Б.ЭНХЗАЯА
Ерөнхийлөгчийн уриалснаар Монгол Улс олуулаа болох зорилготой. Гадагшаа явсан нэгийгээ эх орондоо дуудаж, “Эндээ амьдрахад чинь ээлтэй орчин бүрдүүлнэ” гэж хэлэх нь халаг болж, эх хүүхдийг дэмжих халамж, хангамжийг төр засгаас амлаж төсвийн хөрөнгийг зарцуулсаар ирсэн. Уг нь Монгол Улсад олуулаа болж, баялаг бүтээх бүхэл бүтэн “арми” бий. Энэ “арми” жил бүр өргөжсөөр, зөвхөн нийслэлд гэхэд албаны бүртгэлээр Монгол Улсын 331 дэх сумыг байгуулах хэмжээнд хүрчихжээ. Тэд бол тэнэмэл иргэд.
Нийслэлийн нийгмийн халамж үйлчилгээний газраас Өнгөрсөн онд Улаанбаатар хотын хэмжээнд байгаа тэнэмэл амьдралтай иргэдийг бүртгэлжүүлэхэд 2789 хүн бүртгэгдсэн байна. Энэ бол зөвхөн нийслэлийн хэмжээний тоо. Тэнэмэл иргэдийг бүртгэх тун амаргүй. Өнөөдөр нэг байрны хонгилд байсан бол маргааш хотын захад очих жишээтэй. Тиймээс халамжийнхны тоо эцсийнх биш. Бүртгэлд хамрагдаагүй, дээрээс нь аймгуудын “атаман”-уудыг нэмбэл дээрхээс хэд давсан тоо гарах нь гарцаагүй. Ямартаа ч Улаанбаатарт 3000 орчим хүн орон гэргүй, гуйлга гуйж, зарим нь хулгай хийн, сав лааз цуглуулж хоног төөрүүлж явна.
Идэр ес, эхэлж хүйтний эрч чангарсаар байна. Хүйтний улиралд тэнэмэл амьдралтай иргэд хамгийн их “хохирдог”. Тэдний олонх орон гэргүй, ар гэртэй ч тэндээ тогтдоггүйгээс өвөл осгож эрүүл мэнд, амь насаа алдах тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна. Нийслэлийн нийгмийн халамж, үйлчилгээний газарт бүртгэлтэй байсан иргэдээс хагас жилийн дотор идэр насны найман хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлснийг албаны хүн дуулгалаа. Мэдээж тэд архины хамааралтай байдгаас ийм эрсдэлд хүрч буй.
Улаанбаатар хотын Цагдаагийн газраас өнгөрсөн арванхоёрдугаар сард тэнэмэл иргэдийг тоолж, мэдээллийн санд оруулжээ. Нэг өдрийн хугацаанд 628 тэнэмэл иргэнийг бүртгэлжлүүлэхэд 548 нь эрэгтэй, 75 нь эмэгтэй, насанд хүрээгүй найман хүүхдийг бүртгэжээ. Улаанбаатар хотын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Л.Ганбаатар “Тэнэмэл иргэд голдуу хулгайн хэрэгт холбогддог. Өвлийн улиралд дулаан байхын тулд автомашины бүтээлэг хулгайлж орц хонгил, траншейд аваачдаг” гэж байна.
Орон гэргүй иргэд байрны орц хонгилд хонож өнжин өтгөн шингэнээ гаргаж, оршин суугчдыг тух алдуулна. Гудамж талбайд ч ялгаагүй үзэшгүй үйлдэл хийж, гадныхныг гайхшируулна. Тэд яг л “Намайг хэн тоож, нохойг хэн саах вэ” гэсэн аятай тэд аашилдаг болсоор хэдэн ч жил өнгөрөв дөө. Тэнэмэл гэх нэршилтэй иргэдийн дунд цагийн сайханд мандаж явсан нь олон бий. Хуульч, эмч, багш, жолооч, зураач гээд төрөл бүрийн мэргэжилтэй жинхэнэ баялаг бүтээгч идэр насны эрчүүд ийм амьдралыг сонгосоор байгаа нь харамсалтай. Олуулаа болохоор тэмүүлж байгаа Монгол Улс, Азийн хотуудаас хөгжлөөрөө тэргүүлэх зорилготой Улаанбаатарыг гудамжаар нь “бэлчиж” яваа тэнэмэл иргэд гутаана. Гэвч тэднийг нийгэмшүүлж, энгийн амьдралд нь оруулахын тулд бид юу хийв.
Орон гэргүй, гудамж траншейгаар хоноглодог, гуйлга гуйдаг иргэдийг 2003 оноос төр анхааралдаа авч, халамж тавьж эхэлжээ. Дүүрэг, хорооноос орон гэр, хоол ундны тасалбар, халамжийн мөнгө өгсөөр 13 жил өнгөрөхөд багасах биш харин ч нэмэгдсэн. Тэдэнд хаягласан нийгмийн халамж, төсөл хөтөлбөр хэрэгжсээр байхад яагаад ийм үр дүн гаргах болов. Мэдээж хэн нэгнээс хамааралгүй, үүрэг хариуцлага хүлээгээгүй, ажиллаж хөдөлмөрлөхгүй, архины хамааралтай болоод олон жил болсон, хулгай дээрэм хийж, худлаа ярих зэргээр олон муу зуршил суусан нэгнийг нийгэмшүүлэх амар биш. Түүний хажуугаар тэнэмэл амьдралтай иргэдийн өмнөөс мөнгийг нь тоншигчид байдгийг хэн хүнгүй ярьсаар ирсэн. Тэнэмэлүүд тэр бүр бүртгэлтэй байдаггүй, бүртгэлтэй нэгэн нь хаанаас ямар халамжийн үйлчилгээ авахаа ч мэддэггүй.
Орон гэргүй, тэнэмэл амьдралтай иргэдэд чиглэсэн төрийн ямар үйлчилгээ байдгийг судаллаа. Хороо, дүүргээс бол тэдэнд нэг удаа гэр олгох, өвлийн улиралд нэг удаагийн түлшний хангамж, хоолны талон зэргийг өгдөг юм байна.Эдгээрийг хүртдэг, энэ тухай мэддэг тэнэмэл иргэд цөөхөн. Харин цагдаагийн байгууллагаас бараг жил бүр төрийн бус байгууллагуудтай хамтран тэднийг цуглуулж, бүртгэлжүүлж хоол унд, хувцас хунараар хангасан ажиллагааг зохион байгуулж иржээ. Тэднээс маш цөөн тооны хүн нийгэмших хүсэлтэй байдгийг цагдаа нар дуулгаж байна. Харин үлдсэн нь нэг удаагийн хангамжаа аваад маргааш нь өмнөх амьдралдаа эргэн ордог.
2013 оноос орон гэргүй тэнэмэл иргэдийн асуудал Хотын захиргаанд шилжиж, тэднийг нийгэмшүүлэх ажилд санхүүжилт олгожээ.
Тэнэмэл иргэдийг хооллож ундлан, нийгэмшүүлэх зорилготой төрийн бус байгууллагууд бий. Нийслэлийн нийгмийн халамж үйлчилгээний газраас өнгөрсөн онд 121.8 сая төгрөгийн санхүүжилт олгожээ. Энэ зардлаар “Эгэл амьдралын мөр”, “Зөв амьдрах ухаан”, “Эрчүүд, эрүүл гэр бүл”, “Заюу-Тайж” гэх төрийн бус байгууллага нийт 128 хүнийг зөвхөн нэг улирлын турш хооллож ундлан, түр байраар хангажээ.
“Нийт бүртгэгдсэн 3000 орчим хүний 10 хүрэхгүй хувь нь нийгмийн халамжийн үйлчилгээг авч байна. Орон гэргүй, тэнэж амьдардаг нийт хүмүүсийг хамруулж, нийгэмшүүлье гэвэл төрийн нэгдсэн бодлого шаардлагатай. Тиймээс Нийслэлийн нийгмийн халамж үйлчилгээний газраас 2014 оноос “Гэртээ харих зам” хөтөлбөрийг боловсруулж өнгөрсөн онд дуусгасан. Энэ хөтөлбөрийг нийслэл, орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэхэд тэнэмэл иргэдийн асуудал шийдэгдэхэд дөхөм болно” гэж тус газрын Зорилтот бүлгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Энхжаргал ярилаа.
“Гэртээ харих зам” хөтөлбөрийг 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэхээр боловсруулжээ. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 2.6 тэрбум төгрөг шаардлагатай гэж байна. Хэдхэн тооны хүмүүст биш нийт тэнэмэл иргэдийг хамруулахаар Хотын даргын захирамжаар бүх дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгож, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг даалгажээ.
13 жилийн турш тэнэмэл иргэдэд зориулсан ажлаас үр дүнд хүрч, зөв амьдралтай болсон иргэн тун цөөхөн. Тэнэмэл иргэд хэдийнэ төрөөс бэлэн хангамжууд авчихна гэсэн сэтгэлгээтэй болчихсон. Тиймээс дараа дараагийн ажлуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь зүйтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Холбоотой мэдээ
-
irgen (January 19, 2016 12:04:05 pm )
OLON KOMPANIUD DAMOUURAJ, MONGOLOOR DUUREN AJILGUI HUMUUS. ENE TUR ZASAG YU BODOJ BAINA DAA
-
Anonymous (January 19, 2016 1:34:16 pm )
Tenemel gez nuur uguh um bol davraad oron gert orz ireed alah biz.
2 Comments