Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар ээжүүдэд “хайр зарласан” хоёр ч хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Эхнийх нь Байнгын хорооны дарга Д.Очирбатын санаачилсан Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төсөл байв. Гурваас дээш хүүхэдтэй ээжид сар бүр тодорхой урамшуулал олгохоор түүнд тусгасан юм.
АН-ынхан шинэчлэн баталсан Сонгуулийн хуульд ямар нэг мөнгөн амлалт өгөх, эд хөрөнгө тараахыг хориглосон учир энэ УИХ нийгмийн халамжийн чиглэлийн хууль хэлэлцэн батлах ёсгүй гэж үзсэн. Тиймээс тэд энэ төслийн хэлэлцүүлэгт оролцсонгүй. “Сөрөг хүчин”-ийг ганцхан З.Алтай төлөөлөв. Тэрбээр АН-ынхантай санал нэг байгаа аж. “Сонгууль дөхөхөөр МАН-ын бүлгийнхэн дандаа ингэж ард түмэндээ мөнгө амлаж, шогтдог. Энэ чинь бэлэнчлэх сэтгэлгээг л дэмжинэ. Танай намын бүлэг иргэдийг хэдэн жил ингэж хуурсан билээ. Одоо дахиад амлалт өгч байгаа чинь Сонгуулийн хуулийг зөрчиж байна” хэмээн бухимдаад тэрбээр хурал орхиж гарав. Ингээд танхимд МАН-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Оюунхорол, Д.Дондог, Ч.Улаан, С.Бямбацогт, Д.Очирбат нар л үлдлээ. Тэд Монголын хүн амыг өсгөж, хүүхэд, эхчүүдийг дэмжих гэхээр АН хойш суулаа гэх мэтээр шүүмжилж байлаа.
Дээрх хуулийн төслийг баталснаар жилд төсөвт 30 тэрбум төгрөгийн зардал нэмэгдэх юм билээ. Үүнийг төсөвт хүндрэл учруулахгүй гэж үзээд МАН-ын зургаа дэмжив. Үүний дараа С.Бямбацогтын санаачилсан Одонтой эхчүүдэд мөнгөн тэтгэлэг олгох тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Төсөлд “Алдарт эх”-ийн I одонтой ээжид жилд нэг сая, II одонтой бол 500 мянган төгрөг олгохоор зохицуулсан байна. Гишүүд хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан амлалтыг давуулан биелүүлэхийг хүсчээ. Тиймээс гурваас дээш хүүхэдтэй ээжийг ч гомдоохгүй, тэдэнд жилд 300 мянган төгрөг олгоно гэжээ. Уг нь одонтой ээжүүдэд ийм хэмжээний тэтгэмж өгөхөөр хамтарсан Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусгасан. Гэвч энэ оны төсвийг батлах үед “Ээжүүдэд амласан хэмжээндээ хүргэж тэтгэмжийг нэмэх хөрөнгө байхгүй. Тиймээс 200.000, 400.000 төгрөг болгож нэмлээ” хэмээн хууль тогтоогчид тайлбарласан. Тэгвэл сонгууль дөхмөгц болохгүй, бүтэхгүй зүйлгүй болсон бололтой.
Түшээд амлалтаа биелүүлсэн дүр эсгэж, бяцхан “заль” хэрэглэсэн байна. Тэд хуулийг 2013 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлэхээр тусгажээ. Үүнд 140 тэрбум төгрөг шаардлагатай. Сонгуулиар “Амлалтаа бид биелүүлсэн, хуулиа баталсан. Та нар ирэх жил мөнгөө авна шүү дээ” гээд сууж байх нь л дээ. Өмнөх гурван жилд нь төсөв, мөнгө хүрэлцэхгүй гэж байснаа сонгууль дөхмөгц амлалтаа гэнэт санасан бололтой. Эрчүүд ээжүүдийг дэмжсэн, хүн ам өсгөхөд түлхэц өгөх хууль санаачилсанд Д.Оюунхорол гишүүн их баярлажээ. Сонгуулийн үеэр нийгмийн халамж амлалаа хэмээн шүүмжлүүлж буй төсөл санаачлагчдыг “Цуцалтгүй тэмц” хэмээн урамшуулсан. Төслийг хэлэлцэхийг олонх дэмжив.
Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг бас ярив. Манай улсад гурван гэр бүл тутмын нэг нь ядуу, найман гэр бүл тутмын нэг нь хамтран амьдрагчийн хэлбэрийг сонгосон, тэр хэрээр тэнд хүүхдийн эрх зөрчигдөж байдаг гэнэ. Хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн харилцааг өмчтэй уялдуулах замаар энэ асуудлыг шийдэхээр төсөлд тусгажээ. Гэр бүлийн асуудлыг хариуцсан тусгай агентлаг байгуулах, тухайн өрхийн нийт эд хөрөнгөөс хүүхдэд ногдох хэсгийг тогтоох, хүүхэд өөрөө олсон шагнал, мөнгийг “хуваарьт хөрөнгө” хэмээн нэрлээд захиран зарцуулах эрх өгөх гэх мэт заалт оруулсан байна. Манайд нас тогтсон хойноо эхнэр, хүүхдээ хаяад өөр хүнтэй суух үзэгдэл бий. Ийм үед эхнэр хүүхдэд байрнаас өөр юм үлддэггүй. Тэгвэл уг хуулийг баталснаар гэр бүлийн аливаа өмчийг бүх гишүүнд хуваарилдаг, улмаар салах үед хүн бүр өөрийн өмчтэй үлдэх юм байна. Энэ хэрээр гэр бүлийн хариуцлага нэмэгдэнэ гэж үзжээ. Төслийг гишүүд дэмжлээ.
С.УУЛ
Холбоотой мэдээ
Comments are closed.