Нэгэн цагт Алтайн нурууны ноён оргилд авиралт хийж, “хайрын шүлэг” бичих хэмжээнд нөхөрлөж явсан хоёр Энх үүнээс арван жилийн дараа буюу өнөөдөр бие бие рүүгээ хатуу үг шидэлцэх хэмжээнд хүрч, улстөрд үүрдийн нөхөр, дайсан байдаггүйг харуулж яваа эрхмүүд. МҮАН-ын дарга М.Энхсайхан, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын “нөхөрлөл” нь 1998 оноос улбаатай бөгөөд 1998 онд М.Энхсайханы толгойлсон Засгийн газар огцорч, үүнд нь “дэмжлэг” үзүүлсэн тухайн үеийн МҮАН-МСДН-ын удирдлагуудыг буруутгах их нүүдэлд М.Энхсайхан гарсан юм. Ингээд дараагийн Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг МАХН-ын /дарга нь Н.Энхбаяр/ бүлэгтэй хүч хавсран унагаж байлаа. /www.news.mn. 2011-09-22/
Дараа нь 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхсайхан Ардчилсан намаас, Н.Энхбаяр МАХН-аас нэр дэвшин өрсөлдлөө.Энэ үеэр өрсөлдөгчид болсон өнөө хоёр маань дараах уриалгыг гаргаж байсан нь угтаа нэг нэгнийхээ эсрэг үгэн зэвсэг ашигласан хэрэг байв.
М.Энхсайхан “Авлигачдыг цээрлүүлнэ.Авлига, хээл хахуультай тууштай тэмцэж, төрийг авлигачдаас цэвэрлэх, тэдэнд хуулийн дээд цээрлэл үзүүлэх бодлого баримтална”. Харин Н.Энхбаяр “Нийгмийн дэг журмыг бэхжүүлж сахилга хариуцлагыг сайжруулж, авлига, архидалт зэрэг нийгмийн гаж үзэгдэлтэй хуулийн хүрээнд эвлэршгүй тэмцэнэ” гэж мөрийн хөтөлбөртөө тусгацгааж байв. Энэ бол 2005 он шүү дээ.
Сонгуулийн үеэр Э.Бат-Үүл “М.Энхсайхан Н.Энхбаярыг Монгол Улсын Ерөнхий сайд байх үед нь олигархийн загалмайлсан эцэг гэж нэрлэж байсныг хүмүүс мартаагүй байх…” гэж хэлж байв.
Харин М.Энхсайхан хэвлэлд ярихдаа “…Шулуухан хэлэхэд надад хужаа, хятад гэдэг цолыг Н.Энхбаяр МАХН-ын дарга байхдаа өгсөн юм” гэжээ. /www.Fact news.mn/
Мөн МАХН-ын хэвлэл “Үнэн” сонины 2005 оны дөрөвдүгээр сарын 29-ний дугаарт “…М.Энхсайхан нь Ард банкны дампуурал, авлига, лиценз, тендерийн хуйвалдаан, дипломат паспортын панзлал зэрэг асуудалд орооцолдсон, авлигын жинхэнэ эцэг бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших ёс суртахууны эрхгүй хүн юм” гэж бичиж байв.
“ХАЙР”
Дээрх сонгуулиар АН-ын дарга М.Энхсайхан МАХН-ын дарга Н.Энхбаярт ялагдсан. Тэрбээр ялагдсан шалтгаанаа намын нөхөд нь түүнийг ганцааранг нь гал руу түлхсэн гэж үзсэн. Удалгүй намаасаа хөөгдөөд ҮШН нам байгуулж, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Н.Энхбаярыг дэмжин ажилласан билээ. Энэ үеэс өрсөлдөгчид маань 1998 оных шигээ эрх ашиг нэгдээд зогссонгүй нөхөрлөж эхэлсэн билээ. Хамтдаа Алтайн нурууны ноён оргил Таван Богдод авиралт хийж, М.Энхсайхан нь түүнийг шинээр нээснээ гайхан магтаал урсгаж, бүр шүлэг хүртэл зохиож байв.
Жишээлбэл, М.Энхсайхан “Ц.Элбэгдорж АН-даа лидер байх. Харин Н.Энхбаяр бол тэрний дэргэд Монголын лидер байх. Нам дотроо зөвшөөрөгдөн гарч ирснээс гадна Монгол Улсын бүх хийж болох өндөр албан тушаалуудыг хашиж, хүнд бэрх ачааг үүрч, бас элдвээр хэлүүлж, муулуулж, зүхүүлж, тэгсэн хэрнээ ажлыг нь хийгээд яваад байгаа нь энэ хүнийг ямар том лидер болохыг харуулж байна” /Баабар.мн. 2009-11-17/ гэж байжээ.
М.Энхсайхан “Н.Энхбаяр ерөнхийлөгчтэй сонгуульд хамгийн их өрсөлдсөн нь би байж мэднэ. Магадгүй миний сонгуулийн кампанийн үед Н.Энхбаяр Ерөнхийлөгчийг хамгийн муу муухайгаар нь дууддаг байсан байж мэднэ.Тэглээ гээд энэ хүн эргээд надад хар буруу санаагүй. Харин ч миний ярьдаг юмыг сонсдог…төрийн бодлогодоо тусгаад явдаг”.
/Эх сурвалж. 2009 он/
Сонин хэвлэлүүд ч тэдний нөхөрлөлийн үнэ цэнийг гайхаж байлаа. “Улс төрд өнөөдөр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан М.Энхсайхан хоёр шиг завсаргүй найзууд алга. Нэгэн цагт Ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөж явсан тэдний нөхөрлөл урт замыг туулсан гэхэд итгэмгүй… Тэдний уналт ижил, дайснууд нэг. Одоогийн АН, МАН-ын нөхөд, тэдний манлайлагчид. Өөрсдийг нь буланд шахсан тэр нөхдөөс хариугаа авахаас нааш хоёр “Энх”-ийн хүсэл дундрах нь юу л бол?/ “Улс төрийн тойм”сонин. 2011-09-22/
М.Энхсайхан “Тэр үед оюун ухааны өрсөлдөөнөөс халиад бие биеэ эвгүйгээр хэлэх үе ч байсан. Тэр үед л өрсөлдөгч намынхан намайг “хятад”, “хужаа” гээд, би өрсөлдөгч намынхаа даргыг “Авлигын загалмайлсан эцэг” гээд хэлчихсэн байдаг. Одоо эргээд бодохоор “загалмайлсан” гэж хэлсэн маань буруу юм.“Аравнайлсан” гэж хэлэх ёстой байжээ. Авлигын аравнайлсан эцэг байхгүй юу.“ Загалмайлсан”гэдэг чинь Европ зүгээс гаралтай. Гэхдээ бид ингэж хэллээ гээд улс хохироогүй. Энэ хариултын ард сэтгүүлч “Хэрэв авлигын аравнайлсан эцэг гэх юм бол Н.Энхбаяр авлигыг ариусгасан болж таарах нь ээ. Энэ үнэнд нийцэх үү?” гэсэн асуулт зүүсэн байна. /Unen.mn. 2010 он/
“ХАГАРАЛ “
“Улс төрийн тойм” сонин. 2011-09-22. …Өөрсдөө оргил нь байхгүй л бол өөр хэн ч оргил булаалдаж болохгүй гэсэн сэтгэхүй. Энэ сэтгэхүй юун дээр тогтож болохыг МҮАН-ын дарга М.Энхсайхан саяхан хэлсэн байна лээ.Тэр нь “Н.Энхбаяртай гэрээ байгуулж байж эвсэнэ. Түүнээс өөр ямар ч гарц байхгүй гэх үг. Тэгэхээр тэдний нөхөрлөл гэрээ дуусгавар болох тэр цаг хүртэл үргэлжлэх үү, аль эсвэл замын дундаас зангаа хувиргах уу? гэдгийг цаг хугацаа харуулна биз дээ.
…М.Энхсайхан өнгөрсөн хавар Н.Энхбаярыг баривчлах үед дэргэд нь байсан. Харин маргаашаас нь хөшигний цаана орчихсон. Ганц Н.Энхбаяр ч АТГ-ын хаалгыг татаж байгаа юм биш, мань эрийг ч урьд нь Эгийн голын УЦС-тай холбоотой авлига авсан хэмээх нь бий. Тиймээс АТГ гэдэг айхтар газар өөрийг нь ч бас оймстой нь аваад явчихаж магадгүй гэж муу санаа өвөртөлсөн байх талтай.
Info.mn …УИХ-ын сонгуулийн өмнө М.Энхсайхан ҮШН гэдгээ МҮАН болгон өөрчилсөн. Энхбаяр тэр хоёр 2012 оны сонгуульд “Шударга ёс” эвсэл болон ороод УИХ-д 11 суудал авсан. Гэвч МАХН-ын дарга Н.Энхбаяр шүүхээс ял авсан учир М.Энхсайхан нь нүүр буруулж эхэлсэн билээ.
Vip 76.mn… Та Н.Энхбаярыг хариуцлага хүлээх ёстой гэж боддог уу, аль эсвэл түүнийг хэлмэгдүүлж байна гэж боддог уу? М.Энхсайхан “Хэлмэгдүүлэлт гэж би хэлж чадахгүй. Яагаад гэвэл шүүх ил тод ажилласан…”
Ulstur.mn …М.Энхсайхан Н.Энхбаярыг олигархи биш гэж хүлээн зөвшөөрсөн үү, эсвэл өмнөхөө мартсан уу? Дал мөрөө алгадалцан, өнөөгийн төрийг олигархиудаас салгахаар тэмцлийн жолоо атгалцаж буйг харахад улс төрд мөнхийн дайсан гэж үгүй, мөнхийн эрх ашиг гэж байдаг гэдэг үгийн үнэнийг мэдрүүлж байх шиг байна.
Sonin.mn 2014-09-01 …Өнгөрсөн Баасан гаригт Н.Энхбаяр, М.Энхсайхан нар уулзжээ.Солонгосын Сөүл хотноо удаан хугацааны эмчилгээ хийлгэж байгаа Н.Энхбаярын амар мэндийг эрэхээр хүзүүний эмчилгээ хийлгэж байгаа М.Энхсайхан очсон энэ жижиг мэдээ улс төрийнхний хувьд олон асуудал дагуулаад байна. Энэ тухайгаа М.Энхсайхан “Сэдэв ч үлдээлгүй бүгдийг ярьсан.2016 оны сонгуулийн тухай ч ярьсан.Юу ярьсан нь бидний дунд үлдэг.Цаг нь болоогүй” гэжээ.
Doctor.mn 2011-09-29 …2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж байгаа Энхбаяр бол зөвхөн МАН-аас нэр дэвшигчийн саналыг хуваагаад зогсоно гэж огт бодохгүй байгаа. Тэр бүү хэл, өөрөө ерөнхийлөгч болж, М.Энхсайханыгаа Ерөнхий сайд болгоод, алсдаа Монгол Улсыг ерөнхийлөгчийн засаглалтай болгоно хэмээн нэг хүний дарангуйллын тухай сэрүүн зүүдэлж байгаа.
Баабар.мн 2009-11-17… М.Энхсайхан “Н.Энхбаярын давуу тал нь уучлах цагт нь уучилж чаддаг, дэмжих цагт нь дэмжиж чаддаг, бас эсэргүүцэх цагт нь эсэргүүцэж чаддаг, буруу аашлаад байвал доош нь хийж чаддаг хүн. /инээв/
24 цаг.мн… Засгийн газрын томилгоонуудаас болоод “Шударга ёс “ эвслийн удирдлагууд хоорондоо таарамжгүй байгаа байдал өдөр ирэх тусам тодорч байна…Н.Энхбаярт шүүхээс 4 жилийн ял оноосны дараа уг эвсэл даргыг нь ялласан ч засагт орох уу гэдэг асуудал босч ирэхэд М.Энхсайхан бүхнээс түрүүлэн дуугарч, Засгийн газарт яаж ч байсан орно гэдгээ мэдэгдсэн. Энэ мэт М.Энхсайханы үйлдэлд Н.Энхбаяр дургүйцсэн тул түүнийг Сангийн сайд болгохгүй гэж уурсчээ… Цаашид “бялууны” хувь хишгээс МҮАН-д багахан хэсгийг өгөх юм бол энэ хоёр эрхмийн нөхөрлөл дуусах шинж рүүгээ хэлбийх юм.
Info.mn …МҮАН-ын дарга М.Энхсайхан хамтарсан засаг байгуулах их зөвшилцлийн үеэр “Бид улс орны эрх ашгийн үүднээс АН-ынхны урилгыг хүлээн авна” гэсэн утгатай мэдээлэл хийсэнд МАХН-ын дарга дургүйцсэн.Энэ үеэр АН-ынхан “Та нар М.Энхсайхныг Сангийн сайдад нэр дэвшүүлэхээр ярилцаж байгаа юм байна. Засагт хамтардаг юм гэхэд энэ хүнээр төрийн мөнгөний авдрыг сахиулахгүй” гэсэн утгатай хар зурвас илгээжээ.Ингээд хоёр сонирхол нийлж Ч.Улааныг УИХ-ын дэд даргын суудлаас нь буулган байж М.Энхсайханы залрах гэсэн суудалд залж М.Энхсайхан хоосон хоцорлоо.
Судлаач Д.Ганхуяг “АН, МАХН-ын түншлэлийн гэрээний гол утга нь МАХН 2020 он хүртэл МАН-ын саналыг хуваах, АН-тай хамтарч ажиллах, Н.Энхбаярыг НҮБ-д томиллуулах, “Шударга ёс” эвслийг тарааж, МҮАН-ыг хөсөр хаях гэж нэрлэж болно гэж бичиж байж.
“ХАРИН ДАРАА НЬ”
Цензургүй.мн …МАХН-ын дарга Н.Энхбаяр “М.Энхсайхан дарга Тавантолгойн асуудлыг өөрөөр яриад байгаа учир… Н.Батцэрэгийг МҮАН-ын дарга болгоод асуудлыг зохицуулаад явъя гэсэн чинь хүлээж аваагүй. Бий болсон байдлын сөрөг зүйлийг арилгаж зохицуулъя гэсэн байр сууринаас хандаж байгаа.
Цензургүй.мн МҮАН-ын дарга М.Энхсайхан “Н.Энхбаяр Монгол төрд гавъяатай бол төрөөс өршөөнгүй хандлага гаргах болов уу гэж хүлээх хэрэгтэй.Харин авлигатай тэмцэж байгаа шүүх, хууль хяналтынхны ажлыг унтраах, хэлмэгдэлтийг таслан зогсооё гэж ярих нь зохисгүй. “Шударга ёс” эвслийг шударга байлгая гэвэл миний хэлж байгаа зүйлийг бодолцох хэрэгтэй”.
Zaluu.com 2015-09-30 М.Энхсайхан “Шударга ёс” эвсэлд багтаж байгаа намууд нэгэн улс төрийн хүчин болж болох тухай бидний хооронд яриа байсан. Гэхдээ улс орноо зөв зам дээр гаргах үзэл баримтлалаар нэгдэж чадвал тийм бололцоо бий. Түүнээс биш авлигыг хамгаалж, том төсөл дээр популизм хийж, тэр тусмаа хувиа хичээж өөрийгөө хамгаалах хэмжээнд улс төр хийх нэгдсэн нам байгуулна гэж бодож байгаа бол энэ нь миний хэмжээнээс хэтэрсэн асуудал…
“Шууд.мн …2015-10-01 Өчигдөр МҮАН-ын дарга М.Энхсайхан Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн уулзалтад үг хэлэхдээ тодорхой асуудал дээр Н.Энхбаярынхаа зарим үг үйлдэл таалагдахгүй байна гэж шууд илэрхийлсэн нь МҮАН-ын улс төрийн мэдэгдэл шахуу бууж байна. Ойр шадарлах энэ хоёр улстөрчийн ил болж байгаа зөрчлөөс өнөөх л Тавантолгой “үнэртэж” байна. Энэ хоёр эрхэм муудалцвал эвсэл задарч, засаг унана. Дараа нь яах вэ? гэсэн асуудал босч ирнэ гэж бичсэн байлаа.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Зочин (January 21, 2016 1:06:00 pm )
Энхсайхан бол хоёр нүүртэй урвагч
-
baagii (January 21, 2016 4:39:05 pm )
enhsaihan toriin hutguur mungunuus nydee uhaj ogohod belen
-
Anonymous (January 21, 2016 6:06:58 pm )
enhsaihan muuhai
3 Comments