Дундговийн цөлд төмөр зам тавьж, Улаанбаатар-Мандалговийг холбоно хэмээн найман жил худлаа ярьсан УИХ-ын гишүүн Р.Раш, япончуудтай нийлж Дарханаас төмөр “гулгуулчихсан” гэх Х.Наранхүү нар өдгөө дундговьчуудыг төлөөлөн УИХ-д сууж байна. Төмөр зам тавина гэж найман жил яриад арга нь мухардсан Р.Раш гишүүн хэдэн нөхөдтэй нийлж “Монгол мал хөтөлбөр” батлалцаж үзэв. Тэглээ ч цаашаа явахгүй нь. Тиймээс ирэх сонгуульд МАН-аас мандат олдохгүй гэдэг нь тодорхой бөгөөд нутгийн иргэд ч төдийлөн ам сайтай биш байна. Алийн болгон гэм халгүй ярьж явдаг хэмээн сонгох билээ дээ. Харин Р.Раш гишүүнийг төмөр зам тавина хэмээн санаанд багтамгүй зүйл ярьж байх хойгуур Х.Наранхүү гишүүн өөрийн зарцуулах тэрбум төгрөгөөрөө Дундговийн төвийн бүх замыг засчихсан байх юм. Мэдээж Х.Наранхүү үүнийг засахдаа “би чаддаг, болох юмаа л хийе гэж бодлоо. Түүнээс биш чадахгүй байж өөр зам барина гээд яахав” гэж замын ажлын нээлтэн дээр хэлсэн байдаг.
Энэ нь цаагуураа өрсөлдөгч намын журамт нөхөр Р.Рашаа “хийчихсэн” хэрэг. Өөрөөр хэлбэл би төмөр зам барина гэж худлаа хэлэхгүй, харин энэ замаа засч, шинээр хэдэн километр зам баръя л гэсэн санаа шүү дээ. Р.Раш гишүүний хувьд бол одоо төмөр зам гэж ярих юм бол дундговьчууд чулуугаар шидэх байлгүй. Өнөөдөр их бүтээн байгуулалт дагуулан тавих Чойбалсан-Сайншанд-Даланзадгад гэсэн маршурутын төмөр замын асуудлыг Засгийн газрын нөлөө бүхий сайд зүтгүүлээд яаж ч чадахгүй сууж л байна. Байдал нүдэн дээр нь ийм байхад дундговьчууд манай Раш гишүүн яаж дийлэх вэ гэж эрх биш тунгаах биз. Харин Х.Наранхүүгийн хувьд Эрдэнэт хэмээх том айлын даргаар сууж гайгүй бэл зузааны зэрэгцээ намдаа ч гар татаагүйн учир УИХ-д ороод ирсэн. Тэрбээр Эрдэнэтийн захирал байхдаа Д.Пүрэвдорж нартай нийлж, Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс Японы компанид давуу эрх олгон наймаа хийсэн хэргээр АТГ-т шалгагдаж байгаа. Энэ хэрэг яг таг нэг тийшээ болчихоогүй л байна. Тэгэхээр өнгөрөгч хугацаанд УИХ энэ тэр газар олигтой зүйл ч ярьсангүй, дорвитой ажил ч хийсэнгүй, харин ч гэмт хэрэгтнээрээ дуудуулж хэвлэлийн бай болов. Тиймээс эргээд 2012 онд УИХ-д хүрээд ирнэ гэдэг Х.Наранхүүгийн хувьд бол хаалттай. Намынх нь зусардсан хүмүүсийн тоо илүү гарч, мөнгөө хаашаа хийхээ мэдэхгүй сагаж байхад өгдгөө өгөөд, авдгаа авчихсан Х.Наранхүү мэт ч ёстой гайгүй байна аа хэмээн ажиглагчид хэлж байна.
Ажиглагчдын ярьж байгаагаар бол МАН-ынхан өдгөө УИХ-д сууж байгаа хоёр гишүүнээ жагсаалтаас хасч, “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүүг тус аймгаас нэр дэвшинэ гэж тодруулжээ. Юутай ч энэ эрхэм МАН-ын нэрийг Дундговьд тахалж болох хамгийн ирээдүйтэй нэгэн гэнэ. Гэтэл нөгөө талаас Б.Наранхүүгийн эгч Б.Саранчимэг нь Нийслэлийн Нийгмийн ардчилал, эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн болж, ирээдүйн улс төрийн замаа хүчтэй засч эхэлж байна. Үүнтэй нь холбогдууж бодсон уу, яасан зарим ажиглагчид Б.Наранхүү өөрөө улс төрд орж ирэхгүй, Б.Саранчимэгийн замыг засч яваа гэх. Тийм ч биз, үгүй ч биз. Б.Наранхүү Дундговийн ойн баярыг тэр чигт нь ивээн тэтгэж, нутгаасаа сонгогдсон хоёр гишүүний дээгүүр суудал эзэлсэн хүн. Тэрбээр өнгөрөгч наймдугаар сард аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчдөд тус бүр таван сая төгрөг өгсөн гэдгийг эх сурвалж хэллээ. Зүгээр нэг баярхасан нөхөр Иргэдийн хурлын төлөөлөгчдөд тав таван сая төгрөг хаяхгүй нь мэдээж. Тэгэхээр энэ эрхэм ирэх сонгуульд МАН-аас хүссэн ч хүсээгүй ч нэр дэвших нь гэдгийг ажиглагчид ярьж буй. Харин цэнхэр талаас буюу Ардчилсан намаас Ж.Наранцацралт агсны хүү Н.Соёмбыг ярьж байна. Хэвлэлүүд ч бичиж буй. Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн Н.Соёмбо Дундговьд аавынхаа нэрээр дайраад үзэх бодол байж болох ч Ардчилсан намынхан Дунговь хэмээх тойргийг төдийлөн ойшоож анхаарал хаягүй байгаа нь цаанаа ямар нэг тохироо хийчихсэн хэрэг биз ээ. Зарим ажиглагчдын ярьж байгаагаар бол Н.Соёмбо Дундговьд Ардчилсан намаас мандат өвөртлөөд Б.Наранхүүгийн аманд очиж байгаа нь тэр гэх. Хэрвээ одоо хэлэлцэж байгаа хуулиар явбал Н.Соёмбо бол тийш зүглээд ч хэрэггүй гэсэн үг. Харин одоо хүчин төгөлдөр байгаа хуулиар явбал горьдлого бий ч хэцүү. Гэхдээ л цаадуул нь тэртэй тэргүй наймаа хийчихсэн тойрогтоо өгч өвдөглүүлэх гэснээс хаа зайлхав. “Мон-Уран”-ы Б.Наранхүү гэгч бол Дундговийг бүү хэл Засгийн газрыг үгэндээ оруулчих бэлтэй хөлтэй нөхөр гэдгийг уншигч олон хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэх байх. Ийм нөхөр Дундговийг амлачихаад байхад Ардчилсан нам энэ тойрогт тэгтлээ шунахгүй. Ёстой л хорхой нь ид байгаа хүүхдүүдийг өгч өвдөглүүлдэг юм байгаа биз дээ.
С.Баяр
Холбоотой мэдээ
Comments are closed.