Улаанбаатар хотын утаатай өвөл дэлхийд зартай. Агаарын бохирдлоороо дэлхийд дээгүүрт бичигддэг манай улсын утаа жил ирэх бүрт л нэмэгдсээр… Улс орны эдийн засаг доройтож, түүнийг дагаад ард түмний амьдрал тартагтаа хүртэл ядуурсан. Чухамхүү үүний нөлөөгөөр хөдөөнөөс хот руу чиглэсэн их нүүдэл эхлэв. Энэхүү нүүдлийн эцсийн үр дүн нь сайн, саар гээд олон талын асуудлыг араасаа дагуулсан. Нийслэл хотод орж ирэгсэдийн зарим нь хөлөө олж чадахгүй явсаар лонхтой юм өшиглөн гудамжинд гарч, сүйхээтэй нэг нь ганзгын наймаа хийж халаасаа зузаатгасан. Харин төрийн албанд ажиллагсад нь өмч хувьчлалыг далимдуулан овоо хөрөнгөжөөд авчээ. Одоо хүртэл Улаанбаатарыг чиглэх тэр их нүүдлийн цуваа тасраагүй байгаа. Хот руу орох цуваа нэмэгдэхийн хэрээр нийслэлийн агаарын бохирдлын эх үүсвэр төдий хэмжээгээр нэмэгдэнэ. Энэхүү утаатай манай улс төрчид “мөн ч олон жил” тэмцэж байна даа. Утааг устгах нэрээр улсаас хэдэн сая төгрөг зарцуулсан ч доривтой үр дүнд хүрэлгүй өдийг хүрэв. Харин ганц авсан нь утаа, хорт хий, агаарын бохирдол хэр их байгааг мэддэг тоног төхөөрөмжтэй л болсон байх. Удахгүй сонгууль болох гэж буй. Олон жил тэмцээд устгаж чадаагүй утааг манай улс төрчид мөрийн хөтөлбөртөө бол “устгаж чадна” гээл дайрах бүрэн төгс итгэлтэй хүмүүс. Утаагаар “шоудна”. Бараг л утааг бид устгаж чадлаа гэж зуны сайхан улиралд яриад явж ч чадах нөхөд шүү дээ. УИХ-д суух хугацаандаа гэр хорооллыг багасгаж, утааг ч замхруулж өгнө хэмээн бодоход сайхан амлалтуудыг тэд иргэддээ өгнө. Гэсэн ч сонгогдсоныхоо дараа нүүрээ төвөггүйхэн буруулах биз. Дүн өвлийн хүйтэн дөрвөн есийн жавраар иргэдийн хоолойг хорсгож, уушгийг хордуулсан өнөөх утаа улиралын жамаараа алга болно. Яг л тэр үеэр манай улс төрчид утаа багасаж байгаа гэж ярих нь ичмээр. Яанадаа бидний Улаанбаатар. Өвөлдөө утаанд хордож, зундаа шороонд булуулна. Хэзээ нэг улс эх орныхоо төлөө гэсэн хүмүүсээр төрөө түшүүлж, иргэдээ дээдлүүлэх юм бол. Хэзээ бид өвөлдөө цэвэр агаарыг цээж тэнэгэр амьсгалах юм бол доо. Энэ оны сонгуульд хэн ч гарсан ялгаагүй ч ядаж л туйлд нь хүргэхгүй хүмүүс сонгогдоосой билээ. Улс төрд бугшсан утаа, Улаанбаатарт тархсан утаа хоёр мөн ч бэрх. Замхрана гэж үгүй юмдаа.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zochin (February 02, 2016 2:26:37 pm )
ene songuuliar manai ger bvl bolon hamaatan sadan heniich tuluu sanalaa uguhgvie hulhiduulj hanalaa boloo
-
Зочин (February 03, 2016 9:02:30 pm )
Утаатай тэмцэх нэрээр утаатай тэмцэж буй дур эсгэж, менгийг нь цохиж байсан гарууд одоо зогсохгуй бол болохгуй гэдгийг ухаарсан учраас утаатай тэмцээд дийлэхгуй гэдгээ хулээн зевшеерсен хэрэг
-
enkhee (February 04, 2016 6:02:19 am )
songuuli uguh hvsel alga daa. utaatai bval 76 d ashigtai blson vm bishuu
3 Comments