын Хүний эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр гэж 2003 оны УИХ-ын 41 дүгээр тогтоол бий. Тэнд “ээлжит сонгууль болохоос өмнөх зургаан сарын дотор сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн заалт бий. Гэхдээ хуулиар өөрчилж болохгүй гэж заагаагүй. Өөрөөр хэлбэл, УИХ-аас баталсан хууль нь тогтоолоосоо илүү хүчин чадалтай гэж би ойлгож байгаа. Ер нь олон үзэл баримтлал, тогтоол УИХ-аас баталдаг ч хууль яаж гарснаас тэр нь үндсэн дагаж мөрдөх баримт бичиг болдог. Тэгэхээр хуулиа дагах нь зүйн хэрэг. Тэгээд ч энэ нэмэлт, өөрчлөлт нь сонгуулийн хуулийн үндсэн бүтцийг өөрчлөхгүй, ард иргэдийн хүсэл санааг тусгаж хуулийг сайжруулсан өөрчлөлт гэж үзэж байна.
-Хуулийн ийм боломж байгаа ч улс төрийн намууд эсэргүүцэх юм биш үү?
-УИХ-аар тойргийн мандат хэлэлцэх үеэр МАН болон бие даагч гишүүдээс намын нэрсийн жагсаалтаар сонгогдож байгаа асуудлыг ард түмэн эсэргүүцэж байна гэж ихээхэн ярьсан. Тийм болохоор нэрсийн жагсаалтыг цөөлж байгаа миний төслийг дэмжинэ гэж харж байгаа.
Анх тэд энэхүү санаагаа нийслэлийн квотыг нэмэгдүүлж, орон нутгийн квотыг хасах саналаар оруулж ирсэн. Харамсалтай нь, энэ шийдэл хөдөө орон нутгийн иргэд болоод тэдний төлөөлөл болж сонгогдсон гишүүдэд таалагдаагүй. Тиймээс УИХ-д уг санал дэмжигдэлгүй унасан. Тиймээс АН дараагийн хувилбартаа шилжиж, нийслэлд нэмэх мандатаа жагсаалтын тооноос хасах мэргэн арга бодож олжээ. Үүнийгээ хэрэгжүүлэх ганцхан зам байсан нь Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах арга байв. Ингээд тэд “санамсаргүй” мартсан мөнөөх заалтаа санаж, Ш.Түвдэндорж нараар хуулийн төсөл санаачлуулан оруулж ирж буй нь энэ.
Харин энэ хувилбар МАН-д яагаад бас таалагдана гэж вэ? Үүнд тэдэнд ч бас ашигтай гэдэг ганцхан тайлбар бий. Учир нь хоёр намын рейтинг одоогийнхоос ч өндөр байх 2012 онд АН 10 суудал, МАН есөн суудлыг жагсаалтаар олж авсан. Тэгвэл намуудын рейтинг сайнгүй байгаа өнөө үед аль аль нам нь жагсаалтаар авч чадах суудлын тоогоо 10-аас хэтрэхгүйгээр төсөөлж байгаа. Өөрөөр хэлбэл, хэн хэн нь 10 суудал авлаа гэхэд үлдсэн найман суудлаа гуравдагч хүчинд бэлэглэж таарна. Түүний оронд зургаан суудлыг хотын тойрог руу шилжүүлэн авсан тохиолдолд гуравдагч хүчний боломж 0 хувьтай тэнцүү бол хоёр намд 50:50 хувийн боломж үүснэ. Учир нь тойрогт өрсөлдүүлэх танигдсан улстөрч энэ хоёр намд илүү их бий шүү дээ. МАХН, ИЗНН, МҮАН зэрэг намд тэгвэл таалагдах уу? Бас л таалагдана. Тэд дангаараа гуравдагч хүчний орон зай руу тэмүүлэхгүй гэдэг нь нэгэнт тодорхой болж ирлээ. ИЗНН, МҮАН нар АН-тай, МАХН МАН-тай нэгдэх, эсвэл эвсэх магадлал өндөр байна. Энэ тохиолдолд Сонгуулийн хуулиар өөрсдөд нь оногдсон сул талуудаас зайлсхийж чадна гэсэн үг. Дангаараа сонгуульд өрсөлдсөн тохиолдолд нийт сонгогчийн таван хувиас дээш санал авсан байх ёстойгоос гадна заавал тойрогт ялалт байгуулсан байх шаардлагатай юм. Ийм магадлалаар бол тэд цөөн тооны суудал хүртэж мэдэх тул тэдэнд тойргийн тоо нэмэгдэх хийгээд хотын мандат олон болох нь ашигтай тусна.
Энэ нь улстөрчдөд бүүр ч их таалагдах нь мэдээж. Учир нь тойрог нэмэгдэхийн хэрээр нэг тойрог дээр чихэлдэх байдал багасна. Тойрог хүрэлцэхгүй, жагсаалтад 10-аас урагшаа багтаж чадахгүй УИХ-ын гишүүд, улстөрчдөд боломж үүснэ. Тойрог нь тодорхой болчихсон улстөрчдөд ч ашигтай. Учир нь тойргоосоо хоёроор жагсах хэмжээний санал авч байж гарч ирэхийн төлөө өрсөлдөх байсан бол гурваар гарч ирсэн ч сонгогдож болох таатай нөхцөл бүрдэнэ.
Ингэж үзвэл энэхүү өөрчлөлтийг эсэргүүцэх улстөрч болоод нам, эвсэл ордны гадна байж болох ч, одоогийн парламент дотор байхгүй болж таарч байна. АН аргагүй л уран нүүдэл сэдэж. Гагцхүү МАН, МАХН хоёр эвсэж магадгүй гэж үзвэл жагсаалтаас зулгаах саналынх нь тоо нэмэгдэх бас нэг таамаглал бий. Хотын тойргоос нэр дэвшигчийн нэрээр суудал авах, нийт сонгогчдоос намынхаа нэрээр суудал зулгаах хоёрын алиныг илүү гэж МАН шийдэхээс л АН-ын уран нүүдлийн үр дүн тодрох болж байна.
Түүнээс бус аль ч намд жагсаалт 28 байна уу, 22 байна уу ялгаагүй. Угаасаа ихээр бодоход аль ч нам УИХ-д жагсаалтаар арваас хол давсан суудал авч чадаагүй нь 2012 онд батлагдчихсан зүйл.
Д.ДАМДИНЖАВ /АРДЫН ЭРХ/
Холбоотой мэдээ
-
zochin (March 02, 2016 11:08:33 am )
garchig aa aldaagyi bichvel yaasiin
-
mongolsasask (March 02, 2016 11:56:09 am )
kvotoor orj irdegiig bolih heregtei shu
-
зочин (March 02, 2016 4:28:56 pm )
Хуулиар тоглогчид. Энэ нь АН-н тоглолт, Яагаад гэвэл тэд хар машинаар нийслэлд илүү их луйвар хийж сурсан.
-
Irgen (March 03, 2016 12:02:58 am )
Huuliar togoj ard tumneer togloom tohuu hiideg ardchilsan namig zailuulah ymsan ard tumen mini ene namuud huuli hamaagui geed huuliaa uurchiluh geed baigaa bol jagsaaltii28saa 6 g avch hotiin toirogtoo nemcheed 21. 34 songuulia 54 mandaat gishuuneer yvuulchihmaar ym ulsiin edin zasag hund bn 76 tejeevree yu hiihev ter jagsaalt demii
-
Irgen (March 03, 2016 12:06:40 am )
Ta hudlaa yrj manan-giinzahialgaar ajilj bm
-
хххх (March 03, 2016 8:46:23 am )
намын жагсаалт гэгчээр мөнгө төлж гишүүн болдог асуудлыг зогсоож ард түмний саналаар гишүүн болгомоор байна Хар хайрцагаар биш гараар саналыг тоолох нь шударга болно Сонгуульд олон тэр бумыг цацахыг багасгамаар байна
6 Comments