БНХАУ-ын шүүхээс хар тамхи зөөвөрлөсөн хэргээр 15-20 жилийн ял сонссон Монгол Улсын харьяат хоёр иргэнийг ялтан солилцох гэрээний дагуу Монголд авчрахаар болжээ.
Тэднийг эх нутагт нь ял эдлүүлэх тухай хүсэлтийг манай улс өнгөрсөн тавдугаар сард БНХАУ-ын талд уламжилсан байна.
Энэ талаар Гадаад харилцааны дэд сайд Б.Болороос тодрууллаа.
-БНХАУ-д хар тамхины хэргээр хоригдож байгаа манай улсын хоёр иргэн эх орондоо ирэхээр болсон гэж сонслоо. Ирэх хугацаа нь товлогдсон уу. Эх оронд нь авчрах саналыг хэзээ тавьсан бэ?
-Гадаадын орнуудад гэмт хэрэгт холбогдон, ял эдэлж байгаа монголчуудаа эх оронд нь авчрах саналыг бид байнга л тухайн улс оронд нь тавьсаар ирсэн. Цаашид ч энэ талын ажлыг хийх болно. БНХАУ-д хар тамхины хэргээр ял эдэлж байгаа эгч, дүү хоёрыг эх оронд нь авч ирэх саналыг өнгөрсөн зунаас тавьсаар ирсэн. Уг асуудал шийдэгдсэн гэж ойлгож болно.
-Гадаадад ял эдэлж байгаа хүмүүсийг эх оронд нь авч ирэх саналыг тухайн хүний ар гэрийнхэн үү, эсвэл ГХЯ тавьдаг юм уу?
-Ялтан солилцох гэрээний дагуу өөрийн улсын иргэнээ татах хүсэлтийг тухайн орны ГХЯ-ны Консулын газраас санал тавьдаг.
-Эгч, дүү хоёр хэзээнээс ял эдэлж байгаа вэ. Ялынхаа хэдэн жилийг эдэлчихээд байгаа хүмүүс юм бол?
-Энэ талаар одоохондоо мэдээлэх боломжгүй. Ямар ч байсан БНХАУ-ын зүгээс албан ёсоор зөвшөөрсөн хариу ирүүлээд, хүмүүсээ нутагт нь аваад ирсний дараа энэ талаар ярьж болох юм. Тэд хаана ч адилхан шоронд хоригдох ч эх орондоо ирнэ гэдэг нь хамгаас чухал.
-Эгч, дүүс Монголдоо ирэх асуудал эцэслэн шийдэгдчихвэл улс хоорондын зардлыг хаанаас, хэн гаргах вэ?
-Зардал чухал биш. Нэгэнт л асуудлыг нэг мөр шийдээд манай улс хүнээ авч ирэхээр болчихвол яаж ийгээд аваад ирнэ. Зардлаас илүү чухал зүйл нь эх орондоо ирж байгаа явдал шүү дээ.
-Өнөөдрийн байдлаар хар тамхины хэргээр БНХАУ-д ял эдэлж байгаа хэчнээн Монгол хүн байгаа вэ?
-Гаднын улс орнуудад гэмт хэрэгт татагдан, ял эдэлж байгаа нэлээд хэдэн хүн бий. Үүнээс Хятад Улсад хар тамхины хэргээр ял эдэлж байгаа 17 хүн бий. Бид цаашид ч энэ хүмүүсийн эдлэх ёстой ялыг эх оронд нь эдлүүлэх арга хэмжээг шат дараатайгаар авах болно.
М.Өнөржаргал
Холбоотой мэдээ
Comments are closed.