Устөрөгчийн сульфид нь ходоодны бактер хоол хүнсийг задалж байгаагаас үүсдэг өмхийрсөн өндөг шиг энэ үнэрийг хүний бие махбод өөрөө байгалийн жамаараа үйлдвэрлэдэг. Хэдий ийм муухай үнэртэй ч энэ хий эрүүл мэндэд үнэлж баршгүй тустай, ирээдүйд олон өвчний эмчилгээнд тус болно гэдгийг их сургуулийн доктор Марк Вүүд судлан тогтоожээ. Мөн хэхрэх нь маш таагүй байж болох ч энэ ердийн нэг хий нь хорт хавдар, цус харвалт, зүрхний шигдээс, үе мөчний өвчин болон сэтгэцийн олдмол өвчин тусах эрсдэлийг бууруулдаг гэдэгт эрдэмтэд итгэлтэй байгаа гэнэ. Хэрвээ энэ судалгаа үнэхээр байгаа оносон бол Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэд лав хорт хавдраар үхэхгүй нь тодорхой. Өдөр болгон, өвөл, зунгуй өмхий үнэр унэртэж байгаа юм чинь яасан гэж хорт хавдар тусах билээ дээ, тийм биз дээ. Дээрээс нь цус харвана гэж айлтгүй болох нь. Бас үе мөчний өвчнөөс ч ангижрах боломж байна.
Ийм сайхан боломж байхад цэвэрлэх байгууламжаа засч мөнгө хөрөнгө үрээд яах вэ дээ. Ер нь манай үе үеийн удирдлагууд энэ талаар аль эрт мэдчихээд, цэвэрлэх байгууламжаа засварлахгүй, төсөв мөнгө гаргахгүй байсан ч байж болох юм. Өнөө маргаашгүй энэ талаар мэдээлэл хийж, өмхий үнэр биед сайн гэдгийг мэдсэн талаараа ярьж өгч магадгүй л байх, нэг дарга. Ер нь бид өмхий үнэрээ ашиглаад, эрүүл мэндийн аялал жуулчлалыг ч хөгжүүлж болж байна. Цэвэрлэх байгууламжийнхаа ойролцоо ганц хоёр сувиллын газар байгуулчихгүй юу. Тэгээд гадаадаас хорт хавдартай хүмүүсийг авч ирж хэвтүүлээд, ганц хоёр долоо хоногийн хугацаанд өмхий үнэртүүлчих хэрэгтэй. Тэгээд л хорт хавдраас бараг ангижирч магадгүй байна. Энэ зун манай улсад янз бүрийн том том хурал хуй болно. Тэр хуралд оролцох хүмүүст ч гэсэн жаахан өмхий үнэртүүлээд буцаахаад гэмгүй. Үе мөчний өвчин байвал тэр нь эдгэг л дээ. Өөрсдөө л өмхийгөө үнэртээд байхын оронд бусадтай хуваалцах хэрэгтэй. Тэгээд ч зунаас нэлээд сайн үнэртэх байлгүй дээ. Нөгөө “Муу хүний заяа завагт” гэдэг үг байдаг даа. Түүний үлгэрээр бид цэвэрлэх байгууламжаа ч засварлаж чадахгүй явж байтал эрдэмтэд өмхий үнэрийн ач тусыг нээгээд гаргаад ирэх гэж. Азтай л хэрэг. Одоо цэвэрлэх байгууламжаа засахгүйгээр, илүү их өмхий үнэртүүлэхийн төлөө зүтгээд байж дээ. Гадаадынхан ирээд өмхий яагаад үнэртэж байгаа талаар асуувал Их Британийн эрдэмтдийн гаргаж ирсэн судалгааг л үзүүлчих. Цаадуул чинь ухаантай хүмүүс, аяндаа ойлгоод, цэвэрлэх байгууламж дээр чинь очиж үзье гэж байж ч магадгүй. Эсвэл ахиухан өмхий үнэртүүлэх талаар манайхаас туршлага судлах ч юм бил үү, хэн мэдлээ.
Н.Пунцагболд
1 Comment