Уругвай улсын Ерөнхийлөгч Хосе Мухикаг дэлхийн хамгийн сайхан сэтгэлтэй төдийгүй хамгийн “Ядуу Ерөнхийлөгч” гэж тодорхойлох нь ч бий. Тэрбээр эдүгээ 78 настай бөгөөд сарын цалин болох 12 мянган ам.долларын 90 хувийг буяны үйлс, хүүхдүүдэд зориулдаг аж. Тэрбээр “Би өөрийн хэрэгцээнээс ч ихийг хуримтлуулаад байна” хэмээн ярьдаг гэнэ.
Түүний амьдрал дэлхийн бусад орнуудын төрийн тэргүүний амьдралаас тэс өөр билээ. Хосе Мухика хүн амьтны хөл багатай хотын захад орших жижигхэн байшинд аж төрж, ажлынхаа хажуугаар фермерийн аж ахуйгаа эрхэлдэг байна.
Тэрбээр 1960-1970 оны хооронд Уругвайн зэвсэгт хүчинд зүтгэж байсан юм. Энэ хугацаанд Хосе Мухика зургаан удаа бууны суманд өртөн шархдаж, 14 жил чанга дэглэмжтэй шоронд хилс хэрэгт хэлмэгдэн хоригдож байжээ. Харин 1985 онд тус улсад ардчилсан хувьсгал гарснаар түүнийг цагаатгаж, эрх чөлөөг нь эргүүлэн олгожээ. 2010 онд тэрбээр жилийн ашиг орлогынхоо мэдүүлгийг өгсөн бөгөөд эхнэрийнхээ нэр дээр байдаг газар, трактор, хуучин машинаа оролцуулаад нийт хөрөнгө нь 215 мянган доллар байжээ. Хосе Мухикагийн төрийн тэргүүн болсноосоо хойш авсан хамгийн үнэтэй зүйл нь 1945 ам.долларын үнэтэй Фольксваген битл машин гэнэ. Тэрбээр 2009 онд сонгогдсоноос хойш өнөөг хүртэл Уругвай улсын Ерөнхийлөгчийн албыг нэр төртэйгээр хашиж байна. Ингээд түүнтэй хийсэн нэгэн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
-Таны ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа ирэх гуравдугаар сард дуусна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд ямар амжилтанд хүрэв? Өөрийн тавьсан зорилго, балансдаа хүрсэн үү?
-Баланс, тайлан тэнцэл гэж худалдаачдын дунд л байдаг ойлголт болов уу гэж бодож байна. Хэрвээ бид бүх зүйлийг ямар нэгэн баланс, тэнцэтгэлд хүргэх гэж улайрвал энэ бүхэн эцэстээ тэнцвэргүй байдалд хүргэх болно. Би үргэлж хийж чадахаасаа илүүг бүтээнэ бий болгоно гэж мөрөөддөг. Хэрвээ чи энэ бүхнийг өөрийн гараар эхлүүлэхгүй л юм бол чамд хичнээн их цаг байсан ч бага зүйлийг амжуулах болно.
Энэ бүхнээр би юуг тайлбарлах гээд байна вэ гэвэл, орчин үеийн эдийн засаг, нийгэмд зарим нэг асуудал байдаг. Заримдаа бид хэт төвлөрөлтийг сааруулахын тулд ажилладаг ч энэ нь нийгмийг зогсонги байдалд хүргэдэг. Харин эсрэгээрээ бүхнийг тараан өгч, хэт нэг талыг барьсан төвлөрлийг сааруулах бодлогыг бариад байвал эдийн засгийн өсөлт буурч, хөрөнгө оруулалтын хэмжээ буурдаг. Энэ бүхнээс харахад ямар ч нийгмийн хөгжлийг тодорхойлдог тогтсон нэг жор гэж байдаггүй. Харин дээрх хоёрыг хослуулж, алтан дундажийг баримтлах нь зүйтэй гэж би боддог. Мэдээж өнгөрсөн бүхнийг харахад тодорхой хэмжээний ахиц гарсанд бий үргэлж талархалтай ханддаг. Гэвч өнөөдрийн нөхцөл байдлыг авч үзвэл үргэлжлүүлэн хийх маш олон зүйл намайг хүлээж байна.
Нөгөөтэйгүүр оюун санааны ядуурлаас гарна гэдэг нв статистик үзүүлэлтээр илэрч буй ядуурлаас гарахаас шал өөр ойлголт шүү дээ. Энэ бол соёлын өөрчлөлт, шинэчлэлт юм. Ийм учраас материаллаг байдлын ядуурлаас гарахаас хамаагүй хэцүү бас цаг хугацаа их зарцуулна. Гэхдээ манай улс ирээдүйтэй замаар явж байгаа гэдэгт би итгэдэг.
–Та өдөр бүр гэрээсээ ажил хүртлээ алхахдаа хүмүүс хэрхэн ядуу тарчиг амьдарч байгааг харж байна шүү дээ. Мэдээж энэ бол 10 гаруй жилийн өмнө эхэлсэн эдийн засгийн хямралын үр дүн юм. Гэтэл яг манай улстай адилхан байсан Аргентин хэдхэн жилийн дотор нийгмийн дунд давхаргын хүмүүсийн тоог нэмэгдүүлж, тодорхой хэмжээнд хөгжил цэцэглэлтэнд хүрээд байна. Уругвай цагдаа маш сайн боловсролын тогтолцоотой байсан. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд энэ бүхэн хямран доройтсон. Урьд нь эрх барьж байсан нам ч энэ тал дээр тодорхой ахиц гаргаж чадсангүй шүү дээ?
–Тиймээ, бид үүнийг зайлшгүй даван туулах ёстой. Эрдэмтэн багш нараас эхлээд ард түмний бидэнд сануулж байгаа маш олон зүйл байна. Тухайлбал, сүүлийн таван жилд тусгай мэргэжлийн сургалтыг төгсөгчдийн тоо 40 хувиар нэмэгдсэн. Гэвч хангалттай хэмжээний ажлын байр байхгүйн улмаас тус үзүүлэлт бидний хүссэн хэмжээнд хүртэл нэмэгдэхгүй байна. Өнөөдөр бид хичээл дээр хүүхдүүдэд Египетийн фараоны тухай тайлбарлан ярихад тэд залхдаг. Харин биднээс яавал ур чадвар эзэмшиж, хурдан орлого олох талаар асуудаг. Би тэднийг буруутгахгүй. Гэхдээ ард түмний дунд бүрэлдсэн боловсролын талаарх ойлголт, тэвчээргүй байдал нь нийгмийн зарим секторын хөгжлийг бүхэлд нь зогсонги байдалд оруулахад хүргэдэг. Боловсрол бол дэлгүүрийн лангууны цаана харагдаж байгаа тансаг амьдрал биш шүү дээ. Бид энэ хэв маягийг өөрчлөх хэрэгтэй.
-Эдийн засагчид мансууруулах бодисын асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэдэг эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд бүхэл бүтэн 25 жилийн турш кампанит ажил явууллаа шүү дээ. Энэ тал дээр таныг санаачлагыг ч бид бүхэн дэмждэг. Гэхдээ таны хувьд нийгмийн аюулгүй байдал чухал уу, аль эсвэл хувь хүний эрх чөлөөг эрхэмлэдэг үү?
-Сайтар анзаарвал энэ бүхэн нийгмийн аюулгүй байдлыг сахин хамгаалах асуудлаас эхтэй байсан. Хууль бусаар мансуурах бодисыг худалдаалах асуудлыг таслан зогсоохын тулд бид олон ч жилийг зарцуулсан, багагүй мөнгө орсон. Хамгийн харамсалтай мансууруулах бодисын хэрэглээ, түүнийг худалдан авах нь нэмэгдэх хандлагатай байна. Учир нь Уругвай улсын хэмжээнд мансууруулах бодисыг тохиолдлын байдлаар хэрэглэдэг 150 мянган иргэн байна гэсэн судалгаа байдаг. Харин мансууруулах бодист донтсон хүмүүсийн тоо дээрх үзүүлэлтээс дутахааргүй байгаа. Донтсон хүмүүсийн хувьд мөнгө олохын тулд гэмт хэрэг үйлдэх нь цөөнгүй байдаг. Эндээс харахад бидний олон жилийн хөдөлмөрийн үр дүн хувь хүн ухамсараас багагүй шалтгаалж байгаа юм. Тиймээс бид зах зээлийн логикийг ашиглан тэмцэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл бид хууль дүрмийг сахиулах замаар тэдний үйл ажиллагааг таслан зогсоож чадахгүй юм бол тэдний худалдан авч, тэдний зах зээлийг үгүй хийх замаар тэмцэж эхэлж байна.
-Таныг хүмүүс “Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч” хэмээн тодорхойлдог шүү дээ. Ингэж тодорхойлох нь танд ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ?
-Тиймээ намайг ядуу Ерөнхийлөгч гэдэг. Гэхдээ би өөрийгөө ядуу хүн огтоос бодож байгаагүй юм байна. Би өөрийн хэрэгцээ шаардлагаас илүү ихийг хуримтлуулж чадсан гэж боддог. Харин жинхэнэ ядуу хүн гэдэг бол элбэг дэлбэр хангалуун амьдралыг бий болгохын төлөө өөрийгөө үл хайрлан зүтгэдэг мөртлөө өөрийн олж, хуримтлуулсан бүхэндээ сэтгэл нь ханадаггүй хүмүүсийг хэлдэг байх. Энэ бол нэг талаар эрх чөлөөний асуудал юм. Зарим хүмүүс хангалттай хэмжээний баялаг, эд хөрөнгөтэй мөртлөө өлсгөлөн, зовлон шаналалд нэрвэгдсэн мэт өөрийн биеэ золин байж эд баялагийн араас хөөцөлдөх нь утгагүй санагддаг.
-Та армид хүчин зүтгэж явсан туршлагатай дайчин байсан. Харин дараа нь маш удаан хугацаанд хүнд нөхцөлтэй шоронд хоригдсон. Энэ бүхэн танд ямар сургамжийг авчирав?
–Хамгийн чухал сургамж нь та амьдралынхаа аль нэг үеийг өөр нэг үетэй харьцуулан жиших боломжгүй гэдгийг ойлгосон. Бидний одоо амьдарч байгаа дэлхийн ертөнц 1960-аад оныхоос тэс өөр шүү дээ. Тухайн үеийн нөхцөл байдал үндсээрээ өөрчлөгдсөн, сайн ч зүйл бий, саар ч зүйл бий.
-Тэгвэл өнгөрсөн таван жилийн хугацаанд Уругвайн нийгэм таны жишээ болгон ярьсан шиг материалист байдал нь багассан уу?
-Нийгэм бүхэлд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах соёлын тухай ярилцаж бас бодож байна. Хэт материаллаг байдлыг эрхэмлэх нь нэмэгдсэн эсвэл багассан уу гэдгийг харах хэцүү л дээ. Гэхдээ байгаа бүхэндээ сэтгэл ханамжтай байх өдөр удахгүй ирнэ гэдэгт би итгэдэг. Харин тийм болооогүй цагт амьдралын багахаан зүйлээс аз жаргалыг мэдрэхээс илүүтэйгээр жижиг зүйлсэд хэт анхаарал хандуулж эхэлдэг. Үүний оронд зүрх сэтгэлдээ гэрэл асаа, өөрийн амьдралдаа аз жаргалтай байх шалтгаан бидний эргэн тойронд олон бий шүү.
-Та уругвай хүн бүхэнд энгийн даруу, материаллаг зүйл чухал биш гэж ойлгуулахыг зорьдог гэж би боддог. Гэхдээ материаллаг хэрэгцээ ч гэсэн ард түмэнд хэрэгтэй биш гэж үү?
-Тиймээ, шаардлага байлгүй яахав. Гэхдээ хэт материаллаг хэрэгцээ тахин шүтсэн нийгэмд тэр хэмжээгээр үрэлгэн байдал шингэсэн байдаг. Энэ л дэлхийн нийтийн дунд тулгамдаж буй асуудал болоод байна. Миний бодлоор бидэнд байгаль, экологийн хямрал гэхээсээ илүү засаглалын хямрал илүү том асуудлыг үүсгэж байна.
-Та өөрийг улс төрийн хүрээнд хэрхэн тодорхойлох вэ, Социалист, утопи, шинэчлэгч, социал демократ аль эсвэл зүүний үзэл баримтлалтай нэгэн үү?
-Миний зүрх сэтгэлд хадгалагдан оршсон философи бол эрх чөлөө юм. Хүн хүнээ ашиглаж өөрийн зорилго, ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх явдлыг би дэмждэггүй. Хэзээ нэг өдөр хүний нийгэм энэ ашиг хонжоо хайсан нийгмийг даван гарна гэдэгт би итгэдэг. Гэхдээ энэ нь төр бүх зүйлийг эзэмшдэг, өмчилдөг байх ёстой гэсэн үг огтоос биш юм шүү.
-Уругвай улс Барак Обамагийн удирдсан АНУ-ын засаг захиргаатай найрсаг харилцаатай байдаг. Харин Латин Америкт АНУ ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?
-Ерөнхийдөө АНУ тоглоомноос гарсан гэж хэлж болно. Латин Америкт явуулж буй АНУ-ын бодлого урт хугацаанд боловсордог жимс шиг алсын хараагүй бодлого байж болох юм. Нөгөөтэйгүүр Латин Америкийн орнууд сэрж эхэлж байна. Бид бүхэн өөрсдийн ялгаатай байдал, өөр өөр төсөөллийг бий болгож байгаа учраас улс орондоо тулгараад байгаа асуудлыг гадны хэн нэгэн шийдвэрлэж өгөөсэй гэж хүлээдэг байдлаа больсон. Харин бидэнтэй хамтарч ажиллах шинэ тоглогч гарч ирж байна. Энэ бол Хятад улс юм. Парагвай, Бразил, Уругвай, Аргентин гээд Латин Америкийн ямар ч улс Хятадын худалдаа, харилцаанаас татгалзах аргагүй болоод байна. Ийм учраас Хятад улсын баримталж буй стратегийг илүү ухаалаг бас дэлхий нийтийн шинжтэй гэж хэлж болно.
-Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа та юу хийх вэ?
-Хэрвээ надад зээл олговол би Хөдөө аж ахуй, Худалдааны сургууль байгуулна гэж бодож байна. Учир нь би одоо ч газар тариалан эрхэлж байгаа, үүнийг хүүхдүүдэд зааж сургахыг хүсэж байна. Харин сонгогдвол Сенатын гишүүн болох байх.
Б.Саруул
Холбоотой мэдээ
Comments are closed.