Дэлхий дахинд нүүрсний ханш улам өсч, удахгүй тонн тутамд 600 ам.доллараар үнэлэгдэнэ гэж судлаачид үзэж байна. Ийм өсөлттэй зах зээлд монголчуудын талхны мөнгийг нүүрсний экспорт босгож өгөх нь тодорхой. Тиймээс монголын эдийн засгийн хөдөлгөгч түүхий эд нь зэс байснаа 2011 оноос нүүрс болж хувирлаа.
Гэтэл олборлосон нүүрсээ дэлхийд хүргэх их замын эхэнд хятадуудад хямдхан нийлүүлэх гэсэн том саад гарч ирсэн. Хэрэв үгүй гээд өндөр үнэ хэлвэл хил хааж, монголын “амыг барина”. Нэг тонн нүүрсийг 60-70 ам.доллараар үнэлж байгааг хэвлэлээр бичиж байсан. Тэгвэл энэ үнээс дахин 12-25 мянган төгрөгийг хадгалалт, түгээлтийн хураамжид авах гэж байна. Өвөрмонголын Урдын дунд хошуу хэмээх жижиг нэгжийн захирагчаас гаргах гэж буй уг шийдвэрээр түүхий нүүрсний тонн тутамд хамгийн багадаа 60 юань/12600 төгрөг/, баяжуулсан нүүрсний тонн тутамд доод тал нь 120 юань/25200 төгрөг/-ийг авах гэнэ. Сая саяар экспортлогдож буй маш их нүүрсний хувьд 25000 төгрөг хэдэн тэрбум болж гарч ирэхийг одоо тооцоолох боломжгүй. Учир нь уг шийдвэр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих бололтой. Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх ач холбогдолтой бүтээгдэхүүн болсон нүүрсний амыг ийнхүү БНХАУ-ын захын нэг “сумын засаг дарга” боож сууна.
Гэтэл энэ нь Хятадын төрийн бодлогын нэг хэсэг байхыг үгүйсгэхгүй хэмээн шинжээчид үзэж байна. Тус улсын “Шинхуа” корпораци Өвөрмонголын Баяннуурын Улиастай хошуунд байдаг Ганцмод хилийн боомтод жилдээ 20 сая тонн нүүрс угааж, коксжуулах хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар 10 тэрбум юаний хөрөнгө оруулжээ. Монголын хилийн цаахан талд байгуулж буй үйлдвэр нь жилд 12 сая тонн нүүрс угааж, 4.8 сая тонн кокс боловсруулж, 480 000 тонн метилийн спирт, 48 000 тонн нүүрсний тос үйлдвэрлэх гэнэ. Бүтээн байгуулалтын ажил нь ирэх онд дуусч, ашиглалтад орох юм байна. Дээрх тонн нүүрснээс 25000 төгрөг авах шийдвэр мөн л 2012 онд хэрэгжиж эхэлнэ. Тэгвэл ирэх жилээс Ганцмод боомтод ажиллаж эхлэх том үйлдвэрийн түүхий эдийг хамгийн хямд бэлтгэх гарц нь манай нүүрсний үнийг хураамжаар дарах юм. Өөрөөр хэлбэл, Урдын дунд хошууны захирагчийн тамга, гарын үсэгтэй шийдвэрийн дагуу монголчуудын нүүрсийг өндөр татвартайгаар хямдхан авах арга болно.
“Чалко” хэмээх компани манай стратегийн орд болох Тавантолгойн гол худалдан авагчаар тодроод байгаа. Гэтэл энэ компани нь дээрх “Шинхуа” корпораци болон “Чайналько”-гийн хамтран байгуулсан охин компани билээ. Тэгэхээр “Шинхуа”-гийн эцсийн зорилгыг Тавантолгойн нүүрсийг дэлхийн ханшаас хэд дахин хямд авах гэдгээр тодорхойлж болох юм.
Б.Болд
Холбоотой мэдээ
Comments are closed.