
Нэгэн цагт хүүхдүүдээ өсөж том болоод амьдрал зохиож эргээд ээжийгээ асрана гэж бодохдоо хүч орж тэр үеийг хүртэл ямарч байсан тэсэх хэрэгтэй хэмээн зүтгэнэ. Өдөр хоног өнгөрсөөр он жилүүд хөвөрсөөр гэвч тэд нь гараас гарталаа мөн ч өдий байна даа.
Тэднийх нилээдгүй чинээлэг сэхээтэн айл. Тогтох эрдэм номтой, сэргэлэн, бусадтай эвсэг боловч түүнд нэг л том асуудал байдаг нь тэрээр олиггүй залуустай нийлж дарвин улмаар хулгай хийх муу эрдэмд чамгүй сайн суралцжээ. Тогтох үнэндээ мөнгөгүй дээ биш харин эхлээд тэр хүмүүстэй нийлж зугаацаж овсгоотой гэдгээ харуулах гэж хулгай хийдэг байснаа явсаар нилээд амтанд нь орж нилээдгүй дориун хулгайчын тоонд орох болжээ. Тэрээр хулгай хийж олсон мөнгөө гадуур явж хэнтэй ч хамаагүй нийлээд юунд ч хамаагүй үрдэг байлаа. Түүнд үнэндээ мөнгөний үнэ цэнэ гэж үгүй байлаа. Зүгээр олдсон юм чинь зүгээр л үрж орхино гэсэн бодолтой залуу.
Жамьян ахлах дэслэгч цолтой Сүхбаатарын районд эрүүгийн хэргийн мөрдөн байцаагч. Aлбандаа шударга үнэнч зүтгэдэг сэргийлэхийн сайн ажилтан бөгөөд түүний нэг гол чанар нь ямарч хүнийг алдсан дээр нь түлхэх биш харин амьдралын зөв замд нь оруулах юмсан гэсэн бодол нь юм.
Дулам сарын сүүлийнхээ цалинг мөн 13 дахь сарын цалинтайгаа нийлүүлж овоо хэдэн төгрөг авчихаад гэрлүүгээ явахаар үйлдвэрээсээ гарлаа. Гадаа цас хаялаад хөлд чихран сонсогдоно. Яагаад ч юм нэг л сэтгэл өөдрөг шинэ жил болж байгаа тул юу юу авах вэ гэсэн бодол толгойноос салахгүй эргэлдэж байлаа. Ямарч байсан жилд зөвхөн энэ л үеэр иддэг мандаринийг нь хүүхдүүддээ авах юм шүү бас… гэж цааш нь бодсоор үйлдвэр 7-н буудлын автобусанд суув. Ажил тарж байгаа үе тул тэнд нилээн олон хүмүүс байлаа. Дулам дунд хавьд очиж зогсоод нөгөөх л бодлоо үргэлжлүүлэв. За байз хүн амьтан ирэх байх тэгэхээр тавгын хэдэн чихэр бас гацуур модоо гоёх саа авъя нөгөө хэд маань одоо намайг ирнэ гээд тэсэн ядан хүлээж суугаадаа өглөө намайг гарахад тэд аль хэдийн сэрчихсэн орой та гоё, гоё юм зөндөөг авчирна тиймээ ээжээ гэсээр л хоцорсон юм сан гэж бодохдоо яагаад ч юм инээмсэглэв.
Тэрбээр бодолдоо болоод тасалбар түгээгчийн ирж явааг ч анзаарсангүй та билэтээ авна уу гэхэд нь л сая түүнийг харав. Дулам за одоохон гээд цүнхээ уудлан түрүүвчээ авах гэтэл байсангүй. Тэр гайхан сонин юмаа энд яах аргаүй л хийсэн дээ гээд дахин үзсэн боловч түрийвч алга байлаа. Тэрхэн мөчид бүх л бодол, хүсэл, баяр хөөр бүгд хийсэн арилах шиг болж яанаа арай ч үгүй байлгүй дээ гэсэн сандралын хамт түүнийг хүлээж суугаа хэдэн бор хүүхдүүд нь нүдэнд нь харагдах шиг болж яагаад ч юм бэ нэг л мэдэхэд бурхан минь туслаарай гэж хэзээ ч сэтгэлд нь орж байгаагүй тэр л үгийг хэлэв. Дулам яанаа миний мөнгө алга байна одоо яах вэ хэмээн аргаа барсан харцаар харахад кондуктор ийш тийшээ орчихсон байлгүй дээ гэж тайвшруулахыг оролдов тэгээд үнэхээр байхгүйг нь мэдээд цааш эргэн жолооч руугаа хандан битгий зогсоорой шууд сэргийлэх рүү яв гэж хашгирав.
Өндөрдүү залуу гэж Жамьян бодолхийлсэнээ энэ хавиар явдаг хулгайч нарыг дотроо бүртгэв. Үнэндээ гэмт хэрэгт холбогдсон болон холбогдох магадлалтай хүмүүс мөн хармааны гэх хулгайч нарын бүх л мэдээлэл түүнд байвч нэг бэрхшээл нь хулгайч нарыг ялангуяа хармааны хулгайч нарыг үйлдэл дээр нь л гардаж барихгүй бол тэднээр хэрэг хүлээлгэнэ гэдэг амаргүй зүйлийн нэг байлаа. Тэрээр олон зурагнууд дотроос Тогтохын зурган дээр тогтож өндөрдүү залуу… өндөрдүү залуу гэж амандаа давтаад уг нь хүний хувьд гайгүй залуу шиг байгаа юм гэвч нийлдэг хүрээлэл нь түүнийг аажмаар муу бүхэн рүү түлхэж байна даа гэж бодолхийлэв. Тэгээд ямарч байсан түүнтэй уулзахаар шийдэв.
Дулам үнэндээ гэртээ очоод хүүхдүүддээ юу гэж хэлнэ дээ яаж тэднийхээ царайг харна даа гэхээс хальширч байлаа. Хэдэн хүүхдүүд минь ингэж их ядартлаа ажил хийгээд хөдөлмөрийнхөө хөлсийг авч байхад хэн нэгэн хүн юу ч хийлгүй байж байгаад түүнийг нь хулгайлж аваад юунд ч хамаагүй үрчихдэг гэдгийг мэдэхгүй, ойлгохгүй тэдэндээ үнэндээ юу гэж хэлж очихоо мэдэхгүй байлаа. Дуламд өөр ямарч арга байсангүй найз хүүхнийдээ очиж учраа хэлж цөөхөн хэдэн төгрөг зээлээд бага зэрэг юм аваад гэртээ харив. Түүнийг оронгуут хүүхдүүд нь ээжээ гэсээр гүйлдэн ирлээ. Түүнд хэлэх үг ч олдсонгүй авчирсан жаахан зүйлсээ ширээн дээр тавиад ээжийнх нь цалин буусангүй гэж анх удаа тэдэндээ худлаа ярив. Ганц ганц мандарин бариад идэж суугаа тэднийгээ хараад Дулам муу хулгайч чи биднээс мөнгийг минь биш харин баяр хөөрийг минь хулгайлсанаа мэдэж байна уу гэж хараагүй мэдэхгүй ч ийм байдалд оруулсан хэн нэгэнд гомдон өөрийн эрхгүй нүднээс нь гашуун нулимс урсан гарлаа.
Энэ хооронд а/д Жамьян энгийн хувцас өмсөөд Дуламын мөнгөө алдсан чиглэлийн автобусанд суугаад нааш цааш нилээн хэдэн удаа явав. Гэвч сэжигтэй зүйл тохиолдсонгүй Тогтох ч үзэгдсэнгүй.
Маргааш нь Тогтох ямарч байсан ирэв. Жамьян олон зүйл түүнд хэлэлгүй шууд дагуулаад гарав. Тэгээд түүний хамтаар Дуламынд очив. Тэр өдөр нь 12-р сарын 30-ны өдөр байлаа. Тэр өдөр хагас амралтын өдөр тул тэрээр гэртээ хүүхдүүдтэйгээ байлаа. Тэд нэг л гал цоггүй хэн нэгэн тэднээс сайн сайхан баяр баяслыг нь булаагаад авчихсан мэт байдалтай байв. Дулам тэр хоёрт цай хийж өгөөд урд нь тавагтай чихэр тавив. Тэр магадгүй түүний мөнгийг авчихсан байж болох хүн гэрт нь ирчихээд сууж байгааг мэдэхгүй байлаа. А/д Жамьян хулгайчийг олоогүй байгаа гэдгээ Дуламд хэлээд цаашид боломжтой бүхнийг хийнэ гэв.
Дулам миний хичнээн хоногийн хөдөлмөрийн хөлсийг хулгайч амар хялбар аргаар авчихаад одоо үрээд явж байгаа байхдаа гол нь хүүхдүүд минь гэртээ ээж цалингаа аваад ирнэ гоё гоё юм авчирна даа гээд хүлээж байсан тэдний баяр хөөрийг хамт хулгайлсанаа тэр хүн хэзээ ч бодож үзээгүй болов уу мөнгө хулгайлсанаасаа илүү олон өдрийн минь хөдөлмөрийг, бидний аз жаргалийг, баяр хөөрийг хулгайлсанд нь үнэндээ гомдоод барахгүй юмдаа гэв. Тогтох эргэн тойрнийг хялам хялам харан сууна. Түүний дотор юу бодогдож байгааг хэн ч үл мэднэ.
Шинэ он гарсан эхний өдөр а/д Жамьянгийн өрөөний утас дуугарав автал Дулам байлаа тэрээр баяртай дуугаар би мөнгөө олсон яг бүрэн бүтнээр нь оллоо гэж давхцуулан хэлэв. Жамьян баярлан яаж гэж асуутал Дулам 31-ний орой тэднийд урт цагаан сахалтай уут дүүрэн бэлэг үүрсэн өвлийн өвгөн орж ирээд бүгдэд нь бэлэг өгсөн гэлээ. Тоглоом, дэвтэр, үзэг, харандаа, алим жимс гээд л зөндөө юм өгсөн. Бид бүгд баярлан хөөрч хүүхдүүд минь нэг нэгэндээ бэлэгнүүдээ үзүүлж инээд дүүрэн байцгаасан. Миний ууттай бэлгэн дотроос түрийвч минь нэгэн зурвасны хамт гарсан би гайхан унштал дахин хэзээ ч хулгай хийхгүй намайг уучлаарай та бүхэнд шинэ жилийн мэнд хүргэе гэсэн бичиг байсан би одоо болтол учрыг нь сайн олохгүй л байна. Биднийг бэлэгнүүдээ задлан баярлаж байх хооронд нөгөө өвгөн гараад явчихсан байлаа. Тиймээс би юу ч мэдэж чадсангүй гэв.
Холбоотой мэдээ
-
Отгоо (December 31, 2015 10:31:23 am )
Үнэхээр сайхан өгүүллэг байна. Баярлалаа сэтгэл өөдрөг болчихлоо. Шинэ оны өглөө гэж…..
-
Хөх чоно (December 31, 2015 11:59:49 am )
Сайхан өгүүллэг байна. Танд баяраллаа. Би бүр баярлаад уйлсан шүү. Танд уран бүтээлийн амжилт хүсье. Харин бага зэрэг найруулгын алдаа болон дүрмийн алдаа нилээд их байна шүү. Гол нь агуулга нь сайн болж. Цаашид бичсэн зүйлээ олон дахин уншиж, алдаагаа сайн хянаж байгаарай. Бас нэрээ тавихаасаа бүү ичээрэй.
-
амбаа (January 01, 2016 1:07:18 pm )
Сэтгэлийн угт хүрч ер бишийн уяралын мэдрэмж хөндсөн сайхан өгүүллэг болж.Баярлалаа
3 Comments