Нас хэвийтлээ гоонь эрийн жаргал, зовлонг ханатлаа амссан С.Баяр биеийнхээ тэнхээ суларч, эрүүл мэндээ муудахын эрхээр анхны эхнэр Гэрэлтуяагаа бараадах болжээ. Элдэв хүүхэнтэй нэр холбогдож, бор дарсанд шунаж дурлаж явахдаа тэрээр хоёр охиныхоо ээжийг ор тас мартан, ямар ч харилцаа холбоогүй байж. Хүн дордвол ураг төрлөө, тураг дордвол уул усаа гэдэг. Нэг л өдөр өвчинд ээрэгдэн бусдын хайр халамж дутагдахын цагт өнөөх нэр холбогдож явсан эмэгтэйчүүд нь нүүр буруулахад түүнд анхны эхнэрээс нь өөр халамжлах хүн олдоогүй бололтой. Биеийн эрүүл мэндийн шалтгаанаар Ерөнхий сайдын албаа өгсөн Баяр удаан хугацаагаар эмчилгээ хийлгэхээр Америкийг зорьсон билээ. Тэнд эмчлүүлж байхад нь анхны эхнэр Гэрэлтуяа нь байнга эргэж тойрч, тойголж байсан гэдэг. Магадгүй эхнэр, охид нь хайр, халамжаар дутаалгүй асрамжилсны ачаар тэрээр өнөөдөр улс төрдөө эргэн ирсэн ч юм бил үү. Америкт амьдардаг монголчуудын яриагаар бол Баяр байнга тэдэн дээрээ очих болсон бөгөөд тэдний харьцаа их халуун дотно харагддаг байна. Харин Баярын сайн тал нь нялх балчирт нь орхиж явсан ч охидоосоо харилцаагаа таслаагүй, тусалж дэмжсээр өдий хүрсэн гэдэг юм билээ. Тиймдээ ч анхны эхнэртэйгээ эргэн нэг дээвэрт багтахад нүүр бардам байсан биз ээ. Охид нь нас биед хүрч, аавыгаа асрах халамжлах, түшиж тулах болж. Энэ зун Цэнгэлдэхэд наадам үзэхээр том охиноо дагуулан ирэхэд нь хүмүүс “Баярын ээлжит амраг нь хэн бэ” гэцгээж сонирхож байж билээ. Түүний ийнхүү Америкийг үе үе зорих болсон нь нас намба суухын хэрээр халуун дулаан гэр бүл, эхнэр хүний хайр халамжийг үгүйлдэг болсных ч юм бил үү. Ямартай ч эрүүл мэндийн хувьд айлтгүй болсон бололтой, саяхнаас намынхандаа “одоо миний ээлж, би Ерөнхийлөгч болно” гэж эрхлэх, эрдэхийг хослуулах болсон гэнэ лээ. Өмнө нь “Та Ерөнхийлөгчид нэр дэвших үү” гэж сэтгүүлчийг сонирхоход “би чинь ганц бие шүү дээ” хэмээн хээв нэг хариулж суусан тэрээр өнөөдөр “Би Монгол Улсын Ерөнхийлөгч болно шүү” гэж байнга сануулах болсон нь эртний эхнэрээ “эргүүлж авсан”-тай холбоотой байж болох юм.
bolod
Холбоотой мэдээ
Comments are closed.