Цаг уур, орчны шинжилгээний газрынхны мэдээлж буйгаар арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар манай орны газар нут гийн 65 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ. Ойрын өдрүүдэд орсон цасны улмаас нийт нутгийн 70 хувь нь цастай болсон байна.Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Булган, Увсын Сагил, Түргэн, Улаангом, Завханы Тосонцэнгэл, Хөвсгөлийн Улаан-Уул, Цагаан-Үүр, Архангайн Тариат, Хашаат, Эрдэнэмандал, Өлзийт, Хайрхан, Өвөрхангайн Хархорин, Бүрд, Булганы Дашинчилэн, Могод, Сэлэнгийн Орхон, Хүдэр, Бугант, Хэнтийн Гурванбаян, Батширээт,
Биндэр, Баян-Овоо, Баян-Адрага, Норовлин, Цэнхэрмандал, Хэрлэнбаян-Улаан, Дорнодын Булган, Сэргэлэн, Баянтүмэн, Чойбалсан, Хөлөнбуйр, Онон, Сүхбаатарын Түмэнцогт, Төв аймгийн Баян-Өнжүүл, Зуунмод, Эрдэнэ, Өндөрширээт, Алтанбулаг суманд 15-30 см зузаан цастай байгаа аж. Түүнчлэн Увсын Сагил, Түргэн, Булганы Могод, Дорнодын Сэргэлэн, Архангай аймгийн Хотонт, Хангай, Тариат, Чулуут, Хашаат, Өвөрхангайн Бүрд, Дундговийн Цагаандэлгэр, Дорноговийн Улаанбадрах сумын нутгаар цас улам нягтаршиж байгаа учраас малын бэлчээр хүндрэх тийшээ ханджээ.
Энэ өвлийн цаг агаарын төлөв ямар байгааг тус газрын Урьдчилан мэдээлэх секторын эрхлэгч Ж.Цогтоос тодрууллаа. Тэрбээр “Уржигдраас эхэлж орсон цас нутгийн зүүн хэсгээр дайраад өнгөрч байна. Гэхдээ маргаашнаас дахиад гурван өдөр орох төлөвтэй. Аравдаар ч бас орно гэсэн мэдээ бий. Энэ үеэр томоохон голуудын сав газраар хүйтний эрч шөнөдөө 35-40 градус хүрнэ. Ер нь энэ сарын турш цас 7-10 хоногийн давтамжтай хэд дахин орно. Өнөө өвөл олон жилийн дунджаас ахиу цас орох нь тодорхой болсон. Арав, арваннэгдүгээр сардаа дулаан, цасгүй шахам байж байгаад сүүлийн арав гаруй хоногийн дотор нийт нутгийн 70 хувийг бүрхлээ. Тэгээд бүр нэг удаадаа 2-3 см цас орсон нь өмнөхөөр бол бүтэн сарын хугацаанд буух хур тунадасны хэмжээтэй тэнцэнэ. Энэ нь өнөө жил өвлийн цаг агаар их тогтворгүй байгаатай холбоотой.
Бас дэлхийн цаг уурын дулаарал үүнд нөлөөлж байгаа. Энд нэг зүйлийг зориуд анхааруулж хэлэхэд өвлийн ид хүйтэн одоо л эхлэх гэж байна. Цаг яагаа ч үгүй байхад “Энэ жил сайхан өвөл болж байна. Мал тарга хүч сайн авсан. Өвөлжилтийн бэлтгэл хангагдчихлаа” гээд л байх юм. Энэ олон сайхан мэдээний хажуугаар нэг, хоёрдугаар сард мал, малчин хоёрыг зүтгүүлж мэдэхээр байна гэдгийг цаг уурч хүний хувьд хэлье” гэв. Учир нь нэг, хоёрдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орж, хүйтний эрч ч өмнөхөөс давж чангарах юм байна. Тиймээс өвөлжилт гэхээр л зөвхөн мал, малчин хоёрыг яриад суух бус зам даваа хаагдахаас сэргийлж, цас, мөсийг нь байнга цэвэрлэж, орон сууцны халаалт дулааны асуудал ямар байгааг анхаарах хэрэгтэйг ч сэрэмжлүүллээ.
Л.ГАНЧИМЭГ
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 07, 2011 12:39:15 am )
yaa uvul ch changa shvvv
1 Comment