Ерөнхий сайдын багцын мөнгөнөөс 9.7 тэрбум төгрөгөөр баруун гурван аймагт битүү зах барьсан. Увс аймагт барьсан битүү захын нээлт өнгөрсөн хоёрдугаар сард болж Шадар сайд Д.Тэрбишдагва тууз хайчилсан. Ховд аймгийнхад ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл УИХ дахь АН, МАН-ын бүлгийн дарга нар оролцож, сүр дуулиантай нээлт хийсэн нь саяхан. Тэгвэл Увс аймгийн битүү зах эрүүл ахуй, чанарын шаардлага хангахгүй байна гэсэн шүүмжлэл дагуулж эхэлжээ. Уг нь албаныхан шинэ зах барьснаар Увс аймгийн 300 гаруй худалдаа , наймаа эрхлэгчдийн амин чухал асуудлыг шийдвэрлэсэн хэмээн хэвлэл мэдээллийнхэнд ярьж байсан. Битүү худалдааны төвийг Ерөнхий сайдын зөвлөх Д.Батмөнхийн найзынх нь “Ус орчин” компани барьж ашиглалтад оруулсан хэмээн нутгийнхан ярьж байна. Хоёр давхар, гурван мянган метр квадрат уг худалдааны төв 50 гаруй хүнийг шинэ ажлын байраар хангаж байгааг аймгийн удирдлагууд ам уралдан ярьж байгаа ч бодит байдал дээр тэс өөр байна. Улсын комисс хүлээн авч, төрийн томчууд ирж тууз хайчилснаас хойш лангуу түрээслэгчдийн дунд маргаан өрнөсөөр байна. Учир нь Увс аймгийн битүү захыг төрийн өмчит болгон захирлаар нь Х.Нямаа гэх хүнийг томилжээ. Энэ хүн захын захирлаар очингуутаа наймаачдыг гэрээ байгуулахыг шаардаж, талбайн түрээсийг гурван сараар нь авсан байна. Тухайн үед орон нутгийн худалдаа наймаа эрхлэгчид талбайгүй хоцрох нь хэмээн сандралдаж, урт дараалал үүсгэн байж гэрээгээ байгуулжээ. Иргэд яарч байсан учраас гэрээтэйгээ сайтар танилцаагүй байна. Гэтэл тухайн үед иргэдтэй байгуулсан албаны бичиг баримтад битүү захад худалдаа эрхэлж байгаа наймаачдын эрх ашгийг хамгаалсан заалт байгаагүйг сүүлд нь мэджээ. Өнгөрсөн хоёрдугаар сард нээлтээ хийсэн зах ашиг орлого муутай байгааг нутгийн иргэд ярьж байна. Учир нь бэлтэй наймаачид нь битүү захад орохгүйгээр хувийн дэлгүүр барьсан юм байна. Харин ингэж дэлгүүр барих чадалгүй нь өөрийнхөө санхүүд тохирсон метр квадраттай талбай түрээслэх сонголт үлдсэн байна. Шинэхэн барьсан битүү зах эхнээсээ шохой нь халцарч, тоосжилт үүссэнээс худалдан авагч орж ирэх нь багасчээ. Иргэд битүү захын гаднах жижиг дэлгүүрээр үйлчлүүлэхийг илүүд үзэх болсон байна. Учир нь шинэ зах агааржуулалтын систем муутайгаас зуны аагим халуунд наймаачид төдийгүй худалдан авагчдад ч тун хэцүү байгаа аж. Бараагаа зарах гэж байгаа хүмүүс гүрийгээд сууж байгаа ч худалдан авагчид харин илүү тав тухтай газраар үйлчлүүлэхээр битүү захаас зайлсхийж байгаа аж. Энэ зун битүү захын дээврээс ус гоожиж, худалдаа наймаагаа хэвийн үргэлжлүүлэхэд хүндхэн байсныг хэлэх хүн цөөнгүй байна. Энд ажилладаг иргэд өглөө ирэнгүүтээ тоосжилтыг дарахын тулд байнга ус цацдаг юм байна. Ингэхгүй бол зарж, борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн нь тоосонд дарагдаж, өөрсдөө хий ханиалгадаг байна. Ийм эрүүл ахуй, чанарын шаардлага хангаагүй барилгыг улсын комисс яагаад хүлээж авсан нь анхаарал татаж байна. Гүйцэтгэх засаглалын тэргүүний нэрээр хаягласан бүтээн байгуулалтын ажил учраас “но”-той байсан ч мэдээгүй юм шиг нүдээ аниад хүлээж авсан бололтой юм. Засгийн газраас битүү захын бүтээн байгуулалтын ажлыг яаравчлах чиг үүрэг өгсөн учраас аймгийн удирдлагууд ч албан тоот гаргаж, товлосон хугацаандаа дуусгахыг шавдуулж байсан юм байна. Улсын комисс битүү захын барилгыг яаруу сандруу хүлээн авсан нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээр холбогдох газар нь хүлээж авахгүй бол хөрөнгийн эх үүсвэрийг эргүүлэн татагдах гээд байсантай холбоотой гэх мэдээлэл ч байна. Зун нь дээврээсээ борооны ус гоожиж, шал нь халцарч тоос бужигнасан захад өвлийн улирлыг хэрхэн давахаа иргэд хэлж мэдэхгүй байна. Уг нь Ерөнхий сайд халуунд нь халж, хүйтэнд хөрч байдаг худалдаа, наймаа эрхлэгчдийнхээ эрх ашгийг бодож битүү зах барихаар шийдсэн гэдгээ өмнө нь хэвлэл мэдээллийнхэнд хэлж байсан. Гэвч бодит байдал дээр Увс аймгийн битүү захад гүйцэтгэх засаглалын тэргүүний хэлсэн шиг тав тухтай байдал огтхон ч алга. МАН-ын бүлгийн зарим гишүүн баруун гурван аймагт 9.7 тэрбум төгрөгөөр битүү зах барьсныг “Байгаа оноогүй ажил” хэмээн шүүмжилж байлаа. Өмнө нь хаврын чуулганы үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Баруун гурван аймагт барьсан захын хувьчлалын асуудал ямар байх юм. Төрийн өмчит үү эсвэл хувьчлах уу. Хэрэв хувьчлах юм бол үүнд зарцуулсан 9.7 тэрбум төгрөгийг улсын төсөвт эгүүлэн авах юм уу. Үүнд тодорхой хариулт өгөөч. Түрээсийн орлогоо хэн захиран зарцуулах вэ” гэж асууж байлаа. Үүнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг хариулахдаа “Төрийн өмчит байна. Зах дээр зогсч байсан хүмүүс өөрсдөө мөнгө гаргаж байгаа. Тэндээс мөнгө олохгүй л дээ. Эндээс төр, хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллаж болох юм гэсэн санал гарсан. Баруун аймагт түрээсийн төлбөрт 20 мянган төгрөг зарцуулж байсныг багасгасан. Түүнээс зах барьж, бизнес хийж, мөнгө олох гэсэн хүн алга” хэмээсэн юм. Хэдийгээр Ерөнхий сайд баруун гурван аймагт зах барьж, дундаас нь ашиг олох гээгүй гэдгээ хэлж байгаа ч татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэж байгаагаа санахад илүүдэхгүй биз ээ. Ерөнхий сайд өөрийнхөө багцын 50 тэрбум төгрөгөөр хийсэн тоймтой ажлуудынх нь нэг яах аргагүй баруун гурван аймагт барьсан битүү захын барилга. Дараагийнх нь 11 аймгийн эмнэлэгт сүүлийн үеийн тоног төхөөрөмж нийлүүлсэн явдал байв. Зарим аймагт Ерөнхий сайдын өгсөн нарийн мэргэжлийн тоног төхөөрөмж дээр ажиллах эмч мэргэжилтэн дутмаг байгаагаас ашиглаж чадахгүй гэх гомдол гарч байсан. Ер нь цаашдаа төсвөөс гадуур Ерөнхий сайдад 50 тэрбум төгрөг хуваарилдаг буруу жишигээ болих хэрэгтэйг сөрөг хүчнийнхэн сануулж байсан. Тэд Ерөнхий сайдыг эдийн засгийн үр ашиггүй төсөл, арга хэмжээнд төсвийн мөнгө үрлээ хэмээн дүгнэсэн. Үүнийх нь илрэл болж баруун аймагт барьсан битүү зах эхнээсээ иргэдийн шүүмжлэл дагуулж эхэллээ. Хэрэв Увс аймгийн наймаачид битүү захаас гарч, худалдан авагчид орж үйлчлүүлэхээ болих юм бол алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит гэх тодотголтой байгууллага дахин нэгээр нэмэгдэх бололтой.
Ц.Оюунтунгалаг
– See more at: http://www.unen.mn/content/40062.shtml?alias=local#sthash.TQHttSQq.dpuf
Холбоотой мэдээ
-
Zochin (September 24, 2014 12:40:07 pm )
Hobd aimagt 4.7 terbumaar bituu zah barisan gej sendbijeer dusaal dusdag,tsahilgaan n achaalal daahgui shatdag onts avultai,toosontsor deed tsegtee eruul ahuin naad zahiin shaardlaga hangahgui barilgiig 2-r sard Ovungerel said,Erdenebat darga nar tuuz haichilsan bolobch odoo boltol ashigltand oroogui baina .Ashiglah yamarch bolomjgui ba omchloliin margaantai,gazriin margaantai ,une ortgiin hubid delhiid baihgui ondor uneer bosson.Uchir n:Hobd aimgiin hamgiin tom barilga 9 dabbar 80 ailiin oron suutsiig neg ailiin 2 oroo oron suutsiig dundjaar 50mkb gej tootsood zah zeeliin hanhsaar 1200.000 -r bodhod neg ailiin oron suutsnii une 60.000 0000 togrog 80 ailiin 9 dabhar oron suuts 4.8 ter bum togrog bolj baigaa n Hobd aimagt barigdsan bituu zah gej nerleed baigaa sendbejin barilgiin ooriin ortogtei tentsej baina.Ene mongoor Hobd aimgiin Progress surguuliin shine 3 dabhar 960 huuhdiin 4 surguuli barih mongo vum shu ta buhen mergen ovundaa sain tungaan bodooroo ingej mongo iddeg vum baina
-
zochin (September 25, 2014 2:13:59 pm )
Ховд аймагт бас л иймэрхүү зүйл тохиолдож байна шүү дээ сүр дуулантай нээлт хийсэн одоо болтол ашиглалтанд ороогүй л байна шүү дээ хайран хөрөнгө…
-
ZOCHIN (September 25, 2014 6:01:41 pm )
AltaNHYAG ENE BALAI HEDEN ZOVLOHUUDEESEE BOLOJ BALRANDAA
-
төмөр (September 26, 2014 11:11:03 am )
Маныхан шиг юу ч хийхгүй идэж байсан нь дээр юм ?иг байна
4 Comments