…Өглөө нь хэрэв чи
Хайртай гэж хэлээгүй л бол
Өөрт чинь би
Үүрд тэмүүлэх байлаа… /Л.Ө/
Шөнөжингөө тэвэрч унтаад бүр шалчийлгаж орхисон өдөн дэрээ хагас аниатай нүднийхээ завсраар харж, арай хийн сэгсэрч янзлаад бүсгүй орноосоо өндийлөө.
Нарны хурц туяаг бараг хааж чаддаггүй ч, өглөө сэрмэгц л өрөөг нь гоёмсог өнгөр дүүргэж орхисон байдаг нимгэн ягаан хөшгөө хоёр гараараа дэлгэж нээв.
-Яг зөв, сайхан үдшийн өмнөх өглөөний нар ч бас ийм сайхан байх ёстой. Төгс байна аа, төгс…
Тэр одоо хүртэл бүрэн сэрж чадаагүй байгаа уруулаараа дотроо бодох, чанга хэлэх хоёрын завсраар үглэчихээд хэзээнээс ч юм сурсан зангаараа орныхоо дэргэдэх шүүгээний хамгийн дээд талынх нь татлагыг нээж харав. Өөрийнх нь таньдаг бүх л эмэгтэй хүний шүүгээний дээд нүдэнд нь гоо сайхны бараа, аль эсвэл эмийн сан, үзэг цаас зэрэгхэн байдаг бол түүний энэ шүүгээнд хальтхан харвал дүүргэж тавьсан чихэр, эсвэл цэцгийн дэлбээнүүд шиг харагдах олон өнгийн дотоож бий.
Нэг нэгээр нь дээр дээрээс нь маш нямбайлан өрсөн байх ба өглөө бүр ийн нээхдээ аль нэг нь далийж мурийгаад муухай болчихоогүй байгаа эсэхийг нягталдаг юм. Бүсгүй тэднийгээ яг л эрхэлж ирсэн тэжээвэр нохойгоо харж байгаа хүн шиг хайр бялхсан, ямар нэг ухаангүй дуртай зүйлээ харж байгаа хүн шиг сэргэсэн нүдээр харна. Яг 6 жилийн өмнөөс тэр дотоож цуглуулах болсон. Жирийн даавуун бус, дандаа торон чимэглэлтэй, бүгд өөр өөрийн гэсэн онцлог загвар бүхий дотоожнууд түүний шүүгээнд донжтойгоор эгнэн байрлах нь урлагийн муухан бүтээлээс ч дутахааргүй харагдана. Харин хамгийн анх худалдаж авсан торон дотоож нь түүнд байдаггүй. Худалдагч эгчээс бишүүрхэн бишүүрхэн авч байсан тэр дотоож нь яг л хорин нас шиг нь томоогүй байсан. Залуу бүсгүйн дурлал шиг л цав цагаан өнгөтэй байсан. Гэхдээ тэр дотоожийг зориулж авсан хүндээ дурсгасан гэж бодохоор сэтгэл нь амардаг юм. Хамгийн анх тэр залуугийн гэрт очиж хоночихоод, сэтгэл нь биенээс нь халгиж гарчих гээд байсан болохоор нь “Би чамд хайртай” гээд л хэлж орхисон. Гэтэл түүнийг сонсмогцоо л залуу автобусанд таарсан танихгүй хүн шиг харцаар харж билээ. Хайртай гэдэг үг зарим хүний гаранд нь бэхлэгдсэн гав гинж шиг санагддаг болохыг бүсгүй тэр үед мэдээгүй байлаа. Энэ бол түүний нээсэн дурлалын анхны дүрэм байв.
Бутарсан мөс шиг зүрхээ дараад, өврөөс нь бас амьдралаас нь явахаар хөнжлөө сөхөх үест тэр чичирч байсан хуруунаас нь зөөлөн атгаад “Чи надад дотоожоо үлдээгээч” гэж хэлсэн юм. Өөр дурсагдах зүйл үлдээж чадаагүй гэж бодсондоо ч тэр үү, өгч болох хамгийн нандин зүйл минь гэж бодсондоо ч тэр үү, цав цагаан торон дотоожоо тайлж өгчихөөд, гэрлүүгээ харьсан. Тэр харих замдаа дурлалын 2 дох дүрмийг бодож олсон нь дотоожоо өмсөлгүй гудамжаар алхах, зүрхээ хаа нэг газар гээчихээд, хоосон цээжтэй явах хоёр нэг л төстэй мэдрэмж өгдөг болохыг ойлгосон явдал байлаа.
Тэр явдлаас хойш яагаад ч юм дэлгүүр хэсэх болгондоо дотуур хувцасны тасагт удаж удаж гарч ирдэг болжээ. Бүр гоёлын туфль авахаар дэлгүүр орчихоод бүтэн гуталны мөнгөөр нэгхэн ширхэг дотоож аваад шинэ жилийнхээ үдэшлэгт оролгүй үлдэж байсан удаатай. Тэр дотоожоо бүсгүй хамгийн доод нүдэнд нь, цагаан хөвсгөр даавууны дунд ганцааранг нь тусгайлан тавиад цоожилчихсон байдаг юм. Учир нь тэр дотоож бусдаасаа онцгой. Ув улаан өнгө, хажуу талынх нь жижигхэн тууз, урьд нь хэзээ ч харж байгаагүй зөөлхөн торгомсог эмжээртэй торон дотоож. Хуримынхаа анхны шөнө өмсөнө гэж нандигнадаг тэр нууцлаг дотоожийг нь хальт харвал яг зүрх шиг хэлбэртэй үзэгддэг юм. Харин хажуу талынх нь туузыг анхных нь нөхөр тайлаасай гэж тэр хүсдэг юм.
Өмнө нь тэр олон эрчүүдийн хөнжлөнд дотоожоо үлдээгээд орхин одож байсан. Мөн л 6 жилийн өмнөөс ийм зуршилтай болчихож. Тэр хүний өмч болж байгаа юм шиг, гавлуулчихсан юм шиг мэдрэмж төрмөгц л юу ч хэлэлгүй явчихдаг болжээ.
Зарим нь өглөө сэрээд өвөрт нь бүсгүйн илээд л баймаар биений оронд нэг дотоож хэвтэж байхыг хараад хогийн сав руу чулуудчихдаг ч байж мэднээ. Бүсгүй үүнийг мэдэхгүй, учир нь дотоож нь түүний хувьд салалтыг илэрхийлдэг учраас тэр нэгтэй нь ч эргэж харилцаагүй юм. Гэхдээ л хэдэн жилийн дараа толгой дохиод мэндлэхээс хэтрэхгүй харилцаатай болсон хэн нэг эр нь согтуу утасдаж, үлдээсэн дотоожийг нь шөнө бүр дэрлэж унтдаг тухайгаа уйлж хэлнэ гэдэгт тэр итгэдэг. Эсвэл 1 удаа тэгж хэтэрхий үнэмшилтэй төсөөлчихснөөс ч болсон байж магадгүй. Яагаад гэвэл түүний хувьд торон дотоож яг л зүрхнийх нь өчүүхэн хэлтэрхийтэй адилхан бэлэг. Тэр хэлтэрхийг нэг ч болов хүн өөртэй нь адилхан нандигнаасай гэж тэр хүсдэг юм. Зүрхээ жижиг жижигээр нь “энд тэнд” үлдээж явдаг ч тэр шинэ дотоож худалдаж авах болгондоо буцаагаад л дүүргэчихдэг. Түүнд дахиад үлдээх өчнөөн эмтэрхий зүрхнүүд бий. Гэхдээ сүүлийн үед утгагүй гэж бодогдох болсон энэ зуршлаасаа залхчихжээ. Одоо тэр яг л дурлал шиг гал улаан ганцхан дотоожоо нэг л эр хүнд зориулж өмсөөр санагдана.
Өнөөдөр орой очих тэр эрийг анхных нь нөхөр байгаасай гэж хүсдэг. Учир нь тэр залуу л түүнд гартаа гав гинж биш, ямар нэг гоёмсог бугуйвч зүүчихсэн юм шиг эрх чөлөөтэй, дур булаам мэдрэмж өгсөөр бүтэн жил өнгөрчээ. Тэр өөр лүү нь нэг ч удаа дурлалдаа шатсан харцаар харж байгаагүй., өөрийг нь өхөөрдсөн нэр хочоор дууддаггүй, олон хүний хажууд гарыг нь хөтлөхөөс хэтэрдэггүй хүйтэн хөндий хүн. Тийм л эрийн дэргэд үүрд баймаар санагдана. Хэрэв бусад залуу шиг уйлан дуугардаг нэгэн байсан бол тэр аль хэдийн түүнийг бас л нэг дотоожтой цуг орхиж одох байсан. Өөрийг нь дэргэдээ ийм удаан тогтоож байгаа эр цаашдаа ч түүнийг тогтоож чадна байх гэсэн итгэл. Энэ итгэлийг тэр “жинхэнэ хайр” хэмээн томъёолно. Тэгвэл 20 настайдаа хэлж байсан үг нь хоосон байсан хээрг үү?
Өнөө орой түүний гэрт очоод хэзээ ч өөрт нь дурладаггүй байдалд нь улам татагдах болно гэдгээ тэр мэдэж байв. Ийм байх нь амар тайван байдаг. Бүсгүй түүнийг бараг юм дуугардаггүйг нь мэдэх тул оршил болгож энгэр зөрүүлчихээд оронд нь ганцаараа элдвийг ярьж сууна. Тэгээд түүний гарыг мөрөн дээгүүрээ давуулж тохчихоод харахад цэвдэг царай гаргах тусам нь хамт баймаар, хүйтнээр хайрах тусам нь илүү таатай санагдах болно. Ингэж бодохоос сэтгэл нэг л сайхан болчихов.
Ажлаа тараад тэднийх лүү яаран алхласаар очив. Хаалга нээгдэхэд бүтэн жилийн турш өдөр алгасалгүй харсан царай муутай эр. Анхнаасаа л доожоогүй харагддаг гэдгийг нь бүсгүй мэдэж байсан. Гэхдээ л тэр өөрт нь унан тусан дурлаагүй. Энэ нь л бүсгүйг өдөр бүр энэ хаалгыг зүглэдэг болгосон.
“Нэг жилийн ойн мэнд!”
30 минутын дараа гэхэд бүх юм дууссан, хоёр нүцгэн бие орон дотор орчихсон байв. “Өөр хүн байсан бол намайг одоо магтаалын үгээр булж байгаадаа. Гэтэл тэр одоо хээвнэгхэн тамхи татаад хэвтэж байдаг Ийм л эртэй насан турш цуг байхсан” хэмээн бүсгүй бодоод чимээгүй инээмсэглэн хүйтэн өвөрт нь шургав.
-“Би чамд хайртай”. Амар амгалан, сэтгэл хангалуун байдлыг эвдсэн үг.
Бүсгүй толгойгоо өндийлгөж ямар нэг сэтгэл түгшээсэн, итгэж боломгүй муухай зүйл сонсчихсон юм шиг харцаар харав.
-Юу гэнэ ээ? Худлаа яриад бай.
Залуу инээмсэглэн
-Би чамд юу юунаас илүү хайртай. Өмнө нь л хэлдэггүй байсан юм.
Бүсгүйн гар дахь өнөөх гоёмсог бугуйвч нь хүндэрч, бугуйг нь өвтгөж эхлэхийг мэдрэв.
-Би чамд итгэхгүй байна.
-Нээрээ шүү, би бүр зургийг чинь ажлынхаа өрөөний ханаар дүүргэчихсэн. Чи баярлахгүй байгаа юм уу?
Бүсгүй хариулсангүй. Ер нь тэрнээс хойш юу ч дуугарсангүй. Урьд шөнөөс хойш нэг л дургүй хүрмээр халуун болчихсон түүний өвөрт дотоожоо үлдээгээд, үүрээр босоод явахдаа ч тэр. Тэр зөвхөн бодож байлаа. “Хайртай” гэж хэлээгүй байсан учраас л тэр түүнтэй бүтэн жилийн турш хамт байж чаджээ. Угаалгын өрөөнд ороод тэр хайр дурлалын 3 дахь дүрмээ бодож олов. Ер нь орхин одсон эр болгондоо яагаад заавал дотоожоо үлдээх ёстой юм шиг санагддаг байсныг тэр ойлгосон юм. Эмэгтэй хүн гэдгээ мартахгүй байхад нь тусалсанд талархсаных байжээ. Харин одоо хүртэл доод талынх нь шүүгээнд ассаар байгаа улаан дотоожийг өмсөх өдөр ямар хол байгааг мэдрэлгүй өнгөрсөн юм. Тэр дотоож яг зүрх шиг хэлбэртэй харагддаг гэдгийг танд хэллүү?
Холбоотой мэдээ
-
ax (November 21, 2014 11:06:35 pm )
shaal teneg sanahdchla
1 Comment