Эль Чапо буюу “Атигар” хэмээх нэрийг сонсоод Мексик, Латин Америк даяараа дагжин чичирдэг. Мексикийн хамгийн том хар тамхины мафийн толгойлогч “Атигар” хочит Хоакин Гузман Лоэраг баривчилж чадсан тухай болон, баривчилгаан дахь жүжигчин Шон Пенний оролцоо зэрэг түүнийг тойрсон сэдвүүд дахин дэлхий нийтийн анхааралд орж эхэллээ. Баривчлах ажиллагааны
Баригдсан шалтгааныг нь хэвлэл мэдээллүүд Эль Чапо өөрийн домог мэт амьдралдаа хэт эрдсэнээс болсон хэмээн тайлбарлаж байна. Тэрээр Холливудын алдарт жүжигчин, продюсер, найруулагч Шон Пеннтэй уулзаж ярилцлага өгсөн юм. Долоон цаг гаруй Мексикт үргэлжилсэн тэдний уулзалтын тухай мэдээллийг Холбооны мөрдөх товчооныхон олж мэдсэн бөгөөд улмаар Мексикийн цагдаа нартай хамт Чапогийн ул мөрөөр орж баривчилж чадсан байна. Түүнийг баривчлах ажиллагаанд 100 гаруй Мексикийн хүчний байгууллагын ажилтнууд, ХМТ-ны албан хаагчид оролцсон тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Алдарт жүжигчин Шон Пенн тодорхойгүй эх сурвалжаар түүнтэй холбогдон ярилцлага хийх хүсэлтээ илэрхийлэхэд өөрийгөө домог болсон хэмээн үздэг Чапо дуртай зөвшөөрсөн байна. Тэр ч байтугай өөрийнхөө амьдралаар кино хийх хүсэлтийг Шон Пеннд тавьж, жүжигчин эр ч уриалгахан зөвшөөрсөн гэнэ. Гэхдээ АНУ-ын хар тамхины зах зээлийн 25 хувийг дангаар эзэмшдэг, АНУ-ын Хуульзүйн яамнаас Америкийн нийгмийн ¹1 дайсан хэмээн зарласан этгээдийн амьдралаар кино хийхийг Мексикийн Засгийн газраас ч тэр Цагаан ордон дуу нэгтэй хоригложээ. Одоогоор Шон Пенн хар тамхины толгойлогчийг баривчлах ажиллагааны урьдаас бэлтгэсэн хэсэг үү үгүй юу гэдэг дээр хэвлэлүүд мэтгэлцэж байна. Мөн Эль Чапог баривчлагдсаныг сонссон Шон Пенн цочролд ороод байгаа гэнэ. Магадгүй гурав дахь удаагаа шоронд шомбойгоод байгаа гэмт хэрэгтэн өөрийг нь баривчлагдахад Шон Пенн гол үүрэгтэй оролцсон гээд ойлгочихвол жүжигчин эрд сайн юм болохгүйг тэр мэдэж байгаа.
Өнгөрсөн зун сүр дуулиантайгаар Мексикийн шоронгоос хоёр дахь удаагаа оргосон Эль Чапо өдий хүртэл хаана хэрхэн орогнож байсан тухай мэдээллийг цагдаа нар одоогоор өгөөгүй л байна. Харин Чапог баривчлах ажиллагааны үеэр хэрхэн галзуу мэт буудалцаж, тэсрэх бөмбөг шидэлцэж, тусгайгийнхан шархдаж байгаа бичлэгийг Мексикийн засгийн газар дэлгээд байна. Ямартай ч алдарт “Шоушенкийн шорон” кинонд гардаг шиг аргаар шоронгоос оргосон түүний тухай дуулиан дэлхий даяар тархаж байсан нь саяхан. Ер нь түүний оргосон нь ч дуулиан, баригдсан нь ч бөөн дуулиан дагуулдаг нь ёс мэт болжээ.
2015 онд оргосноосоо хойш Эль Чапогийн сураг нэг л удаа гарсан юм. Гарах гарахдаа идэж ууж суугаа зургаа твиттерт хээв нэг оруулж доорхи сэтгэгдлийг нь уншжээ суусан гэлцдэг.
Түүний хүү Алфредо Гузман энэ зургийг твиттерт оруулангаа “Надтай хэн байгааг мэдэж л байгаа биз дээ, сэтгэл маш хангалуун байна” хэмээн жиргэжээ. Зургийг интернэтэд оруулсан байрлал нь Коста Рика хэмээсэн байв.
Зартай алан хядагч Осама бин Ладенг устгасны дараа АНУ-ын Төрийн департамент Эль Чапог дэлхийн хамгийн аюултай гэмт хэрэгтэн, Америкийн нэг номерийн дайсан хэмээн албан ёсоор зарласан юм.
Учир нь Мексик, Өмнөд Америкаас АНУ-ын хил даван орж ирж байгаа хар тамхины ихэнхийг Эль Чапогийн захирсан “Синалоа” картель илгээдэг. Ер нь Гузманы удирддаг “Синалоа” бүлэг дэлхийн хамгийн том хар тамхины бүлэгт тооцогдож, Америкаас гадна Европ, Азийн 50 гаруй оронд хар тамхи нийлүүлдэг судалгааг Интерполоос гаргасан байдаг.
Ийм аюултай зартай гэмт хэрэгтэн бааранд суугаа зургаа хээв нэг твиттерт оруулахыг зөвшөөрнө гэж хэн мэдэх билээ. Ер нь Эль Чапо этгээд үйлдлээрээ алдаршсан нэгэн. Домогт Аль Капонегоос хойш анх удаа Америкийн нийгмийн хамгийн том дайсан хэмээн цоллогдож яваа энэ “Атигар”-ын орголт Холливудын “Шоушенкаас оргосон нь” киноны үйл явдалтай төстэй тухай дээр өгүүлсэн. Эргэн сануулбал тэрээр газар доорх хонгилыг кинон дээрх шиг 20 жил ухсангүй, ганцхан жилийн дотор л амжуулжээ.
“Альтиплано” шоронгоос 1.5 км зайд орших эзэнгүй хоосон байрнаас түүний камер хүртэл ухсан хонгил дотор нь гэрэл, агааржуулагч, мотоцикл хүртэл байсан гэнэ. Энэ хонгилыг ухахад 2500 тонн шороо гарч, долоон тоннын багтаамжтай ачааны тэрэг 376 удаа зөөсөн байх тооцоог шинжээчид гаргажээ. Мөн орчин үеийн багаж хэрэгслээр гурван ээлжээр ажиллаж байж л жилийн дотор дуусгах боломжтой гэнэ. Шоронгийн харуул манаанд ч мэдэгдэхгүй, газар шорооны энэ их ажлыг яаж амжуулсныг бурхан л мэдэх байх.
Зарим хэвлэлээр Гузман оргох бэлтгэл болон шоронг тэр чигээр нь хахуулдахад нийт 5 сая ам.доллар зарцуулсан гэж бичиж байлаа. Тэрбум ам.долларын хөрөнгөтэй, Мексикийн хамгийн баян 10 эрхмийн нэгэнд тооцогддог түүнд эрх чөлөөгөө дахин олж авахад ийм хэмжээний мөнгийг цацахад асуудалгүй л байсан байх.
Ер нь Гузман газар доорхи хонгилд тун элэгтэй. 1990 онд гэртээ амьтны хүрээлэн байгуулахаар нэрт архитектор Фелипе де Хесус Корона-Верберийг урьжээ. Амьтны хүрээлэн бариулах зуураа хар тамхи, мөнгө, зэр зэвсэг нуух нуувч олныг хийлгэж байлаа. Энэ үед АНУ-ын хилийн ойролцоох байшин дор нууц өрөө барьж болоод байхад хил давсан хонгил барьж болохгүй гэж үү гэсэн бодол Гузманы толгойд төржээ.
Ингээд Фелипе де Хесус Мексикийн Агуа-Приета хот дахь Гузманы гэрээс Америкийн хилийн цаадтайх Дуглас хотын агуулах хүртэл хонгил барьсан байна. Энэ санаа хар тамхины бизнест хувьсгал авчирсан юм. Одоо Америкт Мексикээс нийлүүлж байгаа хар тамхины наймааны ихэнх нь Гузманы ухуулсан шиг асар олон хонгилоор газар доогуур хийгдэж байна. Америк, Мексикийн хилийн доогуур бүхэл бүтэн газар доорхи ертөнц байдаг гэхэд хилсдэхгүй. Хар тамхитай тэмцэх албаныхан “Синаола” бүлгийнхний 90 гаруй хонгилыг илрүүлэн, шалгахад дотор нь гэрэл, агааржуулагч, ачаа зөөх төмөр зам сэлт байсан гэдэг.Тэрээр нэг хэсэг Сьерра-Мадре ууланд амьдарч байхдаа доод тал нь 300 гаруй хамгаалагчгүй бол гадагш гардаггүй байжээ. Цагдаагийнхан түүнийг хаана байгааг мэдлээ ч төвөөс хэдэн зуун цагдаа дайчлагдан иртэл баривчлах ямар ч найдваргүй байлаа. Өстөн дайснууд нь хордуулж магад гээд тэр хувийн тогоочийнхоо хийсэн хоолоос өөр зүйл амсдаггүй. 2007 онд “Атигар” Мексикийн мисс, мафийн толгойлогчийн охин, 18 настай Эмма Коронельтэй гэрлэснийхээ дараа хамгаалалтаа багасгаж, ихэнхдээ хотод амьдардаг болсон юм. Залуу эхнэр нь зугаалж цэнгэхийг хүсэж, Гузман өөрөө ч хөрөнгө мөнгөө үрж эхэлжээ. Түүнийг ресторанд хоол идэхээр ороход бие хамгаалагчид нь бүх үйлчлүүлэгчийн гар утсыг хураан авч, боссоо хооллож дуусахыг нь хүлээдэг байв. Гузман зоогоо бариад, хүмүүсээс хүлцэл өчиж, бүгдийнх нь тооцоог хийгээд, гар утсыг нь өгөөд явдаг байсан аж.
Дэлхийн хамгийн том хар тамхины наймаачин, мафийн бүлэглэлийн толгойлогч Гузман хэмээх энэ эрийн тухай товчхон өгүүлэхэд ийм. Дээр дурдсанаар Холливудын одтой ярилцлага хийснээсээ болоод цагдаагийнхны урхинд орсон Гузман гурав дахь удаагаа Мексикийн шоронгоос оргосон гэх мэдээ цацагдахад гайхах зүйлгүй гэж мексикчүүд үзэж байгаа гэнэ. Тийм ч учраас 13 жилийн ялтай Гузманыг дахин оргохоос сэргийлж хэтэрхий их харуул хамгаалалт, хөрөнгө мөнгө гаргаж байгаа тухай өнөөдөр CNN агентлаг дурджээ. Мексикийн шоронгоос оргоод сурчихсан Гузманыг магадгүй насаар нь шоронд хатаахын тулд АНУ руу шилжүүлэх тухай ч яригдаж байгаа аж.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Баагий (January 20, 2016 9:56:23 am )
Эр хүн ийм л байвал сайхан
-
sss (January 20, 2016 10:47:42 am )
Hurdan orgoosoi …..
2 Comments