Хөдөлмөрийн салбарын дээд шагнал “Хөдөлмөрийн хүн танаа”-гийн эздийг тодруулах ёслолын ажиллагаа өнөөдөр “Шангрила” зочид буудлын Хүндэтгэлийн танхимд ёслол төгөлдөр боллоо. Хөдөлмөрийн сайдын санаачлагаар төрөөс хөдөлмөрийн салбарт баримтлах бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг ханган ажиллах, үндэсний мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр тодорхой амжилт гаргасан байгууллага, иргэдийг тодруулан “Хөдөлмөрийн хүн танаа” шагналд нэр дэвшүүлэн өрсөлдөхөөр болсон юм. Ингээд салбар бүрээс шилдэгүүдийг шалгаруулж, шагналыг нь гардуулав. Анх удаагаа энэ шагналыг олгож байгаагаар ихээхэн онцлогтой бөгөөд цаашид уламжлал болгон зохион байгуулах юм байна.
Г.Баярсайхан: “Хөдөлмөрийн хүн танаа” жил болгон уламжлал болгон гардуулна
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Хөдөлмөр эрхлэлт улс орны оршин тогтох гол үндэслэл болдог. Хөдөлмөрөөр хүн энэ улс орныг бүтээн байгуулж, хөгжлийн хөдөлгүүр болж байгаа. Өнөөдөр бид нар аль нэг байгууллага улсад хэдий хэмжээний татвар төлсөн талаар шалгаруулж байгаа асуудал бишээ. Хөдөлмөрийн зах зээл дээр мэргэжлийн боловсон бэлтгэж байгаа сургалтын шилдэг байгууллагуудаа тодрууллаа. Хамгийн гол ажил олгогч нарыгаа урамшууллаа. Шагналын чухал зүйл нь гэвэл гудамжинд гутал тослож яваад өөрийн өөртөө ажлын байр бий болгож, түүнийгээ өргөжүүлээд гутлын салонтой болтлоо амжилттай яваа нэгэндээ шилдгийн шилдэг шагналыг гардууллаа. Тэгэхээр манай яамнаас жил бүр есөн хөдөлмөрийн алдартнаа, “Хөдөлмөрийн хүн танаа” гэх шагналаа гардуулахаар уламжлал болгож энэ жилээс эхэлж байна. Манай шагналын хамгийн гол нь хөдөлмөрийн хүн та байна. Цомын хувьд гагнуурчин хүний масктай бээлийтэй хүн бий. Халуун дулаан галын дөлийг бэлгэдэж хийсэн цом юмаа” гэв.
Х.Лхагва:Энэ шагналд нэр дэвшсэн талаараа сонсоогүй байлаа
Шилдэг төгсөгчөөр Х.Лхагва шалгарсан бөгөөд тэрбээр Барилгын коллежийг токарьчин мэргэжлээр төгсчээ. Үеийн залуустаа мэргэжлийн ур чадварыг бахархал болгож чадсан шилдэг төгсөгч Х.Лхагва Эрдэнэтийн УБҮ-ийн Засвар механикийн зовадад ажиллах урилга авчээ. Түүний сэтгэгдлийг сонирхвол “Сэтгэгдэл өндөр байна. Би энэ шагналд нэр дэвшиж байгаа талаараа мэдээгүй байсан бөгөөд энэ долоо хоногт л дуулсан. Сая л ирээд шилдэг шагнал авсан даа өндөр байна. Цаашид их зүйлийг хийж бүтээнэ” гэв.
Ц.Нацагдорж: “Аюулыг мэдээлэх хуудас” ажиллуулсны үр дүнд 2013-2015 онд нийт 20290 аюулаас сэргийлсэн
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шилдэг ажилтан Монгол Улсын зөвлөх инженер Ц.Нацагдорж:
“Хөдөлмөрийн аюулгүй байдал гэдэг хамгийн чухал асуудал. 2009 оноос Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай зохих ёстой хууль гарснаас хойш хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллаж байгаа. Манай станц 1500 орчим хүнтэй. Цахилгаан станц бол өөрөө их эрсдэлтэй ажил байдаг. Үйлдвэрлэлийн бүхий л шатны аюулгүй байдал, ажлын байрны эрүүл ахуйн асуудлыг хариуцан ажиллахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоон ОНSAS18001 стандарт “Цоож пайзны систем”-ийг нэврүүлсэн. Эрүүл аюулгүй ажиллах соёлыг төлөвшүүлэх чиглэлээр “Метрикс карт”-ийг санаачлан хөтөлж байна. Мөн “Аюулыг мэдээлэх хуудас” ажиллуулсны үр дүнд 2013-2015 онд нийт 20290 аюулаас урьдчилан сэргийлж чадсан” гэлээ.
Ц.Жаргал: Жил болгон сумандаа 100 тоосго өгч байя гэж ярилцсан
Шилдэг өрхийн аж ахуй эрхлэгчээр шалгарсан Ц.Жаргал. Тэрбээр Дорнод аймгийн Баянтүмэн сумын иргэн, Монгол Улсын сайн малчин. 2008 оноос эхлэн орон нутагтаа “Малжуулах төсөл”-ийг санаачилж, 4 малчинтай гэрээ байгуулан ажиллаж, төслийг амжилттай хэрэгжүүлсэн нэгэн юм. Одоо ч олон айл өрхийг малжуулах төсөлдөө хамруулж, ажилтай орлоготой болгосон ачтай буянтай хүн ажээ.
Тэрбээр “Би зүгээр суудаггүй хүн. Аль болохоор иргэдийг малжуулъя гэж зүтгэж байна. Олон хүнийг малтай болгож, одоо 1000 гаруй мал төсөлд явдаг юм. Айлууд малаа аваад, малтай болсон хойно нь өөрсдөө авсан малаа эргүүлж өгсөн 12 айл байна. Одоо 15 өрх айл төслийн малыг авч маллаж хэрэгжүүлж байгаа. Нийт 27 айлыг өнөө жил мал хуйтай болгожээ. Өнгөрсөн жилээс эхлэн Тоосгоны үйлдвэр барьсан. Барьсан жилээсээ бид өөрсдөө ямар ч ашиг авалгүй, ажилчдадаа ажиллуулсан. Эхлээд сумаа хөгжүүлье бодсон. Жил болгон сумандаа 100 тоосго өгч байя гэж сумын ИТХ-тайгаа ярилцсан байгаа. 100 хонь төлүүлж өгсөн айл 50-ийг нь аваад, 50-ийг нь өгдөг юм. Эхний жилүүдэд хүмүүс их сонирхолгүй байсан бөгөөд одоо бол надаас төслийн мал авъя гэж ирэх иргэд олон болсон. Манайхаас малтай болоод тусдаа гарсан олон айл байгаагаас зарим нь 200-300 малтай болоод тусдаа гардаг. Мянгат малчин айл ийм төслийг хэрэгжүүлэх юм бол олон айлыг ажил орлоготой болгоно доо гэж бодож байгаа шүү”.
Шилдэг сургалтын байгууллагаар Өмнөговь аймаг дахь Политехник коллеж шалгарав.
Тус коллежийн хамт олон “Манай хамт олон энэ хүндтэй шагналыг хүртсэнд баярлаж байна. Бид сүүлийн үед хөдөлмөр, мэргэжлийн ур чадварын төлөө сургалтын орчин, агуулга стандартаа сайжруулж, олон улсын жишигт хүргэхийн төлөө хүчин зүтгэж байгаа. Сүүлийн жилүүдэд амжилттай ажилласан. Мэдлэгийг амьдралд бодитой ажил хөдөлмөр болгож чадаж байгаа нэгнээ ингэж урамшуулж шагнах нь зөв шийдвэр байх. Сүүлийн 20-иод жил хөдөлмөрлөсөн хөдөлмөрөө өндрөөр үнэлүүлж байгаад баярлаж байна. Манайх 800 гаруй сургагчтай. Монголын мэргэжлийн боловсролыг харьяа гэвэл манай аймгийн Политехникийн коллежийг хараарай” гэв.
Г.Пүрэвбат: Энэ жил 22 метр өндөр алтан сүмийн байгууламжийг хийж бүтээлээ
Шилдэг бүтээлээр Аглагийн хийд тодров. Ингээд тус хийдийн бурханч лам Г.Пүрэвбатаас сэтгэгдлийг нь сонирхлоо.
“Бид нар үйлчүүлж байгаа хүмүүсийнхээ тоог авч байсан зав судалгаа байсангүй. Бүтээн байгуулалтаа анхаарч ажилласан. Зуны дэлгэр цагт Аглагийн хийд хүн ихтэй байдаг нь үнэн. Нийтдээ 44 том өргөлийн зам нэг км, хамгийн том сийлбэр гэхэд 10 метр хамгийн бага нь нэг метрээс дээш хийсэн. Энэ жилийн ололт гэвэл 22 метр өндөр алтан сүмийн байгууламжийг хийж бүтээлээ. Манай хийдийн нүд сор болсон бүтээл. Мөн тэнгэрээс буусан сүм гээд бараг 80 гаруй метр өндөр хадан дээр том сайхан сүм байгуулсан. Долоон метр замын ажил сайн явагдаж байгаа” гэв.
Шилдэг ажил олгогч компаниар “Эм жи Эл Акуа”
ХХК шалгарсан юм. 2000 оноос үйлдвэрлэлээ эхэлсэн бөгөөд өдгөө “Вояж” цэвэр усны компани болж өргөжихдөө орон нутгийн 50-80 иргэнийг ажлын байраар хангажээ.
Тус компанийг төлөөлж ирсэн Н.Бямбадуламаас сэтгэгдлийг нь сонирхоход “2016 онд шинэ үйлдвэрийн барилга барьж байгаа. Улам олон хүнийг ажлын байраар хангана. “Вояж” цэвэр усны компани борлуултын системээ өргөжүүлж олон хүнийг ажлын байраар хангаж байгаа” гэлээ.
Х.Оюун-Эрдэнэ: Миний гараар дамжиж 36 гуталчин ажил орлоготой болсон
“Хөдөлмөрийн хүн танаа”-гийн шилдгийн шилдэг Гранприг хүртсэн Х.Оюун-Эрдэнийн сэтгэгдлийг сонирхлоо.
“Сэтгэл их хөдөлж байна. 1993 онд Улаанбаатарт ирж гудамжинд таван жил гутал тосолсон. Тэгээд гутал засварладаг болсноос өнөөдрийн өндөрлөгт хүрсэн юмаа. Намайг өдий зэрэгт хүргэж, амьдралын минь жигүүрийг ургуулж өгсөн ард түмэндээ баярлалаа. Надаар гутлаа тослуулж, намайг дэмжиж, архи гэгч айхтар идээнээс гарахад минь тусалж байсан ард түмэндээ болон энэ шагналыг хүртээсэн Хөдөлмөрийн яамны сайддаа баярлаж байна. Намайг хөгшин ээж минь хүн болгож өсгөж хүмүүжүүлсэн. Олны дунд нэр төртэй, хүний дайтай яваарай, хөдөлмөр бүтээлд шимтэж яваарай гэж их захидаг байсан. Архичин тамхичин байсан хүн. Нэг л өдөр энэ амьдралаасаа татгалзаж, өөрийнхөө амьдралын замнал, хөдөлмөр хөлсийн талаар хорих ангиуд болон оюутнуудад лекц уншиж явсан. Өнгөрсөн жил гэхэд UB паласт “Гуталчин ингэж хэлэв” нэртээ лекцээ уншихад олон хүн цугласанд баярладаг. Миний амьдралаас олон залуус суралцаасай, архигүй тамхигүй, арчаагүй байж болохгүй, зөвхөн хөдөлмөрт дурлаж яваасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Миний гараар дамжиж 36 гуталчин ажилтай орлоготой болсон. Сайхан амьдарч яваа тэд. Ингээд 20 жилийн хөдөлмөр үнэлэгдэж байгаад баяртай байна” гэв.
О.Сайхан
Холбоотой мэдээ
-
Хулан (February 07, 2016 10:00:34 am )
Баяр хүргье ах минь. Хүндэлж явдаг шүү илүү их амжилтыг хүсье.
-
Zochin (February 08, 2016 12:09:07 am )
Iim hun olon boloosoi.Amjilt huseye
2 Comments