antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 12, 2016 1 comment

Ардчилагчид ардчиллын дархлааруугаа дайрч эхэллээ

нийтлэсэн Admin

1452579021569498cd50d57

УИХын чуулганы өнгөрсөн пүрэв гаригт буюу 2015 оны нэгдүгээр сарын 7-ны нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Уг хуулийн төсөл батлагдвал Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн тэтгэвэрт гарах насыг 65 болгож, бүрэн эрхийн хугацааг 12 жилээр байх тухай ярьж буй. Энэ үеэр уг хуулийн төслийг  санаачлагчХ.Тэмүүжин гишүүн “Цэцийн дээр хөх тэнгэр биш. 570 гэдэг машин байдаг болсон. Тиймээс ёсзүйгүй энэ асуудлыг шийдэх гэж энэ хуулийн төслийг боловсруулсан. Австри, Английн зарчмаар ямар ёс зүйтэй байх вэ гэдгийг шийдэх гэж маш том хуулийн төсөл боловсруулсан гэсэн юм.Үнэхээр УИХ, Үндсэн хуулийн Цэц хоёрын хооронд юу болоод байна вэ.

Энэ талаар, тал талын эх сурвалжаас тодруулж ярилцлаа. Гэтэл зөрчилдөөний цаад “нууц” нь маш сонихноор тайлагдаж байх юм. Юу гэвэл Үндсэн хуулийн Цэц сүүлийн хоёр жилд яг үнэндээ УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний санаачилсан, батлуулсан хуулиудыг хүчингүй болгох ажлыг хийсэн аж. Түүний санаачилсан, батлуулсан олон хуулийн олон заалтууд Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг яалт ч үгүй зөрчсөн учраас ийнхүү хүчингүй болгох үүргээ л биелүүлж. Өөрөөр хэлбэл, Х.Тэмүүжин гишүүн хууль санаачилж, боловсруулж, УИХ түүнийг нь батлаад, Цэц хүчингүй болгосоор хоёр жилийг өнгөрүүлжээ.

Энэ тун сэжигтэй төдийгүй, шүүмжлэлтэй хандахаар ажил байгаа биз. Гэхдээ Цэц “Х.Тэмүүжин санаачилсан” гэж харчихаад л унагаад байгаагүй бололтой юм. Тухайн хуулиас Үндсэн хууль зөрчсөн заалт, хэсгийг түүж Үндсэн хууль зөрчжээ гэж тогтоогоод байж. Үндсэн хуулийн Цэц гэдэг маань шүүгчдээс бүрдэж байгаа. Тэр шүүгчдийн шүүлтүүрт яах аргагүй торсныг нь дэгээдээд, засах арга хэмжээ авахыг санал болгож УИХ-д дүгнэлтээ хүргүүлээд байсан хэрэг.

Дэлхийн жишигт Үндсэн хуулийн шүүх гэдэг ойлголт нь ерөөсөө л хуулийг Үндсэн хуульд нийцүүлэх гэсэн ганцхан үүрэгтэй байдаг аж. Энэ байгууллагад өөр ямар ч зорилго байхгүй. Тэгэхээр иргэд хууль уншаад байна, Үндсэн хууль зөрчсөн заалтыг олж хараад Цэцэд хандаж, Цэц хянаад алдааг олж “Энэ хуулийг хэрэглэж болохгүй” гэдэг эцсийн шийдвэр гаргаад алдааг засуулах дүгнэлтээ УИХ-д ирүүлж байна. Энд юу нь гаж байна гэж? Ерөөсөө олон улсын жишигт Үндсэн хуулийн шүүх ингэж л ажиллаж байгаа. Гэтэл манайд Үндсэн хуулийн Шүүхээ буруутгаад эхэлсэн. Нэг сонирхолтой тоо дурьдахад, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Цэцийн дунд, их суудлын хуралдаанд оролцсон давхардсан тоогоор Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд УИХ-аас итгэмжлэгдсэн төлөөлөгч болж 28 удаа ирээд 24-т нь ялагдсан байх юм. Магадгүй энэ нь Х.Тэмүүжин “Үндсэн хуулийн Цэцийн дээр Лексус-570 машин байна” гэж хашгирахад хүргэсэн бололтой.

УИХын чуулганы нэгдсэн хуралдааны 2015 оны арванхоёрдугаар сарын 24-ний хуралдааны тэмдэглэлээс:

Х.Тэмүүжин: -Цэцийн хууль Үндсэн хуулиа зөрччихсөн. Үүнээс болоод УИХ Цэц хоёр зөрчилддөг. Үүнээс болоод УИХ Үндсэн хууль зөрчсөн хууль батлаад байна гэдэг. УИХ хууль тогтоогчийнхоо хувьд алдаатай хуулиа өөрчлөх ёстой. Тэмүүжин гишүүн өргөн барьснаар тэр хүмүүс хөдлөхгүй. Одоо бүр нутгархдаг болсон. Намын харъяалалтай гишүүд байж магадгүй,   Цэц гэдэг нэрийн дор үр дагавраа тодорхойлдоггүй байж болохгүй.

Д.Лүндээжанцан: -Цэцэд ажилладаг хүмүүс Үндсэн хууль гэдэг ганцхан юманд захирагддаг. Үндсэн хуулийн өмнөөс дүгнэлт гаргадаг. Үндсэн хууль гэдэг бүхий л юмны дээд шатны баримт бичиг байдаг. Толгой хуульчид нь бий. УИХ-ын дарга З.Энхболд “Одоо жинхэнэ шилмэл хуульчид орж ирлээ” гээд хэлж л байсан. УИХ, Үндсэн хуулийн цэц хоёрын харьцаа мөнхийн сөргөлдөөнтэй л байдаг. Зургаан жилийн хугацаагаар Цэцийн гишүүнийг сонгоно гэдгийг Үндсэн хуульд хийчихсэн. Зургаан жилээр сонгочихсон байдаг, гэтэл 60 нас хүрчихсэн бол яах гэж?

З.Энхболд: -Д.Лүндээжанцан гишүүн түрүүн Үндсэн хууль уншаад байх шиг байсан. 25 жилийн өмнө тийм гэгээн үзэл санаагаар хууль гаргасан байж магадгүй. Гэтэл одоогийн байгаа үйл ажиллагаа нь наад шаардлагыг чинь хангахгүй байгаа юм. Ц.Нямдорж гишүүн, Г.Уянга, Д.Ганбат гишүүний ажлын хэсэг шалгаж үзээд, Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр биш “Лексус 570” машин байгааг олж илрүүлсэн. УИХ нэг талдаа гарсан дээр. Х.Тэмүүжин гишүүн шүүх тал руугаа оръё гэж байна, тэр нь ч дээр байх гэж бодож байна.

 Ингээд Х.Тэмүүжин гишүүн өөрийнх нь санаачилж батлуулсан, Цэцийн маргааныг хэлэлцэхэд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр очоод ялагдсан бүхэндээ “өсөрхөж” Цэцийн бүрэлдэхүүнийг өөрчлөх тухай яриад явж байна. Тиймээс ч гишүүд энэ хуулийг хэлэлцэх үеэр “өс хонзон” гэдэг үгийг цөөнгүй хэрэглэсэн болов уу. Тэр ганцаараа чадахгүй ч түүнд туслах “хүч” хангалттай бий. Наад зах нь дээрх протоколоос УИХ-ын дарга хүртэл дэмжиж байгаа нь харагдаж буй юм.

Түүнчлэн Цэцийн нэгэнт хүчингүй болгосон хуулийн заалтыг сэргээж бичээд байгаа явдал удаа дараа гарсан. Жишээ нь Шүүх байгуулах тухай хуулийг нэрлэж болно. Үндсэн хуульд “Аймаг, нийслэл, дүүрэг, сум, сум дундын шүүх байна” гэж заасан. Энэ нь сум ба сум дундын шүүх гэж байна, бусад нь бие даасан шүүх байна гэж хуульч биш хүнд ч ойлгогдохоор байгаа биз. Гэтэл “дүүрэг дундын шүүх байгуулах” гэдэг зүйлийг Шүүх байгуулах тухай хуульд оруулаад ирж. Үндсэн хуульд “Дүүрэг дундын шүүх” гэдэг ойлголт байхгүй. Энэ тухай 1994 онд Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарсан байдаг. Тухайн үед УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж аваад зассан байна. Гэтэл одоо “засдаггүй, хүлээж авахгүй бол Цэцийг өөрчилдөг” УИХ-ын “шинэ үе” ирсэн бололтой. Тиймээс ч Шүүх байгуулах тухай хуульд “Дүүрэг дундын шүүх байгуулах” гэдэг томъёоллыг дахин дахин бичиж оруулж ирээд байгаа аж.

Дэлхий даяар Үндсэн хуулийн шүүхийн дүгнэлтийг “үг дуугүй” биелүүлдэг. Өнөөдөр  Европын ихэнх орон, сүүлийн жилүүдэд Азийн олон оронд Үндсэн хуулийн шүүхтэй боллоо. Тухайн улс орнуудын парламент нь эрх мэдлээ хэтрүүлэн, Үндсэн хуулиар олгогдоогүй эрх мэдлийг эдлэх болсон учраас хууль тогтоох байгууллага, Гүйцэтгэх засаглал, Ерөнхийлөгчийн Үндсэн хуулиар олгогдоогүй эрх мэдлийг хязгаарлах зорилгоор Үндсэн хуулийн шүүхтэй болж байна. Тэр ч байтугай XXI зууныг “Үндсэн хуулийн шүүхийн зуун” гэж нэрлэж Үндсэн хуулийн шүүхэд халдахыг Үндсэн хуульд халдахтай нэгэн адил гэж үздэг тогтолцоотой болсон.

Монгол Улс шинэ Үндсэн хуулиа батлаад 24 жил боллоо. Цэц нь мөн түүнтэй чацуу. УИХ-ын Бага хурлыг тарахаас өмнө байгуулагдсан гэдгээр нь тооцвол УИХ-ын “ах” ч гэж хошигнодог нь оргүй биш. Гэтэл 24 дэх жил дээрээ Үндсэн хууль руугаа довтолж байгаа нь даанч дээ гэж харамсахад хүргэж байна.   Үндсэн хуулийн шүүхийг Ардчиллын дархлаа гэж үздэг. Гэтэл АН-ын гишүүд УИХ-д олуулаа байгаа он жилүүдэд Ардчиллын дархлаа руугаа халдаж байгааг юу гэж ойлгох вэ?, эсхүл тэд дарангуйлал тогтоох зүг рүүгээ хөдлөв үү.

Үндсэн хуулийн Цэцийн гишүүд УИХ дээр очоод “байцаагдаад” байгаа харагддаг. Гэтэл Үндсэн хуулийн Цэцийн гишүүд бол шүүгчид, тэр тусмаа шилэгдмэл шүүгчид гэдгийг нь үе үеийн УИХ-ын дарга нар онцлон тэмдэглэж, амжилт хүсээд томилдог юм. З.Энхболд дарга ч тэгж байсныг санаж байна. Гэтэл УИХ Цэцийн гишүүдийг “байцаагаад” байдаг нь өнөөх шилэгдмэл шүүгчдийнхээ эрх зүйн байдалд халдаад байгаа хэрэг биш үү гэж харагдах нь бий. Хэдэн жилийн  өмнө яг ингэж үзээд, өөрөөр хэлбэл Үндсэн хуулийг зөрчиж байна гэж үзээд хүчингүйд тооцсон. Харин одоо УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний санаачилсан Цэцийн тухай хуулиар өнөөх байцаагддаг асуудлыг сэргээсэн байгаа юм. Шүүгчийг УИХ байцаахаар хараат бус байж чадах уу. Эсхүл УИХ шүүхийг шүүдэг шүүх юм уу?.

Дараагийн асуудал нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн насны асуудал. Өнөөдөр Үндсэн хуулийн Цэцийн есөн гишүүн 45 насанд хүрсэн хууль зүй, хууль,   улс төрийн өндөр мэргэшилтэй гэдэг шалгуураар сонгогдоод ажиллаж байна. Энэ есөн гишүүний найм нь доктор профессор, гурав нь гавьяат хуульч, хоёр нь академич. Үүнийг муу баг гэвэл ямар багийг сайн гэх юм. Гэтэл УИХ-ын бүрэлдэхүүнд ямар мэргэшил, боловсролын төвшин байгаа болоод ийм бүтэцтэй Цэцтэй “цэц булаалдаж”, дийлэхгүй болохоор нь насны тоогоор нь “заазлаад”, өө сэв хайж байгаад бүрэн бүрэлдэхүүнээр нь унагахдаа тулаад байна вэ. Х.Тэмүүжин, Ж.Батзандан, О.Баасанхүү нарын хуульч гишүүд мундаг ч энэ есөн гишүүнтэй “дайтаж” дийлнэ гэвэл юу л бол. Яагаад Х.Тэмүүжин гишүүний хэлээд байсанчлан “ирж яваа” юм бол “харьж яваа цагийнхан”-ыхаа дууг булааж аялах гэж оролдоно вэ. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, О.Баасанхүү нарын дөрөв, таван багш нь энэ есөн гишүүн дунд бий шүү дээ.

Насаар “заазлах” гэснээс дэлхийн жишигт Үндсэн хуулийн шүүхийн гишүүнээр 57-58 насны хүмүүсийг сонгож байна. Тэгээд 70 нас хүрч чөлөөлөгддөг дундаж жишиг ажиглагддаг. Жишээ нь ОХУ болон Германы Үндсэн хуулийн шүүхийн гишүүний насны дээд хязгаарыг 70-аар тогтоосон байдаг. Мэдлэг, туршлагаас гадна нөлөөнд автахгүй талаас нь ингэж үздэг аж.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Цэцийн тухай хуульд ч мөн ингэж заасан байна. Энэ хууль хэлэлцэгдэх шатанд явж буй. Харин одоо мөрдөж байгаа Үндсэн хуульд Цэцийн гишүүнээр ажиллах насны дээд хязгаарыг тогтоогоогүй, зургаан жилээр томилогдоно, дахин томилогдож болно гэж заасан байдаг.

Өнөөдөр ажиллаж буй Цэцийн есөн гишүүнээс хамгийн ахмад нь анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай 70 нас хүрсэн. Яг өнөөдөр мөрдөж байгаа хуулиар бол тэр хэдэн настай ч байсан дахин томилогдоод л байвал ажиллаад байх эрх зүйн үндэслэлтэй. Учир нь Х.Тэмүүжин гишүүний санаачилсан хуулийн төсөл батлагдаагүй, батлагдсан ч Үндсэн хуулийг өөрчлөөгүй байгаа болохоор дахиад л Үндсэн хууль зөрчсөн гэх асуудал үүснэ.

Мөн уг төсөлд Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг нэг удаа дахин томилж болно гэсэн заалт харагдана. Энэ бол Үндсэн хууль зөрчсөн хязгаарлалт юм. Учир нь Үндсэн хуульд Цэцийн даргыг л хоёр удаа томилж болно гэж заасан болохоос гишүүнийг “хоёр удаа” гэж огт заагаагүй байгаа юм. Шинэ Үндсэн хуулийн төслийг бичиж байсан, Цэцэд дөрвөнтөө сонгогдсон гишүүн нь хоёр жилийн өмнө “Тэтгэврээ тогтоолгоё, ажлаас чөлөөлж өгөөч” гэсэн хүсэлт гаргасан гэж сонссон. Тэр үед нь чөлөөлөөгүй атлаа өөрсдөд нь таалагдахгүй шийдвэр гаргахаар “боловсон маягаар хөөгөөд” байгаагийн цаад учир юу вэ?. УИХ өөрсддөө  таалагддаг л хүнийг Цэцийн гишүүнээр томилдог болчихвол жинхэнэ улс төрчдийн захиалгаар шийдвэр гаргадаг, хууль зохиож мөрддөг улс болно. Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд Цэц байсан, байгаагүй ялгаагүй.  Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрээ зөрчдөг байснаас Үндсэн хуулийн шүүхгүй байсан нь ч нэр цэвэр биз.

Үндсэн хуулийн шүүх бол зөвхөн Ардчилсан улс оронд байдаг элемент. Энэ байгууллагыг нураасан орнууд яасан гээч. Казахстанд Үндсэн хуулийн шүүх гэж байсан. Ерөнхийлөгч Н.Назарбаев нь Үндсэн хуулийн шүүхээ Үндсэн хуулийн зөвлөл болгож, амин сүнсийг нь авч хаяад яг одоо манай улс төрчдийн хүсээд байгаа шиг зөвхөн санал өгдөг байгууллага болгосон. Тэгж байж ардчилсан нэртэй боловч дарангуйллын тогтолцоогоо бэхжүүлсэн. Дараа нь Киргиз яг энэ аргыг хэрэгжүүлсэн. Одоо Монгол энэ талаар суралцаж байгаа бололтой. Гэм нь дээрх хоёр орон энэ байдлыг үүсгэснээсээ хойш иргэдээ амар тайван байлгасангүй, “өнгөт хувьсгал, цэцгийн хувьсгал”, үймээн самуун тасарсангүй. Үүнийг нь хамт “импортолчих” вий гэсэн түгшүүр төрөхгүй байхын аргагүй юм. Хаана Үндсэн хуулийн шүүхээ хүчгүйдүүлж, устгана, тэнд дарангуйлал бий болдог.

Харин Цэцийн гишүүний шинэ “малгай” гэж хошигноод байгаа тэдний дээрх “Лексус-570” машины тухайд УИХ 20-иод жилийн өмнө “Үндсэн хуулийн Цэцийн дарга туулах чадвартай машин унана” гэсэн тогтоол гаргачихаж. Ингээд Цэцийнхэн арваад жилийн өмнөөс УИХ-ын тогтоолоор өгөх болсон машинаа авъя, орон нутагт ажиллахдаа ашиглая гээд бичиг цаас шидсээр өнгөрсөн онд Үндсэн хуулийн Цэцийн дарга жийп машинаа авч л дээ. Энэ тийм гайхмаар зөрчил гэж үү. Өнөөдөр хэн жийп унадаг билээ. УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нар, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга цөм л жийп хөлгөлөдөг биз дээ.  Гэтэл төрийн дөрөв дэх өндөр албан тушаалтан жийп унасан нь юу нь сонин гэж. Болохгүй юм бол яах гэж өгсөн юм бэ. УИХ-ын тэр тогтоолыг цуцалчихгүй яасан юм бэ.

 Ийм аар саар зүйл ярьж, ардчиллын тулгуур зарчим Үндсэн хуулиа, Үндсэн хуулийн шүүхээ ганхуулж “тоглохын” цаана хэний эрх ашиг байна вэ. УИХ-ын гишүүн хязгааргүй эрх мэдлээр дурын хуулиа батлуулж, дарангуйллыг тогтоох энэ үйл явцыг яагаад энэ цаг үед хийхээр яарч байна вэ гэдгийн цаана болгоомжлол, түгшүүр төрөхгүй байна гэж үү. Цэцийг өнөөдөр ч татан буулгаж болно. Гишүүдийг нь өнөөдөр ч хөөгөөд явуулчихаж болно. Харин ардчиллынхаа үнэт зүйлийг авч хоцрохоо мартуузай гэж Ардчиллынхан олуулаа байгаа энэ парламентад хаяглаж захья даа.

 Н.Лхам


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Зочин (January 12, 2016 9:00:17 pm )

    ҮНДЭСНИЙ ЦЭЦ, АРДЧИЛСАН НАМ ХОЁР НЭГ ТЭРЭГНИЙ ХОЁР ДУГУЙ ГЭДГИЙГ АРД ТҮМЭН МЭДНЭ.

antalya rent a car