Харвардын сургуульд богино хэмжээний сургалтанд хамрагдах үеэр насандаа багтамгүй том мөрөөдөлтэй бүсгүйтэй уулзсан юм. Түүнээс эрч хүч, сурч мэдэхийн төлөөх тэмүүлэл гэрэлтэнэ. Ихийг сураад эх орондоо ирж сайхан зүйл бүтээнэ гэсэн дэврүүн хүсэл өвөрлөн дэлхийд алдартай Харвардын их сургуульд суралцаж байгаа А.Мөнхжинтэй хөөрөлдсөн ярилцлагаа хүргэе.
-Юун түрүүнд өөрийгөө танилцуулна уу?
-Сайн байна уу? Намайг Амарбаясгалангийн Мөнхжин гэдэг. 23 настай. Бостон хотын Харвардын их сургуульд “International relation” “foreign investment” мэргэжлээр суралцаж байна.
-Суралцаж байгаа сургуулийнхаа талаар дурсвал…
-Харвардын их сургууль 1636 oнд анх үүсэн байгуулагдсан, Жон Харвардын нэрэмжит сургууль юм. Тэрээр 1638 онд таалал төгсөхдөө Харвард их сургуульд өөрийнхөө хувийн номын сан болон газар, барилгыг өвлүүлэн үлдээсэн. Сургуулийн урд түүний зэсээр хийсэн бүрмэл хөшөө бий. Ажиглаж харвал зүүн өлмийний зэс нь гартал элэгдсэн байгаа. Яагаад гэвэл түүний зүүн хөлөнд шалгалт өгөхөөсөө өмнө хүрвэл шалгалтандаа онц авна гэсэн оюутнуудын дунд гарсан сүсэглэлтэй холбоотой л зүйл. Мэдээж бүх оюутнууд нь газар бүрээс шигшигдэж ирсэн болохоороо онц авах түвшинд өөрийгөө бэлдсэн хүмүүс суралцдаг.
-Xарвардын босгыг давна гэдэг амаргүй. Элсэн ороход нөлөөлсөн хүчин зүйлс юу вэ?
-Ахлах сургуульд сурч байх үеэс оролцож байсан олон нийтийн болон сайн дурын ажлууд нөлөө үзүүлсэн гэж бодож байна. Би ахлах сургуульд сурч байхдаа FBLA “Future Business Leaders of America” ирээдүйн америкийн бизнес удирдагчид гэдэг холбооны манай сургуулийн салбарын ерөнхийлөгчөөр 2 жил ажилласан. VSCPA “Virginia society Certified Public Accountant”( Virginia мужийн мэргэжлийн нягтлан бодогчдын холбоо) идэвхтэн залуу гишүүн байсан. Манай багийнхан Виржина мужийн сүмийн аудитийг үнэгүй хийж өгч олон нийтийн ажилд идэвхитэй оролцож байсан нь бас том түлхэц болохоос гадна миний авч байсан медаль шагнал, хүчин чармайлтыг харгалзан үзсэн биз ээ.
– Ахлах сургуулиа АНУ-д дүүргэсэн үү?
– Тийм ээ. 1998 онд байгалийн шинжлэх ухааны 28-р дунд сургуулийн тоо физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид 9-р анги хүртэл суралцсан.
Суралцаж байх хугацаандаа математик, физикийн олимпиадуудад амжилттай оролцож байлаа.
Монголдоо сурч байхдаа сургуулиас зохион байгуулдаг олон нийтийн ажилд маш идэвхтэй оролцдог, тэргүүний сайн сурагч байсан. Манай аав Өмнө-Говь аймаг, ээж Улаанбаатар хотод төрсөн. Бага байхдаа зуны амралтаараа Өмнө-Говь аймагт очиж зусдаг байсан. Анх АНУ-д ирээд эхний 3 сар хэл мэдэхгүй, найз нөхөдгүй, багшийн яриа ойлгохгүй их хэцүү , шантрах ч үе тохиолдож байсан. York Town high school-ийн 9-р ангид орсон юм. Бүүр ээжийгээ нутаг буцья л даа гэж гуйж зовоодог ч байлаа. Эхлээд гадаадаас ирсэн хүүхдүүдэд зориулсан англи хэлний “ESL” буюу English as a second language гэдэг 5 үе шаттай сургалтны анхан шатны ангид орсон. Хэл мэдэхгүй болохоор өөрөөсөө их ичнэ. Манай англи хэлний багш нар намайг дэмжиж, цаг гарган зааж тайлбарлаж, алдааг засаж хэлж өгнө, хичээл дээр ярих боломжгүй учир би өдрийн хоолны цагаар сургуулийн цайны газар биш, багшийнхаа өрөөнд хичээлээ заалган ярилцангаа хоолоо иддэг байсан. Багш нарын маань өгсөн урмын үг, магтаалд урамшин эрч хүч ордог байлаа. 9-р ангиа төгсөхдөө анги хэлний анхан шатны төвшинг амжилттай төгсөж, хамт суралцсан хүүхдүүд дундаас шилдгээр тодорч зуны сургалтанд үнэ төлбөргүй суралцах эрх, мөнгөн шагнал, өргөмжлөлөөр шагнуулсан. Тэр мөчөөс хойш би сурах эрмэлзлэлээр дүүрэн болсон. Манай багш нар хэрэв чи сайн сургуульд орохыг хүсвэл дундаж дүнгээ 3.7-ooс доош буулгаж болохгүй гэж зөвлөсөн юм.
Энэхүү зөвлөгөөний дагуу өөрийгөө одоог хүртэл дайчлан суралцдаг.
– Мөрөөдлөөр бол жигүүрлэдэг уу?
-Би 5 настай байхдаа эдийн засагч болно гэж мөрөөддөг байлаа. Харин одоо өөрчлөгдсөн. Энд амьдарч байх хугацаандаа сурахыг хүссэн бүхнээ сурчихаад эх орондоо очиж үр бүтээлтэй , дорвитой, үр өгөөжтэй зүйл хийе гэж мөрөөдөж байна.
Хүүхэд байхаасаа л нийтэч, олон нийтийн ажилд идэвхитэй, зохион байгуулах авьяастай байсан юм болов уу гэж боддог. Одоо Бостон хотод болдог бизнесмэн бүсгүйчүүдэд зориулсан сургалт, хөрөнгө оруулагчдын хуралд байнга оролцож байгаа.
-Англи хэлийг богино хугацаанд сайн сурсан туршлагаасаа хуваалцахгүй юу. Бас залуучуудад хандан зөвлөгөө өгнө үү?
-Би их азтай. АНУ-д ахлах сургууль төгссөн болохоор англи хэлийг өөрсдөөс нь дутахааргүй сайн сурсан. Гэхдээ мэдээж 12 жилийн боловсролын сургалтад бизнесийн зэрэг бусад нарийн мэргэжлийн үг хэллэгүүдийг заадаггүй. Анхандаа албаны үг хэллэг сайн мэддэггүй, ойлгодоггүй байсан.Хүн хичээвэл, цаг зарцуулбал, өөртөө зорилго тавьбал сурах бололцоо, үүд хаалга үргэлж нээлттэй байдаг.
Монгол хүмүүст банк, эмнэлэг, сургуулийн бүртгэл, үрилга авах, бага ангийн хүүхдийн багштай уулзах, шүүх хурал зэрэгт орчуулагч, бичгийн орчуулга хэрэгтэй гэвэл өөрийнхөө чадлаар тусладаг байсан нь хэлний мэдлэг сайжрахад нөлөөлсөн гэж боддог.
Мөн 15 наснаасаа эхлэн үйлчилгээний газруудад ажилладаг байсан нь хүмүүстэй харилцаж сурсан. Бас өөрөөр хэлбэл “нүүр хагарсан” ч байх.
Залуучууддаа зориулж хэлэхэд үнэ төлбөртэй сургуульд сурахаасаа өмнө эхлээд өөрийгөө дайчлаад өөрөө сурах гэж оролдох хэрэгтэй. Жишээ нь эхлээд хялбар үг хэллэгтэй ном унш. Ойлгосон ч, ойлгоогүй ч эхний 2-3 удаа ямарч толь бичиг хэрэглэхгүй дотроо биш чангаар дуудаж уншихад сонсгол сайжирдаг, дараа нь дахин уншихдаа мэдэхгүй үгээ эхлээд “ англи-англи” толь бичигээс хараад хэрэв ойлгохгүй бол “англи- монгол” толийг хэрэглэж байвал илүү үр дүнтэй. Өөртөө цаг гаргаад сонирхлоороо сурахаар хурдан сурна. Ингэсний дараа нь сургалтанд суувал илүү сонирхолтой, ойлгомжтой, үр дүнтэйболно. Харин ярианы дадлагын хувьд гадаад хүмүүстэй ярилцах боломж гарвал ичилгүй, буруу, зөв ч яриад л байх хэрэгтэй. АНУ-д цагаачид олон учир иргэд нь хүлээцтэй таныг ойлгож, танд өөрийгөө ойлгуулж чаддаг хүмүүс.
-Харвардад суралцаж байгаа монголчууд сан байгуулсан гэл үү?
-Тийм бид хамтарч “Мэргэжлийн боловсролыг дэмжих сан” гэдэг нэртэй сан байгуулсан. “Professional Education Development Foundation” Maнай сан нь Xарвард болон Дэлхийн шилдэг сургуулиудад Монголын залуучуудыг сурч боловсроход нь дэмжлэг үзүүлэх зорилготой. Сангаа нээгээд удаагүй боловч дэмжих гишүүдийн тоо нэмэгдсээр байна. Би сангийн удирдах зөвлөлд ажилладаг.
-Энэ сангийн УЗ-ийн гишүүний хувьд ямар боломжуудыг нээж байна ?
– Maнай Мэргэжлийн Боловсролыг дэмжих сан нь Харвардын их сургуулийн богино хэмжээний сургалтанд Монголоос суралцах хүсэлтэй манлайлагч залуусыг авчирч сургалтанд амжилттай сургаж байна. Мөн энэ оны 10-р сарын эцсээр бид Монгол оюутнуудаа НҮБ-ын олон улсын оюутнуудын дунд явагддаг уралдаанд оролцуулах бэлтгэл ажлыг хийгээд дуусч байгаа. Удахгүй бүртгэл эхэлнэ. Мөн Төрийн сангийн зээлээр сурч болох 100 сургуульд оюутнуудыг элсэн ороход нь мэдээлэл, арга барил, гарцыг чиглүүлж өгөхийг зорьж байна.
–НҮБ-ын олон улсын оюутны холбооны 2014 оны уралдааны хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү ?
-Энэхүү хөтөлбөр нь НҮБ-ын олон нийтийн мэдээлэлийн хүрээлэнгийн ивээл дор 45 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа олон улсын оюутны уралдаант чуулган нь Дэлхийн таван тивийн оюутан залуучуудын манлайлагч багууд оролцдог. Хуралдаанд оюутнууд хамтарч баг (committee) болон дэлxийн хэмжээний онц ноцтой асуудлуудыг хэрхэн зөв зохистой шийдвэрлэx талаар, НҮБ-ийн хуралдаанд гаргадаг шийдвэрүүдээс иш татан илтгэл тавин багууд өрсөлддөг. НҮБ-ын үйл ажиллагаа, олон улсын харилцаа, оюутнуудын үзэл баримтлал, хамтран ажиллах мөн олон улсын хүмүүнлэгийн ажиллагааг зөв ойлгох, дэмжин туслах, удирдан зохион байгуулахад нь зөв хандлага, туршлага өгөх зорилготой. Энэ хөтөлбөрийг Мэргэжлийн боловсролыг дэмжих сан болон Тайсонс Консалтинг хамтран хэрэгжүүлэх юм. Одоогоор тус арга хэмжээнд Монголоос 100 хүртэл сурагч оюутнуудыг оролцуулах эрх аваад байгаа. Сонирхосон оюутнууд дараах хаягаар хандаж мэдээлэл авч болно. Twitter.com/otgonulzii
Ирээдүйд дэлхийн шилдэг сургуульд суралцахаар бэлдэж байгаа залууст хандаж зөвлөгөө өгнө үү?
-Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг Монголын сайхан үг бий. Өөрөө л хичээ. Чи өөрийгөө ялж чадвал хүссэндээ хүрнэ.
– Сурахын хажуугаар ямар нэгэн ажил хийж байна уу?
-Би санаа нийлсэн Монголчуудтайгаа хамтран Тайсонс консалтинг гэдэг нэртэй компани байгуулан ажиллаж байгаа. Манай компани бизнес, хөрөнгө оруулалтын зөвлөгөө, мэргэжлийн сургалт, бизнес уулзалт аялал зохион байгуулдаг. Америкийн зах зээлд сүүлийн 5 жилд амжилттай ажиллаж байна. Би компанийхаа удирдах зөвлөлд ажилладаг. Та хэрэв АНУ-д хувийн бизнес нээх, бизнес уулзалт, аялал, байшин худалдаж авах, сургалтанд хамрагдах, орчуулга хийлгэх болон бусад зөвлөгөө хэрэгтэй бол бидэнд хандаарай.
-Цаг зав гаргаж ярилцсан танд баярллаа сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.
Танд ч бас баярлалаа амжилт.
Ярилцсан
Twitter.com/otgonulzii
Холбоотой мэдээ
Comments are closed.