Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Данзантай холбогдож, Ардын хувьсгалын 90 жилийн ойн наадмаар сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон хоёр бөхийн тухай цөөн асуултад хариулт авлаа.
-Сэргээш хэрэглэсэн хоёр бөхийн улсын наадамд барилдах эрхийг хоёр жилийн хугацаатай хассан. Тэд заалны барилдаанд барилдах уу?
-Баяр наадмыг зохион байгуулах комисс бидэнд энэ хоёр бөхийг ямар ч барилдаанд барилдуулахгүй байх үүрэг өгсөн. Саяхан нэг нь барилдаж байсан. Удахгүй ямар ч барилдаанд барилдуулахгүй.
-Бөхчүүдийн цолыг хураахгүй хэвээр үлдээсэнд олон хүн бухимдалтай байна?
-Баяр наадмыг зохион байгуулах комиссоос л тийм шийдвэр гарсан шүү дээ.
-Гэхдээ энэ шударга бус юм биш үү. Нэг бөх сэргээш хэрэглээд цол авчихдаг. Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон ч цолоо хураалгахгүй байна гэдэг. Энэ талаар МҮБХ-ноос Баяр наадмыг зохион байгуулах комисст ямар нэгэн санал хүргүүлсэн үү?
-Хүргүүлээгүй ээ.
-Энэ хэр шудрага вэ. Таны хувийн бодлыг сонирхоё?
-За миний хувийн бодлоор ч яах вэ дээ.
-МҮБХ-гоор сонин сайхан юу байна вэ?
-Улс тунхагласны ойд зориулж 256 бөх барилдууллаа. Үзэгчид ч сайхан хүлээж авч байна. Удахгүй Дөрвөн уулын хишиг барилдаан болно.
-Нэг том барилдаан болно гэсэн. Юунд зориулсан барилдаан бэ?
-Богд хааныг суудалд нь залсны ойд зориулсан хүндэтгэлийн барилдаан. Ирэх сарын 29-нд болно. Анх удаа зохион байгуулагдах болохоор бөхчүүд ч идэвхитэй оролцох янзтай. Бид ч анхаарлаа хандуулж байгаа.
-Хэдэн бөх барилдах вэ?
-Одоогоор тодорхойгүй байна. Болбол 256 бөх барилдуулахаар ярилцаж байгаа. Бараг 256 бөх барилдах байх.
-Удахгүй шинэ жил болно. Танай холбооныхон баяраа хэрхэн тэмдэглэх вэ?
-Манай холбооныхон жилд 30-40 удаа уулзалддаг болохоор баяраа тус тусдаа тэмдэглэнэ.

Холбоотой мэдээ
Comments are closed.