Уншигч та бүхнийхээ амралтын өдөрт зориулж монголчуудын ам дамжин өгүүлж ирсэн “Салхин хийгээд сарны явдлын тухай хууч”, “Аман яриа”, “Энгэр зөрүүлэх ёсны нарийн учир”, “Бадарчингийн паян”, “Хүмүүнийг шинжих судар сэлт”-ийг эмхэтгэн гаргасан Түүх судлаач С.Очийн “Үдшийн хууч” нэртэй номонд багтсан бүтээлүүдээс хүргэж байна.
Эрт урьд цагт юмсан. Нэгэн ядуу залуу эр нутгийн сайхан бүсгүйтэй хайр сэтгэлтэй болж, дэр нэгтгэхээр харилцан тохиролцжээ. Тэгээд тоонот гэрт толгойгоо, тостой тогоонд хошуу холбохоос өмнөхөн ар гэрийн амьдралаа өөд татахаар залуу эр алсын аянд жин тээхээр явж гэнэ. Залуу хархүү харь холын Хаалган хот хүрч, зорьсон хэрэг нь сэтгэлчлэн бүтээд нутгийн зүг хүлгийн жолоо залав.
Орон нутагтаа ирээд эзгүй хойгуур нь хайртай бүсгүйг нь харь холын баян эр эзний зарлиг гэж элдэвлэж, хааны зарлиг гэж халхалж байгаад богтлоод аваад явсныг сонсож, хайрт бүсгүйнхээ араас байгаа газрыг нь зорин морджээ.
Залуу хархүү уул, ус олныг гаталж, хошуу сум олныг дамжиж явсаар баяны гэрийн ойр очжээ. Тэгээд хайртай бүсгүйгээ шууд оргуулан зугтая гэтэл харуул манаанд хар сэжиг авахуулж баригдаж болзошгүй гэдгээ ч тандаж мэджээ.
Ингээд арга ухаан сийлэн ухаан муутай царай гаргаж баяныд очиж гэнэ.
Залуу “Хүнд хүчир бүх ажлыг хийнэ. Ацаг хөлс авахгүй би. Буянтан минь намайг авралдаа багтаа” хэмээн баянаас сөгдөн гуйв.
Муу хувцастай, мангардуу төрхтэй залууг ацаг хөлсгүйгээр ажилдаа зарж, ашиг олохыг санаархсан баян ойр зуурын ажилд зарж, адуу малдаа явуулах болжээ.
Залуу эр баяны ажлыг ч нугалж, хайртай бүсгүйтэйгээ ч хааяа хааяахан, сэм сэмхэн уулздаг болов. Нэгэн өдөр улаан халзтай өргөөнийх нь өмнө мань залуу баянд бараа болон зогсож байтал адуун сүргийнх нь манлай хонгор азарга мань хэдийн нүдэн дээр байдсан гүү гишгэжээ.
Үүнийг хараад залуу алмай маанаг царайлан “Адуу гэж мөн ухаантай амьтан юм аа. Алсыг харах гээд нуруу нь намдахаараа нэгэн дээрээ гарч, өндөр болж байгааг нь хараач, хөөе” гээд чанга гэгч нь хэлээд орхив.
Баян эр ч ихэд инээж, ийм юм мэдэхгүй энэ маанагаар залуу хатнаа мануулъя гэж санаж гэнэ ээ. Ингээд залуу маань хайрт бүсгүйгээ манах ажилтай болов.
… Заяын хүрээний цам харайхыг заавал үзнэ гээд залуу эхнэр хөгшин баяныг шалж гэнэ. Баян эр ч залуу эхнэрээ уйдаахгүйн тулд замд гарав. Зам нилээн хороосны эцэст баян айл хэсч, аяга тагш юм уухаар шийдэн “Та хоёр ингээд явж бай. Би ганц нэг айлаар ороод араас чинь очъё” гээд хатнаа маанаг бараа бологчтой нь хамт үлдээгээд, бусад дагалдагсдын хамт зам хазайжээ.
Тун их удалгүй хатан, маанаг хоёр жалганд орж, үүлэн борооны ажил үйлдэж, бие сэтгэлийн хагсаагаа тайлж эхэлжээ. Нуур нугасаа хэдэнтээ жаргаасны хойно харвал баян эр дагалдагсдын хамт айсуй гэнэ. Сандарсан бүсгүй өмдөө татан босох гэтэл залуу хэрэггүй гэж хориглоод ухаан алдсан юм шиг хэвт гэжээ.
Баян эр давхин ирээд “Энэ чинь юу болж байгаа юм?” гэж байдаг чадлаараа бархирч, бүдүүн суман ташуураа далайв.
Харин залуу сандарсан байдлаар “Ээ, эзэн минь, өршөө. Сая хатны морь булгиад мориноосоо ойчлоо. Ухаан орохгүй болохоор нь сандраад энд тэнд хугарч, хагарсан юм байгаа юм болов уу гээд үзсэн чинь энд нь хагарсан юм шиг байна” гээд бүсгүйн хоёр хөлний хоорондохыг заав.
Баян ихэд хилэгнэн “Хар мал аа, наадах чинь угаасаа ийм хагархай байдаг юм” гэх нь тэр ээ.
Эх сурвалж www.wikimon.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.