Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг огцруулахаар МАН-ын бүлгээс УИХ-ын 28 гишүүний гарын үсэг бүхий хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлснээр Н.Алтанхуяг сайд албан тушаалаасаа огцрох зам шуударсан билээ.
Тэгвэл тэрхүү хуулийн төсөл УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн хувийн албан бланкан дээр бичигдсэнээс үүдэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг түүнийг Иргэний хэргийн шүүхэд өгчээ. Нэр төрөө сэргээлгэнэ хэмээн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг шүүхэд хандсан ч түүний цаана өөр учир шалтгаан байгаа талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхаярваа тайлбарлаж байна. Түүнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-УИХ-ын нэр бүхий 28 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах хуулийн төсөл өргөн барьснаар өчигдрийн /уржигдрийн/ УИХ-ын нэгдсэн чуулганаар уг асуудал эцэслэн шийдэгдсэн. Тэрхүү асуудалтай зэрэгцэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өөрийг тань Иргэний хэргийн шүүхэд өгсөн байна. Эхлээд энэ талаар таны байр суурийг сонсоё?
-УИХ-ын нэр бүхий 28 гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд санал нэгдэж Ерөнхий сайдыг огцруулах хуулийн төслийг боловсруулан УИХ-ын даргад өргөн барьсан. УИХ-д өргөн барьсан тэрхүү үндэслэл дотроо улс орны эдийн засаг, санхүүгийн байдал, Ерөнхий сайдын ёс зүйтэй холбоотой хэд хэдэн фактыг дэлгэн тавьсан юм.
Харин Н.Алтанхуяг сайд өөрийнхөө ёс зүйтэй холбоотой зарим нэг асуудлыг гүтгэлгийн шинж чанартай гэж үзээд Иргэний хэргийн шүүхэд өгч л дээ. Тэр тухайгаа ч өчигдрийн /уржигдрын/ Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр нэлээн шазуур зуусан, заналхийлэх байдлаар хэлж байсныг сэтгүүлчид та бүхэн харсан. Ингээд өчигдөр орой ажлаа тараад гэртээ очиход дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхээс нэхэмжлэл ирчихсэн байсан. Манай шүүх, хууль хяналтын байгууллагууд асар шуурхай ажиллаж, аль нэг хүний өргөдөл гомдлыг тэр дор нь шийддэг болсон юм байна л даа.
Өөрөөр хэлбэл өчигдөрхөн Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг гэдэг хүн нэхэмжлэл өгөнгүүт тэр орой нь манай гэрийн хаягаар 7-ны өдрийн 10 цагт шүүх дээр хүрэлцэн ирэхийг үүрэгдсэн зарлан дуудах ирж байх жишээтэй.
Товчхондоо бидний өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл бүхий албан бичигт ямар нэгэн гүтгэлгийн шинж чанартай зүйл огтхон ч байгаагүй. Бид хууль хяналтын байгууллагуудын гаргаж тавьсан мэдээ баримтад тулгуурлан тэрхүү үндэслэлүүдээ боловсруулсан юм.
-Таны хувьд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос “Эрдэнэс Тавантолгой”-н үйл ажиллагаатай танилцах ажлын хэсгийн ахлагчаар томилогдон ажилласан. Та бүхний шалгалтаар Ерөнхий сайдын хүргэн Г.Дэнзэнгийн эхнэрийн “Говь Повер” ХК зэрэг “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой багагүй зөрчил илрүүлсэн юм билээ. Таныг шүүхэд өгсөн нь эдгээртэй холбоотой болов уу?
-Зарим талаар холбогдохыг үгүйсгэхгүй. “Эрдэнэс Тавантолгой”-н асуудлаар бид газар дээр нь очиж байдалтай нь нэг бүрчлэн танилцсаны хувьд бүрэн үндэслэлтэй дүгнэлтээ оруулсан. Тэр Г.Дэнзэн гэдэг нөхрийн эхнэрийн мэдлийн “Говь Повер” гэдэг компани “Эрдэнэс Тавантолгойн”-н дансыг хааж байгаад тав, зургаан удаагийн үйлдлээр 4.6 тэрбум төгрөг гаргуулан авч төрийн мэдлийн компанийг эдийн засаг, санхүүгийн хувьд маш хүнд байдалд оруулсан байгаа юм. Тэр тухай маш тодорхой баримт, материал нь бидэнд байгаа. Ийм ч учраас миний хувьд Н.Алтанхуяг гэдэг хүнийг гүтгэж, нэр төрд нь халдсан гэж огтхон ч бодохгүй байна.
Харин ч бид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг санхүүгийн хувьд маш хүнд байдалд оруулсан “Говь Повер” компанийн дээрх хууль бус үйлдлийг хууль хяналтын байгууллагуудаар шалгуулах болно.
Бидний хувьд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ёс зүйтэй холбоотой асуудлыг л хөндөж тавьсан болохоос гүтгэж, нэр төрд нь халдсан зүйл байхгүй. Яагаад гэвэл төрсөн охин, хамаатан садан, ойр дотно ажиллаж байгаа хүмүүс нь Эрүүгийн гэмт хэргийн шинж чанартай асуудлуудад удаа дараа холбогдож, зарим нэг нь одоо ч шалгагдаж байгааг л гаргаж тавьсан. Н.Алтанхуяг бол асуудлыг их дэвэргэж “1937 он давтагдаж байна. Шинэ хэлмэгдүүлэлт эхэллээ” гэж ярьж л байна лээ.
Тэгвэл өнөөдөр намайг шүүхэд яаравчлан дуудаж байгаа нь харин жинхнээрээ 1937 он руу эргээд явж байгаа юм бишүү гэж асуумаар байна. Хууль тогтоох дээд байгууллагын 28 гишүүний гаргаж тавьсан үндэслэлийг Д.Хаянхярваа гэдэг хүн ганцаараа гаргаад ирсэн юм биш шүү дээ.
Миний албан бланкан дээр өөрийг нь огцруулах үндэслэл бүхий бичиг үйлдэгдснээс болж шүүхэд өгч байгаа юм уу, Ерөнхий сайдынх нь хувьд алдаа дутагдлыг нь УИХ-ын чуулган дээр нэлээн хэдэн удаа шүүмжилсний тооцоог бодож хувь гишүүн надтай заргалдаж байгаа юм уу гэдгийг би сайн ойлгохгүй л байгаа. Гэхдээ би хэн нэгнийг ор үндэсгүй гүтгэн доромжилж нэр төрд нь халдаагүй болохоор сандарч мэгдээд байх юм огтхон ч алга. Ер нь буруутай хүн л яагаа ч үгүй байхад сандарч тэвдэн ойр тойрондоо асуудал үүсгэдэг л дээ.
-Таны албан бланкан дээрх Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлд УИХ-ын нэр бүхий 28 гишүүн гарын үсэг зурсан. Тэдгээр гишүүдийг бүгдийг нь шүүхэд дуудах юм болов уу?
-Н.Алтанхуяг гэдэг хүн Д.Хаянхярваатай тооцоо бодох гэсэн юм уу, УИХ-ын нэр бүхий 28 гишүүнтэй заалдах гэсэн юм уу гэдгийг одоогоор сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн манай гэрийн хаягаар ирсэн шүүхийн энэ зарлан дуудахын дагуу маргааш /өнөөдөр/ би анхан шатны хоёрдугаар шүүхэд очих юм байна. Тэгэхээр энд нэг л юм ажиглагдаж байна.
Монгол Улсын хууль, шүүх ард түмнээ үнэхээр их ялгаж, салгаж ханддаг юм байна. Эрх мэдэлтэй, сайд дарга нарт бол үнэхээр нүд ирмэхийн төдийд л жигтэйхэн ажил хэрэгч, хурдан гавшгай үйлчилдэг юм байна. Бүх иргэндээ ингэж ханддаг бол Монголын хууль, шүүхийн шинэчлэл жинхэнэ утгаараа хэрэгжиж байгаа юм байна гэж ойлгохсон. Харамсалтай нь бодит амьдрал дээр ямар байгааг та бид харж л байгаа шүү дээ.
-2015 оны төсвийн төслийг 11 дүгээр сарын 15-нд амжиж баталж чадахгүй байдал үүсчихлээ. Шинэ сайд нар томилогдохтой холбогдон төсвийг шинэчлэх юм уу, аль эсвэл хуучин оруулж ирсэн төслөө батлаад явах юм болов уу?
-Ер нь бол нэгэнт өргөн баригдсан төсвийг хуулийн хугацаанд нь батлахын төлөө л явах ёстой. Хуулиараа энэ хугацаа нь ирэх 15-н буюу үндсэндээ есхөн хоног үлдчихлээ. Миний хувьд өөрийн байр сууриа хэвлэл мэдээллээр дамжуулан хэд хэдэн удаа өгсөн. Ер нь 2015 оны улсын төсвийг нэлээн чамбайруулж, усыг нь сайтар шавхахын тулд батлагдах хугацааг нь зайлшгүй сунгахаас өөр аргагүй байдал үүсчихээд байна.
Ирэх 12 дугаар сарын 15-н гэдэг ч юм уу, эсвэл шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа энэ төсвийг тал талаас нь тун сайн тооцоо судалгаатай, нягт нямбай боловсруулахгүй бол 2015 онд Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдал олигтой дээрдэх байдал ажиглагдахгүй байгаа. Ер нь л нэлээн сайн хэмнэлтийн горимд шилжиж, ард иргэдээ ч тэр зүгт бэлтгэх шаардлага үүсчихлээ шүү дээ.
Шинэ Засгийн газрын Ерөнхий сайд, танхимын гишүүд нь орж ирээд 2015 оны төсөвт тодорхой тодотголыг яаралтай хийх болов уу гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл сая орж ирсэн төсөв бол ямар ч үндэслэлгүй, тооцоо судалгаа тун хангалтгүй хийгдсэн юм орж ирсэн л дээ. Энэ жилийнхээ тодотголыг ч хийж чадаагүй.
Жишээ нь эхний есөн сарын байдлаар хөрөнгө оруулалт 42 хувьтай байна гэж байсан бол одоо хэдэн хувьтай байгаа юм бүү мэд. Татварын орлого гэхэд л нэг их наяд төгрөгөөр тасарчихсан явж байгаа. Ийм төсөвтэй явж байгаа мөртлөө тодотгол хийхгүй байгаа нь үнэхээр хариуцлагагүй явдал гэж хэлэхээс өөр аргагүй. Тэгэхээр энэ жилийн гүйцэтгэл гараад ирэхээр ирэх жилийн төсөв, төлөвлөгөөнд нэлээд өөрчлөлт орох нь зайлшгүй.
Ер нь бид хойшдоо энэ их үрэлгэн зангаа хазаарлаж, хямралын менежментээр ажиллах хэрэгтэй.
-УИХ-ын гишүүн С.Баярцогтын дэвшүүлээд байгаа Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах тухайд хувь гишүүнийхээ зүгээс ямар бодолтой яваа вэ?
-С.Баярцогтын удаа дараа яриад байгаа Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах тухайд одоогоор надад бодсон санасан юм алга. Мэдээж АН-ынхан тодорхой санал гаргах нь зайлшгүй. Засгийн газрын тухайд хувь гишүүний гэхээсээ намын бүлэг, олонхын байр суурь л бүхнийг шийдэх учиртай. Зайлшгүй хувь гишүүний саналаа хэлэх шаардлага гарвал миний хувьд энэ Засгийн газарт яагаад ч орж болохгүй л гэж хэлнэ.
Шинээр байгуулагдах Засгийн газар үнэхээр ажлаа мэддэг, мэргэжлийн танхим бүрдүүлэх ёстой л гэж бодож байна. Үнэхээр яах аргагүй мэргэжлийн чадварлаг боловсон хүчинтэй, ажлаа мэддэг Засгийн газар байгуулагдах юм бол УИХ дахь МАН-ын бүлэг бүх талаар дэмжиж туслаад, хамтран ажиллахад бэлэн байгаа.
-Сайд нарын давхар дээлийн тухайд?
-Миний хувьд танхимын сайд нар дан дээлтэй байх ёстой гэдэгтэй эхнээсээ л санал нэг байсан. Одоо ч хэвээрээ. Миний хувьд УИХ, Засгийн газрын гишүүнийг богинохон хугацаанд ч гэсэн хашиж үзсэн. Үнэхээр хоёр ажлыг жигд сайн хийгээд явъя гэвэл хувь хүний эрүүл мэнд яагаад ч дийлэхгүй, яах аргагүй аль нэгийг нь дутуу дулимагхан хийхээс өөр аргагүй болдог юм байна лээ. Ер нь хойшид энэ асуудлыг даруйхан нэг тийш болгох л ёстой.
-Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах боломжийн тухай МАН-ын бүлэг дээр ярилцсан юм биш үү?
-Та яагаад ийм асуулт тавьж байгааг би мэдэхгүй. Ямар ч гэсэн энэ талаар манай бүлэг дээр яригдсан зүйл ерөөсөө байхгүй. Хэрвээ тийм санал ирлээ ч гэсэн УИХ дахь МАН-ын бүлэг ч шийдэхгүй, МАН-ын Удирдах зөвлөл ч шийдэхгүй.
Яг ийм асуудлыг МАН-ын Бага хурлаар шийддэг зарчимтай юм. Тэгэхээр энэ асуудлаар тайван байж болно.
Д.Энхтүвшин
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
zochin (November 07, 2014 1:38:28 pm )
Za ene ichih nuurendee ileg naasan zalitan odoo boliosoo, bas tegeed ard tumen ene ter gechihejee, unshihaas sanaa zovmoor yum. ene luivarchin ch ingeed heleez zogsoj bgaadaa yum bodoj bga yum ch baihgui l dee. Gol ni ene met hen ch bish, shunaldaa atgagdsan nuhduus l bolj uls ornii baidal hetsuudeed bgaad hamag uchir bna. tiimees iim met uuriiguu uls torch geed anduurtsan tuuruldsun amitad baih yostoi gazarluugaa l yavmaar bna.
-
зочин (November 07, 2014 3:29:13 pm )
ЭРХЭМ ГИШҮҮН ТА ХОНГОР СУМИЙН АСУУДЛИЙГ ЯАЖ ШИЙДВЭРЛЭХ ГЭЖ БАЙНА.ХҮН МАЛИЙН УДМИЙН САНД ЯМАР ИХ ХОХИРОЛ УЧРУУЛСАНАА САНААЧ,,,,,,,,,,
-
ганаа (November 08, 2014 5:26:19 am )
Түрүү засаг барьж байхдаа танай нам бүгэд л давхар дээлтэй байсан шүүх дуудлаа гэж юундаа сандраад гучин долоон оныг санаад хашиграад байгаа юм бэ гэм т хүн гэж хэцүү юмдаа гэм хийсэн хүн дандаа дотоод хормой нь чичирч яавдаг юм гэсэн
3 Comments