Халуун сенсаацны эзэн, хэвлэлд ярилцлага өгч байгаагүй, халуун омголон сэтгэлт бүсгүйг та бүхэнтэй уулзуулж байна. “Miss World” тэмцээний үндэсний ялагч болж, миссийн титэм тэргүүндээ гялалзуулж байсан энэ бүсгүйг Э.Сэлэнгэ гэдэг. Хорьж болохгүй хорин хэдхэн насандаа цахилж яваа Э.Сэлэнгэ миссээс гадна моделийн маш амжилттай карьерыг Сингапураас авахуулаад Америк хүртэл хийжээ. Тийм ч учраас түүний сэтгэлгээ манай нийтлэг, хэв шинжит моделиудаас тэс өөр.
Тэр хэн нэгний түрийвчинд орохын оронд модель хүний мэргэжлийн ажлын нэг хэсэг болох нүцгэн зургаа авахуулахыг илүүд үздэг шударга үзэлтэн. Аливааг өнгөн талаас нь гүехэн дүгнэхдээ гаргууд манайхан харамсалтай нь түүний энэ үйлдлээс болж порно од хэмээх хоч хайрласан. Хэн ч, хэзээ ч чухам яагаад нүцгэн зургаа авахуулсныг нь асуугаагүй хэрнээ бодит байдлыг ингэж гуйвуулсанд Э.Сэлэнгэ гайхаширч явдаг.
Нэгэнтээ Ногоон намын Д.Энхбатын хүү Э.Санчиртай үерхэж, алс холын Америкт залуу насны романс хэлхэж явсан модель бүсгүй чухам тэр л үедээ хайрынхаа төлөө анх удаа нүцгэн зургаа авахуулж. Хайрынхаа төлөө гэчихээд яагаад тайчдаг билээ гэж бодож, гайхаж байвал та түүний яриаг уншиж сонирхоорой.
Миссийн титэм зүүж, моделийн карьер хөөсөн арав гаруй жилийнхээ амьдрал, үнэн, хайр, түүнчлэн загварын ертөнцийн хөшигний ардах атаа хорсол дүүрэн аймшигт дүр зургийг хүртэл зөвхөн Э.Сэлэнгэ л тэгтэл нь илэн далангүй хамгийн гол нь анх удаа ярьсан юм.
Намайг олоход л хэцүү болохоос хэвлэлийнхээс зугтсан юм байхгүй
-Үе үе эхээс төрсөн биеэрээ хилийн чанадаас “мэндчилдэг” содон хүнтэй ингэж уулздаг байжээ. Эх орондоо ирээд хэр удаж байна. Сүүлийн үеийн сонин хачнаасаа манай уншигчдад дуулгаач?
-Сонин хачин ихтэй. Өдөр бүр завгүй, жолооны курст суухын хажуугаар, UBS телевизийн хөтлөгч найруулагчийн курст явж байна. Эфирт ярих, өөрийгөө зөв илэрхийлэх ярианы баялагтай болж, үг хэлээ зүгшрүүлье гэж хөтлөгчийн курст явж эхэлсэн. Бага байхдаа нэвтрүүлэгч ах, эгч нарыг хараад тэдэн шиг болохыг хүсдэг байсан.
Ердөө 45 хоногт хөтлөгч болно гэхээр хүмүүст богино хугацаа шиг санагдаж магадгүй. Гэтэл 45 хоногт улс үндэстний сайхан хүүхнийг шалгаруулдаг болчихож. Тийм болохоор 45 хоногийн курс надад маш хангалттай, цаг хугацааг хэмнэсэн санагдаж байгаа.
-Сэлэнгээ ер нь хэвлэлд ярилцлага өгдөггүй ч сонирхолтой фигур. Миссүүд титмээ зүүгээд хэвлэлтэй найзлаж эхэлдэг. Таны хувьд их нууцлагдмал хөшигний ард байж ирсэн?
-Өнгөрсөн хугацаанд нэлээн олон жил гадаадад моделиороо ажиллалаа. Саяхнаас Монголдоо суурьшиж байна. Урд нь ирээд явдаг байсан. Намайг олоход хэцүү эсвэл тохироо нь бүрдэхгүй байсан байх. Хэвлэлийнхнээс зугтсан юм байхгүй.
-Энэ хугацаанд хаагуур ямар трафик хийв?
-Америк, Итали орнуудад байлаа. Үндсэндээ 14-тэйгээсээ Монголдоо ирж, очин амьдарсан. Энд “Искра” дунд сургуулийг төгссөн. Хүмүүс гадаад гарахаараа буцаж ирдэггүй. Харин би жилд нэгээс хоёр удаа ирдэг.
-Гадаад руу ингэтлээ тэмүүлэх болсон нь ямар учиртай юм бол? Боловсрол чухал байв уу эсвэл өөр шалтгаан байсан уу?
-Боловсролыг чухалчилсан нь мэдээж. Нөгөө талаар цэвэр сонирхлоороо гадаад гарсан. Би англиар ярих их дуртай, монголоор гэхээсээ англиар өөрийгөө илүү илэрхийлж чаддаг юм шиг санагддаг. Англи хэлийг цэцэрлэгт орохоосоо өмнө сурч байсантай холбоотой байх. “Cartoon network” суваг анхны багш маань гэж хэлж болно. Өдөржин тэр сувгийг үзэж, дагаж хэлсээр байгаад англи хэл анхан шатанд сурч байлаа. Ер нь Монголд байя гэж бодогддоггүй. Гадаадын агентлаг руу зургаа явуулаад нааштай хариу ирвэл явсаар өдий хүрсэн. Би чинь өөрөө өөрийнхөө менежер л гэсэн үг.
Анх “Miss Fashion TV”-д Францаас Жампиер гээд залуу скаут хийж яваад “Монгол Модель” агентлаг дээр ирж охидуудын зурагнаас сонголт хийхэд минийх тэнцэж 2007 онд Вьетнам руу “Miss Fashion TV” тэмцээнд явсан. Тэмцээний финал Тайландад, 12 сарын 30-нд болж, 20 насныхаа төрсөн өдрөөр “Miss Fashion TV”-д хоёрдугаар байр эзэлсэн. Тэр үед би “I love Fashion TV” гээд л зурагтаар ярьж байсан нь миний хөтлөгч болох хүсэлтэй холбоотой.
Багадаа толинд харж ярих дасгал сургуулилт их хийдэг хүүхэд байсан юм. Хичээлээсээ орж ирэнгүүтээ, туфлиэ өмсөж, хөгжмөө асаагаад толиныхоо урд алхдаг байсан. Ванны өрөөний толь миний шууд эфир, тэгээд л англиар ярьж гарна даа /инээв/.
-Ингэхэд юу таныг мисс, модель болтол хөглөж өгсөн гэж боддог вэ?
–“Fashion TV” үзээд догдолдоггүй эмэгтэй бараг байдаггүй байх, ялангуяа охидууд. Дэлхийн миссийн тэмцээнийг 1997 онд үзчихээд шууд үсээ угааж, цамцаа индүүдээд “Би мисс болмоор байна” гэж өөртөө хэлсэн. Тэр миссүүдийг хараад өөрийн мэдэлгүй тэмүүлсэн, зорилго тавьсан. Үнэхээр хүн өөрөө хүсч байгаа бол түүнийгээ биелүүлэх алхмыг хийж эхэлдэг юм билээ.
-Сэлэнгээгийн аав ээж ямар хүмүүс байдаг вэ. Гэр бүлийнхнээ танилцуулаач?
-Би ээжээс хоёулаа, дээрээ нэг эгчтэй. Аав программист, ээж эдийн засагч мэргэжилтэй ГОК-д ажилладаг. Манай аав ээж хоёр Ленинградын их сургуульд хамт сурдаг байсан. Би Ленинградад, эгч Иркутскт төрсөн. Би Эрдэнэтийнх гэдэг харьяалалтай, тав зургаан насандаа хотод орж ирснээр хотын иргэн болсон.
-Мисс, загвар өмсөгч болох шийдвэр гаргахад ээж аав чинь хэрхэн хүлээж авч байв? Одоо охиноороо их бахархадаг байх?
-Би өөртөө маш их итгэлтэй байсан болохоор манай гэрийхэн ч гэсэн надад итгэж, алхаж гишгэхийг минь хүртэл заадаг байсан. Манайхан хийж байгаа юмаа мэддэг, хариуцлагатай гэж надад их итгэдэг. Багадаа төгөлдөр хуурын дугуйланд явдаг байлаа. Аав намайг ганцааранг нь явуулахад би шалгалтанд нь тэнцэж байсан. Тэрнээс хойш юуг ч ганцаараа хийж чадах юм байна гэдэг урам зориг орж, өөртөө итгэлтэй болсон.
Урлагийн үзлэг гэхээр миний нэр хамгийн эхэнд явж байдаг, нийгмийн идэвхитэй охин байсан. Ханын самбарыг би хийж өгдөг, зураг зурна, бүжиглэнэ, илбэ үзүүлнэ, бүр техно хийдэг байлаа. Тэр үед багш зурсан зургийг маань хараад, хүүхдүүдэд “Та нар Сэлэнгээгээс үлгэр дуурайл ав, усан будгаар ингэж будах ёстой” гээд л ярина. Эмэгтэй хүн ер нь бүжиг, уран зурагт сонирхолтой болж өгвөл сайн байх хэрэгтэй гэж боддог. Энэ нь гоо сайхны мэдрэмжийг дээшлүүлдэг.
-Цахим дээд сургуульд сурч байсан санагдана. Программист байснаа мисс болсон байх аа?
-Аав программист мэргэжилтэй байсан болохоор би компьютерт ойр өссөн. Тийм болохоор аавынхаа мэргэжлийг өвлөх гэж суралцаж байгаад хоёрдугаар курсдээ мисс болсон. Дараа нь мэргэжлээ сольж “Урлах эрдэм”-ийн дээд сургуульд дизайнераар суралцсан. Харин Америкт тагнуулын чиглэлээр сурсан. Программистаар суралцаж байхдаа энэ миний эзэмших ёстой мэргэжил биш гэж бодогдоод мэдрэмжээ дагасан.
Миссийн титмээ Г.Оюунгэрэлд алдах шахсан ч гадаад шүүгч намайг аварсан
-Сая болсон “Miss Mongolia” тэмцээнийг үзсэн байх. Өөрийн чинь орж байсан үеийг бодоход охидууд ямар болсон байна? Миссийн титэм зүүж байсан тэр үеэ дурсвал бас сонин байх болов уу. Тээр олон жилийн хойно дурсамж сэргээд сайхан байсан байх.
-Нээрээ 10 жил өнгөрсөн болохоор миний үе, тэрний үе гэж ярихаар болчихжээ. Би 2006 онд орж байсан. Мисс спорт номинацид сунгалтын дасгал хийлгэнэ. Тэр үед Австралиас ирсэн гимнастикийн тамирчин бүсгүй тэмцээнийг шүүж байлаа.
Би тэр сунгалтыг л сайн хийж чадах юм бол энэ тэмцээнд түрүүлнэ гэж бодсон. Тухайн үед би бүх шалгуурыг гүйцэтгэл сайтай хийсэн. Бүжгээ бүжиглэхдээ хүртэл үнэн сэтгэлээсээ бүжиглэж тэрнээсээ асар их кайф аваад л. Хийж байсан бүх зүйлдээ өөрийгөө зориулсан. Гэтэл би Оюунгэрэлд байраа алдах шахсан. Ёстой жинхэнэ шударга ёс ялав гэдэг шиг Австралийн ардчилсан орны шүүгч байсан тулдаа намайг аварсан.
Яагаад гэхээр, миний 45 хоногийн явц дундын оноо хамгийн өндөр нь. Австрали шүүгч тайзны ард өөрийнхөө байр суурийг илэрхийлж, бодит байдал ийм байна, та нар цаасаа хар, аль өндөр оноотой нь түрүүлэх ёстой гэж хэлснээр би түрүүлсэн. Түүний дараа миний сайн найз Оюунгэрэлийн сонинд өгсөн ярилцлага, шүүгчийн машинд суугаад явсан гэх мэт хэвлэлээр гарсан “шуум” үнэхээр инээдтэй санагдсан. Би үнэхээр хөлсөө дуслуулж түрүүлсэн. Миний шагнал Дэлхийн миссд явах бэлтгэлээр хангах байсан. Одоо бол гурван сая, таван сая төгрөг, тэдэн өрөө байр гээд өгдөг болж. Надад тэр үед миссийн титэм, нэр алдар бэлэг болж ирсэн юм.
Гараа сайн бол бариа сайн гэдэг. Миний хийж байгаа бүхэн үр дүнтэй байсан. Тэгэхэд би 18-хан настай бас найз залуутай байсан. Гэтэл тухайн үед намайг “Desoft” студийн захирал Эрхэмбаяртай холбож, шүүгчийн машинд сууж явсан гэж бичсэн. Үнэн хэрэгтээ би “Аянчин” гээд спонсор компанийн эмэгтэй захирлын машинд суусан юм л даа. Тэр эгч, надад чи их бор юм байна, өвдөг тохойгоо цайруулаарай гээд л яг эгч хүн шиг зөвлөж байсан нь санаанд тод үлдэж.
-Миссийн титэм зүүх тэр торгон агшинд найз залуу чинь яаж хүлээж авч байв?
-Танхим дунд суудлаасаа ганцаараа босоод зогсчихсон дэмжиж байсан. Тэрийг хараад би их баяртай байсан. Тэр үе миний амьдралын хамгийн сайхан үеүдийн нэг.
-18-хан настай охин гоо үзэсгэлэнгийн олимпт амжилт үзүүлж алдар хүндийн титэм хормын төдийд ирэхэд хажуугаар нь сэтгэл зүйн дайралт, нийгмийн зүгээс ирэх хэл ам, нөгөө талаас харц шидлэх залуус, болзоонд урих мессеж гээд юм юм давхацаж байсан байх. Тэр нөхцөл байдалд яаж зохицож байв? Хамгийн хэцүү, хамгийн сайхан нь чухам юу байв?
-Польшт болсон 56 дахь удаагийн Дэлхийн миссийн тэмцээнийг зохион байгуулагчид нь хамгийн гоё оролцогчидтой онцгой жил байна гэж мэдээндээ онцолж байсан. Гэтэл миссийн тэмцээний зарим орны оролцогч охидууд муухай байсан гэж ярих тохиолдол байдаг. Харин миний хувьд Польшт болсон тэр тэмцээн хамгийн том бөгөөд маш их туршлага суусан тэмцээн болсон. Хүний сайхан чанар, хүнлэг сэтгэл, эмэгтэй хүний гоо сайхан гэж юу юм, хэрхэн яаж биеэ авч явах соёлыг оролцогчдоос суралцсан. Монголдоо сэтгэгдэл өндөр буцаж ирсэн.
Хүмүүсийн “шуум” ярианууд надад үнэхээр нөлөөлөөгүй, тоогоогүй. Харин найз залуу маань л их хартай болчихсон байсан. Намайг үйл хөдлөл хийх болгонд “чи яах гээд байна, хаачих гээд байна” гээд л хянана. Бид хоёрын дунд том орон зай үүсчихсэн юм шиг санагдаж байж билээ. Удалгүй би Сингапурын “Дива” агентлагтай гэрээлж явсан. Найз залуугаасаа миссийн тэмцээнээс болж биш гадагшаа удаан хугацаагаар явснаас болж салсан.
Тэр маань миний хайртай байсан залуу, намайг их ч дэмждэг байсан. Анхны миссийн тэмцээндээ орох гээд хүнтэй муудалцаад уйлж байхад намайг шоолоод, юун сүртэй юм гээд л, аав хүн охиноо зоригжуулж байгаа юм шиг л байдаг байсан. Тэр тэмцээнд би түрүүлж билээ.
-Одоо холбоотой байдаг уу?
-Харилцаатай байдаг. Тэр хүн одоо эхнэртэй. Бид хоёр салах гэж их юм болсоон \инээв\. Бараг хоёр жил болсон. Тэр өөр хүүхэнтэй болж харин би карьер хөөсөн. Монголд ирэхэд, чи надад хоёрхон жил өгчих, тэр хооронд би… гээд л уйлаад тэвэрдэг байсан. Тэр хоёр жил өнгөрсөн ч би моделийн карьераа үргэжлүүлсээр байсан.
-26 нас гэдэг чинь хүнтэй суухаар яарах нас бас биш байх. Тэр залуу хүлээвэл хүлээхээр л байж дээ?
-Тийм ээ. Сингапурын мисс л нөхөртэйгээ сууж бусад нь найз залуугаасаа салж байсан, тухайн үед. Бид хоорондоо их уулзана, нөхөрлөнө. Дэлхийн миссийн оролцогчидтойгоо Сингапурт, Японд уулзаад хүмүүнлэгийн үйл ажиллагаа их явуулдаг. Миссийн тэмцээнд оролцсоны дараа амьдралд өөрчлөлт гарах нь тодорхой, бүгд мэдэж байсан.
Хүнтэй гэрлэе гэж боддоггүй
-Одоо Сэлэнгээ single үү, double уу?
-Одоо сив single. Хүнтэй гэрлэе ч гэж нэг их боддоггүй.
-Чамайг Ногоон намын Д.Энхбатын хүүтэй суулаа гэсэн мэдээлэл гарч байсан шүү дээ. Энэ талаар нэг ч удаа тайлбар хийж байгаагүй. Ний нуугүй тодорхой хариулт өгөөч?
– Тэр хүний талаар ярих үнэхээр дургүй, бодохыг ч хүсдэггүй /санаа алдав/. Гэвч нэгэнт бүхнийг үнэнээр нь ярина гэж өөрт чинь амласан болохоор хариулья. Америкт бид хоёр хамт амьдардаг байсан. Тэр хүнээс болж би тамхинаас гарсан, өнөөдөр би тамхи татдаггүй. Маш их хайртай байсан. Дэлхийн мисст орж байсан тэмцээний сайхан дурсамжуудтай ижилхэн миний амьдралын сайхан дурсамжуудын маань нэг.
Би Америкт сурахаар Санчир дээр очиж байсан. Санчир Хавайгаас Лос-Анжелос рүү шилжиж сураад байр сууриа олчихсон байсан. Би эх орон, найз нөхөд, гэр бүл, карьер бүх амьдралаа орхиж золиос гаргасан. Тэр үед би мисс гэдэг нэрээ мартаад нүцгэн зураг авахуулсан шүү дээ. Хайрынхаа төлөө гэж хэлж болно. Найз залуугаасаа би мөнгө авахыг хүсээгүй юм. Намайг зөвхөн хүн гэдэг талаас нь хайрлаасай, бидний үерхэл чин сэтгэлийнх байгаасай гэсэндээ нүцгэн зураг авахуулах шалтгаан гарахад юу ч бодохгүйгээр зөвшөөрч байсан
-Яагаад заавал найз залуугийнхаа төлөө нүцгэн зургаа авахуулж байж хайраа хадгална гэж вэ? Нууц биш бол тодорхой хариулт өгөөч?
-2011 оны 2 сард байхаа даа, Америкт очингуутаа цүнхээ хаячихсан юм. Миний карт, бэлэн мөнгө, түрийвч бүх юм байхгүй болсон гэсэн үг. Тэр үед зөөгчийн цалин цагийн 18-20 доллар, байрны үнэ доод тал нь 500 доллар. Хэдий хугацаанд ажиллаж байж толгой хоргодох байртай болох вэ? Өөрөөр хэлбэл надад маш хурдан хугацанд их мөнгө олох шаардлага үүссэн юм.
Тэгээд интернэтээс моделийн чиглэлээр хийж болох ажил хайсан. Дотуур хувцастай зургаа авахуулах ажил, хөлс нь ч боломжийн. Найз залуудаа хэлээд зөвшөөрөхөөр нь очсон. Гэтэл ганц модель ганц зурагчин биш Америйкийн соёлын үндэсний өвөрмөц байдлаар групп маягаар зураг авалт явагдаж байсан. Зураг авалт нь хурдан болчих байх гэж бодоод хүлээсэн чинь моделиуд нь хувцсаа тайлж нүцгэрч эхэлсэн.
Тэгэхээр нь би найз залуу руугаа утасдаад, “Эд нар удаад байна, бас хүүхнүүд нь шалдан болж эхлээд байна” гэж ярьж байсан. Тэгэхэд, “чи яаж байна” гэж асуухаар нь “би гайгүй байна” гэж хариулж байсан. Уг нь би тэд нартай адилхан нүцгэн болоод байсан мөртлөө \инээв\. Сүүлдээ надад таалагдахгүй гэртээ харимаар санагдаад намайг ирж аваач гэж ярьсан. Тэгсэн чинь машин хөлслөөд чамайг очоод авъя гэж ярихаар нь “битгий мөнгө үрэх гээд бай, би энд олох гэж ядаж байхад чи үрэх гэж байдаг” гэж ярьж байлаа.
Мэдээж их эвгүй байсан. Гэхдээ ердөө ганцхан кадр даруулаад 20 мянган доллар авах боломж, надад мөнгө үнэхээр хэрэгтэй байсан үетэй давхацаж ийм алхам хийж байлаа. Тухайн үед миссийн титэм, нэр хүнд, юм юм дотроос угзарч байсан л даа. Хаа холын Америкт авахуулж байгаа юм чинь хэн ч мэдэхгүй байх л гэж бодсон. Зургаа ч авахуулсан, мөнгөө ч авсан. Тэр мөнгө их ч хэрэг болсон. Хайртай хүнээсээ нэг төгрөг ч авалгүй харилцаагаа хадгалж чадсан. Ийм шийд гаргасан нь зөв ч байж мэднэ, буруу ч байж мэднэ. Одоо болтол боддог л юм.
Э.Санчир бид хоёрыг Бэбэ салгасан
– Нүцгэн зургаа авахуулах бол шалтгаан биш байжээ. Тэгвэл та хоёрын тэгтлээ их нандигнаж, бүх зүйлээрээ дэнчин тавьсан хайр яагаад төгсөх болов? Сэтгэлийн чинь шархыг хөндөж байгаадаа хүлцэл өчье. Гэвч ний нуугүй хариулт сонсохыг уншигчид хүсэж байгаа?
-Хоёр өөр тивд байж байгаад салсан. Хов живнээс болоод салсан гэх үү дээ. Магад явган ярианд итгэсэн нь миний буруу ч байж болох. Тэр яриа худлаа байсныг хожим олж мэдсэн. Найз залуу маань ч гэсэн тайлбарлаж хэлж байсан л даа. Тэнэгтээд байгаарай Сэлэнгээ гээд л. Гэхдээ нүүр нүүрээ харж уулзаж ярилцаагүй, салснаасаа хойш. Интернэтээр салсан даа. Миний хувьд хамгийн үнэтэй, бүхэл бүтэн амьдралаараа дэнчин тавиад зорьж ирсэн хайр, ийм өндөр байшинг чи нураачихлаа, хоёулаа ахиад шинээр, эхнээс нь баръя гэхэд би үгүй гэсээр байгаад салж байсан.
Хайртай байсан болохоор сэтгэлийн өндөр хөөрлөөр хүлээж авсан л даа. Яагаад гэвэл миний хамгийн дотны найз охин бид хоёрын дундуур зориуд орсон. Тэр хүн одоо манай нийгэмд нандин, сайхан хүүхэнд тооцогдож явдаг. Санчирын өмнөх найз охин л доо. Миний компьютер дээр фэйсбүүкийнх нь password үлдсэн байж таараад санаандгүй inbox руу нь орж харсан. Тэр эмэгтэйн чатаар бичсэн зүйл гарч ирээд …
-Уучлаарай та хоёрын дундуур орсон тэр найз чинь хэн юм бэ? Нэгэнт энэ хүртэл ярьчихсан юм чинь нэрийг нь хэлж болох уу?
-Би үүнийг ярьснаараа буруутан болж магадгүй. Гэхдээ нэгэнт үнэнээ ярина гэж хэлсэн юм чинь хэлье. Бэбэ буюу Батцэцэг. Батцэцэг миний хамгийн сайн найз байсан ч намайг мисс болсны дараа надаас зайгаа барьсан. Гэхдээ бид хоёрт дуусгаагүй бизнес байгаа. Манай экс найз залуу тэр хоёр клубт тааралдсан байгаа юм. Клубт эрэгтэй хүн дээр түрүүлж очихыг би лав ариун явдал гэж боддоггүй.
Тэрний мессежийг уншихад миний зүрхийг хэдэн хэсэг сийчээд хаячих шиг л болсон. Би мэдсэнийхээ дараа Санчирыг над руу залгахад утсаа ч аваагүй хэд хоног болсон. Тэгэхэд манай найз охин руу яриад, намайг юунаас болж уурласныг мэдээд “Сэлэнгээ наадах чинь бүгд худлаа, тийм юм байхгүй, тэр хүн надтай зүгээр л ирээд мэндэлсэн” гэсэн. Батцэцэг түүнийг Хонгконг руу хамт явъя гэж чатаар бичсэнийг би уншсан хэрэг л дээ. Тэрийгээ надад хэлж, би тэр хүүхнийг чинь тоогоогүй шүү, за юу гээд л тайлбарлаж байсан. Гэхдээ мэдэхгүй, би нэг л уучилж чадаагүй юм. Сэтгэлд нэг ан цав гарчихаар санасны зоргоор болдоггүй юм билээ.
-Өөрөө хоёр удаа нүцгэн зураг авахуулсан байдаг. Хоёр дахиа яагаад нүцгэлэв?
-Нэг сэтгүүлийн зураг авалт байсан юм. Гадаадад авхуулсан болохоор тарахгүй байх гээд юу ч бодоогүй. Зүгээр нэг хүний номын хавтсан дээр буух юм л бодсон. Би нэр хүндээ боддог. Гэхдээ тэр үед би зорьж нүцгэлээгүй. Момент л тэгж таарсан.
-Сэлэнгээгийн хайрын романсыг сонсоод байхад хэтэрхий үнэнч болохоор ганц бие яваа юм байна гэсэн бодол төрж байна?
-Магадгүй. Би матрын орд, 12 сарын 30-нд төрсөн. Матрын ордныхон дурлахаас, сэтгэлийн зовлон шаналал эдлэхээс айдаг, богино хугацааны учралд дургүй хүмүүс байдаг гэдэг. Тийм учраас би ганц бие байгаа байх.
-Магадгүй цаг хугацаа сэтгэлийн шархыг эмчлэх болно. Хугацаа өнгөрөх тусам хэн хэн чинь ухаажиж, буурь сууна. Ер нь яагаад эргээд нийлж болохгүй гэж?
-Үгүй байх аа. Хэрэв буцаж нийлэх дээрээ тулвал муухан киноноос илүү юм болно доо. Гэхдээ би ойрын хоёр жилдээ хүнтэй суухгүй. Цаанаасаа тийм мэдрэмж төрөөд байна. Карьераа хөөж, мэдлэгээ дээшлүүлж, нийгэмд хэрэгтэй юм хийхийг хүсч байна. Хамгийн гол нь дотоод гоо сайхнаа дээшлүүлэх тал дээр анхаарлаа хандуулж байна. Хүмүүс намайг сайн мэддэггүй. Тэгсэн мөртлөө би нээлттэй юм шиг. Би гадаад орнуудад юу сайхан байна тэрнийг сурч ирээд эх орондоо хийе гэж анх Америк явж байсан. Одоо ч миний толгойд тэр бодол байдаг.
Эмэгтэй хүн ген сайтай хүнээс хүүхэдтэй болж эрх чөлөөтэй амьдрах хэрэгтэй
-Ингэхэд эрчүүд хэр хоргоож байна?
-Намайг янз бүрийн хүмүүс сонирхдог. Хөгшин залуу, нарийн бүдүүн гээд л \инээв\. Заримдаа залхана шүү.
-Хамгийн сүүлд хэзээ болзоонд явсан бэ?
-Гурав хоногийн өмнө явсан /инээв/. Манай нэг найз “Үүжгэнэ, жүүжгэнэ”-ийн гишүүн. Тэр үйл ажиллагааны дагуу танилцсан найз. Намайг эмэгтэйчүүд их сонин хүлээж авдаг. Найз залуугүй нүцгэлсэн гэдэг утгаар хажуудах залууг нь салгаад аваад явчих юм шиг л. Тийм явдал, дайралт надад их тохиолдож байна. Ер нь би хүнтэй үерхэнэ гэдэгтээ итгэлгүй байгаа.
Би ганцаардахаас үхтлээ айдаг байлаа. Гэтэл хүн давахгүй гэсэн даваагаар долоо давдаг гэдэг шиг хүсэхгүй бүх юмаа би ганцаараа хийж чадсан. Хүнд өгсөх цэг байдаг бол, уруудах цэг гэж бас байдаг. Ганцаардал миний амьдралын ёроол хэсэг байсан. Ганцаараа би бүх зовлонгоо давж гарсан. Хэн нэгэнтэй шаналсан, гомдсон сэтгэлээ хуваалцаж ярьдаггүй байсан. Энэ бүхнийг би өөрөө давж гарсан. Хоёр жилийн өмнө нэг сурвалжлагч найз залууг минь асуухад их уйлж билээ\инээв\. Одоо уйлахгүй байхыг бодоход би хүнд үеэ давсан бололтой.
-Ингэхэд Сэлэнгээд ямар эрчүүд таалагддаг вэ? Охидууд би ирээдүйд суух нөхрийнхөө дүр төрхийг аль хэдийнэ гаргаад шалгууруудыг жагсаагаад биччихсэн байгаа гэдэг. Өөрийн чинь тэмдэглэлийг залууст сонирхуулмаар байна шүү?
-/инээв/ Сайн хүн л хэрэгтэй. Миний амьдралын сайн муу бүхнийг ойлгох чадвартай, сэтгэлийн бядтай, эмэгтэй хүнийг хүндэлдэг, алсын хараатай, амьдралын ухаантай … Нэг тийм туйлбаргүй эмэгтэйлэг шинж чанар нь давамгайлсан хүн хань болохгүй болов уу. Би их юм үзэж даван туулсан. Надаас илүү хүчтэй нөмрөг нөөлөгтэй, намайг хайрладаг, хажууд нь байхад би юунаас ч айхгүй тийм амгалан тайван байдал мэдрүүлж чадах хүнийг төсөөлж байна. Үеийн банди нарын ертөнцийг үзэх үзэл таалагддаггүй. Өрөөсөө туршлагтай хүнийг сонирхдог байж магадгүй. Гэтэл тийм залуу хаана ч байгаа юм, тэнгэрээс хайлтай биш /инээв/.
Тэр залуугаа олно гэдэг бас том асуултын тэмдэг. Хэрвээ тийм хүн олдохгүй бол ганцаараа карьераа хөөж амьдарна. Эмэгтэй хүн ген сайтай хүнээс нэг хүүхэдтэй, үр удмаа залгуулж үлдээлээ, болоо. Бусдаар бол гоё сайхан, өөрөө аз жаргалтай амьдрах нь зөв ч юм шиг. Хүний өмнөөс уйлж хайлаад над шиг үхэж хатаад хувцсаа тайлах шаардлагагүй. Гэвч залуу нас минь л юм даа. Залуу хүний амьдрал л ингэж өрнөдөг байх.
Магадгүй хэдэн жилийн дараа би энэ асуултанд арай өөрөөр хариулах ч юм билүү. Одоо бол галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй нэг л эр зоригтой, амьдралын өрнөлдөө сэтгэл хангалуун бүсгүй явж байна даа.
Миний бөгсийг үнс!
-Сэлэнгээ гэнэтхэн миний бөгсийг үнс гэсэн бичлэгээр скандал дэгдээсэн. Тэр бичлэгийг эхэндээ согтуу хийсэн юмуу гэж харсан. Яг ярилцаад үзэхээр өөрийн чинь ярианы темп угийн ийм удаан юм байна. Тэр ямар учиртай бичлэг юм бэ?
-Тэр үед Италийн Миланд нэг загварын шоунд оролцохоор оччихсон, моделиудын байранд олон үндэстний охидуудтай амьдарч байсан юм. Ёстой жинхэнэ хаашаа л харна соёлын шок. Тэр бичлэгийн тухайд хүмүүс өдрийн тэмдэглэлээ цаасан дээр бичдэг шиг гадаадад хүмүүс видео тэмдэглэл хийдэг. Тийм л нэгэн тэмдэглэл. Бодит байдлаа ялгаж салгахын тулд зориуд монголоор ярьсан. Гэхдээ монгол хүнд биш гадаад хүнд хандаж уур, бухимдлаа илэрхийлсэн хэлбэр.
Болсон явдал гэвэл тэр үед би өрөөндөө албани, итали, украин, орос, бразил, испани охидуудтай амьдарч байсан юм. Гэтэл нэг охин миний шампуньд цавуу хийчихсэн, хувцсан дээр бас цавуу асгачихсан байсан. Энэ бол загварын ертөнц дэх өрсөлдөөн, атаа жөтөөний хамгийн башир арга.
Би гуян дээрээ мэсний сорвитой. Нью-Йоркийн тайзнаа гарахын яг өмнө вьетнам охин миний гуя руу хутга шаасан. Би алхаж ч чадахгүй хүнд бэртэл аваад нутаг буцаж байсан. Цавуу асгасан охины тухайд болдогсон бол барьж аваад цонхоор шидчихмээр санагдаж байж билээ. Гэвч мэдээж тийм явдал болоогүй. Монгол хүн болохоор мөн чанар зулгаагаад хариу башир арга ч хэрэглээгүй. Тэр бичлэгээр дамжуулж бухимдлаа илэрхийлж байгаа юм л даа. Миний уурлаж байгаа хамгийн дээд хэлбэр, хэмжээ. Түүнийгээ фэйсбүүктээ тавьсан.
-Тэгвэл “Миний бөгсийг үнс” гэсэн чинь намайг хүлээн зөвшөөр, надад долигно гэсэн утгатай үг байх нь ээ? Зөв таасан уу?
-Яг тийм. Бөгс үнс гэдэг хэллэг нь Америкт надад долигно гэсэн утгыг илэрхийлдэг. Тэр охинд би тэгж л хэлмээр байсан. Гэтэл аль хэдийнэ хор уршиг нь гарчихсан болохоор би тэр шокны байдлаас гарч аль болох хурдан тайвшрахаас өөр сонголт байгаагүй. Би тайван, юу ч болоогүй юм шиг байх тусам тэрнийг ялсан гэсэн үг. Бухимдлаа ил гаргаж хашгичих юм бол тэрнээс юугаараа ч ялгарахгүй, шалихгүй амьтан болно гэж бодсон хэрэг.
-Ер нь хорон башир өрсөлдөөн загварын ертөнцийн тайзны ард их хүчтэй байдаг юм шиг ээ?
-Миний сайн найз охин найз залууг маань булаах гэж оролдож байна шүү дээ. Тэгэхээр энэ ертөнцөд би оршин байхын тулд аймаар хашир хүн болж хувирч байгаа биз? Өнгөөр яривал хаширсан саарал чоно, бараг л 7 буудуулаад үхээгүй чоно байх нь байна шүү дээ, би /инээв/.
-Ийм залуудаа хэрсүүжиж, амьдарлын эрээн бараан, сайн муу бүхнийг үзэж туулна гэдэг нэг талаар сайшаалтай ч нөгөө талаар гунигтай санагдах үе байх уу?
-Би гэхдээ нэлээн тэвчээртэй хүн байх. Ганцаараа суугаад пиво уугаад уйлах тохиолдол зөндөө байсан. Би хүнд нулимсаа үзүүлэх дургүй. Яагаад гэвэл миний амьдралд орж ирсэн хүн үдлээд буцдаг юм шиг. Дээд тал нь гурван сар хамт байгаад л явдаг. Моделиуд түр зуурын аянчин шиг хэмнэлтэй амьдардаг. Дэргэд хэн ч ирсэн намайг орхиод явахыг би мэдэрдэг.
Би ч гэсэн бусдыг тэгээд л орхиод явдаг байх. Би анх Сингапурт моделиор явж байхдаа эхний удаа амжилт муутай байсан. Жаахан ч байж, 14 настай нөхөр үзүүлэх зургаа гэртээ мартаад мэргэжлийн үүднээс үнэлгээ маш муу авч хасагдсан. Дараа нь шарандаа Сингапур руу очоод өөр агентлагт зураг авахуулаад нөгөө унасан агентлагтаа очиж тэнцэж байсан.
Моделиуд хэдий харахад өнгөц, тортны чимэглэл шиг гоё ганган, гоё поза барьж байгаа хүүхнүүд шиг ч гэсэн тэр урсгалд ороход цаг хугацаа, хөдөлмөр, харьцааны соёл, тэвчээр, тууштай байдал гэхчлэн хувь хүнээс олон зүйл шаарддаг. Наад зах нь хамт ажиллаж байгаа хүмүүстээ таатай сэтгэгдэл төрүүлэх хэрэгтэй. Гадаад үзэмжээс гадна хүн талаас гоё хүн байх хэрэгтэй байдаг. Ийм өрсөлдөөнтэй нүүр тулж ирсэн болохоор өөртөө итгэлтэй байж, бүх шийдвэрээ гаргах нь миний дадал хэвшил болсон.
Гэр бүлийнхэн маань итгээд, бие даалгаад гадагшаа удаан хугацаагаар явуулж байна. Ер нь хүн өөртөө итгэх итгэлээ алдахгүйн тулд хичээх ёстой. Би өөртөө өндөр шаардалга тавьдаг, өөртөө итгэдэг, гуниж гомдсон үедээ ганцаараа уйлдаг. Тайзны ард хүнд хэцүү үе зөндөө тохиолдоно. Ганцаараа уйлчихаад хэдэн хормын дараа юу ч болоогүй юм шиг инээгээд л явж байдаг.
“Гоёл”-д орвол Мянганбаяртай үерхэх хэрэг гарна, тиймээс орохгүй
-Сэлэнгээ Монголд энэ удаа нэлээн удах бололтой. Ингэхэд “Гоёл” наадамд оролцох уу?
-“Гоёл” наадамд би орж яах юм бэ? Орох юм бол нөгөө Мянганбаяртай үерхэх хэрэг гарна шүү дээ.
-Загварын ертөнц гэхээр л Мянганбаярын нэр холбогдох юм. Үнэхээр тийм асуудал байна уу, өнөөдрийг хүртэл загварын тогооноос хэн нь ч энэ талаар албан ёсны үг унагаж байгаагүй?
-Ингэж хариулвал политик талаасаа зөв болох юм байна /инээв/. “Гоёл” наадамд орлоо гэхэд шууд болон шууд бус утгаар тэр хүнтэй заавал холбогдоно. Ард түмэн намайг холбох ч юмуу, Мянганбаяр өөрөө ч надтай холбогдох юм уу хэн мэдэх юм. Тийм болохоор ер нь орох хэрэггүй байх. Тэгээд ч тэмцээн шударга болж, хүмүүс нь эрүүл саруул ухаанаар шүүдэггүйг би харсан, эвлэрсэн.
“Гоёл” наадамд хоёр удаа оролцсон. Надад гурван хувцас өмсөх боломж л өгч байгаа юм л даа. Тэр нь наддаа тэнгэрийн умдаг атгасантай адил. Агентлаг хоорондын өрсөлдөөнөөс болоод “Монгол модель” агентлагийн охидуудыг шахах, хавчих бичигдээгүй хууль байдаг юм билээ. Зарим охидууд пижигнэтэл 20-30 удаа тайзнаа гарч байхад би яав? Ердөө гурван гараа.
Би шударга өрсөлдөөнд дуртай. Гэтэл тийм тэгш бус гараатай, нөхцөл нь ялгаатай байхаар миний өөрийн амбиц унтарчихаж байгаа юм. Бурмаа тайзан дээр 20 гарч байхад Дулмаа 2 гараад яаж өрсөлдөх юм?
-Нээрээ ч “Гоёл” наадам ямархуу өнгө төрхтэй болдгийг мэднэ л дээ. Ингэхэд өөрт чинь Монголын томоохон брэндүүдээс хамтарч ажиллах, нүүр царайгаа болгох санал хэр их ирж байна?
-Намайг энд байгааг мэдэж байгаа хүмүүс ховор байгаа байх. Дээрээс нь Д.Болормаа намайг нухчин дардаг.
Д.Болормаа намайг Сүбээдэйтэй хардаж бүдүүлэг аашилсан
-Яагаад вэ? Багш чинь биш билүү?
-Мэдэхгүй, намайг тэр Сүбээдэй гэх залуутай хардаад сонин характер гаргасан. Саяхан тэр залуу Сингапурт очсон юм. “Phantom” агентлагт загвар өмсөхөөр дөнгөж оччихсон хүнд чинь би ядахдаа монгол ёсоо бодож тусална биз дээ. Фитнесс зааж өгсөн, манай агентлагийн бүх моделиуд бөөнөөрөө хоол идэж, клубт орсон. Маш энгийн түвшний харилцаа. Бөөнөөрөө авахуулсан зураг фэйсбүүк дээр гарсныг харчихаад буруу ойлгосон юм шиг байна лээ.
Ер нь гадны агентлагууд 7 хоногт нэг удаа хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрүүлэх нөхөрсөг арга хэмжээ зохион байгуулдаг. Сүбээдэйтэй нэг агентлаг болохоор хамтдаа байсан. Дараахан нь би Монгол руу ирсэн. Болормааг тэгж хэлэхэд нь үнэхээр гайхсан. Намайг өөр лүүгээ угз татаж, хуруугаа гозойлгож чичлээд, “Чи Сүбээдэйтэй яасан гэнээ?” гэж дуугаа өндөрсгөөд. Би, хариуд нь “Би Сүбээдэйтэй чинь яагаа ч үгүй, та надтай ингэж ярьж болохгүй шүү” гээд босоод явсан. Би тэгж л биеэ хамгаалсан. Тэр өдөр миний зүрх савлаад шокноосоо гарч чадахгүй байсан.
Би Болормаагаас хараат бус болохоор л энэ бүх үнэнийг ярьж байна. Хэрвээ хараат байсан бол тэр хүний характер, гаж үйлдэл, гаргасан араншин, хэлсэн бүхнийг нь далдлах байсан байх. Надтай тэгж харьцсан нь ёс суртахууны хувьд асар бүдүүлэг байсан учраас л би энэ тухай ярьж байна. Бусдаар хов жив хөөцөлдөж, хүний мууг үзье гэсэнгүй.
Уг нь тэр хүн надад их сайн байсан үе бий. Гэхдээ эр хүнээс болж надтай хувийн шинж чанартай харьцсан нь миний үнэлэх үнлэмж, цаашдаа хамтарч ажилах хүсэл зорилгыг унтраасан.
-Топ Болормаагийн талаар агентлагийнхаа залуустай нь холбосон ор, хөнжлийн асуудал их яригддаг. Үнэхээр тийм юмуу, эсвэл гүтгэлэг үү?
-Тийм үү, үгүй юу гэж асуувал би тийм гэж хариулна. Угаасаа моделиуд нь ч мэддэг. Эрэгтэй эмэгтэй моделиуд багшаасаа хараат байдаг учраас тэр болгон ярьдаггүй. Тэнд байгаа хүүхдүүдийг би ойлгож байна. Би загварын А үсгээ Д.Болормаагаар заалгаагүй. О.Байгаль багшаар хамгийн анх бүх юмаа заалгасан.
-Сэлэнгээгийн хүндэлж, үлгэр дуурайл авдаг модель хэн бэ?
-Жадорын рекламанд тоглодог Эстонийн модель Кармен Касс байна. Муур шиг царайтай, нарийхан шанаа, урт, өндөр хамар, том нүдтэй, эмэгтэй хүний барби болох бүхий л хэв шинжийг агуулсан модель. 1997 онд анх харчихаад яг энэ эгч шиг болмоор байна гэж алхаа гишгээ бүх юмыг нь дуурайдаг байсан. Зураг авахуулахдаа хажуу талаасаа, ихэвчлэн зүүн талаасаа авахуулдаг нь ч төстэй харагдах гэснийх.
Харин Монголоос Байгалаа багшийгаа хүндэлдэг. Тэр хүн надад анх загвар өмсөхөөс гадна жүжиглэхийг зааж өгсөн. Жүжигчний анхны мэдэгдэхүүнийг 11 настайдаа багшаараа заалгаж байсан. Заах арга барил нь их сонин. Жишээ нь, энэ нүдний шилийг ингэж байрлуулаад хэсэг хугацааны дараа эргэж харахдаа шилний байрлал өөрчлөгдсөн эсэхийг чи анзаарч, санах хэрэгтэй гэнэ. Энэ хичээл нэг үйлдэл хийсэн ч алдаж болохгүйг, гурван үйлдлийн дундахаа санах зэрэгт сургаж байгаа юм. Энэ дасгал барьсан тавьсанаа мартчихдаг, самгардуу хүмүүст их хэрэгтэй дасгал. Миний хувьд хувийн зохион байгуулалт сайтай болоход их тусалсан.
Хүнд юм заахдаа шууд механикаар нүдэх биш алив юмыг цаад мөн чанараар нь ойлгуулж, сургах их өвөрмөц арга техниктэй хүн л дээ. Бүгдийг амьдралын эгэл жишээн дээр хийлгэнэ. Нэг удаа тайзны этюд хийхдээ жүжигчин Алтанцэцэгтэй хамтарч ажилалаа. Найздаа хортой вино өгч байгаа хэсгийн этюд л даа. Тэгэхэд, чи энэ виног өгөхөд цаад хүн нь хортойг нь мэдчих юм бол чи муу авлаа, муу жүжиглэлээ, мэдэгдэхгүй бол чи сайн, сайн жүжиглэлээ гэхчлэн заана. Би тийм сайн жүжигчин биш л дээ. Гэхдээ энэ бүхнээс би амьдралдаа маш их зүйлийг сурч, буулгаж авсан. Байгалаа багш миний амжилттай амьдралын эх үндсийг тавьж өгсөн гэж боддог. Тэр хүнээс Болормаа шиг уурлаж, хашгичих характер хэзээ ч гарахгүй. Болормаа, Байгалаа багш хоёр тэнгэр газар, нар сар шиг ялгаатай хүмүүс л дээ.
Надад порно кинонд тоглох санал ирээгүй!
-Нээрээ, Сэлэнгээ өөрт чинь порно кинонд 50 мянган доллараар тоглох санал ирсэн гэсэн үү? Маш эелдгээр татгалзсан сураг байсан?
-За ёстой хариуцлагатайгаар хариулт өгье. Огт тийм санал ирээгүй, ор үндэсгүй худлаа яриа шүү. Мэдээж би хэзээ ч тийм кинонд тоглохгүй. Энэ талаар хэн ч надаас асуугаагүй хэрнээ ийм ор үндэсгүй мэдээлэл гаргасанд үнэхээр гайхах юм.
-Solange Mongol нэрээр порно сайтад алдаршлаа л гээд байдаг. Бүгд худлаа болж таарах нь ээ?
– Solange Mongol бол “Fashion TV”-ийн Мишель Адам ерөнхийлөгчийн надад өгсөн нэр. Анх 2007 онд 20 настай байхад Сэлэнгэ гэдэг нэр нь SolonG гэсэн нэртэй төстэй болохоор франц нэрээр нэрлэсэн хэрэг. Би энэ нэрийг модель нэрээр авч үлдсэн. Түүнээс порно сайтын нэр огт биш.
-Нууц биш бол Сэлэнгээгийн сарын орлого хэд вэ. Гадаадад олон жил амьдарлаа санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн үү?
-Гайгүй ээ, хэлж болдог юм болов уу, би сайн мэдэхгүй байна. Монголд ажиллаад мөнгө олно гэдэг бол үлгэрийн далай. Гадаадад ажиллаад мөнгө хурааж болно. Надад хураасан мөнгө бий, түүгээрээ амьдралаа авч явна.
-Энд хаана хэнтэйгээ амьдарч байна вэ?
-Зайсанд ээжтэйгээ амьдардаг. Эгч маань тусдаа гарсан, 3 хүүтэй.
Нүцгэн зургаа авахуулах нь миний ажлын нэг хэсэг болохоос би биеэ үнэлээгүй
-Өөрөө яалт ч үгүй үнэн худал нь үл мэдэгдэх олон сенсаацны эзэн. Нөгөөтэйгүүр бусад бүх миссүүд амьдралаа зохиосон байхад Сэлэнгээ л ганц бие байгаа нь магадгүй олны анхаарлыг татдаг байх?
-Сая миний толгойд гэнэтхэн нэг бодол орж ирлээ. Хүүхнүүд Мянганбаяр ч юмуу, баян хүмүүстэй явлаа гэх мэдээ байнга гарч байдаг. Гэтэл би аймаар ардчилсан байдлаар, ил цагаахан нүцгэлээд гараад ирэнгүүт тэр хүмүүсийн мэдээтэй холилдоод муухай дүр зураг бий болчих шиг.
Гэтэл жинхэнэ баячуудтай явдаг хүмүүс нь сураггүй. Пүрэвдулам эд нар чинь энхийн цагаан тагтаа юм биш үү. Тэднийг анх яаж гарч ирснийг мартчихсан. Тэгээд нөгөө Пүрэвдулам, Ариунцэцэг эд нар нь сайхан цагаан тагтаа, би бол хар хэрээ. Эсвэл би буруу яриад байна уу?
Анх байгуулсан гавьяа нь гэвэл зүгээр нэг миссийн тэмцээнд ороод, түүгээрээ олонд танигдсан. Дараа нь түүнийгээ ашиглаж баян хүнтэй суудаг. Мисс, загвар өмсөгчид баян хүнтэй суух нь тэдний үндсэн зорилго, үндсэн ажил нь юм биш үү.
Би жишээ нь моделийнхоо ажлыг хийлгүй, магад хэн нэгэн баяны хүүхдийг гаргаж ганц бие ээжийн амьдралаар амьдрах ёстой байсан ч юм шиг. Нүцгэн зураг авахуулах нь миний мэргэжлийн ажлын нэг хэсэг болохоос биеэ үнэлж байгаа болхи хэлбэр биш шүү дээ. Гэтэл би мэргэжлийн ажлаа хийсэндээ буруутан болоод байгаа ч юм шиг. Би модель л болохыг зорьсон, одоо ч зорилгоосоо ухраагүй явна. Магадгүй миний зорилго баяны эхнэр болох байсан бол анхнаасаа тэр зорилгынхоо дагуу явах байсан биз.
-Сэлэнгээ биеийнхээ аль хэсэгт дуртай вэ?
-Чин шударгаар, яриандаа хэт халахгүйгээр хариулбал би хөл, гарандаа дуртай. Инээмсэглэлдээ дуртай, би өгзөгөндөө дуртай. Гэхдээ миний хөх, бөгс хоёр жингийн хэлбэлзлээс болж томорч, багасдаг. Таргалахад өгзөг томорно. Фитнессээр их хичээллэдэг болохоор миний бие хөгжөөд сурчихсан. Бас хөх томорно. Минийх дундаж хэмжээний хөх. Жаахан байхдаа гоё сэргэр хөхтэй байсан, одоо тураад байхгүй болсон. Хуваарилалт нь буруу турчихгүй юу /инээв/. Охидод зөвлөхөд огцом тураад хэрэггүй, хөх бөгсийг чинь аваад явах эрсдэлтэй шүү.
-Эмэгтэй хүн жилд 200 удаа секс хийж байж 5-6 насаар залуужиж эд эсийн түвшинд бүрэн шинэчлэгддэг гэх дүгнэлтийг судлаачид гаргасан байна билээ. Сэлэнгээ ингэхэд сексийн жилийн нормоо хийж чадаж байна уу?
-Хүн тогтмол секс хийснээр залуу, өөдрөг сэтгэлтэй, эрч хүчтэй байхад нөлөөлдөг, зайлшгүй хүний амьдралд байх чухал зүйл. Байнгын сексийн харилцаатай байх хэрэгтэй гэж манай ээж хүртэл надад хэлж байсан. Одоо надтай энэ сэдвээр ярих нас болсон гэж үзсэн юм шиг билээ.
Одоогоор энэ тал дээр жилийн балансаа барихгүй байгаа /инээв/. Найз залуутай байсан үеэсээ хэд дахин багассан. Байнгын хамтрагчтай болъё гэхэд ямар сонголт хийхээ одоогоор сайн мэдэхгүй байгаа. Монголд ирээд удаагүй байна, амьдрал жигдрээд ирэхээр энэ асуудал ч шийдэгдэх байх гэж найдаж байна.
Би ер нь хувийн амьдралаасаа илүүтэй карьераа нэгт тавьдаг. Карьер маань амжилттай болоод ирэхээр аяндаа сексийн амьдрал маань ч тогтворжоод ирэх байх. Түүнээс хөгшрөхгүйн тулд гэж тийм харилцаанд орохыг хүсэхгүй байна.
Олны танил залуу, баян бизнесмэн дотно харилцаанд орох санал тавьсан ч би сэтгэлтэй байсан учраас зөвшөөрөөгүй!
-Сэтгэлзүйчид эмэгтэй хүн өөрөөс нь илүү байр суурьтай эрэгтэйтэй нэг оронд ороход хэзээд бэлэн байдаг гэлцэх юм билээ. Өөрт чинь тийм зүйл тохиолдож байсан уу?
-Би хэзээ ч тэгж чадахгүй. Нэрийг нь хэлээд яахав Монголын хамгийн алдартай, амжилттай яваа, царайлаг, бие хаа гэж өөлөх юмгүй залуу бизнесмэн надад санал тавьсан. Гэхдээ тэр эхнэр хүүхэдтэй. Энд ирээд би тэр хүнтэй хоёр, гурван удаа уулзсан. Гэхдээ би дотно харьцаанд ороогүй. Эхнэр нь одоо сонсвол баярлах байх. Тун амжилттай яваа бизнесмэн бараг өдөр болгон зурагтаар гардаг хүн.
Бурхан минь, миний сэтгэхүйд буухгүй байна, яаж эхнэртэй хүнтэй гэсэн бодол салахгүй байсан. Магад тэр залуу хэт гоё байсан болохоор миний мэдрэмжинд нөлөөлсөн байж болох л доо. Миний сэтгэлийг тодорхой түвшинд эмзэглүүлсэн хүний нууц амраг, хоёр дахь нь байхыг хүсээгүй гэх үү дээ.
-Огт сэтгэлгүй тохиолдолд тийм спорт маягийн секс амттай гэж ярьдаг шүү дээ. Санал нийлэх үү?
-Ний нуугүй хэлэхэд би тэр хүнд жаахан сэтгэлтэй байсан. Эр хүнийхээ хувьд үнэхээр сэтгэл татам сайхан хүн. Ямар ч эмэгтэй зөрөхдөө хараад өнгөрөх нэг тийм мэдрэмж төрүүлэхээр хүн байдаг даа. Сэтгэл байсан учраас би тэр хүний нууц амраг болохыг хүсээгүй. Хэзээ нэгэн цагт тэр хүний эцсийн хайр нь эхнэртээ л очно. Миний сэтгэл эмзэглэж үлдэнэ. Анх надад хэлэхдээ, миний амьдралд гал цог, оч хэрэгтэй байна, эхнэр бид хоёр очоо алдчихсан гэж байсан. Би тэрнийг нь сэргээх, ноцоох юм шиг тийм ойлголт надад төрсөн. Би тийм юм хүсээгүй. Сэтгэлзүйн хувьд би бэлэн байгаагүй гэсэн үг.
Тэгвэл одоо бэлэн болсон гэсэн үг үү?
Магадгүй ээ. Тэр оч гэдэг шиг миний амьдралд гал ноцоох хүчтэй эр хүн одоогоор тэрнээс өөр алга байна. Хийсэн ч гэхдээ сэтгэлээ татсан хойноо хийх ч юмуу, заримдаа толгойд аль тэнэг бодол эргэлдэхийг тэр гэх вэ. Юм юм л бодогдож байна шүү/инээв/.
Илэн далангүй, ямар ч комплексгүй ярилцсанд баярлалаа. Улам их амжилт хүсье.
Залуу насыг алдаа нь хүртэл чимдэг гэх. Түүний илэн далангүй, өөрийнхөөрөө, ямар нэг комплексгүй, баггүй ярих нь хүртэл хайрлам санагдах нь чухамдаа залуу, омголон насных нь гялбаа биз. Цөөн хүн амтай, жижиг үндэстний зовлон, хэт бие биенээсээ хамааралтай, өөртөө бус бусдад таалагдах гэж амьдардаг монголчуудын нийтлэг араншин түүнд дуслын төдий ч алга.
Арван хэдхэн насандаа алс холын Америкийг зорьж, чухам өөрийнхөө хичээл зүтгэл, хүч тэмүүллээр өөрийнхөө ертөнц, өөрийнхөө үнэлэмж, өөрийнхөө алдар хүндийг бүтээж босгосон нь түүнийг ямар нэг комплексгүй, баггүй, үнэн, шулуухан ярих нөхцөл, шалтгааныг бүрдүүлсэн байж таарна.
Үнэний дор харанхуй хар ангал байдаг гэгчээр энэ ярилцлагыг уншсан зарим хүнийг цочролд оруулж мэдэх ч тэр зөвхөн үнэнийг эргэлзэх юмгүй, ил шулуухан ярьсанд талархах ёстой болов уу. Бидний хувьд ч гэсэн эргэн тойрон, хаа сайгүй худлаа инээсэн, хуурамч баг зүүсэн, хэн нэгэнд таалагдах гэхдээ тал засан, аливааг гоёчилж ярих хүмүүсийн дунд ийм ярилцагчтай ярилцсан нь өөр мэдрэмж төрүүлснийг нуух юун.
Ярилцсан М.Саян, Б.Ундрал /”Гранд” сэтгүүл №51/
GRANDNEWS.MN
Холбоотой мэдээ
-
zochin (November 05, 2014 12:33:43 pm )
uunees iluu elen dalangui yariltslaga gej baina uu. Chi uuriiguu zuv ilerhiilj. Yadag yum nutseglee l biz. Yamar biye unelsen bish. Zorigtoi uuriin duraar nis ohin mini
-
тиор (November 05, 2014 12:45:44 pm )
ийм банз шиг хүүхнийг нүцэглүүлээд 20000 өгдөг тэнэг хүн энэ хорвоод байхгүй байхаа худлаа
-
1 (November 05, 2014 2:17:21 pm )
1 zuil buruu bn. naiz zaluugaasaa mungu avahguin tuld . tuunii tuluu gej heleh chin . chi uuriinhuu tuluul yavsan bnshd. hairtai l yum bol mer sanchiriin chihiig ulailgaj nuuriig n barj yanz buriin yum yarij yaadag bnaaaa. tegeheer setgelgee. hun chanar. humuujil dutmag n haragdaj bndaa. yg 7 buuduulaaach. ene bdlaaraa ushuu olon buuduulahaar bndaaaa . buruugaar bitii bod
-
Anonymous (November 06, 2014 12:37:32 am )
Ymar goy xvvxen bee bvr bishirchlee ..yg n egj shig bolmoo sanagdchixlaa zondoo ix ammjilt gargaarai ..iim goy xvn gj bdoj bgaaguin bna ..muu medeelliin sonsood
-
zochin (November 06, 2014 2:40:04 am )
Amjilt xvcie, yariltslaga n taalagdlaa, bycdad yysalgui cetgexuigee xamgaalj, tordoj, yrgyylj yavaxiig xvcie.
-
hulan (November 06, 2014 8:36:59 am )
amjilt.shudarga zan chini uneheer ih taalagdlaa.yamar ch hudalaa mayg alga.shudarga.amjilt.busdiin ugiig bitgii toogooroi
-
Zochin (November 06, 2014 11:00:41 am )
Ene ohin ih uhaalag uma.Buruu um yu ch bhgui shu de,Ih goy ohin nutsgeleed zurag avhuulah ni yu ni buruu bgaa um be? Harin ch daruu uma.Gadaadiin ornuudiin saihan huuhnuud nutsgen zurgaa avhuulsan l baidag shu de.Harin durtaiya yzdeg bsh u!? Manaihan ih buduuleg bn da.Ene ohind Amjilt huseye
-
yadiim goe l bn chadaj bga yum chin nvtsegleh bol odoo tsagt engiin asuudal tehvv!!! (November 06, 2014 1:33:11 pm )
zzaa er eriin ovor damjaad yavdag nergvi yanhanuud mongold zondool bndag ternii hajuud ni nvtsgen zurga avhuulah bol bhal yum shvde! manai mongolchuudiin setgehvi zadraj yumiig urlag talaas ni oilgoh boloogvi bndaa eor ni naiz ohinoon nvtseglvvleed bj bsan ter archaagvi zaluugaas salsan ni boljee odo harin ehnertei hvntei bitgii orootsoldooroi za! chamd taarah taalagdah saihan zaluu mongoloor zondoon bga uul ni mongo ner hvnd bish setgel harj verhvel l chamd jinhene hani oldono doo! bi lav chamaig demjij bn chi chadnaa vrgelj erch hvchtei hvn chanartai yavaarai amjilt:)
-
Bebe battsetseg (November 11, 2014 11:51:47 pm )
Uneheer unen saihan yarijee. Neeree l tsagaan tagtaa shig haragdaj biye unelegchdees minga l deer bnshde. Ter bebe gedeg ch bas l hund gar yumaa. Ineej haniasan huurhun ohin haragdaad bdag bsan bas mingaagaas top-n titem guigaad untaj baisan gesen. Estoi ene selengeeh chin iim ohin gej bodoogui neg medrel muutai shaldan nutsgen yum gej boddo bailaa.
-
Selenged (November 12, 2014 12:04:37 am )
Unheer taalagdlaa. Aldaj onolgui yahavde hun. Teriigee ilen dalangui l heljiinshde. Bi gaihaad baidgiin minganbayariin ehneruud zeregtsej zogsood tevreldeed zurgaa avahuulchihsan baidgiin yaj chaddiim bol. Purevsuren purevdulam uyanga namuunaa geed l. Tednaraas hamaagui deer sanagdlaa. Amjilt husye
10 Comments