Элэгний С вирусийг устгах Харвони эмийг өнгөрсөн оны 12 сарын 24-ний өдөр Монголд оруулж ирсэн билээ. Улмаар эмийг 12 сарын 28-наас эхлэн хепатитийн С вирүсийн халдвартай, эмчилгээ шаардлагатай бүртгэгдсэн иргэдэд цахим жороор түгээж эхлээд байна.
Уг эмийн нэг сарын хэрэглээ нь 800800 төгрөг болж буй бөгөөд төлбөрийг нэг сараар эсвэл гурав буюу курс эмчилгээний төлбөрийг хийж болох юм.
Хэрэв та өөрийгөө тус халдварт өртсөн байж болзошгүй гэж үзэж байгаа эсвэл өмнө нь хийлгэсэн лабораторийн шинжилгээгээр С вирүсийн халдвартай гэж тогтоогдож байсан бол өөрийн харьяа аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, бүсийн оношилгоо эмчилгээний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв зэрэг сургалтад хамрагдсан эмч нарт хандаж, зөвлөгөө авч, шаардлагатай шинжилгээнүүдийг хийлгэн, бүртгэлд орж цахим жор бичүүлэн авна.
Эмийн төлбөрийг зөвхөн Худалдаа хөгжлийн банкин дахь “Омбол” ХХК-ийн дансанд шилжүүлэх бөгөөд төлбөр төлснөөс хойш хот дотор 2-3 хоногийн дараа заасан эмийн сангаас өөрийн биеэр, иргэний үнэмлэхтэйгээ очиж эмээ авах юм байна.
Харин хөдөө орон нутагт төлбөр хийсний дараа тухайн аймаг, суманд байрлах эмийн сан уруу эмийг явуулах бөгөөд аймгийнхаа хариуцсан эмчтэй холбогдож эмээ авах аж.
Улаанбаатар хотод төр, хувийн хэвшлийн эмнэлэгт байрлах нийт 14 эмийн сан, аймаг тус бүрт нэгдсэн эмнэлэгт байрлах нийт 22 эмийн сангаар Харвони эмийг олгох юм.
Харвони эмийг худалдаалах эрх бүхий эмийн сангийн жагсаалт болон шинжилгээ авах эрх бүхий лабораториудын нэрсийг ЭНД дарж дэлгэрэнгүйгээр харна уу.
Эмийн сангаас 28 ширхэгээр савлагдсан нэг сарын эмчилгээний Харвони эмийг өгөх бөгөөд эмийн савны ёроолд тусгай код наасан тул эмийг хүнд дамжуулахгүй, хуваахгүй, зөвхөн өөрөө ууна. Уугаад дууссан эмийн хоосон савыг эмийн санд заавал буцааж өгөх бөгөөд сар тутам эмчдээ үзүүлж, хянуулсны дараа сарынхаа эмийн жорыг бичүүлэх юм.
Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/ нь улсын хэмжээнд эмч, мэргэжилтнийг мэргэжил арга зүйгээр хангах, оношилгоо, эмчилгээг хянах, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх эрх, үүрэг бүхий байгууллага бөгөөд цаашид дээрхи бүх үйл ажиллагааг гардан хариуцаж байна.
Тиймээс элэгний С вирүст халдварын эмчилгээ, оношлогооны талаар лавлаж тодруулах зүйлээ ХӨСҮТ-ийн 454921, 450443, 99008084, 99157794 дугаарын утсанд холбогдох эсвэл www.nccd.gov.mn, www.mohs.mn цахим хуудаснаас авах боломжтой.
Эрүүл мэнд, спортын яамнаас нэг курс эмчилгээ нь 94000 ам.доллараар зарагддаг тус эмийг үйлдвэрлэгч АНУ-ын Гилеад сайнс компанитай “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд 1200 ам.доллараар оруулж ирэх, борлуулахаар болсон.
Харвони эмийг АНУ-аас гадна Европын холбоо, Канад, Щвейцар, Шинэ Зеланд, Турк, Египет зэрэг 30 гаруй улсад бүртгэгдсэн, хепатит С вирүсийн халдварын эмчилгээнд хэрэглэж байна гэдгийг Эрүүл мэнд, спортын яамнаас мэдээллээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.