УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар энэ оны төсвийн тодотголд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны хуралдаанд Сангийн яамны ажлын хэсгийн гишүүд болон төсвийн ерөнхийлөн захирагч, холбогдох албан тушаалтнууд оролцов. Засгийн газраас энэ сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн төсвийн тодотголын хуулийн анхны хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт хийж, байнгын хороонд шилжүүлсэн. Энэ оны төсвийн тодотголтой холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ц.Оюунбаатар, Г.Батхүү нар албаныхнаас асуулт асууж, тодрууллаа. Сангийн дэд сайд С.Пүрэвийн хэлж буйгаар энэ оны хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 65 хувийн биелэлттэй байгаа аж. Хөрөнгө оруулалтыг орлогын байдалтай уялдуулж, санхүүжилтийн эрхийг нээж өгч байгаа гэсэн юм. Тагнуулын ерөнхий газрын шинээр барьж байгаа байр шаардлага хангахгүй байгаа учраас дуудлага худалдаагаар оруулж, орлогыг нь улсын төсөвт төвлөрүүлэхээр зэхэж байгаа ажээ. Төсвийн тодотголтой холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Энхболд үг хэлэв. Тэрбээр “Ирэх оны төсвийг бодитой болгон хэмнэлтийн горимд шилжүүлж тодотгох шаардлага тулгарч байгаа тул шинэ сайд нар бага зардлаар их зүйл хийх, төсвөө зөв тооцож ажиллахад анхаарах хэрэгтэй. Байнгын хорооны зүгээс ч эрхлэх асуудлын хүрээний байгууллагынхаа үйл ажиллагаатай танилцаж, төсөв хөрөнгийн зарцуулалт, үр ашигт тавих хяналтыг сайжруулах нь зүйтэй байна” гэв. УИХ-ын гишүүн Л.Болд Гадаад хэргийн яамны олон улсын хамтын ажиллагааны санд зохих хэмжээний хөрөнгө тусгахад албаныхан анхаарал хандуулах ёстойг энэ үеэр хэллээ. Харин УИХ-ын гишүүн Л.Цогийн хувьд баталсан төвсөө байсхийгээд тодотгох нь буруу хэмээн шүүмжилсэн. Ингээд Монгол Улсын энэ оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон дагалдах хуулиудын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, эндээс гарсан санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо. Түүнчлэн энэ өдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор энэ оны төсвийн тодотголын хэлэлцүүлгийг хийв. Хуралдааны эхэнд Сангийн сайд Ж.Эрдэнэбат хуулийн төслийн талаар танилцуулга хийсэн юм. Энэ оны төсвийн тодотголд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого энэ оны арваннэгдүгээр сарын гүйцэтгэлээр 5.267.8 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 16.2 хувиар буюу 1,019.1 тэрбум төгрөгөөр дутуу биелж, өмнөх оны мөн үеийнхээс 6.2 хувиар буюу 306.6 тэрбум төгрөгөөр илүү байгаа ажээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар 6.623.4 тэрбум төгрөг төлөвлөснөөс 5.708.3 тэрбумын буюу 86.2 хувийн, улсын төсвийн зарлага 4.737.6 тэрбум төгрөг төлөвлөснөөс 4.119.0 тэрбумын буюу 86.9 хувийн гүйцэтгэлтэй гар сан байна. Сангийн сайдын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Тлейхан, Ё.Отгонбаяр, Г.Баярсайхан, Л.Энх-Амгалан, Д.Ар вин, Д.Хаянхярваа нар ажлын хэсгийнхнээс асуулт асууж, хариулт авлаа. Тодруулбал, Ё.Отгонбаяр “Сангийн сайд улс орны нөхцөл байдал бага зэрэг хүндэрсэн гээд зөөлрүүлж ярьж байна. Бодит байдалд төсөв маш хүнд байгаа. Төсвийн тодотголд манай байнгын хорооны хариуцдаг чиглэлийн шинэ объектууд орж ирсэн байна. Эрүүл мэндийн сайдад гэхэд 26, боловсрол соёл шинжлэх ухааны сайдад мөн 20 орчим объектод санхүүжилт тусгасан нь ямар учиртай юм бэ. Он дуусахад хоёрхон долоо хоног үлдээд байхад шинэ объект тавьсан нь агуулгын хувьд ойлгомжгүй байна” гэв. Үүнд Сангийн сайд хариулахдаа “Засгийн газар эрсдэл гаргаад санхүүжүүлсэн объектууд байгаа. Өрийн бичиг гаргаад санхүүжүүлсэн болохоор энэ жилдээ багтаан өрөө төлөх ёстой. Тиймээс санхүүжүүлэхээс өөр аргагүй байдал үүссэн. Хэдийгээр өнгөрсөн оны төсвийн тухай хуульд тусгаад ажлыг нь хийсэн ч санхүүжилтээ авч чадаагүй 190 объект байгаа” гэлээ. Үүний дараа байнгын хорооны гишүүдээс гаргасан саналыг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болж, хуралдаан өндөрлөлөө.
Ц.ТУНГАЛАГ
– See more at: http://www.unen.mn/content/43887.shtml#sthash.tgeVWlXC.dpuf
Холбоотой мэдээ
Comments are closed.