Өнгөрсөн онд зарим барилгын компаниуд 17500 өрхийн цахилгааны төлбөрийг аж ахуй нэгжээр тооцон өндөр төлбөр авч жилд нэг тэрбум орчим төгрөгөөр хохироосон талаар Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч А.Ариунболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Чулуунбаатар нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тус холбоонд 2014 оноос эхлэн айл өрхийн цахилгааны төлбөрийг аж ахуй нэгжээр тооцон авч буй талаарх гомдол иржээ. Тэд энэ асуудлыг шалгаж, нийт 17500 өрхийн төлбөрийг энэ маягаар тооцож авсныг тогтоожээ. Хэрэв нэг өрх дөрвөн ам бүлтэй гэж үзвэл 70000 хэрэглэгчээс эрчим хүч хэрэглэсэн төлбөрийг аж ахуйн нэгжийн тарифаар тооцон авч жилд нэг тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан гэсэн тооцоог тус холбооноос гаргаж өнгөрсөн онд УИХ-ын өргөдлийн байнгын хороо, Эрчим хүчний зохицуулах хороо зэрэг зохих газруудад хандсан аж. Гэвч, Эрчим хүчний зохицуулах хороо хариу ирүүлээгүй. Өргөдлийн байнгын хорооноос манайд хамааралгүй асуудал байна хэмээх хариултыг ирүүлсэн аж. Харин Эрчим хүчний зохицуулах хорооноос шалгаж үзээд арга хэмжээ авна гэсэн боловч өнөөдрийг хүртэл ямарч арга хэмжээ аваагүй байгаа гэнэ.
Энэ талаар Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч А.Ариунболдоос тодрууллаа.
-Нийт хичнээн төгрөгийн хохирол иргэдэд учирсэн бэ?
-Бидний хийсэн тооцооллоор өнгөрсөн нэг жилийн хугацаанд 948 сая 150 мянган төгрөг буюу нэг тэрбум орчим төгрөгийг иргэд илүү төлсөн байгаа юм.
-Энэ тооцоог яаж хийсэн бэ?
-Одоо мөрдөж буй цахилгаан эрчим хүчний тарифаар үйлдвэр, аж ахуйн байгууллага 1 к/ц эрчим хүч 128.50 төг байдаг. Харин ахуйн хэрэглэгч 1 к/ц эрчим хүч 98.40 төг байна. 1 өрх сард 150 к/ц эрчим хүч хэрэглэсэн гэж үзвэл ахуйн хэрэглэгчийн тарифаар 14760 төгрөг, харин аж ахуйн нэгжийн тарифаар 19275 төгрөг болно. Үүний зөрүү сард нэг өрхөөс 4515 төгрөг илүү авсан байгаа юм.
Жилээр буюу 12 сараар тооцвол 54180 төг болно. Үүнийг 17500 өрхөөр тооцвол нэг жилд 948.150.000 төгрөгийг хууль бусаар авч хэрэглэгчдийг хохироосон.
Энэ үйлдэл нь тухайн барилгын компани, иргэн Эрчим хүчний тухай хуулийн 12.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.8.3, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.9 заалтыг тус тус зөрчиж байна.
-Хариуцлага хүлээх буруутан нь хэн бэ?
-Энэ асуудалд орон сууцаа иргэдэд худалдан борлуулсан компаниуд , төрийн байгууллагууд ч буруутай. Яагаад гэхээр тухайн барилгыг нь улсын комисс хүлээгээд авчихдаг. Тэгсэн хэрнээ тухан компани нь ямар нэгэн зөрчилтэй байсан уу, УБЦТС нь цахилгааны зөвшөөрлийг нь өгдөггүй. Мөн барилгын компаниуд энэ мэт зөвшөөрлөө аваагүй байж иргэдийг орон сууцдаа оруулчихдаг. Тэгэхээр энэ асуудалд төрийн байгууллагууд ч хариуцлага хүлээж, шинэ орон сууц хүлээн авах тогтолцоогоо өөрчлөх шаардлага гарч байгаа юм.
Одоо орон сууцны зээлийн хүү 5 хувь болно гэж байна. Иймд барилгын төрийн байгууллагууд энэ мэт асуудлаа зөв зохистойгоор шийдэхгүй бол иргэд дахин хохирохгүй гэсэн баталгаа алга.
-Яг ямар компаниуд иргэдийг хохироосон бэ?
-Болно. Томоос нь нэрлэвэл, “Жигүүр гранд”-ын 362 өрх, “Блю скай”-ийн 800 өрх, 100 хүрээ шилтгээн хотхоны 193 өрх, “Пюр хаус”-ын 1500 өрх, “АО жаргалант” 640 өрх, Буянт ХХК 368 өрх цахилгааны төлбөрөө илүү төлж, хохирсон байна.
-Иргэд гомдол гаргасан гэсэн өөрсдөө хүсэлт гаргаад ААН-ээр төлөхгүй байх боломжгүй юм уу?
-Иргэд ААН-ээр цахилгааны төлбөрөө төлөхгүй гэхээр тухайн компани нь цахилгааныг нт тасалдаг, тасална хэмээн дарамталдаг байна. Иймээс иргэд аргагүй байдалд орж, АНН-ээр төлсөн ийм хэмжээний хохирол учирчихаад байна.
Т.Болормаа
Zaluu.com
Холбоотой мэдээ
Comments are closed.