Иргэний хөдөлгөөний гишүүн О.Магнайг Тагнуулын ерөнхий газрын албан хаагчид дуудаж уулзжээ. Тэд энэ хавар ямар нэгэн жагсаал цуглаан хийж болохгүйг анхааруулаад, олныг хамарсан жагсаал цуглаан хийхгүй гэсэн ам өчиг болон түүнийг баталгаажуулсан гарын үсэг авчээ. Энэ талаар О.Магнайгаас цөөн асуултад хариулт авлаа.
-2008 оны долдугаар сарын 1-нд гарсан үймээнтэй холбоотой асуудал дахин сөхөгдөж Б.Жаргалсайхан, Ж.Батзандан та нарыг цагдаагийн ар гэрийн холбооныхон дахин шалгуулах хүсэлт тавьсан гэсэн үү?
-Цагдаагийн ар гэрийн холбооныхон 2008 оны долдугаар сарын 1-ны үймээнтэй холбоотой асуудлаар гомдол гаргаж хэргийг эргэн сэргээх хүсэлт тавьсан гэсэн. Гэхдээ одоогоор бидэнд ямар нэгэн мэдэгдсэн зүйл алга байна. Цаашид юу болохыг хараад л сууж байх бодолтой байгаа.
Хууль хяналтынхан юу гэж шийдэхийг л хүлээж байгаа. Уг нь хууль журмынхаа дагуу шийдэгдсэн зүйл шүү дээ.
-Таныг Тагнуулын ерөнхий газраас дуудаж байцаалт авсан гэх яриа гараад байна. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ?
-Тагнуулын ерөнхий газрын албан хаагчид өнгөрсөн даваа гаригт хүлээж авч уулзсан. Тэр уулзалтаар энэ хавар сонгууль болох гэж байна. Үндсэн хуулийн бус аргаар ямар нэгэн жагсаал цуглаан хийж болохгүй шүү гэх сануулга өгсөн. Мөн жагсаал цуглаан хийхгүй гэх санамж бичигт гарын үсэг зуруулж байна лээ.
-Та тэгээд санамж бичигт нь гарын үсэг зурчихсан юм уу. Тагнуулын ажилтнууд өөр ямар нэгэн зүйл асуусан уу?
-Өөр зүйл асуугаагүй. Харин надтай уулзсан нөхдүүдэд ард түмэн сонгохгүй гээд байхад ялагдчихаад УИХ-ын гишүүн болно гэдэг Үндсэн хуулийн бус аргаар үзэл санааны эсрэг үйлдэл хийж байна гэсэн үг тиймээс жагсаал цуглаан хийлцэхгүй байхыг анхааруулсан гэсэн. Тийм зүйл хийдэг хүмүүс чинь зөвхөн өөрсдөдөө зориулж сонгуулийн хуулийн заалтуудыг зохиодог. Ийм хуулиар явагдсан сонгуулийн эцсийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх эрх ард түмэнд байгаа шүү. Би ч тийм зүйлтэй, бусармаг юм хийдэг хэсэг бүлэг хүмүүст зориулан гаргасан сонгуулийн хуулийг эсэргүүцнэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.
-Та нарын хэргийг сэргээж шалгах гэж байгаа нь цаанаа улс төр яваад байна уу гэх хардлагыг хүмүүст төрүүлж байх шиг байна. Энэ талаар юу гэж бодож байна даа?
-Хүмүүс эрх ашгийн төлөө хууль хяналтынханд хандах нь тэдний эрх. Гэхдээ юу болохыг харж л байя. Ер нь бол жагсаал цуглаан хийх, цагдаа нар хүн буудаж алах бол шал өөр зүйл. Угтаа бол цагдаа иргэдийг хамгаалах үүрэгтэй. Иргэдээ буудаад алчихдаг тэгсэн мөртлөө жагсаал цуглаан хийсэн хүмүүстэй барьцана гэдэг байж болохгүй зүйл. Цагдаагийн нөхдүүдийг ял аваад явчихаасай гэж хүсэхгүй байна. Монголын төр иргэнээ бууддаг байхыг бүр хүсэхгүй байна. Тэгэхээр хариуцлага гэсэн асуудал зайлшгүй байх ёстой.
-Та энэ жил сонгуульд нэр дэвших үү?
-Би сонгуульд нэр дэвшихгүй. Үүнийгээ албан ёсоор мэдэгдэж байна. Гэхдээ ард иргэдээ хамгаалах, эх орныхоо төлөө бол ухрахгүй тэмцэнэ.
Э.ХҮРЭЛБААТАР
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
Холбоотой мэдээ
Comments are closed.