Сонгууль дөхөж зарим нэг сэдэв моодонд орж байгаагийн нэг нь долдугаар сарын 1-ний сэдэв. Энэ сэдвийг тойруулан хүн болгон өөр өөрийн өнцгөөр үнэлэлт дүгнэлт өгч чадна. Ганц үнэн гэвэл одоо энэ хэргийг хэчнээн ярилаа гээд амиа алдсан хүмүүс амилаад босоод ирэхгүй. Буруутанг нь мөшгөж олоод ялыг нь өгчих ч амархан. Гагцхүү ийм явдал дахин давтагдахгүй байхын тулд бид яах ёстой вэ, юу хийж чадах вэ.
Тэр өдөр төрийн өмнөөс зэвсэг агссан цагдаа хүчээ хэтрүүлэн ашигласан нь үнэн. Тэр таван иргэний оронд та, би, бидний ах дүү, найз нөхөд хэн ч байж болох байсан.
Хэргийн сэдэл улс төрөөс үүдэлтэй. Улстөрчид оролцоод эхлэхээрээ л хэрэг утгаа алддаг. Тэднийг оролцохоор үнэн үнэнээсээ гажиж, тэднийг оролцохоор гэмгүй хүн гэмтэн болдог. Тэднийг гараа дүрсэн цагт шүүх нөлөөнд автаж, мөрдөгч нэг талыг барьсан баримт цуглуулж, бүх зүйл утгаа алддаг. Гэмтэн хохирогч, хохирогч гэмтнээр солигддог.
Шүүх шударга бус гэхээсээ илүүтэй тэдний нөлөөнд байдаг учраас хэрэг нэг талд шийдэгддэг. Ийм л шалтгаанаар хөрөнгө мөнгөтэй холбоотой, авлигын хэргүүд илэрч байсангүй. Тэд шүүхэд нөлөөлж, хэн дуртайгаа аварч, дургүйгээ шийтгэдэг. Тэдэнтэй холбоотой их хэмжээний мөнгөтэй холбоотой хэргүүд бүгд хэрэгсэхгүй болдог нь тогтсон гажуудал. Шүүх хэнд хамгийн зөөлөн хандаж байна. Улстөрчдөд. Хэний хэргийг хэрэгсэхгүй болгож байна. Улстөрчдийнхийг. Шүүхээс ял авчихаад гэртээ харьсан цорын ганц хүн хэн бэ. Нөлөө бүхий улстөрч л байсан.
Тэд л 2008 онд иргэдийн саналыг луйвардсанаас болж монголчууд цагдаа, иргэний тал болон хуваагдсан. Нийгмийн өчүүхэн бага хувь нь улстөрчдийг энэ хэрэгт буруутгадаг. Магадгүй аль аль талынх нь зөв байж болно. Үгүй ч байж мэднэ.
Хамгийн гол нь бүгдээрээ хэн нэгнээ алдахаас айгаад хоёр хуваагдчихлаа. Эхнийх нь гэмгүй иргэд рүү гал нээсэн цагдаагийнхныг буруутгана. Цагдаагийн ар гэрийнхэн харин жагсаал зохион байгуулагчдыг буруутгадаг. Жагсаал зохион байгуулагчид харин эрх баригчдыг буруутгана.
Олонх маань яаж харахаасаа шалтгаалаад энэ хоёрын аль нэгнийх нь талд зогсоно. Харин асуудлыг хөндлөнгөөс сайтар ажигласан, эрүүл саруулаар сэтгэдэг цөөнхийн цөөнх л улстөрчдийг буруутгаж суугаа. Гэхдээ тэд цөөнх. Тийм болохоор л улстөрчид энэ хаврын онцлох сэдвээ долдугаар сарын 1-ний гэм буруутанг яллахаар шоудна. Тухайн үед алба гүйцэтгэсэн цагдаа, цагдаагийн удирдлагуудыг яллуулах сонирхолтой нь нөлөө бүхий улстөрчдөд ашигтай. Тэглээ гээд энэ хэрэг шийдэгдэнэ гэвэл том эндүүрэл. Дэндүү өрөөсгөл. Бүр жинхэнэ хэргийн эзнийг өөгшүүлнэ. Энэ хэнд ашигтай юм бэ. Хүүгээ, аавыгаа буудуулсан хохирогчдод уу, үгүй. Цагдаагийн удирдлага, цагдаад бол бүр ч биш. Энгийн иргэдэд ч лавтайяа ашиггүй. Өөр хэнд вэ. Улстөрчдөд биш гэж үү.
Өнөөдөр долдугаар сарын 1-нд амь насаа алдсан иргэдээсээ уучлалт гуйх тогтоол санаачлахад “Дуртайгаараа чи уучлалт гуй” гэж байгаа увайгүй улстөрчид Төрийн ордонд хэдэн арваараа суугаа. Хэргийн эзэн мөн үү, биш үү гэдэг тэдэнд огт хамаагүй. Таван хүний амийг хөнөөсөн бурууг чихэх хүн л тэдэнд хэрэгтэй.
Улстөрчдийн захиалгаар гүйцэтгэсэн хэргүүдийг харъя л даа.
2004 оны сонгуулийн өмнө Д.Энхбатыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэн гадаадаас хулгайлж авчирч байсан. Ингэхдээ хүчээр ял тулгаж, эрүүдэн шүүж, ”Цагаан шонхор”-ын Энхтайван С.Зоригийг алах саналыг надад тавьсан гэдгийг хүлээчих” гэж тулгасан талаар одоо хэр нь баримтууд гарч ирсээр байна. Түүнийг баривчилсан шалтгаан нь ердөө л олон жил дарагдсан С.Зоригийн хэргийг илрүүлсэн болж харагдах. Энэ хэргийг илрүүлснээр тухайн үеийн Ардчилсан намын дарга байсан М.Энхсайханыг захиалагч болгох. Ингэснээр Ардчилсан намын нэр хүндийг шаварт хутгаж, сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулах явдал л байсан. Тиймээс тухайн үеийн эрх баригчид бүхнийг хийсэн. Золоор тэдний төлөвлөгөө бүтээгүй. Гэсэн ч өөрсдийнх нь атгаг санааг илчилсэн Д.Энхбатын өмгөөлөгч Л.Санжаасүрэнг “улсын нууц задруулсан” хэргээр ялласан. Д.Энхбат хэн байх нь хамаагүй. Төрийн эрхийг дахин авахын төлөө хийгээгүй хэргийг хүлээлгэнэ гэдэг ардчилсан улсад байж боломгүй явдал.
2006 онд дуулиан болсон Гаалийн гэх тодотголтой Х.Баатарын хэрэг ч ялгаагүй. “Түүний хэрэгтэй холбоотой хэд хэдэн хүн өнөөгийн УИХ-д сууж байгаа” гэдгийг тухайн үед Сөрөх тагнуулын газарт байсан Б.Хурц одоогоос хоёр жилийн өмнө хэлж байсан. Тэгвэл Х.Баатар яллуулсан шүүх хурлынхаа үеэр одоогийн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшинг “Байр олгооч” гэсэн хүсэлтийнх нь дагуу тухайн үеийн Ерөнхий сайд Н.Энхбаяраас зөвшөөрөл авч ГЕГ-аас байр олгосон тухайгаа мэдүүлж байсан. Тухайн үед энэ хэрэгтэй холбоотой гэж байсан улстөрчдөөс хэн нь ч ял аваагүй. Иймэрхүү байдлаар л тэд хэргээ нуун дарагдуулж, ял завшиж, хэн нэгнийг хэлмэгдүүлж ирсэн нь нууц биш.
2008 оны УИХ-ын сонгуулийн өмнө Эрүүгийн хуулийн албан тушаалтны хэрэгтэй холбоотой заалтыг “хулгайлснаар” улсын хөрөнгө шамшигдуулсан, иргэдийг сум суурингаар нь хордуулсан, унтарсан түймэр рүү аврагчдыг явуулан амь насыг нь хохироосон албан тушаалтнууд бүгд хэргээс мултарсаныг бид мэднэ.
Сонгогчдын олгодог эрх мэдлийн төлөө улайран зүтгэж, эрх мэдэлдээ дөрөөлөн баяжих сувдаг сэтгэлтэй улстөрчид байсан цагт энэ хэрэг илрэхгүй. Мөнгөний үнэрээр үхэлдэх улстөрчдийг харин таван иргэнээ алдсан та бид сонгосон. Таван хүний амиа тавь болгуулахгүйн тулд мөнгөнд хууртахгүй байя, үгэнд хууртахгүй байя, хариуцлагыг нэхэж чаддаг байя, өгсөн эрх мэдлээ эргүүлээд авдаг эрхтэй байя. Тэгж чадвал та бидний өмнөөс амиа алдсан таван иргэний хойдохийг буяныг бодсон их өглөг болно.
Л.Нарантөгс
Холбоотой мэдээ
Comments are closed.