Цахим орчинд Chinggis Unur нэртэй фэйсбүүк хэрэглэгч “хүний наймаачин”, “гаж донтон” нэр зүүгээд буй. Тодруулбал, охид бүсгүйчүүд рүү “Гадаадад аялуулна. Би бол мэргэжлийн гэрэл зурагчин, зургийг чинь аваад өгье” зэргээр фэйсбүүкийн чатаар мессэж бичдэг талаар мэдээлэл цацагдаад байсан юм. Харин энэ талаар Ч.Өнөртүвшин гэх залуу өөрөө эрс үгүйсгэж “Хүний наймаачин” нэр зүүчихээд л явж байна. Манай компани дэлхийн шилдэг зуун компанийн тавд бичигддэг том компани. Манай компанийн гайхамшигтай бүтээгдэхүүнүүд Монголд орж ирээд байна. Энэ талаараа л хүмүүст мэдээлэл өгөх гэж компанийнхаа танилцуулгыг, сонирхвол ирж уулзаад, дэлгэрэнгүй мэдээлэл авахыг санал болгон мессэж бичдэг.
Ганц охид, бүсгүйчүүд рүү биш. Фэйсбүүкийн эрэгтэй, эмэгтэй хамаагүй, нас харгалзахгүй бүхий л найз руугаа мэдээлэл түгээдэг. Гэтэл үүнийг дан эмэгтэйчүүд шүүрч авч, өөрийг нь өдөж хоргоосон мэтээр худал мэдээлэл тарааж, нэр төрд халдаж буйд харамсаж байна. Ийм худлаа цуурхалыг “Otgonbayar Jadambaa” хаягтэй фэйсбүүк хэрэглэгч олонд тараасан байна. Энэ хүн бичсэнчлэн Цахим гэмт хэрэгтэй тэмцэх газар шалгуулаасай, гэм бууруугүйг минь тогтоож өгөөсэй гэж хүсч байна.
Манай бүтээгдэхүүнүүдийн нээлт ирэх аравдугаар сарын 3-нд болох юм. Нээлтийн үйл ажиллагаанд “Киви”, “Хурд”, “Uvertura” хамтлагууд оролцоно. Дээрх гурван хамтлагийн адил Т.Чамин-Өлзий гэх уран бүтээлчид хамтран ажиллах санал тавьсныг минь буруугаар ойлгож, хэрүүлийн харилцаа үүсгэсэн. Маргалдаж бичсэн мессэжийг минь цахим орчинд тавьж, хүмүүс рүү явуулсан сурталчилгааны мессэжийг хүний наймаанд ашиглах хэрэглүүр мэтээр бичжээ. Харин Т.Чамин-Өлзийгийн найз залуу болох “Otgonbayar Jadambaa” нь цахим орчинд намайг “гаж донтон”, “хүний наймаачин” хэмээн цоллоод байна” хэмээн ярьж байв.
-ХЭРГИЙГ НЬ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖЭЭ-
Харин манай сайт энэ залууг үнэхээр “хүний наймаачин уу” эсвэл өөрийнх нь хэлснээр хилс хэрэгт гүтгүүлж байсан уу гэдгийг шалгаж, “Олны үг ортой эсэхийг шалгалаа” буландаа онцолж байна.
Түүнд Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Түүнд хүчиндүүлсэн гэх О, О, Х нар цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу энэ хэргийг шалгаж эхэлсэн байна. Гэтэл мөрдөн байцаалтын явцад энэхүү хэрэг хийсэн гэх сэжигтэн Ч.Өнөртүвшин нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдоогүй байна. Тиймээс түүнд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Тэрбээр төрийн гэрэл зурагчнаар олон жил ажилласан, Монголын сэтгүүлчдийн холбооны гишүүн, гэрэл зурагчин мэргэжилтэй, гэрэл зургийн студитэй хүн аж. Гэхдээ сүүлийн хоёр жил зураг аваагүй тул энэ хугацаанд хүмүүс рүү гэрэл зургийн санал явуулаагүй гэж мэдүүлжээ.
Б.ЦЭЛМЭГ
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 04, 2016 5:13:21 pm )
Хүний нэр төрийг ингэж санаатай гутаахаа болимоор юм.
1 Comment