Шинэ он гарангуут УИХ-ын Сонгуулийн хууль албан ёсоор хэрэгжиж эхэлсэн.
Энэ өдрөөс эхлээд УИХ-д нэр дэвших сонирхолтой улстөрчид загас шиг дуугүй байж, сонгуулийн сурталчилгаа эхэлтэл гуйлга, дэмжлэг, тусламж гуйсан хэнбэ гуайд ч байсан алгаа тэнийлгэж болохгүй.
Харин УИХ-ын гишүүд хуулиа сурталчилж, тойрогтоо очиж ажиллаж болно. Сонгуулийн сурталчилгаа эхэлтэл тэд л иргэдтэй уулзаж ярьж болно. Мөн тойрогтоо хуваарилуулсан гурван тэрбум төгрөгөөрөө гүүр, барилга, зам, худаг, цэцэрлэг сургууль барьж засварлаад тууз хайчилж болно.
Шинээр дэвшихээр горилогчид хөдөө орон нутгаар харагдахыг хориглоно. Улстөрчдийн урьд хожидын хэрэг төвөг, хуудуутай үйлдлийг нь ил гаргаж бичих, хатуу шүүмжлэл өрнүүлэх, бусдын шүүмжлэлийг дамжуулсан хэвлэл мэдээллийн байгууллага шинэ хуулиар дааж давашгүй торгуульд унана. Гүтгэсэн доромжилсон, нэр төрд нь халдсан хэмээн шүүхээс үзвэл хаалгаа ч барих болчихоод байгаа.
Тэгэхээр иргэд сонгуулийн сурталчилгаа болтол парламентын 76 гишүүний өөрийгөө болон намаа магтах яриаг сонсож, төрийн мөнгөөр хэрхэн гараа угааж байгаа, хууль бус үйлдлүүдийг нь сонсож оюундаа дэнсэлж чадалгүйгээр сонголтоо хийх болчихоод байна.
Эмэгтэйчүүд 20, парламентын бусад намынхан 5 хувийн босго, санал хураах автоматжуулсан машинд сэтгэлээ зогоож сууна. Нэр дэвших эрхийн төлөө нам доторхи хүч тэнцвэргүй ширүүхэн тулаанд хүч үзэхээр төрийн албан хаагчид өчигдрөөс ажлаа өгч эхэлсэн.
Сурталчилгаа эхлэхээс дөрвөн сарын өмнө ажлаа өгөөд загас шиг дуугүй ажиглаж суух тэд хуулийн цоорхойг ашиглаж мөнгөө юунд зарцуулах вэ гэдэгт толгойгоо гашилгаж сууна.
Б.Ургамал
Холбоотой мэдээ
Comments are closed.