Сүүлийн өдрүүдэд Ираны асуудал дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Лалын шашинт Бүгд найрамдах улс далайн цэргийн хүчний сургуулилт хийж эхэлсэнтэй холбогдуулан Ормузын хоолойгоор хөлөг онгоц гаргахгүй хэмээн мэдэгдсэн. Гэтэл тус хоолойгоор АНУ-ын далайн цэргийн хөлөг өнгөрмөгц өмнөх мэдэгдлээсээ тус улс татгалзлаа. Тун удалгүй алсын зайны пуужин харваж туршсан явдал мөн л шуугиан дэгдээв. Гэтэл тэр нь худлаа болж туршилтыг хойшлуулсан байлаа. Оны сүүлээр үнэхээр сандаргаад авсан хэрэг шил шилээ даран гарсан нь энэ байв. Харин өнөөдөр Ормузын хоолой дэлхийн хамгийн халуун цэг болон хувирах гэж байна.
Ормузын хоолойгоор газрын тосны дэлхийн экспортын 40 хувь нь өнгөрдөг гэсэн статистик судалгаа байдаг. Энэ хоолой Персийн булан болон Энэтхэгийн далайг холбодог. Иран энэ хоолойн хойд хэсгийг хяналтдаа авсан бол өмнөд хэсэг нь Саудын Аравийн мэдэлд байдаг байна. Энэ хоолойгоор дамжин Саудын Арави, Кувейт, Иран, Арабын нэгдсэн Эмират улс, Ирак зэрэг орон экспортоо гүйцэтгэдэг юм байна. Харин тэрхүү газрын тосыг импортлогч томоохон орнуудын тоонд Европын холбоо болон АНУ орно.
2012 онд сөргөлдөөний бүхий л шугам Иран дээр төвлөрнө гэдэг ойлгомжтой. Саудын Арави, Израиль, АНУ зэрэг орны ашиг сонирхол нэгдсэн нь хүч хэрэглэх явдлыг улам бүр магадлалтай болгож өглөө. Тэгэх тусмаа сэтгэл санаа болон үзэл суртлын бэлтгэл ажил сүүлийн хэдэн сарын дотор нэлээд идэвхжиж эхлээд байгаа юм. “Холын ажиллагаа” явуулах зориулалттай тусгай анги нэгтгэлийг Израиль улс зохион байгуулж байгаа талаар мэдээлэл тархлаа. Түүнийг цагтаа дээд зэргийн нэгтгэл болох “Сайерет Маткаль”-ийг тэргүүлж байсан хошууч Шай Авиталь удирдах юм. Тэрхүү тусгай нэгтгэл хаана тулалдах гэж байгаа юм бол гэсэн асуулт гарч ирнэ. Мэдээж Иранд. Тус улсын цөмийн хөтөлбөрийг устгахын тулд чадах бүхнээ хийх болно хэмээн Тель-Авив хотноо нэг бус удаа мэдэгдээд байгаа билээ.
Үүнтэй зэрэгцэн өнгөрөгч даваа гаригт Иран улс том хэмжээний цэргийн хээрийн сургуулилтын үеэр алсын тусгалтай пуужинг амжилттай туршлаа. Энэ пуужин Израиль төдийгүй Ойрхи Дорнодод байрлаж байгаа АНУ-ын цэргийн баазыг устгах хүчин чадалтай гэдгээрээ онцлогтой. Иран улс хээрийн сургуулилтдаа Энэтхэгийн далай, Персийн булан болон Ормузын хоолойгоос эхлэн Адены хоолой хүртэл өргөн хэмжээний нутаг дэвсгэрийг хамруулжээ. Тус улсын далайн зэвсэгт хүчин анх удаа ийм том хэмжээний сургуулилт зохион байгуулж байгаа нь энэ юм гэнэ. Ингэж сургуулилт явуулснаар батлан хамгаалах хүчин чадлаа харуулаад зогсохгүй шаардлагатай бол олон улсын хилээр нэвтэрч ажиллах чадвартай гэдгээ дэлхий нийтэд үзүүллээ.
Үүнтэй зэрэгцэн АНУ ч байлдааны бэлэн байдлыг зарлахад тун ойрхон болоод байна. Шаардлагатай гэж үзвэл АНУ-ын зэвсэгт хүчин Ираны цөмийн объект руу цохилт хийх бүрэн чадвартай талаар тус улсын Нэгдсэн штабуудын дарга нарын тэргүүн, генерал Мартин Демпси мэдэгдэв. Гэхдээ ийм үйл ажиллагаа нь улс орныг удтал үргэлжлэх мөргөлдөөнд татаж, бүс нутгийн эмгэнэл болно гэдгийг тэрээр онцолсон юм. Тэгвэл Ойрхи Дорнодод шинэ дайн үүсэх магадлал хэр өндөр вэ?
Ихэнх мэргэжилтнүүдийн үзэж буйгаар байдал нэлээд хүнд төдийгүй Иран өөрөө өдөөн хатгах үйлдэл байнга хийсээр байгаа юм. Иран улс олон ч улсын зэвүүцлийг багагүй төрүүлж эхлээд байгаа гэдэг нь тодорхой. Тус улсад холбоотон гэж бараг үгүй боллоо. Тэр ч бүү хэл Арабын ертөнц тэднийг жигшин зэвүүцэж байна. АНУ Иракаас цэргээ яаравчлан гаргасан явдал ч үүний тод гэрч болов уу. Иран руу дайралт хэзээ ч эхэлж болзошгүй болчихоод байна. Тэгэх тусмаа Израиль үүнд аль эртнээс бэлтгэж эхэлсэн байгаа юм. Дайн эхлэх сургаар газрын тосны үнэ өсөх явдал нь АНУ-ыг зогсоохгүй гэдэг нь тодорхой. Тэгээд ч АНУ Ойрхи Дорнодоос газрын тос нэг их нийлүүлээд байдаггүй. Харин саяхнаас тус улс Аляскад байрлах газрын тосны цооногийг задалж эхэлсэн байгаа юм. Иран өөрийн гэсэн цөмийн зэвсэгтэй байж болохгүй гэх яриа үнэн хэрэгтээ зүгээр л нэг шалтаг болоод байна. Тус улсын цөмийн зэвсгийг устгах гэсэн хүсэл нь газар зүй, улс төрийн төвийг сарниулах гэсэн оролдлого гэж ойлгох хэрэгтэй хэмээн зарим нэгэн улс төр судлаачид үзэж байна. Мөн өнөөдрийн байдлаар АНУ-д зайлшгүй шийдэх ёстой нэгэн асуудал гарч ирсэн бөгөөд тэр нь Афганистантай холбоотой. Америкчуудад хангамж илгээх боломжийг Пакистан улс хааснаас хойш Афганистан дахь АНУ-ын зэвсэгт хүчин хүндхэн байдалд ороод байна. Тиймээс л Афганистан хүртэл хонгил гаргах нь амин чухал үйлс болон хувирчээ.
Зэвсэгт үйл ажиллагааг явуулах бүрэн боломжтой боловч газрын бус, харин агаар болон сансрын замынх гэж зарим нэгэн цэргийн ажиглагчид үзэж байгаа юм. Газраар дайн өдөөхөд АНУ-ын хүч хүрэлцэхгүй гэнэ. Учир нь нэг сая хүнээс бүрдэх арми бүрдүүлж, 10 сая тонн бүхий хүнс болон бусад зүйлийн хангамжийн бааз байгуулах шаардлагатай болно. Ингээд зогсохгүй агаарын 300-400 машин бүхий бүлэглэл зохион байгуулах хэрэгтэй. Мөн дээрээс нь хөлөг онгоц дээр 200-300 онгоц байршуулна. Зөвхөн ийм тохиолдолд АНУ өмнөө тавьсан зорилтоо биелүүлж чадна. Гэхдээ хамгийн гол нь ийм хүчээр цохилт гүйцэтгэх стратегийн тавцан байхгүй байгаа юм. Хэрэв Ираны хилийг сайтар ажиглах юм бол тийм газрыг олж харахгүй.
Тиймээс л маш цомхон агаарын дайралт гүйцэтгэх ёстой юм. Тэрхүү цомхон хүчин цөмийн объектуудыг бүрмөсөн устгахгүй ч гэлээ нэлээд сүйрэл авчирна гэдэг нь тодорхой. Харин Ираны зүгээс дайралтыг бүрэн хэмжээгээр зогсоож чаддаггүй юмаа гэхэд нэлээдгүй хохирол амсуулах хэмжээний зэр зэвсэг бас бий. Үүнд нь 160 километрийн радиуст үйлчлэх пуужингаар тоноглогдсон 48 сөнөөгч “F-14 Tomcat” машин байгаа юм. Харин бусад техник нь нэлээд хоцрогдсон машин байдаг гэнэ.
Хэрэв АНУ болон Израиль Иран руу пуужингаар харвах юм бол дайн гарцаагүй болно. Тэгээд ч Ираныг дэмжих цорын ганц орон нь Сири улс. Турк болон Египет ч энэ дайнаас хоцорч үлдэхгүй л болов уу. Тиймээс л өргөн хүрээтэй дайн дэгдэх магадлал тун өндөр болно хэмээн үзэх боломжтой. Энэ дайнд Хятад, ОХУ гэх мэтээр татагдан орох орон хангалттай гарч ирнэ. Харин АНУ болон Израиль дайн эхлүүлэх эсэх талаарх эцсийн шийдвэрийг гаргах бөгөөд Иран руу дайрах тушаал өгөхөд тийм ч амар байхгүй болов уу.
Д.Цэрэндолгор
Холбоотой мэдээ
Comments are closed.