Сонгууль жинхэнэ утгаараа эхэлж, өрсөлдөгчид үнэн царайгаа харуулж эхэлснийг АН-ын дарга нарын мэдэгдэл баталлаа. Намынхаа гишүүдийг баярлуулж, МАН-ын гишүүдийг цочирдуулсан Н.Алтанхуягийн үг дайны үед бол дуэльд дуудсан хэрэг болов. Энэ Засгийн газрын бүрэн эрх дуусахад хэдхэн сар дутуу байхад гэрээгээ зөрчин байж гарна гэж сүржигнэж байгаа нь ямар учиртай вэ хэмээн гайхах нь олон байна. Н.Алтанхуягт “түүхэн үүргээ биелүүлсэн тул” гэж маадайж суух эрх байгаа бил үү? Тухайн үед Монголын улс төр тогтворгүй, эдийн засаг хүнд байсан нь үнэн. Харин өнөөдөр байдал дээрдсэн гэж үү? Таван толгойгоос хэдэн төгрөг авна гэсэн горьдлоготой, юмны үнэ өсөх нь гэсэн айдастай, сонгууль дахиад будлиантах уу гэсэн хардлагатай хэвээр байна. МАН-ын хувьд нөхөртөө цүндгэр гэдэстэй хаягдсан жирэмсэн эхнэр шиг байдалтай үлдэв. Энэ сонгуулийн хугацаанд тэдний хамтарч хийсэн ажлын үр дүнгээс ямар “хүүхэд” төрөх вэ, тэр нь ард иргэдэд таалагдаж чадах уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Зөвхөн сонгох эрхээ эдэлж л эрх баригчдаас хариуцлага нэхэж чадах тул иргэд юу хийсэн бэ гэж сонгуулийн үеэр шаардаж эхэлнэ. Үүнээс АН зугатааж байгаа хэрэг биш гэж үү? АН Засгийн газраас гарах эцсийн шийдвэр гараагүй байгаа ч Э.Бат-Үүл гишүүний хэлснээр ҮЗХ энэ шийдвэрийг бүрэн дэмжих нь эргэлзээгүй гэв. Намын лидер Э.Бат-Үүлд итгэхгүй бол өөр хэнд итгэх вэ дээ. Хэрэв ҮЗХ-ны гишүүд энэ саналыг нь дэмжихгүй бол АН дотор ямар том идээ, бээр бугшиж байгааг харуулна. Гэхдээ Н.Алтанхуяг тэргүүтнүүд хамтын гэрээгээ зөрчиж байгаа, ҮЗХ-ны шийдвэрээс бүх зүйл шалтгаална гэдгийг мэдэж л таараа. Тэд тооцоолж, толгой дотроо ярилцсан болоод л гэнэтийн сюрпризээ сэтгүүлчдэд эхлээд дэлгэсэн байх. Эрийн цээнд хүрч хоншоортой ноёны хэмжээтэй болсон /АН-ын даргын хэлснээр/ тул түүний үг сенсацилаад өнгөрөх шоу биш байлтай. Цаана чинь дэлхийн эдийн засаг хямарлаа шүү гээд янз янзаар дохио өгөөд байхад бид “түүхэн үүрэг”-ээр Засгийн газарт орж түүнийгээ хангалттай сайн гүйцэтгэсэн гээд пээдэлзэж суух нь хэр зөв бол доо. Ингэхэд түүхэн үүрэг бол түүхэнд ганц л тохиодог, дахин давтагддаггүй гэдгийг АН-ын нэг лидер хэлсэн билээ. Тэгэхээр ахин МАН-тай хамтрахгүй гэсэн үг болж байна.
Тэдний хамтарсан Засгийн газраас гарах болсон шалтгаан нь сонгогчид АН, МАН хоёрыг ялгаж, салгахад нь хэрэгтэй гэв. Иргэдийг ингэж доош нь хийж болох уу? Сонгогчийн хувьд миний бие лав хүлээн зөвшөөрөхгүй. Зүгээр л бид эртхэн сонгуульдаа бэлдэж, эртхэн хариуцлагаас холдъё гэж байгаа биш үү? МАН ч яахав, сандал ширээ хайсан хүмүүс олон байхад хэдхэн хоногийн дотор суларсан сайдын суудлаа нөхчихнө. Үүний цаана иргэдийн амьдралыг сайжруулахын төлөө хийгдээгүй үлдсэн ажил эзэнгүй хоцрох нь. Намын гаднаас харж буй судлаачид энэ шинэ “үзэгдэл”-ийг АН-д л гагц ашигтай гэдгийг хэлээд байна. МУИС-ийн улс төр судлалын тэнхимийн багш Ц.Батболд “Засгийн газар, ард түмний хувьд ч гэсэн хохиролтой. Харин АН-д бол ашигтай хувилбар” гэж хэлснийг дуулгая. Хэрэв ҮЗХ нь зөвшөөрөөд, хамтын гэрээгээрээ баталчихвал АН-аас хариуцлага нэхэхээ мартаж болохгүй юм. Улс төрчид бол юмыг мартуулж ч чаддаг, сануулж ч чаддаг гарамгай авьяастай хүмүүс билээ.
Анх хууль зөрчөөгүй ч стандарт биш гэдгийг мэдсээр байж “тэврэлдчихсэн” хоёр намын гишүүдийн сөргөлдөөн сүүлийн үед хурцадсан нь үнэн. Гэлээ ч “Би чамтай байж тэвчишгүй нь” гээд хувцсаа баглаад гүйх авгай, нөхөр шиг байж болохгүй байлтай. Хувиа бодсон АН хаалга хаагаад гарвал ямар “хүүхэд” гарах бол гэсэн цүдгэр гэдэстэй МАН, АН-д итгэж болох уу гэж жийрхсэн иргэд л үлдэх вий.
Б.Баяр
Холбоотой мэдээ
Comments are closed.