харилцааны төдийгүй төрийн ажлын наад захын ойлголттой хүний санаанд ч багтахааргүй бас нэгэн сенсаци дэгдээжээ.

Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Оросын агаарын цэргийн Су-24М онгоцыг Туркийн тал сөнөөсөн билээ. Уг үйл явдлын улмаас хоёр улсын хооронд улс төр, дипломатын ширүүн тэмцэл өрнөж байгаа. Тухайлбал хэрэг явдлаас хойш хоёр хоногийн дараа ОХУ-ын тал Турктэй байгуулсан иргэд визгүй зорчих хэлэлцээрээ 2016 оны 1-р сарын 1-нээс эхлэн цуцалж байгаагаа мэдэгдсэн. Ингэснээр 30 орчим тэрбум ам.доллараар хэмжигддэг Туркийн аялал жуулчлалын салбарын орлогын 10 гаруй хувь шууд алга болоод зогсохгүй экспорт, валютын ханшид нь ноцтой нөлөө үзүүлж байгаа тухай олон улсын хэвлэлүүдээр бичиж байна. Гэхдээ энэ бүхэн бидний санаа зовох эсвэл хошуу дүрэх асуудал биш юм.

Гэтэл Гадаад хэргийн сайд маань ОХУ-ын дээрх мэдэгдлээс хоёр хоногийн дараа Улаанбаатарт суугаа Туркийн элчин сайд Мурат Карагөзийг дуудаж ирүүлэн “бид танай улстай визгүй зорчих Засгийн газар хоорондын хэлэлцээрээ цуцаллаа” хэмээн мэдэгджээ. Хамгийн хачирхалтай нь ердөө жил гаруйн өмнө байгуулагдсан уг хэлэлцээрийг цуцлах эрх, чиглэлийг тэрээр Засгийн газар, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс аваагүй байв. Энэхүү том толгойлсон үйлдлийг “муу эр дайнд хөөрөв” гэж л тайлбарлахаас өөр ямар нэг учир шалтгаан үнэхээр харагдахгүй байгаа юм.

Сайдын сайн дурын мэдэгдлээс хэдхэн хоногийн дараа Анкарад болсон хоёр улсын Гадаад харилцааны яамдын Консулын зөвлөлдөх уулзалтыг Туркийн талаас ахалсан Гадаад харилцааны дэд сайд нь “манай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр хэрэгжиж эхлээд ердөө 1 жил 6 сарын хугацаа өнгөрч байна. Гэтэл танайх энэ тохиролцоогоо гэнэтхэн цуцалж байгаа нь АСЕМ-ын чуулга уулзалттай холбоотой гэж үзэх бодитой шалтгаан олж харахгүй байна. Би ойлгохыг маш их хичээж байгаа ч Туркийн ард түмэн энэ явдлыг ОХУ-тай холбоотой гэж л бодох болов уу ” гэж хэлэн манай төлөөлөгчдийг дуугүй болгосон гэдэг.

Өнөөдөр Монгол Улс Турктэй визтэй ч юм шиг визгүй ч юм шиг ойлгомжгүй байдал үүсчихээд байна. Монголын Гадаад хэргийн сайдын яаран хийсэн мэдэгдлийг дагах юм бол хоёр орны иргэд энэ сарын нэгнээс визтэй зорчдог болчихсон баймаар. Гэтэл энэ тухай ҮАБЗ, Засгийн газрын албан ёсны шийдвэр өнөөдрийг хүртэл гарсангүй. Тэр бүү хэл ҮАБЗ-өөс визгүй зорчих нөхцөлийг хэвээр үргэлжлүүлэх чиглэл аман байдлаар өгөгдсөн гэж дуулдаж байна.

Манай төрийн гадаад харилцааны нэгдмэл бодлого хаана байна вэ? гэж сахилгын шийтгэлтэй анхны Гадаад хэргийн сайдаас асууя.

Эх сурвалж: Politik.mn Э.Зотол