antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 10, 2012 Comments are off

Оюу толгойгоор Нигерийн гунигт түүхийг давтах уу

нийтлэсэн Admin

Оюу толгойг тойрсон олон “но”-той асуудлуудад цэг хатгахаас өнөөгийн эрх баригчид ихээхэн цааргалж байна. Шинэ оны босгон дээр Ерөнхий сайд С.Батболд “Оюу толгойн гэрээг бид нааштайгаар шийдэж чадсан” ухааны юм ярьж байлаа. Үүнээс үзвэл энэ УИХ, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд лав Оюу толгойн луйврын гэрээнд өөрчлөлт орохгүй бололтой. Хэрвээ ийм байдал цааш үргэлжилсээр байвал баялгийн хараал тусаад зогсохгүй эдийн засгийн аллагын монгол хэв загвар улам бодитой болно хэмээн зарим мэргэжилтнүүд үзэж байна.

Африкийн олон улс орон ийм замыг туулсан, туулсаар байгаа юм. Жишээлэхэд, Нигер улс. Энэ бол Африкийн “гээгдмэл” орнуудын нэг. Манайхтай төсөөтэй зүйл тэнд бас бий. “Алтан дээр суусан гуйлгачин” орон хэмээн монголчуудыг дэлхийн томчууд саяхан болтол нэрлэж байлаа. Одоо ч энэ нэрээсээ бид бүрэн салаагүй байна. Энэ талаас нь харвал Нигертэй тун ойролцоо юм уу даа.

Харин Нигерчүүдийн ялгаа нь гэвэл газрын доорх баялгаа аль эрт хуваагаад идчихсэн. Идчихсэн ч гэж дээ, зарчихсан. Үүгээрээ тэд адгийн улс гэгдэж байна. Яндаж баршгүй далай шиг яасан их баялаг вэ хэмээн Нигерийн ард түмэн шуугилдаж байсан үе саяхан мэт. Яг л манайхан шиг баялгаа “барж идэхгүй нь” гэж сайрхаж байсан. 1960- аад оны дундуур эрх баригчид нь “Үндэсний баялгийг ашиглах нийт ард түмний хөтөлбөр” нэртэй сүржин баримт бичиг гаргасан гэж байгаа. Нигерийн төр засгийнхан 30 жилийн хугацаанд хэрэгжих энэ хөтөлбөрөө хэрэгжүүлсний эцэст үндэсний орлогоо наад зах нь 4-6 дахин нэмэгдүүлж, өлсгөлөн ядуурлаас нэгмөсөн гарна гэж хөөрцөглөсөн юм. Нигерийн нефть, хөнгөн цагаан, хар тугалга, газрын тос руу тухайн үеийн социалист хамтын нөхөрлөлийнхөн болон Франц, Англи, Америкийнхан цөмөөрөө хошуурчээ. Өөрөөр хэлбэл, ядуу тарчиг Нигерийг дэлхий нэгэнт “тоож” эхэлсэн байлаа. Энэ нь нэг талаар хөгжлийн том боломж байсан хэрэг л дээ. Баялаг руу нь урсан орж ирэх хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн үр шимийг зөв зохион байгуулсан бол тэд дээрх хөтөлбөрөө төвөггүйхэн хэрэгжүүлж, санасандаа хүрэх байлаа. Өөрөөр хэлбэл, зүй ёсоор явсан бол нигерчүүд дэлхийд биш юмаа гэхэд ядаж Африктаа хөгжилтэй орны тоонд орох шаанстай байсан юм.

Гэвч эрх баригчид нь жинхэнэ олхиогүй зан гаргажээ. Мэдээж энд гадныхны элдэв хор найруулга орсон л доо. Эрх баригчдынхаа эсрэг иргэний байгууллагууд нь ч муугүй тэмцсэн. Харамсалтай нь сүүлдээ эрх баригчид нь ч, тэднийг хурцаар шүүмжилж гарч ирсэн “Шударга ёсны төлөө ард түмний форум”, “Ашигт малтмалыг үндэсний хөгжилд зориулах иргэдийн хөдөлгөөн” зэргийн аль нь ч ард түмнийхээ язгуур эрх ашигт шударгаар үйлчилж чадаагүй юм. 1969 он гэхэд Үндэсний эдийн засгийн яамныхаа мэдэлд байсан ашигт малтмалын 140 орчим лицензийг Засгийн газрынх нь кабинетийн 9 гишүүн авчихсан байлаа.

Мөн тэдэнд ойр шадар ажилладаг 28 түшмэл, бизнесийнхэнд ихэнх нь шилжсэн байв. Хөдөлгөөнүүдийнх нь нэр хүртэл өнөөгийн монголчуудынхтай тун төсөөтэй байгаа биз. Лиценз бөөндөж, орд руугаа дайран орсон төрийн албан тушаалтнууд нь ч бас манайхаас ялгагдах юмгүй юм биш үү. Энэ тохиолдол уу, эсвэл ядуу буурай орны хувь тавилангийн нийтлэг хандлага уу? Ялангуяа дээрх 37 хүний ар талд иргэний хөдөлгөөн, үйлдвэрчний эвлэлийн удирдагчид хамтран эзэмшигчээр нуугдаж байсан нь тун сонирхолтой. Сүүлдээ тэдгээр хүмүүс нь бүр ил цагаандаа гарсан гэдэг.

1971 онд тэдний луйврын талаар Францын “Монд” сонинд “Нигерийн төр, үйлдвэрчний эвлэлтэйгээ хамтран ард түмнээ дээрэмдлээ” гарчигтай нэлээд шуугиан тарьсан баримтат өгүүлэл нийтлэгдэж байв. Тус сонин ийм баримтыг дэлгэн тавихдаа “Олон нийтийг хууран мэхэлсэн энэхүү жүжгийн гол найруулагч нь эрх баригчид, оролцон тоглогчид нь Үйлдвэрчний эвлэл, иргэний хөдөлгөөнүүдийн удирдагчид байсан” гэж онцолжээ. Үйлдвэрчний эвлэл, иргэний хөдөлгөөний удирдагчид төр, засгаасаа болон гадныхнаас их хэмжээний авлига авсан тухай баримтууд ч олныг цочроож байлаа. Эдгээр нь Нигерийн тухайн үеийн улс төрийн нөхцөл байдалтай холбоотой нь мэдээж. Өөрөөр хэлбэл, улс төр, бизнесийн авлига тэнд манай өнөөгийнх шиг жинхэнэ цэцэглэж байжээ. Тус улсын улс төрийн эрх мэдэл үндсэндээ цэргийнхний гарт. Цэргийн засаглал бол иргэний хяналтыг бүхэлд нь хаадаг. Бүр гялайх ч юмгүй хаана даа.

Харин манайд бол муу ч гэсэн ардчилсан тогтолцоо бий. Гэхдээ Нигерийн гунигт зам руу хазайхад тун ойрхон ажээ. Саяхан УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Нигер улсад очоод ирсэн байна. Тэнд байдал дээрдээгүй гэнэ. Нефтийн нөөцөөрөө дэлхийд тавд ордог энэ улс урьдын адил ядуу хэвээрээ. НҮБ-аас хэдэн жилийн өмнө буцалтгүй тусламж, юухан хээхэн өгсөн ч элс рүү ус хийхтэй адил юм болоод өнгөрсөн бололтой. 160 гаруй сая хүн амынх нь дундаж наслалт 45 бөгөөд 80 гаруй хувь нь ядуус. Авлига бол ёстой найгүй их. За тэгээд, дээрэм тонуулаар амь зуугчдын бүхэл бүтэн “арми”-тай гэж байгаа. Америк зэрэг их гүрнүүд эндхийн нефтийг саахын тулд цөөн хэдэн эрх баригчдыг нь авлига мэтээр аргална.

Ийм хөгийн ертөнцөд хөл тавьсан Р.Амаржаргал гишүүн “Үгүй ээ, даанч дэндүү болчихсон газар байна. Нигерийн хажууд утаатай ч гэсэн Улаанбаатар минь арай дээр юм” гэжээ. Магадгүй ээ, удирдагчдаасаа болоод баялгаа барж, хоосорч буй Нигерийн хажууд бол Монгол арай өөр байх. Гэхдээ л бодох юм их. Оюу толгойн гэрээг залруулахаар шаардлага тавьсан УИХ-ын 20 гишүүний дуу хоолой сүүлийн өдрүүдэд дахин хүчтэй сонсогдох шинжтэй. Өнгөрсөн оны есдүгээр сард тэд анх шаардлагаа тавьж эхэлсэн. УИХ-ын 57 дугаар тогтоолыг л хэрэгжүүлэхийг Засгийн газраасаа хүсч байлаа.

Үүнтэй зэрэгцээд олон улсын хөрөнгийн бирж дээр “Айвенхоу майнз”, “Рио Тинто”- гийн хувьцаа навсайтлаа унаж байсан юм. Оюу толгойн луйврын гэрээг эсэргүүцэгчид сэм баярлаж, харин эрх баригчид хийгээд эдгээр компанийнхан ихээхэн сандарч байв. Ер нь Оюу толгойд улс төр “үнэртсэн” шуугиан дэгдэх тоолонд хувьцааных нь ханш хэлбэлзэх янзтай. Арга ч үгүй биз. Анхнаасаа мордохын хазгай гэрээ болсныг нь өнөөдөр дэлхийгээр нэг мэддэг болсон юм чинь. Харамсалтай нь Засгийн газраас “Айвенхоу майнз”, “Рио Тинто”-той хамтарсан мэдэгдэл гаргаж, дээрх 20 гишүүний шаардлагыг биелүүлж, гэрээг өөрчлөх, Монголын талын хувь эзэмшлийг 50 хувьд хүргэх боломж одоогоор алга гэсэн утгатай зүйл хэлсэн юм. Гадаадын хоёр компанийн өвөрт орсон энэ явдал тун ойлгомжгүй “тоглоом” боллоо. Хэний төлөө үйлчилж буй Засгийн газар вэ. УИХ-ын 20 гишүүний тэмцэл сүүлдээ Ерөнхий сайдыг огцруулахад тулж, тэднээс тунаж үлдсэн есөн гишүүн УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор асуудлыг хэлэлцэх гэсэн боловч бөөн хэрүүл болоод аль ч үгүй хоцорсон.

Оюу толгойн гэрээг өөрчлөхөд дуулгаваргүй, дүлий дүмбэ царайлсан Ерөнхий сайдыг дангаар нь огцруулах хуулийн цоорхойг харин Х.Тэмүүжин нарын гишүүд нөхөх гээд хууль санаачлан гүйлдэж байгаа. Энэ бүхнийг эргэцүүлэхэд угаасаа бүтэл муутай хийгдсэн Оюу толгойн гэрээ нь дээр дооргүй ихээхэн хамгаалалттай ажээ. Ер нь хөрөнгө оруулалтын гэрээнд нь эргэлзээтэй олон заалт бий. Оюу толгой төслөөр олсон мөнгө манай нутаг дэвсгэр дээр, Монголын банк, санхүүгээр огт дамжихгүй. Цөмөөрөө гадагшаа урсана. Энэ урсгалыг яаж ч залах гээд нэмэргүй. Эргэлт буцалтгүйгээр харьд одно. Нэг үгээр хэлбэл, энэ төсөлд монголчуудын мэдэх зүйл тун ховор.

Саяхнаас бидний хамгийн сайн мэддэг болоод байгаа зүйл бол Оюу толгойгоос бид өөрийн эзэмшлийн 34 хувийг зээлээр авч төлөхдөө гурваас дөрвөн тэрбум доллар зарцуулах тухай юм. Ийнхүү өр тавьж тараасан эрх баригчдын сүүлчийн 21 мянган төгрөг иргэдээс хариугаа авч эхлээд байгаа. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс литр тутамд 260 төгрөгөөр нэмэгдүүлсэн шатахууныг эдийн засгийн аллагаас ангид тооцоолж яавч боломгүй. Оюу толгойгооор дэнчин тавьж бэлэн мөнгө тараасан дарга нар гадаадын хөрөнгө оруулалтыг “татаж” байна гэж ярихыг яана. Монголын баялгаар боссон нэмүү өртөг Монголдоо бүтээн байгуулалт хэлбэрээр бага боловч шингэхгүй юм бол ямар хэрэг байх билээ. “Айвенхоу майнз” болон “Рио Тинто”-гийнхон УИХын 20 гишүүний шаардлагад эгдүүцэхдээ “Бүү шуналт” хэмээн гадаадын хэвлэлүүдийг шуугиулж ч үзэв.

Үүнд дургүйцсэн улс төрчид олон нийтийн мэдээллийн хэрэгслэлүүдээр хариу барьж, хөөрхөн талаан өрнөөд авсан. “Айвенхоу майнз”, “Рио Тинто” хоёр мөн парламентын гишүүн бүрд хаягласан ил захидлаараа нөлөөлөхийг оролдсон юм. “Рио Тинто” компанийн Худалдаа эрхэлсэн захирал Сэм Риггаль, “Айвенхоу Майнз” компанийн хуулийн асуудал эрхэлсэн захирал Жон Фониани нарын гарын үсэг бүхий уг захидалд “Монголчуудад хоёр л зам бий, нэг нь Оюутолгойг бидэнд өгөх, нөгөө нь хятадуудад өгч бусдаас хараат, ядуу эдийн засагтай хэвээр үлдэх. Тиймээс та нар сонголтоо одоо л хий” хэмээн бидний “замыг зааж” өгсөн нь Монголоо гэх сэтгэлтэй хэнд ч гэсэн нэлээд зэвүүн сонсогдсон биз. Гэвч тэдний хэлсэн ёсоор сонголт хийгдсэнгүй. Гадаадын ганц хоёр компаниар замаа заалгах, засуулахдаа ч арай тулаагүй байлгүй дээ. Хэрвээ тиймдээ хүрвэл бидэнд Нигерийн гашуун түүх давтагдах байх. Муу ёрлож буй хэрэг биш шүү.

 

Б.Отгонбаяр

Үндэсний мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car