Б.ЭНХЗАЯА, Б.МӨНХБАЯР
Бид өмнөх цувралууддаа хүүхдийн түлэгдэлтийн шалтгаан, хор уршиг, түүнээс хэрхэн сэргийлэх талаар хөндсөн билээ. Энэ удаа нийгэмд аюулын дохио болоод буй энэ ослоос урьдчилан сэргийлж болох гол туслагч хороо, өрхийн эмнэлгүүдээс сурвалжиллаа.
Энэ сэдвийг хөндсөн бичсэнээс хойш уншигчдын зүгээс эцэг, эхчүүдийн хайхрах асуудал гэж үздэгээ илэрхийлсэн юм. Уг нь хүүхдээ осол, гэмтэлд өртүүлсэн эцэг, эхчүүдэд хариуцлага тооцдог хуулийн заалт бий. Гэвч хариуцлага хүлээх нь бүү хэл өвчин зовиуртаа шаналсан хүүхдүүдээ эмчлүүлэх чадваргүй хүмүүсийн үйлдлийг цагдаа нар “Ядуусын хэрэг” гэж нэрлэдэг юм.
Эрүүл мэнд, спортын яам, ДЭМБ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар эцэг, эхчүүдийн багагүй хувь нь “Хүүхдээ түлэгдэнэ гэж боддоггүй” гэж хариулжээ. Ийм л “хэргийн эздэд” чихэнд нь хонх уях зайлшгүй хэрэгтэйг эмнэлэг, цагдаагийн байгууллагууд зөвлөж байна. Сануулга, сэрэмжлүүлгийг өгч чадах хүмүүс нь иргэддээ тулж ажилладаг хороо, өрхүүд болохоор энэ саналыг гаргажээ.
Улаанбаатар хотын 70 хувь нь гэр хороолол. Хүүхдийн түлэгдэлт тэнд, тэр дундаа Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт ихэвчлэн гардгийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч Э.Галбадрах хэлж байв. Дүүргүүдээр авч үзэхэд нийт тохиолдлын долоон хувь нь буюу хамгийн бага нь Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт, Баянголд найм, Чингэлтэйд есөн хувь байхад Баянзүрх 20, Сонгинохайрхан 22 хувь байгаа юм. Тиймээс гэмтлийн хамгийн олон тохиолдолтой хоёр дүүргийн хороо, өрхийн эмнэлгүүдээр орлоо.
ХЭСГИЙН АХЛАГЧ НАР ХАЛГААСАНГҮЙ
Сонгинохайрхан дүүрэг 300 мянган хүн амтай. Өдөр бүр өргөжин тэлж, орон нутгаас суурьшигчид нэмэгдсээр байдаг. Гэр хороолол ихтэй I хороон дээр очлоо. 10 мянга гаруй хүн амтай, 4000 гаруй өрхтэй юм байна. Хорооны зохион байгуулагч хүйтний улирал эхлээд зорилтот бүлгийн айлуудыг дулаалгаар дэмжих төсөл хэрэгжиж байгааг дуулгаад иргэдээс голдуу халамж үйлчилгээнд орох хүсэлт ирдгийг хэллээ. Тэдний хэсгийн ахлагч 12-уулаа. Үйл ажиллагааны чиглэлийг нь тодруулбал “Хорооны Засаг дарга, төрийн дээд байгууллагуудаас гаргасан тушаал, шийдвэрүүдийг иргэдэд шуурхай хүргэж, хурал цуглаан болоход дуудаж цуглуулах ажилтай” гэж байна. Мэдээж бас ачаалалтай, айл болгоноор орох боломжгүйгээ ч хэлэхээ мартсангүй, тэд. Хүүхдийн түлэгдэлтийн талаар та бүхэн ямар арга хэмжээ авч болохыг хэлээч гэвэл эцэг, эхчүүдийн хариуцлагатай холбоотой гээд халгаасангүй. “Хүүхдээ түлж байгаа нь хувь хүний ухамсар. Айл бүр цахилгаан тогоог өдөр тутамдаа хэрэглэдэг. Тэр бүрт нь орж сануулах боломжгүй. Нэг хэсгийн ахлагчид гэхэд 250-400 өрх ногддог. Өдөрт хамгийн ихдээ 30 айлаар орох боломжтой” гэж I хорооны хэсгийн ахлагчид ярив. Тус хороонд хүүхдийн түлэгдлийн тохиолдол сард 1-2 удаа гардаг юм билээ. Дараагаар нь Баянзүрх дүүргийн VIII хороог зорьж очлоо. Батоникт байрлах тус хороонд 14750 иргэн бүртгэлтэй, 4150 өрхтэй. Хорооны зохион байгуулагч Б.Элбэгтэй уулзахад “Хүйтний улиралд хальтиргаа, гулгаа ихэсдэг болохоор иргэдийг гэмтэж, бэртэх болон зам тээврийн ослоос сэргийлэх зөвлөмж тараадаг” гэж байна.
Гэр хорооллын айл өрх бүрт тохиолдож болзошгүй аюул түлэгдэлтийн талаарх ойлголт мэдээлэл, сэрэмжлүүлэг хороодын хэмжээнд байдаггүй аж.
“СУРГАЛТ ЧУХАЛ”
Харин өрхийн эмнэлгүүд бол арай өөр юм. Ямартаа ч хүүхдийн осол гэмтлийн шалтгааныг тодруулахад түлэгдэлтийн талаар хэлж байна. Баянзүрх дүүргийн VIII хорооны өрхийн эмнэлэг хүүхдэдээ вакцин хийлгэхээр ирсэн эцэг эхчүүд, хөгшчүүдэд сэрэмжлүүлэх материал өгдөг гэнэ. Тус өрхийн эмнэлгийн их эмч Х.Цэнгүүнбилэг “Сар болгон гэр ахуйн ослоос сэргийлэх аян зохион байгуулдаг. Манай хороонд бага насны хүүхдүүд түлэгдэх нь элбэг. Түлэгдэлтийн гол шалтгаан нь халуун тогоо болон плитка. Эцэг эхчүүд хүүхэд хүрэхгүй газар цахилгаан хэрэгслээ тавьдаггүй. Манайхаас сэрэмжлүүлэг мэдээллийг сар бүр өгч анхааруулдаг. Мэдээллийн самбар ажиллуулж, тараах материал өгдөг. Гэвч иргэд тэднийг уншдаггүй, сонирхдоггүй” гэв. Сонгинохайрхан дүүргийн I хорооны “Буянт Мандал” өрхийн эмнэлгийн эмч Э.Хулангийн хэлснээр тус хороонд сард 1-2 удаа бага насны хүүхэд түлэгддэг ажээ. 0-5 насны хүүхдийн түлэгдэлт дийлэнх гэнэ.
Өрхийн эмнэлэг, хороодоос ажиглагдсан нэг зүйл нь хорооны иргэдэд сургалт шаардлагатай ажээ. “1000 үзсэнээс нэг сонс” гэгчээр иргэдэд сургалт явуулах нь үр дүнтэйг өрхийн эмнэлгүүд ярьж байв. Харин сургалтад ирэх иргэд байдаггүй гэнэ. Хорооныхонд хүмүүс цуглуулж өгөхийг хүсэхэд оролцоо муутай байдаг ажээ. Уг нь хороо, өрхийн эмнэлэг хоёрын уялдаа л иргэдийнхээ, тэр дундаа хүүхдийг осол гэмтлээс бага ч болов сэргийлж чадмаар. Гэвч төрийн нэгж энэ хоёр байгууллагын уялдаа холбоо муу гэдгийг өрхийн эмнэлгийнхэн хэлж байв. Зардал, мөнгө хуваарилаад зохион байгуулсан сургалт үр дүнгүй болох тохиолдол байгааг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны “Жаргал өлзий” өрхийн эмнэлгийнхэн хэллээ. Энэ хороонд 7000 гаруй иргэн аж төрдөг. Багагүй хувь нь бага насны хүүхэдтэй гэр бүл байна. Гэхдээ сургалт амжилтгүй гээд сэрэмжлүүлэг, мэдээллийг орхигдуулахгүйгээр тараах материал болгон үйлчлүүлсэн иргэдэд өгдөг тухай нийгмийн ажилтан М.Баярмаа ярьж байлаа. Хороо, өрхийн эмнэлгүүдээс хүүхдийн эрүүл мэндэд зориулсан төсөл, хөтөлбөр ганцыг ч олж сонссонгүй. Халдварт бус өвчин чихрийн шижин, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэлт зэрэг хөтөлбөр, арга хэмжээ өрх бүрт хэрэгждэг цаасан материал, хэвлэмэлүүдийг захаас аваад харж болохоор. Мэдээж Монголын ажилчин ангийнхны дунд тулгамдаж байгаа асуудал эдгээр мөн. Хүүхдийн гэсэн тодотголтой төсөл, хөтөлбөрүүд дээр, доргүй хэрэгжиж байгааг албаныхан ярьдаг. Гэхдээ ирээдүйн эзэд хүүхэд багачуудынхаа эрүүл мэндэд зориулж тэр “аман” төсөл, хөтөлбөрүүдийнхөө багахан хэсгийг ч түлэгдэлтийн эсрэг зориулдаг болоосой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Холбоотой мэдээ
Comments are closed.