antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 15, 2011 2 comments

Хүүгийнхээ амийг Ж.Цогтбаатараас нэхнэ

нийтлэсэн Admin

Дотоодын цэргийн 805 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан С.Батбаяр хал цэргүүддээ зодуулан амиа алдсан талаар манай сонин өмнө нь мэдээлсэн. Энэ тухай 805 дугаар ангийн захирагч хурандаа Ж.Цогтбаатартай ярилцсанаа ч хүргэж байв.
805 дугаар ангийн захирагч Ж.Цогтбаатар “Манай ангид хал цэргүүд, шинэ цэргүүдээ зодно гэсэн ойлголт байхгүй. Бид цэргүүдээ хоньчлон хариул­даг” хэмээн хээв нэг хариулт өгч байлаа. Та­лийгаач С.Батбаяр 2011 онд цэргийн алба хаахаар сэтгэл шу­луудан, 805 дугаар ангид хуваарилагдан ирсэн аж.
Говь-Алтай аймагт ээж­тэйгээ хамт амьдардаг тэ­рээр айлын бага хүү байсан юм билээ.
Зулай зулайгаа гишгэж төрсөн гурван эгчтэй. Цэрэгт байх хугацаандаа хал цэр­гүүддээ зодуулж, байнга да­рам­танд байдаг талаар гэ­рийн­хэндээ хэлдэг байсан гэнэ. Өөрийн саналаар цэрэгт явах­даа ирээдүйн гэрэл гэгээтэй амьдралыг төсөөлж, нас өн­дөр гарсан ээждээ “Хүү нь жил алдаж байхаар цэргийн алба хаагаад ирье. Цэргийн алба хаагаагүй эрчүүдийг ажилд авахаа больж байгаа бо­лохоор ирээдүйгээ бодъё” гэж хэлээд гарсан аж.
Гэтэл өнөөдөр ээждээ ин­гэж хэлсэн хүү, хал цэр­гүүд­дээ зодуулж, амиа алдсан нь үнэхээр харамсалтай. Харин ийм бусармаг үйлдлийг нуун дарагдуулж байгаа 805 ду­гаар ангийн захирагч юу ч болоогүй юм шиг сууж бай­на. Хууль хяналтын бай­гуул­лага болон цэргийн бай­гуул­лагын харъяанд байх э­м­нэлгүүд бүгд нэг талдаа үйл­чилж, хүний амийг юман чинээ бодохгүй байгаа нь байж болохгүй хэрэг. Та­лийгаач С.Батбаяр нь хал цэр­гүүд болох Билэгсайхан, Бат­жаргал, Ууганбаяр, Дархан нарт зодуулан анх бие нь муу­дахад харъяаллынхаа дагуу Төрийн тусгай хамгаалалтын эмнэлэгт үзүүлж, шинжилгээ хийлгэжээ. Энэ үеэс тар­хины гэмтлийн анхны шинж тэмдэг илэрсэн байна. Яваан­даа талийгаачийн бие улам муудсан аж.
Эхний удаа Төрийн тусгай хамгаалалтын эмнэлэгт тав хоног хэвтэн эмчлүүлээд гар­сан. Үүний дараа дахин бие нь өвдөн ухаан алдах нь улам бүр ихэссэн байна. Тө­рийн тусгай хамгаалалтын эм­нэлэгт хэвтэн эмчлүүлэх бичгийг 805 дугаар ангийн эмч хийж өгсөн боловч тус эмнэлэг хүлээж аваагүй гэ­нэ. Энэ мэтчилэн ард иргэ­дийн­хээ эрүүл энхийн төлөө тангараг өргөсөн эмч хүртэл үүргээ биелүүлээгүй байна.
Тэр үед анхаарал хан­дуулж, хүнийг гэсэн сэт­гэл­тэй байсан бол өнөөдөр С.Бат­баяр эрүүл саруул, ээжтэйгээ хамт явж байх байсан биз.

Энэ талаар талийгаач С.Батбаярын ээж Г.Өлзийтэй ярилц­санаа хүргэе.

-Та хүүгийнхээ бие муу байхад нь байнга хамт бай­сан биз дээ?
-Тийм ээ. Миний ганц хүү юм чинь би байнга хамт бай­сан. Миний хүү эрүүл саруул сайхан хүү байсан юм. Эр хүн болж төрсөн юм чинь заа­вал цэрэгт явна гэсээр байгаад явсан. Ингэж амиа алдана гэж хэн санах билээ. Цэ­рэгт яваагүй байсан бол өнөөдөр ээжийнхээ дэргэд амьд сэрүүн, инээгээд гүйж явах байсан биз.
-Эмч нар сүрьеэгийн ме­нингит өвчнөөр нас барсан гэдэг. Харин та бүхэн оно­шийг нь үгүйсгээд бай­на. Энэ талаар жаахан дэл­гэ­рүү­лэхгүй юу?
-Энэ бол худлаа онош. Ми­ний хүү ганц ч удаа эмнэлэгт хэвтэж байгаагүй. Төрөхдөө л эмнэлэгт төрсөн. Түүнээс биш бие нь өвдөж, эмнэлгийн хаал­га татаж үзээгүй. Яа­хаа­раа гэнэт сүрьэгийн хүнд шат­ны өвчин илэрдэг юм. Тэ­гээд ч бие нь муудаж байх ху­гацаандаа олон шин­жил­­гээ өгсөн. Тэр олон эмч нарын нэг нь ч сүрьэтэй холбогдолтой онош хэлээгүй. Өнгөрснийх нь дараа “Үхсэн хүн үг хэлэх биш” гэгчээр сүреэгийн менингит өвчний онош гаргасан.
Ямар ч эрүүл ухаантай хүн бодсон буруу гарсан гэдэг нь ойлгомжтой.
-Та С.Батбаярын бие муу бай­хад ангийн захирагч Ж.Цогтбаатарт энэ тухай хэл­сэн үү?
-Хэлэлгүй яах вэ. Ойр ойр­хон ухаан алдаж унаад бай­на. Тэгээд зодуулсан ту­хай нь ч хэлсэн. Тэгэхэд “Ламд үзүүл. Бөө болох гэж байгаа ч юм бил үү” гэж хэлсэн. Тэр үед толгойдоо хүнд гэм­­тэл авсаныг нь мэдээд бид­­ний толгойг эргүүлж ба­й­сан байх. Бид олон эм­нэ­лэгт үзүүлж шинжилгээ хийл­гэхэд тархиндаа цус хар­валт­тай гэж гарсан. “Сонг­до” эмнэлэгт хийл­гэ­сэн томографикийн шин­жил­гээ­нийх нь хариу хүртэл байгаа.
Тархины цус харвалт нь яг юунаас үүссэн юм бол?
-Толгойдоо гэмтэл авснаас тархиндаа цус харвадаг юм билээ.
-Задлан шинжилгээний хариу бас эргэлзээтэй гэж яригдаад байгаа. Хэн гэдэг эмч задлан хийсэн юм бэ?
-Задлан шинжилгээ нь нэгдүгээр эмнэлэг дээр бол­сон. Шүүх эмнэлгээс томи­логдож ирсэн Ариунзул гэдэг эмч задлан шинжилгээг хийсэн. Сүрьэгийн менингит гэсэн онош гарч ирэхэд бид их гайхсан. Шүүх эмнэлгээс томилогдож ирсэн Ариунзул эмч ор үндэсгүй худлаа онош гаргасан байна лээ. Сүүлийн үед зурагтаар болж бүтэхгүй юм болгон дээр энэ хүний нэр байнга гарч байгаа. Ийм хүмүүсийг ажиллуулаад бай­гааг нь гайхдаг юм. Нэг ёсон­доо хүний амиар бизнес хийж байна шүү дээ.
Эмчид нь шүүх эм­нэлгийн онош буруу байгаа та­лаар хэлсэн үү?
-Хэлсэн. Биднийг дуугүй бай гэж байна лээ. Их л эрх дархтай хүн юм байх. Энэ эмч ямар ч үндэслэлгүй буруу онош гаргасан. Үнэхээр л сүреэгийн менингит өвч­тэй байсан бол тийм олон эм­нэл­гээр шинжилгээ хийлгэж бай­хад яагаад ганц нь ч сүрьеэтэй холбоотой онош гар­гаагүй юм. Бүгд л зохион бай­гуу­лалттайгаар хэргийг намжааж дарахыг оролдож байна.
Би хүүгийнхээ амийг нэ­хэж эцсээ хүртэл явах болно. Миний амьдралын утга учир байсан юм шүү дээ.
-Зодсон гээд байгаа цэр­гүүд нь тантай уулзсан уу?
-Хүүгийн минь бие муу байхад эмнэлэг дээр нэг удаа ирсэн. Бараг л намайг зодох шахуу орж ирээд гарсан. Та­лийгаач хүүтэй минь хүр­тэл тааралдсан байсан.
-Талийгаачтай ирж уулз­сан юм уу?
-Зорьж ирж уулзаагүй л дээ. Гадуур тааралдсан гэсэн. Тэ­гээд бас л дарамталж “Чи­ний буянаар хотын хадаас болоод явж байна” гэж хэлэх хэлэхгүй үгээр да­рам­талсан байсан.
-Энэ хэргийг хэрэгсэхгүй бол­гоод хаасан гэсэн?
-Гэрчийн мэдүүлэг байх­гүй гээд хэрэгсэхгүй болгосон. Цэр­гүүд халагдаагүй байхад энэ хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагч Амарбатад “Хамт алба хааж байгаа цэр­гүүдээс нь гэрчийн мэдүүлэг аваач” гэж зөндөө хэлсэн. Гэтэл сунжруулсаар байтал хамт байсан цэргүүд нь ха­лаг­даад явчихсан. Хүүгийн минь амийг хөнөөсөн хү­мүүс өнөөдөр чөлөөтэй явж байна. Хууль хяналтын бай­гуул­лага ийм шударга бус хандаж байгаад маш их гомдолтой бай­гаа. ХЗДХ-ийн сайд Ц.Ням­доржид хүртэл ханд­сан. Харамсалтай нь ямар ч ха­риу арга хэмжээ аваагүй.
-Хамгийн сүүлд хэзээ гом­дол гаргасан бэ?
-Энэ хэрэг шалгагдаж бай­гаад хаагдсан. Бид дахин гом­дол гаргаснаар Баянзүрх дүүргийн прокурор Гантулга гэдэг хүн шалгаж байгаа. Анх шалгаж эхлэхдээ 14 хо­ногийн дотор хариу хэл­нэ гэсэн. Гэтэл хоёр сар өнгөр­чихөөд байхад одоо болтол хариу хэлээгүй.
Энэ гомдлыг хэзээ гар­гасан бэ?
-10 дугаар сарын 10-нд шалгаж эхэлсэн. Одоо хоёр сар болж байхад бас л хариу өгөөгүй байна. Уг нь албан бичгээр хариу өгдөг юм гэ­сэн. Энэ нийгэмд шударга ёс гэж алга.
Ийн яриад нулимс бөмбөрүүлэн суугаа талийгаач С.Батбаярын ээжийг харахад үнэхээр өрөвдмөөр байлаа. Эх орноо хамгаална гэж цэр­гийн албанд тангараг өргөсөн хүү нь бусдын гарт амиа алдахад ямар ч эх хүний сэтгэл шимшрэхгүй байхын аргагүй биз ээ.
Хууль хяналтын байгуул­лага бусармаг арга хэрэглэж байгаа нь энэхүү үйлдлээс харагдаж байлаа. Хэдхэн хоногийг өмнө манай со­нинд ярилцлага өгсөн 805 дугаар ангийн захирагч хуран­даа Ж.Цогтбаатар энэ тухай үнэхээр юу болс­ныг мэдэхгүй байгаа нь ан­заараг­даж байсныг нуух юун. Ийм байдалтай юм ярьж байсан захирагч дээрх хэрэг гарснаас хойш цэргүүддээ анхаа­рал тавьж байгааг үгүйс­гэхгүй.
Эх орондоо тангараг өргө­сөн цэрэг эрс амиа алдаж бай­гааг анхаарч үзэ­хийг хууль хяналтын бай­гуул­лага болон ХЗДХ-ийн сайд Ц.Ням­доржид дуул­­га­маар санагдлаа. Мөн үүнээс гад­на шүүх эм­нэл­гийн эмч н.Ариун­зул яаж шин­жил­гээ хий­хээрээ сүрьеэ­гийн шинж тэм­дэггүй хү­нийг хүнд шатандаа орсон сүрьеэ­гийн менин­гит­­тэй гэж оно­шилсныг асуу­­маар санагдаж байна. Ха­туу­хан хэлэхэд задлан шинжил­гээгээр н.Ариун­зул эмч бизнес хийж халаасаа дүүргэдэг ч юм бил үү, хэн мэдлээ. Энэ хүний та­лаар хэвлэл мэдээллийн хэ­рэгс­лээр нэлээд шуу­гиан гараад байгааг хэн хүн­гүй мэдэх биз.
Бид энэхүү цэргийн учир би­түүлэг үхлийн талаар үр­­гэлж­­лүүлэн хүргэх болно.

 

Өглөөний сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (December 15, 2011 11:41:47 am )

    Baliar yumuudig barij awaad bugdig ni shiitge, ter zergiin angin dargin ch bas, durwud nimdorjig buudsj alah heregtei bas uhuul taarsan nowsh,

  • Anonymous (December 16, 2011 12:00:15 pm )

    tsereg tsagdaagiin han gej buun hahuuland baridgsan novshnuud

antalya rent a car