Баруун Африкийн Гвиней, Либери, Сьерра-Леон, Сенегал, Нигерид дэгдсэн эбола хумхаагаар 9191 хүн өвчилснөөс 4555 нь нас барсан талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлсэн.
Түүнээс гадна Испани, Норвеги, Герман, АНУ-д эбола вирусийн халдварын тохиолдол илэрсэн учраас дэлхийн улс орнууд энэхүү аюулт өвчнөөс сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлж байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Маргарет Чен эбола хумхаагийн дэгдэлттэй тэмцэхэд туслахыг улс орнуудад уриалсан юм. Үүний дагуу Их Британи, Франц, Чех зэрэг улсын нисэх буудлуудад баруун Африкийн орнуудаас очсон зорчигчдыг эрүүл мэндийн үзлэгт оруулж эхэлжээ.
АНУ эмнэлгийн мэргэжилтнүүдээ эбола хумхаатай тэмцэх ажилд илгээснээс гадна Пентагоноос 10 эмч, 20 сувилагчаас бүрдсэн тусгай баг бүрдүүлж байгаа талаар хэвлэлийн төлөөлөгч контр-адмирал Жон Кирби мэдэгдсэн байна. Тусгай багт хүнд өвчтөнүүдийг эмчлэх туршлагатай эмнэлгийн ажилтнуудыг багтаах бөгөөд эмнэлгийн туслалцаа яаралтай шаардлагатай улсад энэ долоо хоногт илгээх юм.
Эбола вирусээр халдварласан өвчтөн эдгэрсэн тохиолдол Испани, АНУ-д гарсан нь энэ аюулт өвчин эдгэрэх боломжтойг харуулсан. АНУ-ын Жоржи мужийн Атланта хотын Эмори их сургуулийн анагаахын төвийн эмч нар эболагаар халдварласан өвчтөнийг эмчилсэн талаар өнгөрсөн мягмар гарагт мэдэгдсэн. Тэрбээр өнгөрөгч есдүгээр сарын 9-нд эмнэлэгт хэвтсэн бөгөөд бусдад халдвар тараах аюулгүй болсон тул анагаахын төвөөс гарчээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эбола хумхаагаар халдварласан өвчтөнүүдийг цусны ийлдсээр эмчлэх талаар мэдэгдсэн тухай ВВС мэдээлэв. Эболагаар өвчлөөд эдгэрсэн хүмүүсийн цуснаас бэлтгэсэн ийлдсээр Либери улсын өвчтөнүүдийг эмчилж эхлэхээр төлөвлөсөн аж. Тус байгууллагын эрүүл мэндийн систем, шинэ нээлтийн газрын захирлын туслах, доктор М.П.Киени “Гурван орны түншүүд хамтран плазмын хандыг аюулгүй байдлаар бэлтгээд эболагаар халдварласан өвчтөнүүдийг эмчлэх ийлдсийг хийнэ. Бид ирэх долоо хоногоос Либерид очиж, цус цуглуулах багаж хэрэгслийг суурилуулна” хэмээн хэлсэн байна.
Эбола хумхаагийн дэгдэлтийг нэмэгдүүлэхгүйн тулд Африкийн орнуудын оршин суугчдыг зэрлэг амьтдын тэр дундаа эбола вирус тээгч сарьсан багваахайн махыг хүнсэндээ хэрэглэхгүй байхыг зөвлөж байгаа юм. Их Британийн “The Independent” сонинд “Эболагийн дэгдэлт их болсон өнөөгийн нөхцөлд Африкийн улсуудын иргэдийг ан хийхийг хориглох шалтгаан болж байна” гэж тэмдэглэжээ. Гэхдээ энэхүү аюулт өвчний дэгдэлттэй тэмцэх ажилд үр дүн гарч эхэлж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт Сенегал улсад эбола вирусын халдварыг зогсоожээ. Баруун Африкийн орнуудаас эболагийн дэгдэлтийг хамгийн түрүүнд зогсоосон улсаар Сенегалыг албан ёсоор нэрлэсэн аж.
Түүнчлэн Нигери улсад эбола хумхаагийн дэгдэлтийг зогсоож чадсан талаар өнгөрсөн даваа гарагт мэдэгдлээ. Нигерид 42 хоногийн хугацаанд эбола хумхаагаар халдварласан тохиолдол гараагүй байна. Эбола хумхаагийн эсрэг вакцинийг 2016 онд гаргах талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хэлсэн ч улс орнууд туршилтын вакцин хийж Африкийн орнууд руу илгээж байгаа юм. НҮБ-ын зорилтот сангаас эбола хумхаагийн дэгдэлттэй тэмцэхэд 8.8 сая ам.доллар зарцуулахаа мэдэгдлээ.
Н.Тунгалаг
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
Comments are closed.