Би Оросын Холбооны улсад 7 дахь жилдээ сурч, амьдарч байна. Энэ аугаа их гүрний түүх, соёлыг бага ч гэсэн мэдэж, суралцаж, оросуудын зан заншлыг мэддэг боллоо. Оросууд бол өөрийн гэсэн түүх соёл, уламжлалтай, үндсэрхэг үзэлтэй ард түмэн юм. Туулж ирсэн түүхэн замналыг нь сөхөж харвал дардан сайхан замыг туулж ирээгүй. Гэхдээ энэ их гүрний хөгжлийн үр нөлөө хөрш зэргэлдээ манай улсад төдийгүй дэлхийд ч их юм.
Зөвхөн хорьдугаар зууныг эргэн харъя. Дэлхийн нэгдүгээр дайн, их хувьсгал, дэлхийн хоёрдугаар дайн, хүйтэн дайныг өнгөц харахад нэгхэн зууны дотор маш их өөрчлөлт, хэцүү бэрхийг давсан, давах давахдаа улс орныхоо газар нутаг, соёл шинжлэх ухаан, уламжлалт ёс заншил, үндсэрхэг үзлээ хадгалж үлджээ.
Харамсалтай нь хорьдугаар зууны төгсгөлд буюу 1990-ээд оны эхнээс АНУ-ын сурталчлан магтдаг капитализм гэдэг үзэл суртал нэвтэрч тэр үеийн төрийн эрх баригчид, ард түмэн “Ардчилал” гэдэг “диваажинг” илүүд үзсэн юм.
Социализмын үед хүндлэн дээдэлдэг байсан хувь хүний ёс суртахуун, хүнийг хүн гэж үздэг байсан тэр нийгэм, төрийн хатуу бодлогоор ард түмэнд хүрдэг байсан нийгмийн халамж, боловсролын нарийн бодлоготой систем, үндэсний их үйлдвэр, фабрик, заводууд зүгээр л хэдэн жилийн дотор арчигдсан. 70-аад жилийн агуу их бүтээн байгуулалт хэдхэн хүний гарт орж, хэдэн мянган хүн гудамжинд гарсан байдаг.
Менделеевийн таблицын бүх элементүүдийг багтаадаг байсан, боловсролын систем нь дэлхийд тэргүүлдэг, шинжлэх ухаан, техник технологи нь хамгийн шилдэг нь байсан ЗХУ задран бутарч, бүгд дор бүрнээ ардчилал гэдэг зүйл рүү тэмүүлсэн. Ажилгүйдэл, архидалт нийгмийн ёс суртахууны доройтол цэцэглэн хөгжсөөр XXI зуунд шилжин орсон билээ.
Гэхдээ би одоог хүртэл социализм байх ёстой гэх гэсэнгүй. Аливаа улсад баримталдаг төрийн бодлого нь тэр ард түмний зан төлөвт нь тохирсон байх ёстой. АНУ-д ардчилал үлгэрлэн хөгжлөө гээд ОХУ-д болон бусад улсад хөгжинө, хэрэгжинэ, тохирно гэсэн үг биш юм.
Мэдээж цагийн юм цагтаа гэдэг үг байдаг шиг нийгмийн хөгжлийг дагаад улс орны бодлого, ард түмнийг нэгтгэж хөдөлгөдөг гол арга барил нь тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж байх ёстой.
Зөвлөлт Холбоот Улс задарсан гол шалтгаануудын нэг бол тухайн үеийн эдийн засгийн бодлогоос хамааралтай болов уу. Ард түмэн шинийг хүсэж өнгөтэйг нь илүүд үзсэн. Тэр үед төрийн хатуу “тоталитарный режим” бага зэрэг өөрчлөгдөж, эдийн засгаа чөлөөт зах зээлд шилжүүлэн, харин бусад боловсрол, шинжлэх ухаан, нийгмийн халамж, үйлдвэрлэл бүтээн байгуулалт, эмнэлэг асрамжийн газар гэх чиглэлүүдээ урьдынх шигээ хатуу хяналтандаа байлгаж, улсаас нэг стандартчлагдсан, тогтсон системийн дагуу хөгжих ёстой байсан юм болов уу гэж хардаг юм. Ингээд харахад хүчирхэг ЗХУ д ардчилал гэх хувьсал өрнөснөөр ард түмний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн юм билээ.
Монголчууд хойд хөршийнхөө алдааг давтсан гэж боддог. Монгол Улсыг “Ардчилал” гэсэн давалгаа тойрч гаралгүй “дайрсан”. 1990-ээд оны эхэнд ардчилсан хөдөлгөөн өрнөж хүний эрх, эрх чөлөө ярьж, эрчийг авсан. Социализмын үед 2 улсын хамтын ажиллагааны хүрээнд ЗХУ-н барьж өгсөн сургууль, цэцэрлэг, үйлдвэр, уурхай, аж ахуйн нэгжүүдийн ихэнх нь хувьчлагдаж, улсын гэх тодотголтой өмч багасаж, цөөн хэдэн баячуудтай болсон. Үүнийгээ дагаад бас ядуурал, ажилгүйдэл, архидалт гэх мэт нийгмийн сөрөг үзэгдлүүд газар авсан. Үндэсний үйлдвэрлэл гэх юм байхгүй болж, хүний хэрэгцээний бүх жижиг бараа, хүнс, урд хөршийн чанартай зүйл гэхээсээ хямд чанаргүй бүтээгдэхүүнүүдээр дүүрсэн.
Нөгөө үлгэрлэн яриад байсан, сайхан амьдрал авчрах, ард түмний амьдралыг дээшлүүлэх “Ардчилал” Монголын хөрсөн дээр буусангүй. Мэдээж ардчилал өнөө үед дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн төгс хөгжлийн зам. Гэхдээ ардчиллыг буруу тайлбарлаж, үндсэн утгыг алдагдуулах нь улс оронд замбараагүй байдал үүсгэх үндэс суурь юм болов уу. Ардчилал гэдэг үгний утгыг ойлгохгүй, хүний эрх, эрх чөлөө гэж ярьсан хүмүүс олширсон хэвээр. Хүний эрх, эрх чөлөө гэхээр л хүссэн болгоноо хийж, хүссэн зүйлээ ярьж, эрх чөлөөтэй амьдарна гэж ард түмний ихэнх нь ойлгож байна. Эрх чөлөөтэй байлаа гээд хэн нэгэн аливаа зүйлийг хүссэнээрээ хийж болохгүй билээ.
“Өөр хэн нэгний эрх, эрх чөлөө эхэлж буй газар чиний эрх, эрх чөлөө хязгаарлагддаг” гэх үг бий. Өнөөдөр нийгэмд “Ардчилал” гэдэг ойлголт дутуу, буруу ойлгогдож, суурьшсанаас болж ардчилал гэдэг зүйлийг хүн бүр хүссэнээрээ тайлбарлаж, эрх дураараа амьдардаг болоод байна.
Ардчилал гэдэг нь ард түмэнд эрх мэдлийг өгнө гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, ард түмэн өөрсдөө төрийн түшээдээ сонгож, сонгогдсон гишүүд нь ард иргэдийн дуу хоолой болж тэдний нэрийн өмнөөс төрийн эрх мэдлийг гартаа авч, тэдний төлөө хийж бүтээж, улс орны хөгжлийг тодорхойлох учиртай. Гэвч миний эх оронд тэгэхгүй байна. Сонгогдсон төрийн түшээд нь ард иргэдийн ашиг сонирхлыг умартдаг, тэдний эрхийг зөрчдөг, зөвхөн хувийн ашиг сонирхлоо тэргүүнд тавьдаг болжээ. Үүний уршигаар нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйл газар авч байна. Түүнчлэн ардчилал бүрэн утгаараа гоё хөгжиж байна гэж ард түмний тархийг угаах боллоо.
Үнэндээ хөдөө хээр малаа хариулж байгаа малчинд монголд ардчилал нь байна уу, социализм байна уу гэдэг онц сонин биш. Харин мах, ноос, ноолуурын үнэ хэдэн төгрөгт хүрч байна гэдэг эдийн засаг л чухал. Сумынхаа эмнэлэгт үнэгүй үзүүлчихдэг, нийгмийн халамжаа авчихдаг, Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд үнэгүй боловсрол эзэмшүүлчихдэг, мал тэвээрэгтэй, малын тоо, толгой өсч байхад л малчин хүний сэтгэл тэнэгэр амьдарна. Гэтэл өнөөдөр улстөр ярихгүй, мэдэхгүй, улстөр хийдэггүй хүн Монголд байхгүй болсон нь харамсалтай.
Мэдээж би ардчилсан гэх энэ нийгэмд өсч бойжиж, эрдэм боловсрол эзэмшиж байгаагийн хувьд үгүйсгэх гэсэн юм биш. Ардчилал бол удирдах төгс хэлбэр юм гэсэн үг байдаг. Ардчилалд олон давуу талууд бий. Гэхдээ ардчилалыг Монголд нутагшуулахын тулд эртнээс эхлээд суурийг нь бэлтгэх ёстой байжээ гэж би боддог. Нүүдэлчин ард түмний ёс заншил, нутаг усны онцлогийг нь анхаарч үзэх ёстой байх. Анхны үндсэн хуулиа 1787 онд баталсан АНУ-ын түүхийг харахад өнөөг хүртэл эх хуульдаа бага зэрэг өөрчлөлтүүд оруулснаас биш бүрэн утгаар нь өөрчилж байгаагүй юм билээ. Ийм оронд ардчилал амжиллтай хэрэгжиж, харин бусад улсад тэр “ардчилсан” гэдгээс өөр сайхан удирдах хэлбэр байж боломгүй юм шиг харагдсан байх. Манай улсад шилжилт хөдөлгөөн 1990-ээд онд эхэлсэн. Өнгөрсөн цаг хугацааг өртөөлвөл Монголд өдгөө ардчилал нутагшиж, улстөр тогтворжиж болохоор цаг хугацаа. 20 жилд төгс шилжинэ гэж байхгүй байх. Эндээс би өнөөгийн Монголын нийгэмд болж бүтэхгүй байгаа бүхнийг ардчилал гэж туйлширч, ардчилал гэдэг зүйл Монголд буруу хэрэгжиж байгаагаас эхлэлтэй гэж хэлэх гэсэн юм. Ардчилал ихэдвэл анархизм болдогийн тод жишээ өнөөгийн Монголын нийгэмд нэгэнтээ бий болжээ
1990-ээд оны эхээр ОХУ-д ардчилал гэх шилжилт хөдөлгөөний үеэр ард түмний амьдрал хэцүү байсан гэж тэр үеийг даван туулсан оросууд ярьдаг. Гэхдээ одоо бол жигдрээд нэг үеэ бодвол ард түмний амьдрал (үндэсний үйлдвэрлэл, ард түмний дундаж цалин, ажилгүйдлийн тоо, газ, нефьтийн олборлолт, борлуулалт г.м.)дээшилсэн. Дутагдал байгаа ч гэсэн ажиглахад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин найман жил төр барьсан, дараа нь өөрийнх нь хүн дөрвөн жил ерөнхийлөгчийн албыг хашсан, мөн дараа нь Путин өөрөө дахин ерөнхийлөгчийн суудалд очжээ. Одоогийн байдлаар 12 жил зөвхөн Путин ерөнхийлөгч байсан гэхэд Орос оронд дургуйцах, эсэргүүцэх хүн маш цөөхөн. Харин ч дэлхий дахинд нэр хүнд нь өссөн шилдэг удирдагчаар удаа дараа шалгарч байна. Нийтэд нь харахад 24 жил нэг хүн улсыг удирдахад болохгүй зүйл харагдахгүй байна. Тэгэхээр энэ юу хэлээд байна вэ гэхээр дөрөв, дөрвөн жилээр төрийн эрх баригчид нь солигддог, намуудын хоорондох ширүүн өрсөлдөөн (многопартийная система) ОХУ-д тохирч байгаа үгүйг бодолцох л хэрэгтэй юм. Түүхэндээ нэг эрх баригч олон жил дараалж төрийн тэргүүнд байдаг, нэг үзэл суртал нийгэмд нь давамгайлж ирсэн улс болохоор. Хуулиндаа олон нам байхыг зөвшөөрдөг боловч амьдрал дээр “Единая Россия” намын ноёрхол аль хэдийнээ тогтсон. Миний бодлоор оросууд өөрсдийнхөө ард түмэнд, ард түмнийхээ менталитетд тохируулж, өөрсдийнхөөрөө ардчиллыг бий болгож байна.
Манай Монголд Оростой адил нэг хүн төрийн тэргүүнд олон жил сууж, нэг үзэл бодол давамгайлж ирсэн шүү дээ. Ер нь түүхэн хүчин зүйлээр монголчуудтай хамгийн ойрхон менталитеттэй ард түмэн оросууд гэхэд хол алдахгүй байхаа. Гэтэл Америкийн, Европын тогтоосон ардчилалын жишгийг тогтоох гэж үзээд байгаа юм шиг санагдаж байна. Хажууд байгаа хөршөөсөө суралцмаар байна. Түүхэн баримт дурьдвал 20-р зуунд бичиг үсэг тайлагдаагүй, өвчинд баригдсан, цөөхөн хүн амтай Монголчуудыг хэн улс шиг улс болгож өнөөдрийн сайн сайхны эхлэлийн үндсийг тавьлаа. Цэцэрлэг, сургууль, эмнэлэг, үйлдвэр, уурхай гэх мэт тухайн үед хөгжлийг тодорхойлсон гол хүчин зүйлүүдийг Оросууд барьж, бүтээж, бий болгож өгсөн. Тэр үед хэдэн мянган Монгол залуус ЗХУ-д боловсрол эзэмшиж, эх орныхоо шилдэг мэргэжилтэн болцгоосон. Далан жил Оросуудтай хамтдаа хөгжлийг тодорхойлж өрнөн тогтчихоод эцэст нь улааныг харж урвана гэгчээр нэг их Америкийн хөгжил, ардчилал ярьдаг болсон шиг санагдана.
Геополитик ч бас чухал. Хэдэн мянган жил өнгөрсөн ч бид ОХУ болон Хятад улстай л газар зүйн байрлалаар хөрш байна. Эдгээр дэлхийн том гүрнүүдтэй хөршийн харилцаатай оршин тогтнодог манай Монголд гарцыг зөв тодорхойлвол маш том давуу тал. Монголын төр засаг хөрш орнуудтайгаа ухаалгаар дипломат харилцаагаа шинэ төвшинд хөгжүүлж, өөрт ашигтайгаар Монгол улсын ашигт малтмал, хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрт хөрөнгө оруулалт татаж, аль ч хөршөө “гомдоохгүй” бодлого баримталж, олон тулгуурт гадаад харилцааг хөгжүүлж, аль нэг тив алгассан улсыг шүтэхгүй ажиллавал Монголын геополитикийн бодлого нь манай улсын эдийн засаг болон бусад бүх салбарт давуу тал болно гэж үзэж байна.
Түүхэн явцад төрийн хэлбэр хаант засгаас эхлээд парламент хүртэл хөгжсөн боловч төрийн мөн чанар огт өөрчлөгдөөгүй. Тиймээс аль ч хөрш маань өөрсдийгөө ямар төрийн удирдах хэлбэртэй, ямар ч төрийн бодлоготой, ямар ч эдийн засгийн системтэй гэж байх нь чухал биш, гол нь тэдний баримталдаг бодит төрийн болон эдийн засгийн бодлогын агуулгынх нь давуу талын хэрхэн Монголын нөхцөл байдалд, Монголын үндэсний аюулгүй байдал болон ард түмэн, үндэсний эв нэгдэлд аюулгүйгээр уусган хэрэгжүүлэх вэ гэдэг асуудлыг Монголын төрийн эрх баригчид шийдэж чадвал Монгол эдгээр хөрш, том гүрнүүдтэй байгаа давуу талаа ашиглах боломжтой юм шиг.
Эцэст нь дүгнэхэд Оросын хөгжлийг, Монгол Оросын хамтын харилцааг дурьдсан шалтгаан нь тив алгассан ардчиллыг дээрд үзэж хоёр хөршийн хамтын харилцаагаа хойш тавих төрийн бодлого манай улсад хэрхэвч байж болохгүй. Түүхээ сөхөж харсан ч, газар зүйн байршил геополитикийн хувьд ч, цаашдын хөгжлийн гарцыг тодорхойлоход ч туйлын ашиггүй гэж үзэж байна. Нэн тэргүүнд хойд хөрштэй бүх талын харилцааг улам жөгжүүлж, бэхжүүлж, хажуугаар нь гуравдагч хөршөө “гомдоохгүй” ухаалаг дипломат харилцаа Монгол Улсад хэрэгтэй юм болов уу.
Мөн ОХУ аль нэг улсын тогтоосон ардчилалын загварын дагуу хөгжихгүй өөрсдийн ард түмэн, тэдний менталитетд, соёл ёс заншилд тохирсон ардчлалыг бий болгож тэр нь илүү их хөгжлийн гарцыг нээж өгч байгаа юм шиг. Үүнтэй адил бид аль нэг орны ардчилал гэж туйлшралгүй үндэсний эв нэгдэл, аюулгүй байдлыг эхэнд тавьж, өөрийн гэсэн онцлогтой, монгол хүний зан араншинд тохирсон төрийн удирдах хэлбэр, урт удаан хөгжлийн системчлэгдсэн бодлого, ардчилалын зохимжтой хэлбэрийг олох нь зөв гэж үзэж байна.
Нийтэлсэн :ОХУ-ын ДЯЯ-ны харьяа Москва хотын их сургуулийн адьюнктур Д.Бат-Өлзий
Холбоотой мэдээ
-
a (February 22, 2016 2:40:55 pm )
MONNGOLIIN ARD TUMEN DENDUU HULTSENGUI DOROI BGAAA UCHRAAS HESEG BULEG HUMUUS L BAYJIJ HOLJIJ BN
-
irgen (February 22, 2016 3:39:11 pm )
ARDCHILAL GEDEG UGNII UTGA ALDAGDAAD UDAJ BNA DOO, ZARIM NI BUR ENE UGNII UTGIIG NI CH MEDEHGUI BAIJ IH HURALD SUUJ BAINA
-
Зочин (February 22, 2016 5:46:23 pm )
ДҮР ЭСГЭСЭН ДАРАНГУЙЛЛЫН АРДЧИЛАЛ ЖИНХЭНЭ ЁСООРОО ХЭРЭГЖИЖ БНА ДАА. НӨГӨӨ ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ, ХҮНИЙ ЭРХ, ТЭГШ БАЙДЛЫГ ТУНХАГЛААД БАЙСАН АРДЧИЛАЛЫГ З.ЭНХБОЛД, БАТҮҮЛ, Н.БАТБАЯР, ЭРДЭНЭБАТ НАРЫН ДАРАНГУЙЛАН ЗАХИРАХ ЗАНТАЙ ЭТГЭЭДҮҮД АРДЧИЛАЛЫН ЗАМААС БАРУУН ГАР ТИЙШ ОГЦОМ ЭРГЭЭД ӨӨРСДӨӨ ҮЗЭН ЯДДАГ ХЭМЭЭН ТУНХАГЛААД БАЙДАГ ДАРАНГУЙЛЛЫН ТОАЛИТАР НИЙГЭМД НЭГМӨСӨН ОРСОН БНА. МОНГОЛ УЛСЫН ТҮҮХИЙГ ӨӨРСӨДДӨӨ ТААРУУЛАН ӨӨРЧИЛЖ БНА….
-
irgen (February 22, 2016 9:02:11 pm )
Manaid dur esgesen ardchilal bii bolson
-
ЗОЧИН (February 22, 2016 11:53:49 pm )
MANAN gaas salya aaaaaaaaaaaaaaaa MONGOLCHUUDAA
-
Иргэн (February 23, 2016 8:21:06 am )
зөв шүү.
-
Иргэн (February 23, 2016 8:28:20 am )
Сонголд Путин шиг төр бариулвал ХААНТ засаг тогтож боолын нийгэмд шилжих блгүй.Төрийн эрх баригчид нь БИ-гийн өвчин туссан бна.Оюуны доройтолтой бна.Өөрсдөө,гэр бүлээрээ баяжих хүсэлтэй болохоос улс орноо хөгжүүлвэл би,манай гэр бүл улам сайхан амьдрана гэсэн ойлголт алга.Сонгуулиар ч засагдахгүй л боловуу.Залуу хүн гэхээсээ хуульч,эрдэмтэд,э/з-чдыг гаргаж л бодлогоор хөгжүүлэхгүй бол үнэхээр бүрхэг л бна даа.
-
Anonymous (February 23, 2016 8:56:39 am )
Манай ард түмнийг хэлмэгдүүлж 30 мянган хүний амь насыг хороож, 300 гаруй сүм хийдийг нураасан тухай бич л дээ. Учир зүггүй дагаж далдаганаад магтан дуулаад яах юм бэ. Цэдэнбал ч гэсэн сүүлдээ эд нартаа хулхидуулж, москвад хорионд байсаар нас барсан тухай бас бичих хэрэгтэй. Хэний гар хөл болоод байгаагаа өөрөө мэдэж байна уу чи.
-
Ардчилалын хараал (February 23, 2016 6:38:02 pm )
Анх Голландад баялгийн хараал гэдэг зүйл бий болсон.Одоо манайд ардчилалын хараал гэдэг улс төрийн нэр томъёо бий болгож дэлхийн ардчилалд хувь нэмрээ орууллаа.
9 Comments