Малайзийн хуульч, сөрөг Ардчилсан намын дарга, парламентын гишүүн Карпал Сингх Монголын иргэн Ш.Алтантуяаг хөнөөсөн хэргийн эцсийн шийдвэрийг яаравчлан гаргахыг Малайзийн Дээд шүүхийн коллегид хандан өчигдөр уриалав. Таван жилийн өмнө Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгтээ 2009 онд шүүхээс цаазын ял авсан цагдаагийн тусгай тасгийн хоёр офицер дараагийн шатны шүүхэд давж заалдаад нэг жил найман сар өнгөрч байгаа бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэлгүй удсаар буйд сэтгэл зовниж буйгаа К.Сингх мэдэгджээ. Давж заалдах шатны шүүх хэргийг ирэх оны хоёрдугаар сарын 10-нд авч хэлэлцэх хэдий ч, ямар ч шийд гарсан дараагийн шат буюу Холбооны шүүхэд дахин хэлэлцэгдэх магадлалтай байгаа юм.
Талийгаачийн аав С.Шаарийбуу Малайзийн Засгийн газар болон охиныхоо үхэлд буруутай хүмүүсээс 100 сая малайз ринггит буюу ойролцоогоор 30 сая доллар гаргуулахаар 2007 оны зургадугаар сард шүүхэд иргэний нэхэмжлэл гаргасан билээ. Малайзийн хуулиар хоёр офицерийн хэргийг шүүхээр эцэслэн шийдэж байж энэхүү нэхэмжлэлийг авч хэлэлцэх ёстой юм. Иргэний хэргийн нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид 60 мянган ринггит буюу ойролцоогоор 30 мянган доллар төлсөн бөгөөд К.Сингх нь С.Шаарийбууд pro-bono буюу зардлыг нь даах нөхцөлөөр өмгөөллийн туслалцаа үзүүлж байгаа аж. “Эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэснээр С.Шаарийбуугийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцүүлэх эрх үүсэх тул би Дээд шүүхийн коллегийг үйл явцыг яаравчилна уу хэмээн хүсч байна” гэж К.Сингх Малайзийн баруун хойд дахь Гелугор хотын өөрийн сонгогдсон тойрогтоо ажиллахдаа өчигдөр мэдэгджээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.