antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 15, 2016 1 comment

Тал дүүрэн бэлчсэн “түмэн” хонины эзэн

нийтлэсэн Admin

2-15-8_700x700Т.БАТСАЙХАН, С.УЯНГА

Гал бичин жилдээ хотол олноороо өргөн дэлгэр шинэлж буй сар шинийн баяр буюу хаврын тэргүүн сарын шинийн 4-ний өглөө нар мандахтай зэрэгцэн манай сурвалжлах баг Говьсүмбэр аймгийн зүг хөдөллөө. Малчны хотыг зорьж яваа нь энэ. Сар шинийн эхний өдрүүдэд хаврын урь оров уу гэлтэй дулаарч нарны илчинд цас хайлмагтаж эхэлсэн ч зам зуур бууж суухад  жавар тачигнаж, жихүүн хүйтэн байв. Мөн наран ургах зүгийн зам цастай байна лээ. Замын хажуугаар цас зайлуулагч машинууд цасыг уул овоо мэт овоолсон харагдана. Цасыг нь арилгаагүй бол тэр зүгт суудлын тэргээр явж чадахааргүй зузаарч, хунгарлажээ. Нар хөөрч үдлэхийн үед Говьсүмбэр аймагт хүрлээ.  “Амьдралын тойрог”-ынхоо сар шинийн шинэхэн дугаарт урьж, басхүү холоос зорьж очсон айл маань Ц.Гурвантамирынх. Тэднийх Чойроос 20 гаруй км-т байх ч биднийг аймгийн төв дээр тоссон юм. Говьсүмбэр аймгийн хамгийн олон хоньтой айлаар сүүлийн хэдэн жил дараалан шалгарч буй “түмэн” хонины эзнийх. Ц.Гурвантамирынх “Эко сүмбэр” хороололд өнгөрсөн жилийн өдийд төвхнөжээ. Энэ нь Говьсүмбэртэй нэлээд үнэтэйд тооцогдох хаус хороолол юм.  “Малчин айлд очно” гэсэн бидний сэтгэл гэрийн хаалгаар ороход л эрс өөрчлөгдлөө. Орчин үеийн тансаг тавилга, харуул хамгаалалтын систем, халуун хүйтэн ус гээд л тэнд хотын зарим айлаас ч илүү тохилог ажээ. Хоёр мянгат малчны гэрчилгээ, хамгийн олон хоньтой болсны батламж, баялаг бүтээгч залуу малчин өргөмжлөл гээд хөдөлмөрийнхөө үр шимээр гардсан бүхнээ хойморьтоо залжээ.

Гэрийн эзэгтэй хултай айраг сөгнөж, цагаан идээгээ таваглан  биднийг угтлаа. Ороод ирэхэд одоо цагийн орчин угтаж, харин мэндлэн хүндлэх дайлах ёс нь хөдөөгийнх байх энэ хоёрын зохицол бидний хувьд шинэ байлаа. Хамгийн чухал нь малчин хүн хөдөөд сайхан  амьдарч болдог гэдгийг амьдралаараа  харуулж байгаа залуу гэр бүлийн хөдөлмөрч зангаар бахархах сэтгэл төрнө. Мөн Монголд эднийх шиг ариун цагаан хөдөл­мөрийнхөө үр шимээр сайхан амьдарч, өвөг дээдсийнхээ өв уламжлалыг үргэлжүүлж яваа залуу малчид олон байгаа гэж бодохоор бахархалтай санагдана. Ц.Гурвантамирынх өн­гөр­сөн жил энэхүү хоёр давхар өргөөгөө 60 гаруй сая төгрөгөөр авсан гэсэн. Одоо тэндээ хүүхдүүдтэйгээ тохь тухтай сайхан амьдарч байна.

 

ГОВЬД ЦАС ИХ УНАЖЭЭ

 

Энэ сар шинийн баяраар Ц.Гурвантамир аймгийн Сайн малчин болжээ.  Тэдний дунд хүү  аавынхаа сайн малчны тэмдгийг энгэртээ зүүчихсэн золгохоор тосч ирэв. Хоёр хүү нь хоёулаа монгол дээл, хантааз, үнэгэн малгай өмсчээ. Ц.Гурвантамир “Манай дунд хүү миний аймгийн сайн малчны тэмдгийг зүүж айл хэссэн юм. Одоо миний хүү аавынхаа тэмдгийг тайлж тавиарай” гэж байна. Тэднийх хоёр хүү, нэг охинтой.  Гэрт ойр зуурын яриа өрнөж, цай хоол идээд хөдөө гэр рүү нь яаравчлав. Ц.Гурвантамир “Туслах малчин залуу маань ганцаараа байгаа. Өнгөрсөн шөнө цасаар шуурсан зам хаачихаагүй байгаа. Уг нь саяхан утсаар ярихад тэнгэр тогтуун байна гэсэн” хэмээн малдаа санаа зовж байгаа бололтой, яарч байна. Ц.Гурвантамир эхнэр том хүүтэйгээ өөрийн машинаараа замчилж, бид суудлын тэргээр араас нь дагаж явлаа. Эдний хөдөөх гэр аймгийн төвөөс 20 гаруй км зайд бий. Төвөөс гараад төд удалгүй цасны зузаан нэмэгдэж, цасаар шуурч эхлэв. 10-аад км яваад суудлын тэрэг гүн цасанд сууж, хотын бидэнд цагийн байдлыг мэдрүүлэх шиг боллоо.  Хүйтний ам цаашилж хөхүүрийн ам наашилж байгаа ч тэнгэр хангай аашаа харуулж байв. Говьд цас их унасан болохоор жаахан шуурахад л цагийн байдал хүндрэх аюултай юм.  Манай машин цасанд сууж аргагүй эрхэнд машинаа орхин Ц.Гурвантамиртай цааш хөдөллөө. Цааш явбал цасны зузаан улам л нэмэгдэж цасанд боогдсон ганц хоёр жижиг тэрэгтэй хүмүүс цас малтаж харагдана. Хаа сайгүй өвөлжилт хүндэрсэн энэ үед Ц.Гурвантамирынх аймгийнхаа баруун та­лаас 20 гаруй км-т отор хийж яваа нь энэ. Зүүн талаараа арай цас ним­гэн, өвстэй учраас айм­гийнхаа баруун талд өвөлжиж байсан малчдын ихэнх нь Дундговийн Өндөршил, Дорноговийн Мандахсайхан, Улаан­бадрах, Улаан-Уул руу отор нүүдэл хийгээд явсан тухай ярьж байв.

 

ХОЁР МЯНГАТЫНХ

Тал газар бүх зүйл алган дээр тавьсан мэт ил. Цэлийсэн цагаан талд алсаас бүдэг бадаг ялгаран харагдах хонин сүрэг Сансар уулын ар талын давааг эмжин тархжээ. Наахан талын хонхорт буй гэрийн яндангаас утаа суунаглаж,  нохдын боргох чимээ сонсогдоно. Гэрийн гадаа очиход Ц.Гурвантамир түрүүлж буугаад “Танихгүй хүмүүс рүү дайрч магадгүй” гээд хоёр нохойгоо уячихав. Туслах малчин н.Отгонболд гадаа уяатай морьдоо тэжээж зогсов. Ц.Гурвантамир цайгаа ч уулгүй хониныхоо сүүлчийг гаргаж ирэхээр мордох гэхэд нь морьд тэжээж дуусаагүйг далимдуулж машинаар нь хамт явлаа. Хонины түрүүч зүүн урдаас айсуй. Харин ямаанууд ялгаран сүргийн сүүлд үлдчихсэн харагдана. Хүйтэнд ямаа сайн сөрөхгүй байгаа бололтой. Бид хонины сүүлд үлдсэн ганц нэг борлонг хумьж явлаа. Ц.Гурвантамир “Би голдуу мориор малаа хариулах дуртай. Зун хүүхдүүд ирээд морь мал унаж яваад гүйцэгдэхгүй үед  хааяа мотоцикл унадаг” гэв. Нээрээ ч сүүлийн үед малчин бүхэн гаднаа мотоцикл “уяж”, малд мордохдоо хаазлан хөдлөх тийм сонин зураглал хоёр мянгат малчныхаас харагдсангүй. Тэр бор морио эмээллэж, хонь малаа эргүүлдэг гэж байна. Энэ нь ч түүний малаа хайрлах бас нэгэн ухаан бололтой.

 

ЦАГ ТАВИРАХ БОЛООГҮЙ БАЙНА

 

Малчны хотонд жавар тачигнах ч сэтгэл санаа нэг л тайван ажээ.  Өтгө бууцны үнэр ханхлах нь бас л таатай. Талын салхи торох зүйлгүй эрх чөлөөтэй илбэнэ. Ийм л нэгэн монгол өнгө төрхийг хотод амьдардаг бид ямар их санаснаа мэдэрч байсан юм. Энэ жил өмнөх жилүүдийнхээс илүү хүйтэрч байгаа тухай гэрийн эзэн хэлж байна. Ц.Гурвантамирынх 2000-аад хоньтой, аймагтаа бол хонин сүргийнхээ тоогоор тэргүүлдэг.  Энэ нь ч түүний малч ухаантай холбоотой. Хонин сүрэг арчилгаа арай бага атлаа аливаа цас зуданд хамгийн тэсвэртэй нь. Хүйтрээд ирэхээр ямаа салхи муу сөрдөг аж.  Ямаанууд нь сүргийн сүүл мушгин, хонинынхоо нөмөрт эрчлэн ирэх салхийг арай ядан сөрөн алхаж байсан юм. Тиймээс сүүлийн жилүүдэд Ц.Гурвантамир ямаагаа цөөлж, 500-гаас дээш гаргахгүй байхаар төлөвлөжээ. “Чанартай цөөхөн ямаатай байхад болно. Тэгээд ч энэ жил манай аймагт өвөлжилт хатуухан байна. Өвс, цасны нимгэнийг бараадаж зүүн талд нутаглаж байгаа юм. Ер нь мал маллахад хамгийн чухал нь нүүдэл байдаг. Аль болох алсын оторт гарч, нутгаа зөв сонгож, малаа тарга тэвээргэ авахуулж чадвал алзахгүй. Цас хайлах болоогүй учраас хаваржилт хэцүүхэн болж магадгүй. Цаг тавирах болоогүй байна” гэх үг хашир малчны амнаас унаж байв.

 

ЧОЙРЫН БОГД, САНСАР УУЛЫНХАА ИВЭЭЛД БАГТАЖ БАЙНА

 

Одоогоор Ц.Гурвантамирын өвөлжиж байгаа Сансар уул орчимд цасны зузаан 20 орчим см байна. Хонь, ямаа нь цасан доороос өвсөө ухаж идэж байна. Мөн малчин маань хашаандаа 2-3 машин өвс, багагүй хэмжээний давс хужир асгажээ.  Цасны зузаан их байгаа учраас дөрөвдүгээр сарын эхээр л хамар хатгах өвстэй болох байх даа. Тэр болтол цаг хэцүү байна даа гэж байв.  Ц.Гурвантамирын унаган нутаг Дундговь аймгийн Гурвансайхан сум. Бага наснаасаа хурга ишиг хариулж, унага даагатай ноцолдож өссөн тэрээр наймдугаар ангиа төгсөөд мал дээр гарчээ. Түүний эмээ нь Монгол Улсын сайн малчин алтан гадас одонт А.Цэрэнпил гэдэг хүн байжээ. Аав, ээж нь малч удамтай хүмүүс байсан учраас маллах ухааныг багаасаа суралцаж, уйгагүй хөдөлмөрлөж түүнийхээ үр шимийг ч хүртэж яваа нэгэн. Анх 200 гаруй малтай хөдөө гарч байсан хүү өдгөө хоёр мянга гаруй малтай болжээ. Энэ тухайгаа ярихдаа “1996 оноос хойш мал маллаж байна. Анх 200 гаруй малтай хөдөө гарч, 2003 онд эхнэртэйгээ гэр бүл болоод хоёр талаасаа 500-аад малтай айл гэр болж байлаа. Түүнээс хойш цаг зуурын бэрхшээлд алдаж онож явсан ч өнөөдрийг хүртэл эрдэнэт сүрэг маань сайхан өсч, өгөөж буянаа хайрлаж байна. Өмнөх жилүүдийн зуднаар отор нүүдэл сайн хийж, хэдэн малынхаа төлөө зүтгэснийх хоргодол багатай даван туулсан” гэв. Дундговийн хүү Говьсүмбэр аймгийн хүргэн болж, энэ нутагт эрдэнэт сүргээ өсгөн ажил амьдрал нь тэгширч явна. Энэ нутаг тэр дундаа Сансар уулыг хүмүүс “Гадны хүнд ээлтэй нутаг” гэдэг байна.  Алс нутгаас зорьж ирсэн хүмүүсийг Чойрын богд хайрхан, Сансар уул ивээлдээ авдаг гэдэг юм билээ. Ц.Гурвантамир ч тэр ивээлд багтан энэ нутагт идээшин дасч, нутгийн олонтой сайхан амьдарч явна.

 

ГУРВАН ЖИЛ ДАРААЛАН ХОНИН СҮРГИЙНХЭЭ ТООГООР ТЭРГҮҮЛСЭН

Түүний гэргий А.Оюунчимэг хоёр мянган малтай болоход нь баттай ар тал нь байж энэ тэнцүүхэн зүтгэсэн байж таарна. Аав, ээжийнхээ малч удмыг дагаж, ханьтайгаа учирч малын буяныг дааж яваа хөдөө нутгийн бүсгүй. А.Оюунчимэгийн аав  Г.Авхүү гуай нутаг усандаа алдартай уяач.  Мөн хүүхдүүд нь удам дамжсан алдарт уяачид юм байна. Ц.Гурвантамир малын эрэлд явж байхдаа эхнэртэйгээ танилцаж, заяаны ханиа олжээ. Тэд 2003 онд гэр бүл болж Сансар уулын ар дээр Ц.Гурвантамир хэмээх шинэ айл өрх тусгаарлажээ.  Түүнээс мал маллахаас шантрах үе байсан уу гэж асуухад “Залуу байхад нүүр нүдгүй шуурах цасан шуурганд дунд олон хоног малынхаа захад зогсохдоо төв бараадах талаар бодох үе байсан. Харин айл гэр болсноос хойш  малаа өсгөж сайхан амьдрахын төлөө тэмүүлж ирсэн болохоор шантрах талаар дахиж бодсонгүй. Хань, үр хүүхдээ сайхан амьдруулахын төлөө муу амьдрах эрх байхгүй. Ер нь аль ч цаг үед аав, ээжийнхээ зааж сургаснаар малаа маллаад, хөдөлмөрлөөд явахад алзахгүй дээ” гэлээ. Тэрээр 2011 онд мянгат малчин, 2013 онд хоёр мянгат малчин болж сумын сайн малчнаар тодорсон байна. 2014 онд хоёр мянгат малчнаа баталж аймгийн хамгийн олон хоньтой айлаар шалгарчээ. Сүүлийн гурван жил дараалан Сүмбэр сумын хамгийн олон хоньтой айлаар шалгарчээ. 30 гаруйхан настай ч тэрээр энэ олон амжилтын эзэн болж чадсан байна.

 

ЖИНХЭНЭ МОНГОЛ ЦАГААН САР

Тэдний дунд хїї  аавынхаа сайн малчны тэмдгийг энгэртээ зїїчихсэн золгохоор тосч ирэв. Хоёр хїї нь хоёулаа монгол дээл, хантааз, їнэгэн малгай ємссєн нь єхєєрдєм харагдана. 

Хоёр мянгат малчин гэхээр их л бардам яриатай нэгэн байх болов уу гэж бодож байснаа нуух юун. Харин Ц.Гурвантамир их даруухан нэгэн ажээ.  Тэрээр “Мянгат малчин болох сайхан ч малынхаа тоо биш чанартаа анхаарах хэрэгтэй. Мянгатын төлөө зориод бүтэхгүй байгаа хүн ч бий. Хүн хүчний асуудал чухал. Хань үр хүүхдийн хичээл зүтгэл ч их бий. Салхи шуургатай үед хажууд мал хашаад зогсоод өгөх хүнгүй үе ч таарна. Ер нь их хичээл зүтгэл хэрэгтэй дээ” гэж байв. Ийн ярих зуурт хөдөөгийн айлд гийчин буулаа. Сар шинийн баяр малчны хотонд л жинхэнэ утгаараа болж байна.  Тэнд л хуурай сүүгүй цай, элдэв амтлагчгүй бууз, ус, чихэр холиогүй жинхэнэ монгол айраг хамар цоргино. Тэнд хэн юу өмссөн, хэн ямар бэлэг өгсөн өгөөгүй гэх элдэв хачиртай яриа ч байхгүй. Бэлгэ дэмбэрэлтэй үгээ хэлэлцэж, айргаа сөгнөж, инээдэм наргиан дэмбээн дуутай сайхан шинэлж байна.

Ц.Гурвантамирынх малаа дөрвөн төрлөөр өсгөж байна. Хонио голлон өсгөж, ямаа, үхэр, адуугаа ч чамлахааргүй олон болгожээ. Мөн тэрээр сүүлийн үед малынхаа үүлдэр угсааг нь сайжруулахаар шамдаж байгаа гэнэ.   Зүүн чиглэлийн барга, үзэмчин үүлдэрээр хонио өсгөж байна.  Сүхбаатар аймаг, Дорнодын Хөлөнбуйраас илүү нугаламтай, биерхүү хоньтой болохоор сүүлийн хэдэн жил хуц тавьж байгаа гэнэ. Энэ үүлдэр нь жирийн хониноос 5-8 кг-аар илүү жин дардаг байна. Мөн ноос, үс нь ч ахиу гардаг гэлээ.  Харин ямаагаа Сүхбаатарын Баяндэлгэрээс сайн ноолууртай  гээд ухна тавьжээ. Ноолуурын гарц бага ч нарийн, чанартай ноолууртай юм байна. Тэрээр “Малтай байх сайхан ч бэлчээрийн даацнаас болж ад үзэгдэх шинжтэй учраас малынхаа тоог зогсоосон. Ер нь малаа сайн борлуулдаг ч энэ жил бага борлууллаа. Нэг малын үнээр гурвыг өгч байгаа учраас малчдад хүндхэн тусч байна” гэж байв.   Удахгүй тэрээр хэдэн ат авч тэмээн сүрэгтэй болж, таван хошуу малын эзэн болохоор төлөвлөжээ. Мөн түүний бас нэгэн мөрөөдөл нь морь уяж алдарт уяач болох юм.  Хадмууд нь бүгдээрээ алдартай уяачид болохоор хурдан морь Ц.Гурвантамирын сэтгэлийг жилээс жилд татах болсон юм байна.

 

ДӨРВӨН МАЛЧИНТАЙ ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ

Туслах малчин н.Отгонболд уяатай морьдоо тэжээж байна.

Бидний нийтлэлийн гол баатар 30 гаруйхан настай, хоёр мянгат малчин. Зарим салбарт 30 нас гэдэг амжилтад хүрээгүй дөнгөж эхэлж байх үе.  Хөдөө аж ахуйн салбарт ч гэсэн мянгат малчид 40-өөс дээш настай байдаг.  Ер нь Ц.Гурвантамирыг Монголын хамгийн залуу мянгат малчдын нэг гэхэд хол зөрөхгүй болов уу.  Залуу хүн болоод ч тэр үү Ц.Гурвантамир энэ салбартаа шинэлэг зүйлсийг турших дуртай нэгэн. Тэрээр 2011 оноос хойш түрээсийн гэрээгээр эм малаа хүнээр өсгүүлж эхэлжээ.  Одоогоор дөрвөн түрээсийн малчинтай. Мал төллүүлснээр төлийнхөө 50 хувийг өгнө хэмээн гэрээнд заажээ. Нутгийнхан нь ч тэдний малыг харах дуртай байдаг гэнэ.  Харин малчид нь ихэвчлэн хонийг сонгон төллүүлдэг болохоор түүнд ямаагаа өөрөө төллүүлэх хүндхэн ажил оногддог байна. Энэ жил тэдний хотонд 1000 гаруй мал төллөх юм.  Тэрээр “Залуусын ихэнх нь барилга дээр ажиллаад байна. Мал маллахаар хэдэн өдөр хүйтэнд яваад шантардаг байх. Цаг наргүй ажил шүү дээ. Бусдаар бол хөдөө шиг сайхан газар байхгүй дээ. Мөн сүүлийн үед малчид маань 500 гаруйхан малтай байж туслах малчинтай болоод байна.  Би үүнийг гайхдаг. Ажлыг амар хялбар болгож хүн зарах гээд залхуураад байдаг болжээ. Миний хувьд мянган малтай болтлоо туслах авч байгаагүй. Гэр бүлтэйгээ хамжиж дэмжээд бүхнийг болгож байсан” гэлээ. Мөн Ц.Гурвантамир төрөөс олгодог ноос, ноолуурын урамшууллын сургаар ченж нар үнэ унагадаг тухай ярьж байна. Төрөөс 2000 төгрөг өгөх гэж байхад ноосоо 300 төгрөгөөр өг гэж шахаад малчдаас авдаг гэнэ. Мөн хонь хяргах хүндээ 1000 төгрөгийг хөлсөнд нь өгөхөөр ноосоо 1300 хавьцаа тушаадаг гэлээ. Энэ жил улсын тусламжаар өгч байгаа өвс тэжээлээ авчээ. Дундговийн Өндөршил, Дорноговийн Мандахсайхан, Улаанбадрах, Улаан-Уул руу оторлосон айлуудад ч өвсийг нь дөхүүлж өгсөн тухай ярьж байв. Говьд нар шингэхтэй зэрэгцэн бидний яриа дууслаа.  Хаврын тэргүүн сар гарсан ч гадаа салхи сэвэлзэж, жавар тачигнаж байна. Бид ч яахав хотын зүг хүлгийн жолоо зална.  Харин одоо салхи шуурахгүй, цас унахгүй цаг агаар дулаарвал малчин түмний минь сэтгэл тэнийх гээд байна даа.  Тэд минь онд мэнд, тарган тавтай орж, цас ханзлах цагтай зэрэгцэн эхний төлөө угтах их ажилтай үлдлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • ГЭГЭЭН ХАЙРЫН БАЯР (February 15, 2016 7:28:13 pm )

    ЗӨВ ШҮҮ

antalya rent a car