УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин өчигдөр Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэгтэй холбоотой ээлжит мэдэгдлээ хийлээ. Гэхдээ сар гаруйн өмнөх үлбэгэр, сул дорой байдлаасаа арай өөрөөр. Хэдэн жилийн өмнөх МАХН-ын хүчтэй улстөрчдийн нэг байсан үеэ санагдуулам тийм өнгөөр илэрхийлэв. Энэ хуультай холбоотой хоёр намын зөвшилцөл эхлэх үеэр Ардын намын бүлгийнхэн АН-ынханд буулт хийж, түүнийгээ “Хугацаа алдахаас болгоомжилсон” гэдэг үгээр тайлбарлаж байлаа. Харин өчигдөр хуулийн төслийн шинэчилсэн найруулгатай холбоотой зарим асуудалд Ардчилсан намын бүлэгтэй хэлэлцээний ширээний ард суух шийдвэр гаргажээ. Өмнөх алдаагаа тун эвтэйхнээр залруулах гэсэндээ санаатайгаар луу унжиж буй үйлдэл гэж үүнийг үзэхээс аргагүй. Санал зөрүүтэй байгаа асуудал нь мажоритар давамгайлсан 48 тойрог, пропорциональ агуулсан 28 тойрог хооронд нэр дэвшигчдийг шилжүүлэхтэй холбоотой аж. Тэгсэн атлаа тэрбээр УИХ-ын нэгдсэн чуулганаар Сонгуулийн тухай хуулийг энэ долоо хоногт багтаан батлах ёстой гэсэн нь бас л ойлгомжгүй санагдлаа. Хугацаа алдах хувилбарыг АН-ынханд тулгаж байгаа хэр нь хэний ч санаанд багтамгүй тов зарлав. Магадгүй саяхан болсон Ардын намын бага хурлын үеэр Ө.Энхтүвшин гишүүнийг тус намынхан нарийн бичгийн дарга болгосонтой энэ бүхэн холбоотой байж болох юм. Гол өрсөлдөгчөө ингэж бойкотлох замаар намын нэр хүндийг өсгөх даалгаврыг түүнд өгсөн ч юм билүү.
Н.Мөнхтөвшин
“Улс төрийн тойм” сонин
Холбоотой мэдээ
Comments are closed.