antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 9, 2011 Comments are off

Хулгайлагдсан охины мөрөөр…

нийтлэсэн Admin

Ээждээ тэврүүлж яваад танихгүй эмэгтэйн гарт очсон О.Номин-Эрдэнэ охины талаар манай сонин сурвалжлан хүргэж байгаа билээ. Бид охины гэрт нь очиж ээж, эмээтэй нь ярилцсан. Мөн нялх үрээ гэдсэнд байхад нь салж одсон аав, ач охиноо алга болсон талаарх сураг сонссон эмээтэй ярилцсанаа хүргэсэн. Бид сурвалжлагынхаа эхэнд охины талаар сураг тавих хүн бүртэй хамтарч ажиллахаа мэдэгдсэн. Гэвч хүний эрх, хүүхдийн төлөө гэсэн уриатай ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудын аль нь анхаарал тавьсангүй. Харин ч мөрдөн байцаагч нь охины ээжийг хамаагүй хүнд мэдээлэл өглөө гэж загнасан сурагтай. “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэдэг үг бий дээ. Монголчууд нэг сэтгэлээр хандвал нялх амьтан хаана, яажшуухан амьдарч байгаа нь олдож болмоор. Тиймээс бид хүний эрх, хүүхдийн төлөө ажилладаг гэх төрийн болон төрийн бус байгууллагынхантай холбогдсон юм. Харамсалтай нь олонхи нь охины талаар мэдээгүй, сураг сонссон, хэн нэг нь энэ асуудлаар хандаагүй гэсэн ойлгомжгүй хариулт өгсөн юм. Юуны төлөө хүний эрхийн төрийн болон төрийн бус байгууллагууд манай улсад олон байдаг билээ. Олон улсын байгууллагаас төсөл нэрээр хэдэн төгрөг аваад л тэр дагуу ажил хийсэн болоод тэдний ажил дуусчихдаг бололтой. Энэ олон байгууллагын аль нь ч уг асуудалд анхаарал хандуулаагүй өдий хүрсэн нь бяцхан охиныг хайгаад оллоо гэхэд тэдэнд ямар ч хөрөнгө оруулалт орж ирэхгүй болохоор тэр биз. Гэхдээ алдагдсан иргэнийхээ төлөө санаа зовниж, эрж хайх нь хүмүүнлэг ардчилсан нийгмийн гол зарчим. Мал, машинаа хайж хуулийн байгууллагад очдог атлаа бусдын бяцхан үр алга болсны төлөө  санаа тавьж хайх энэрэнгүй сэтгэлтэн энэ цагт үгүй болсны дохио энэ үү. Энэ асуудалд гол анхаарлаа чиглүүлж сэтгүүлчдээс илүү санаа тавих ёстой хүмүүс юу ярьсныг сонирхъё.

Ж.БЯМБАДОРЖ: НОМИН-ЭРДЭНЭ ОХИНЫ ТАЛААР МЭДЭХГҮЙ

Хүний эрхийн үндэсний комисс энэ өдрийг тохиолдуулан интернэтээр иргэдийн дуу хоолойг сонсох гэнэ. Мөн хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан зарлах аж. Харин эрх нь зөрчигдөж, хүний эрхэнд байгаа О.Номин-Эрдэнэ охины талаар ямар арга хэмжээ авч буй талаар Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржоос тодрууллаа.

-Таван сартай охин сураггүй болоод хагас жил өнгөрлөө. Энэ талаар сонссон байх. Анхаарал тавьж байна уу?

-Хүүхэд хулгайлах асуудал харьцангуй гайгүй болсон. Хүний наймааны гэмт хэрэгтэй тэмцэх талаар тодорхой ажлуудыг төр засгийн зүгээс хийсний үр дүн гарсан. Цаашдаа анхаарах зүйл бий. Зорилготойгоор хулгай хийх асуудал үндсэндээ зогссон гэж ойлгож болно. Харин нууцаар биеийг нь үнэлүүлэх тохиолдол бий.

-Хүн хулгайлах асуудал үндсэндээ зогссон гэж байна. Гэтэл О.Номин-Эрдэнэ гэдэг охиныг ээжээс нь хулгай хийсэн эмэгтэйг цагдаа нар өнөөг хүртэл олоогүй байна. Танайд энэ талаар мэдээлэл ирээгүй юү?

-Номин-Эрдэнэ гэдэг охины талаар мэдэхгүй байна. Манайд ирсэн гомдлын дагуу бол хөөцөлдөх ажил байлгүй яах вэ.

-Гомдол ирүүлээгүй л бол тэр охиныг эрж сурж болохгүй гэж үү?

-Тэгж ойлгож болохгүй л дээ. Манайд чиглэсэн гомдол ирвэл тодорхой анхаарч үзнэ. Өөрсдөө чиглэсэн зорилготой судалгаа, шалгалт хийе гэвэл хийнэ. Ер нь хүний эрхтэй холбоотой бүх асуудалд хүрч ажиллах боломж байхгүй.

-Танайх чинь Хүний эрхийн  төлөө үндэсний комисс нэртэй ганц байгууллага шүү дээ. Тэр охиныг хайя гээд ажил өрнүүлбэл Хүний эрхийн үндэсний комисс нэгдэх үү?

-Ойлгомжтой. Зохион байгуулаад ажиллаж болно.

“ҮНЭН ХУДЛЫГ НЬ МЭДЭХГҮЙ БАЙНА”

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Хүүхдийн төлөө газрынхан О.Номин-Эрдэнэ охины талаар үнэндээ мэдээлэлгүй шахам байв. Тус байгууллагын 2621.. дугаартай утас руу залгаж охины талаар тодруулахад ажилтан нь хэвлэлийн төлөөлөгчтэйгээ холбож өглөө. Хэвлэлийн төлөөлөгч “Тэр охины талаар одоохондоо манайд хандсан хүн алга. Бид өөрсдийн шугамаараа судалж байна. Өөрөөр хэлбэл, дотоодынхоо хурал дээр энэ охиныг хэрхэх талаар ярилцсан. Цагдаа шалгаж байгаа учраас одоохондоо ороод ажиллах боломжгүй. Гэхдээ үнэн бодит байдлыг нь судалж байгаа. Та Нийслэлийн хүүхдийн төлөө газартай холбогдоод асуугаад үз. Тэр байгууллага ажилласныхаа дараа манайд албан бичиг ирүүлдэг. Дараа нь Хүүхдийн төлөө газар ажилладаг журамтай” гэсэн юм. Дахин дээр дурдсан утсаар холбогдож ажилтнаас нь зарим зүйлийг тодрууллаа.

-Сураггүй болоод зургаан сар болж байгаа охины талаар танай байгууллага сураглаад одооноос эрж хайх ажилд цагдаатай хамтраад ажиллаж болохгүй гэж үү?

-Манайх буруу ойлгочихсон байна. Охин хөдөөнийх бол тэр аймгийн хүүхдийн төлөө газар хариуцаж ажилласныхаа дараа манайд мэдэгдэх ёстой. Бид нийслэлд алга болсон юм байх л гэж бодсон.

-Танайхан тэр охины талаар огт мэдээгүй юм биш үү. О.Номин-Эрдэнэ охин Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд харьяалалтай. Харин ээж нь хотод авч яваад танихгүй эмэгтэйд итгэж үлдээгээд алдчихсан юм шүү дээ?

-Тэгвэл Сэлэнгэ аймгийн хүүхдийн төлөө газрынхан ажиллана. Гэхдээ энэ мэдээлэл үнэн бодит эсэхийг нь мэдэхгүй шүү дээ. Үнэн худлыг нь тогтоох ёстой.

-Хүүхэд алга болсон нь тодорхой. Хэргийг цагдаа ч шалгаж байгаа?

-Бид далдыг хардаг хүмүүс биш. Сонинд гарч байгаа мэдээлэл үнэн худлыг ч мэдэхгүй шүү дээ. Эхлээд судлах болно гээд утсаа таслав.

Г.ГАНБАЯСАХ: ХОХИРОГЧ ӨӨРӨӨ ХАНДААГҮЙ ТОХИОЛДОЛД ХЭЦҮҮ Л ДЭЭ

Төрийн бус байгууллагууд дундаас Хүйсийн тэгш эрхийн төв хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг голчлон ажилладаг. Тэр ч утгаараа олон улсын төсөл хөтөлбөрүүд тус байгууллагаар дамжин хэрэгждэг билээ. Таван сартай охин хулгайлагдсан хэрэгт хэрхэн хандаж байгаа талаар Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн Г.Ганбаясахаас тодрууллаа.

-Манай сонин таван сартайдаа хулгайлагдсан О.Номин-Эрдэнэ охины талаар сурвалжлага хүргэж байгаа. Хүний наймааны золиос ч байж мэдэх тэр охины талаар мэдээлэл бий юү?

-Таван сартай охины талаарх мэдээлэл манай сонинд ирээгүй. Сонин дээрхээс илүү мэдээлэл алга.

-Танайх хүний наймаатай тэмцдэг байгууллага. Үүргийнхээ дагуу цагдаагаас энэ талаар тодруулах боломжгүй юү?

-Шалгаж байгаа байцаагчаас нь нэг удаа асуусан. Хэргийг шалгаж байгаа юм билээ.

-Цагдаагийн байгууллага охиныг хагас жил хайгаад олохгүй байна. Төрийн бус байгууллагуудтай хамтраад ажиллаж болдоггүй юм уу?

-Зарим тохиолдолд цагдаа бидэнд хандаад хамтарч ажилладаг. Тэр охины талаар хамтран ажиллах санал  ирээгүй байна.

-Тэгвэл танай байгууллагаас охины ээжтэй уулзаад, хүүхдийг нь олох талаарх ажил зохион байгуулж болох уу?

-Хохирогч өөрөө хандаагүй тохиолдолд хэцүү л дээ. Ээж нь манай байгууллагад итгэл үнэмшилтэй байх эсэхээс эхлүүлээд асуудал гардаг. Зөвшөөрөхгүй бол яах вэ. Хэрвээ төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдээд охиныг хайх ажил зохиовол манайх нэгдэлгүй яах вэ.

БИД ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч н.Бат-Очироос энэ хэргийн талаарх зарим нэгэн зүйлийг тодрууллаа.

-О.Номин-Эрдэнийг хайх ажил ямар шатандаа явна?

-Охиныг алга болсон өдрөөс энэ хэргийг шалгах ажлын хэсгийг гаргаад бид өдөр шөнөгүй хайж байна.

-Ингэж их ажиллаад байхад сураг гарахгүй байна гэж үү?

-Бид охиныг хайж байгаа. Энэ дагуу мэдээлэл ч ирж байна. Тэр бүхнийг мухарлаж, үнэн эсэхийг нь шалгадаг.

-Энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэж сонслоо. Охины ээж, аавыг шалгаж байгаа гэсэн үнэн үү?

-Мөрдөн байцаалтын нууцтай холбоотой болохоор энэ асуултад хариулах боломж алга.

-Энэ хугацаанд охины тухай ямар нэгэн мэдээллийн сэжүүрээс атгаж авч чадав уу?

-Бид эрж хайж байна,эгчээ. Ирж буй мэдээлэл бүрийг шалгадаг байхгүй юу, за юу.

-Танайх сэжигтний ам зургийг гаргасан байна билээ. Зурган дээр 18 орчим насны залуухан бүсгүйн зураг байх юм. Охины ээжийн ярьсантай дүйхгүй байна. Эрэн сурвалжилж байгаа сэжигтэнг ийм тэс ондоо зургаар олдох уу?

-Бид мэргэжлийн хүмүүсээр эрэн сурвалжилж буй хүмүүсийн зургийг зуруулдаг гэв.

Хуруун чинээ охины талаар төрийн болон төрийн бус байгууллагууд нь иймэрхүү янзтай хариулт өгч, анхаарч байна. Тэр охин өнөөдөр амьд үгүйг мэдэхгүй ч хэн ч түүнийг хайхыг хүсэхгүй байх шиг. Эсвэл тэдний хэн нь ч энэ асуудалд санаа зовсон шинж алга. Энэ удаа ганцхан охин алга болсон байж болох. Харин дараа нь хэд алга болох бол. Бидэнд мэдэгдсэн нь л  Номин-Эрдэнэ охин. Мэдэгдээгүй алга болж буй хэдэн охин байгааг бид тааж хэлэх арга байхгүй. Тэгэхэд  дээрх хүмүүс юу яриад сууж байх юм бол. Бас л манай байгууллагад хэн нэгэн хандаагүй учир бид мэдэхгүй гэж сууж байх юм болов уу. Тэр охин та бүхнээс зөвхөн өчүүхэн жаахан сэтгэл, санаачилгыг хүлээж байгаа.

өмнөх ярилцлага эндээс үзнэ үү

 Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 Б.ЦЭЦЭГДЭЛГЭР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car