Манай сонин батлан хамгаалах салбар зэвсэгт хүчинд сүүлийн үед гараад байгаа хэрэг зөрчил, түүний шалтгаан нөхцөл болсон хариуцлагагүй байдал, дарга нарынх нь ёс зүйгүй үйлдлийн талаар цувралаар бичиж буй. Бичих ч эрхтэй. Харин эдгээр асуудалтай холбоотой байр сууриа хэвлэлд илэрхийлсэн салбарын мэргэжилтнүүдийг хугацаанаас нь өмнө албан шахалтаар тэтгэвэрт нь гаргасан тохиолдолд бий.
Юутай ч олон үг нуршилгүйгээр асуудлын гол руу орьё. Өнгөрсөн сарын 24-ний өдөр Налайхт осолдсон “МИ-8” асуудлаас болж ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч, хурандаа Ш.Энхбат албан тушаалаа өгөх болсон. Түүнийг ажлаа өгөхөөр болсноос хойш АДХЦ-ийн командлагчийн албан тушаалд санаархаж буй хүмүүсийн нэр ус нь эхнээсээ тодорчээ хамгийн гол нь энэхүү албан тушаалд дараагийнх нь хүнийг томилохын тулд эхлээд осолдсон онгоцны ослын дүгнэлтийг тодорхой болгож хэлэлцэх юм байна.
Сануулахад хурандаа Ш.Энхбат эл албан тушаалаас хоёр дахь удаагаа бууж байгаа нь энэ юм. Тэрээр албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр хуулийн хариуцлага хүлээсэн бригадын генерал Т.Дашдэлэгийн өмнө уг албыг хашиж байсан юм билээ. Тэр үед нь түүний ажлыг “булааж” авахын тулд бүтэн жил гаруйн хугацаанд АТГ-т шалгуулж, үүгээр далимдуулан орны хүнийг томилж байж. АТГ-аас хурандаа Ш.Энхбатад холбогдох асуудлыг шалгаж дуусаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн үзэж, албан тушаалд нь буцаан авахыг үүрэг болгож байжээ. Эндээс үзвэл түүнээс ажлыг нь авахын тулд зориудаар шалтаг үүсгэсэн гэж ойлгож болохоор байгаа юм.
Хурандаа Ш.Энхбат олон зүйлийг хууль номонд нь оруулсан
-Бүхээгийн битүү нислэг байхгүй болсныг тэрбээр ажлаа авсан өдрөөсөө хойш дахин сэргээжээ-
Тэрээр буруугүй гэдгээ хуулийн байгууллагаар тогтоолгосон ч хуучин ажилдаа очих гэж багагүй саад давааг туулсны эцэст өнгөрсөн оны зургадугаар сарын 3-нд эргэн томилогджээ. Ямартай ч түүнийг ажлаа аваад жил ч болоогүй байхад энэ удаагийн осол гарч удирдлагууд нь түүнийг буруутгав. “Чиний буруугаас болж онгоц осолдсон” хэмээн дарамт үзүүлснээр тэрээр сайн дураараа ажлаа өгөхөд хүрч, хоёр дахиа албан тушаалаасаа буув.
Уг нь осолдсон онгоцны нислэгт тэнцэх чадварын гэрчилгээг хууль бусаар сунгалт хийлгүүлсэн хүн нь хурандаа Б.Дашаахүү. Түүнчлэн хугацаа нь дуусаад хоёр жил болсон онгоцонд нисэхийг зөвшөөрч гарын үсэг зурсан хүмүүс нь Ц.Бямбажав, Т.Дашдэлэг нарын хүмүүс гэдгийг баримтаар нотолж байна. Өөрөөр хэлбэл, түүнийг ажлаа авахаас өмнө буюу нэгдүгээр сард нь энэхүү гарын үсэг бүгд зурагдчихсан байна гэсэн үг. Гэтэл гарын үсэг зурж, зөвшөөрөл өгсөн хүмүүс нь өөрсдөө буруугүй мэтээр авирлаж, тухайн үед албан тушаалд томилогдоогүй байсан хурандаа Ш.Энхбатыг яагаад буруутгах болов гэдэг нь хачирхалтай.
Үнэндээ хурандаа Ш.Энхбатыг эхний удаад АТГ-т шалгуулах замаар албан тушаалыг нь авснаас хойш буюу сүүлийн дөрвөн жилд дадлагын нислэг болон шөнийн нислэгийг огт хийдэггүй болсон байв. Харин түүнийг ажилдаа эргэн томилогдсоноос хойш эдгээр нислэг үйлдэгдэх болсон нь баримттай үнэн. Тухайлбал, тэрээр экипажийн бие бүрэлдэхүүнийг сар болгон ОХУ-ын Санкт Петербург хотод кабины битүү нислэгийн сургалтад хамруулж сургалтын зардлыг төсвөөс гадуур олсон орлогоос санхүүжүүлдэг байсан аж. Түүнчлэн тэрээр энэхүү сургалтыг цааш үргэлжүүлж, нисгэгчдээ чадавхжуулах үүднээс дадлага сургалтын нислэгийг Улаан-Үд хотод хийхээр эхний ээлжийн хүмүүсээ маргааш илгээхээр болсон байжээ.
Гэтэл түүний албан тушаалыг хүчээр шахам булааж авсан гэх бригадын генерал Т.Дашдэлэг энэхүү кабины битүү нислэгийг үгүй хийж, нисгэгчдийг сургалтад хамруулахгүйгээр онгоцыг арилжааны онгоц болгон ашигладаг байсан гэнэ. Юутай ч өнөөдөр БХЯ-нд үүсээд байгаа бодит байдал гэвэл ердөө энэ. Мэргэжлийн хүрээнд ажлаа хэвийн үргэлжлүүлэхийг хичээж байсан хурандаа Ш.Энхбат өмнөх удирдлагуудын алдаанаас болж хариуцлага хүлээ.
Б.Дашаахүү, Ч.Тогоондорж хоёр бас л тушаал дэвшинэ гэнэ
Онгоц осолдсоны хариуцлагыг холбогдох албан тушаалтны хувиар хурандаа Ш.Энхбат хүлээж байгаа нь зүй ёсны байж болно. Тэгвэл түүний албан тушаалыг хэн авах вэ гэдэг нь бас л анхаарал татах асуудлын нэг. Ямартай ч бидэнд олдсон мэдээллээр одоогийн байдлаар тус албан тушаалд өрсөлдөхөөр зэхэж буй хүмүүсийн тоонд хэвлэлийн од болоод байсан бидний эчнээ танил Зэвсэгт хүчний АДХЦ-ийн Улсын нисэхийн хэлтсийн дарга Б.Дашаахүү, мөн 303 дугаар ангийн захирагч хурандаа Ч.Тогоондорж, БХЯ-ны аж үйлдвэрийн нэгдэлд ажиллаж буй хурандаа Б.Энхбаяр, хурандаа Н.Энхбат, ҮАБЗ-ийн референт Х.Болдбаатар нарын хүмүүс байгаа гэнэ.
Тэгэхээр эдгээр нэр бүхий таван хүнээс Б.Энхбаяр, Н.Энхбат нар сонгогдох хамгийн магадлал өндөртэй гэгдэж байна. Харин хурандаа Б.Дашаахүү, Ч.Тогоондорж нар энэхүү албан тушаалд өрсөлдөхөөр зэхэж байгаа нь хачирхалтай.
Хачирхалтай гэдгийн учир нь хурандаа Ч.Тогоондоржийг штабын дарга байхад нь үнэг хөөж яваад онгоц осолдуулсан хэргээр түүнд хариуцлага тооцож ажилдаа тэнцэхгүй хэмээн тэтгэвэрт нь гаргаж байсан юм. Гэтэл тэрээр дэслэгч генерал Ц.Бямбажавын татаасаар эргэн ирэхдээ бүр ангийн захирагч, хурандаа цолыг авч ар талтай нэгэн гэдгээ БХЯ-ынханд жинхэнэ утгаар нь харуулсан юм. Түүнчлэн улсын онгоцоор арилжааны нислэгт явж байсан гэх зэрэг түүнтэй холбоотой хууль бус үйлдлүүд цөөнгүй байдаг юм билээ.
Хэрвээ БХЯ-наас тус 303 дугаар ангид санхүүгийн шалгалт хийвэл нэлээд ноцтой зүйл илэрнэ гэдгийг эх сурвалжууд одоог хүртэл ярьж байна. Тухайлбал, тус анги нь 1000 гаруй цагийн нислэг үйлдсэн байдаг аж. Үүний 700 гаруй цагийг арилжааны буюу төлбөртэй нислэг эзэлдэг байна. Ийм л нэг цус ойртсон томилгоонууд тус яаманд дахин өрнөх гэж байна. Харин энэ удаад хурандаа Б.Дашаахүүгийн талаар бичих нь илүүц байх. Учир нь түүний талаар өмнө нь хэвлэлийнхэн болон манай сонин хангалттай бичиж байсан учраас дахин нуршихыг хүсээгүй юм.
Эцэст нь хэлэхэд нэг нь онгоцны баталгаат хугацаа нь дуусаад хоёр жил болж байхад хууль бусаар нислэгт тэнцэх чадварын гэрчилгээг сунгуулсан, харин нөгөөх нь улсын үнэ цэнтэй хөрөнгө шамшигдуулсан ч одоо бүр ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч болно хэмээн сэрүүн зүүдэлж явна. Хэрвээ БХЯ-ны удирдлагууд кабины битүү нислэгийн сургалтыг үргэлжүүлэн хийгээд явж байсан бол магадгүй сая болсон осол гарахгүй байхыг ч үгүйсгэхгүй. Тиймээс Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувиар Ц.Элбэгдорж та эмх замбараагүй байдлаас үүдэж нисдэг тэрэг унаж олон хүний амь нас эрсдэхгүй гэх баталгаа нэгэнт үгүй болсон энэ үед тус яаманд анхаарлаа нэг хандуулна уу.. Манай сонин дараа дараагийн дугаартаа Улсын агаарын довтолгоог хамгаалах командлал дотор болж байсан ашиг сонирхлын зөрчилтэй үйлдлүүд, онгоцны хар хайрцаг дахь яриаг хэрхэн нуун дарагдуулж байсан зэрэг гэмт үйлдлийн талаар цувралаар хүргэх болно.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
j N (January 18, 2016 10:24:04 am )
2 их хэт гүрний дунд орших Монгол Улсад БХЯам тэр тусмаа ганц ч нисэх онгоц байхгүй яамаар яах юм бэ УБ дээр ганц бөмбөг хаяхад л сүйрнэ ш дэ Түүний оронд маш чадварлаг бүрэн зэвсэглэсэн Хилийн цэрэг байх ёстой биш үү Түүнд нь энхийг сахиулах үүргээ ч өг Ямар ч хэрэгцээгүй баахан төсөв
-
УАДХЦ ахмад дайчин Х.Зориг (January 18, 2016 11:16:20 am )
Саяхан болсон онгоцны ослын шалтгааныг үнэн зөвөөр тогтоохоос өмнө нэг нь ажлаа өгнө гэдэг ч буруу, нөгөөдүүл нь авахаар шахдаг ч буруу. Ер нь энэ төрлийн цэргийн удирдлагад тухайн цэргийн чиглэл бүрийг төлөөлсөн мэргэжлийн мастерууд байх ёстой гэдгийг ерөнхий командлагч, БХЯ-ны сайд, ЗХЖШ-ын дарга нарт хатуу анхааруулан хэлье. Ш.Энхбатын хувьд дээр дурдсанаар ажилд томилогдсоноос хойш нилээд эрчимтэй ажиллаж УАДХЦ-ийг байх ёстой байранд нь оруулахаар зүтгэж байгаа нь харагддаг. Ер нь энэ төрлийн цэргийг зүгээр нэг мотобуудлагын батальонтой зүйрлүүлэх юм биш, их хэмжээний төсөв зардал шаардсан цаг хугацааг секундээр тооцдог онцлогтой билээ. Сая нэг нисдэг тэрэг осолдсон хэрэг гарлаа л даа. Энэ бол олон жил дараалсан хариуцлагагүй байдлын үр дагавар. Энэ төрлийн цэргийг байх ёстой байранд нь богино хугацаанд оруулахгүй бол нэг хүний амиар зогсохгүй улс эх орны аюулгүй байдалд ноцтой үр дагавар болно гэдгийг анхаарч ажиллахыг хүсье
-
llll (January 18, 2016 2:08:58 pm )
Энхбат арай л түргэдсэн Тэр О.Энхбаяр бүтэхгүй гар
3 Comments