Гэсэн ч хоёр байгууллагыг нийлүүлж, дарга нар нь солигдож байгаа учраас албан хаагчдынх нь хувьд халаа, сэлгээ хийгдэх байх гэсэн айдастай байсан. Түүнчлэн үйл ажиллагааг нь хэрхэх бол гэдэг асуудал ч ундарсаар байв. Ядахад яр гэгчээр дарга нар нь оны өмнөхөн өөрсдийн хүсэлтээр ажлаа өгч, эзэнгүй шахам болоод байсан.
Мөн Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг нэгтгэх үйл явц ч олны эсэргүүцэлтэй тулгараад байсан. Тэр ч байтугай эдгээр газруудыг нэгтгэснээр хэчнээн хүн ажилгүй болох нь одоогоор тодорхойгүй байна, нийлүүлсэн ч С.Мэндсайханыг л даргаар томилж өг гэх хүсэлтийг шинэ оноос өмнө статистикчид УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт албан бичгээр шаардсан. Тэд хэрвээ шаардлагыг нь үл тоомсорловол тэмцэнэ гэдгээ ч мэдэгдээд байсан билээ.
Ийн даргын суудал нь эзэнгүйдэж, албан тушаалтнуудын “шүлсийг гоожуулж”, албан хаагчдын айдсыг төрүүлээд байсан үйл явц азаар дуусгавар болж, өчигдөр Засгийн газрын хуралдаанаар зарим байгууллагын дарга нарыг томиллоо. Гэхдээ шинэ дарга нар албаа хүлээж аваад айхтар халаа, сэлгээ хийхгүй байх тал дээр хатуухан анхааруулгатай байгаа гэнэ. Юутай ч Засгийн газрын хуралдаанаар Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Үндэсний статистикийн хороог нэгтгэж, Бүртгэл, статистикийн газар болгон өөрчилж, даргаар
нь С.Мэндсайханыг томилжээ. Харин орлогч даргаар нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдоржийг томилсон байна. Өөрөөр хэлбэл статистикчдийн шаардлага ёсоор даргыг нь буцаан томилсон аж.
Мөн Ц.Пүрэвдоржийн хувьд Улсын бүртгэлийн ерөнхий газрыг тэргүүлж байсан учраас дээрх дарга нарын хувьд асуудал үүсгэхгүйгээр ажлаа хийгээд явах боломжтой гэж үзсэн хэрэг. Харин Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрыг нэгтгэн, тус газрын дарга буюу Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгчөөр С.Пүрэвийг томилжээ. Тэрбээр Сангийн сайдын ахлах зөвлөхийн албыг хашиж байсан нэгэн. Мэдээж байгууллагуудыг нэгтгэн үйл ажиллагаа нь өргөжиж байгаа учраас гурван орлогч даргатай байх юм. Тодруулбал Гааль хариуцсан орлогч даргаар Н.Энхцогт, Татвар хариуцсан орлогчоор О.Даваасүрэн, Боомт хариуцсан орлогчоор Д.Бэхбат нарыг тус тус томилсон байна. Мэдээж Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат, Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан нар оны өмнө ажлаа өгчихсөн учраас заавал хэн нэгэн “шинэ” даргыг томилох зайлшгүй шаардлага байсан биз. Тиймээс Сангийн яам өөрийн “мэдлийн” байгууллагын даргаараа ахлах зөвлөхөө томилуулахаар шийдсэн нь энэ.
Харин орлогч дарга нарын тухайд Н.Энхцогт нь Гаалийн ерөнхий газрын дэд даргын албыг, О.Даваасүрэн нь мөн газрын Хүний нөөцийн газрын дарга, Д.Бэхбат нь Боомтын нэгдсэн захиргааны дэд даргаар ажиллаж байсан билээ. Өөрөөр хэлбэл байгууллагууд нэгдсэн ч дарга нарын тухайд зөөлөн газардаж, ядаж л орлогчийн сэнтийдээ тунаж байна гэсэн үг. Тиймдээ ч УИХ-ын сонгууль болж, эрх баригчдын эрх ямба өөрчлөгдөх хугацаа дөхсөн учраас хамгийн гол халаа, сэлгээ хийж энгийн албан хаагчдаа ийш, тийш нь битгий туугаасай хэмээн албан хаагчид нь залбирах шахам гүйлдэж буй сурагтай. Нэгэнт дарга даамлыг бол татаад авчихдаг болсон энэ цаг үед доод албан тушаалтнуудаа тээр шааж битгий л ажилгүйчүүдийн эгнээгээ тэлээсэйдээ энэ дарга нар нь.
Ж.Нарангэрэл
3 Comments