УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар 2015-2016 оны өвөлжилтийн нөхцөл байдлын талаар болон намрын ургац хураалтын дүнгийн талаарх Шадар сайд болон Хүнс, хөдөө аж ахуйн сайдын мэдээллийг сонсов.
Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл 16 аймагт 90-ээс доош хувьтай байгаагийн дотор Дорноговь аймагт 74.9, Баянхонгорт 78.7, Дундговьд 81.3, Хөвсгөлд 81.7, Увсад 82.1, Говь-Сүмбэрт 82.3, Төв аймагт 82.5 хувийн биелэлттэй, нийт аймгийн 80 шахам хувь нь бэлтгэлээ дутуу хангасан дүнтэй байна.
Түүнчлэн 9, 10 дугаар сард нийт нутгаар их хэмжээний хур тунадас, нойтон цас орсон нь ургац хураалтын явцыг саатуулж, ургацын хаягдлыг нэмэгдүүлснээс урьдчилсан балансаар тогтоогдсон ургац 30 орчим хувиар буурах нөхцөл байдал үүссэн. Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн урьдчилсан мэдээгээр 2015-2016 онд өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй 15 аймаг, 37 сум байгааг анхааралдаа авч, эрүүл мэндийн үйличлгээний тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэн ажиллаж байна.
Энэ жилийн өвөлжилт, хаваржилтын төлөв байдалд эрсдэлийн үнэлгээ хийсэн НҮБ-ын ХХААБ-ын шинжээчид хагас боловсруулсан махан бүтээгдэхүүнийг Монгол Улсаас хүмүүнлэгийн тусламжаар гадаад улс руу экспортлох боломжийн талаар хэлэлцсэн бөгөөд эцсийн шийдвэрийг хүлээж байна.
Бэлчээрийн даац, багтаамж олон аймаг сумд хэтэрсэнтэй холбогдуулан өвөлжих малын тоог цөөлөх, мах бэлтгэлийг нэмэгдүүлэх шаардлага гарч байна. Дотоодын хэрэгцээнд махны нөөц бүрдүүлэх болон мах экспортлоход зээлийн дэмжлэг үзүүлэх сонгон шалгаруулалтыг 2 удаа зарлаж, дотоодын махны нөөц бүрдүүлэхэд зээлийн дэмжлэг авах хүсэлт ирүүлсэн 63 аж ахуйн нэгжээс 26 аж ахуйн нэгжийг тус тус сонгон шалгаруулж, хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэхээр бэлтгэж байна.
ӨМӨЗО-д оронд болсон үзэсгэлэнгийн үеэр Монголын махны холбоо, Өвөр монголын махны төрлийн ажил үйлс, эрхлэгчдийн холбооны хооронд 2016-2018 онд 6.0 тэрбум юанийн өртөг бүхий 150.0 мянган тн үхэр, хонины мах нийлүүлэх санамж бичиг байгууллаа. ОХУ манай улсаас үхэр, хонь, ямааны махыг Чита, Амур, Алтай, Хабаровск, Приморын хязгаар, Өвөр байгаль, Еврейн Автономит тойрогт авахаар тохиролцсон. 8 үйлдвэрийг БНВьетнам улсад махны экспорт хийх эрх олгохоор урьдчилан сонгоод байна гэлээ.
Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, “Өвөлжилтийн бэлтгэл ажил улсын хэмжээнд 85.9 хувьтай хангагдсан. Өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн дүүрэн хангаж чадаагүй нь нэгд ган болсон нь нөлөөлсөн бол хоёр дахь шалтгаан нь махны үнэ урьд хожид байгаагүйгээр унасан нь малчдын хувьд мөнгөний хомсдолд орж, өвс тэжээлээ худалдан авах боломжгүйд хүргэсэн гэв.
Мэдээлэлтэй холбогдуулж гишүүд асуулт асуух үеэрээ махны экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газар хэрхэн ажиллаж байгааг тодруулсан юм. Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа өгсөн тайлбартаа, “Монголоос анх удаа түүхий мах экспортод гаргах гэж байна.
Нэг жилийн дотор 20-иод удаа яриа, хэлэлцээ хийж байж энэ асуудлыг шийдэх гэж байна. Махны экспортыг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газар 100 тэрбум төгрөгийн хөрөнгийг Хөгжлийн банкнаас гаргахаар шийдвэрлэсэн. Гэхдээ УИХ-аар энэ асуудал орж ирж байж эцэслэгдэн шийдвэрлэгдэнэ” гэв.
Байнгын хорооны хуралдаанаар 2015-2016 оны өвөлжилтийн нөхцөл байдлын талаар болон намрын ургац хураалтын дүнгийн талаарх мэдээлэл сонссонтой холбогдуулан Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт таван чиглэлээр үүрэг өгөх нь зүйтэй гэж үзлээ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 03, 2015 11:04:02 am )
Та нарыг ярьсаар байтал, зуд болж бүх малыг чинь аваад явах гэж бна даа. Мангарууд минь.
1 Comment