УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ирэх оны төсөв, уул уурхайн зарим асуудлаар ярилцлаа.
-Ирэх оны төсөв урьдынх шигээ үрэлгэн талдаа батлагдах нь уу. Та юу гэж үзэж байна?
-Дэндүү данхайсан том төсөв л болоод байна. Манайхан шүүмжилж байдаг шүү дээ, төр засгийн энэ бүтэц чинь хэт тэлээд байна гэж. Тиймээс миний хувьд ирэх оны төсөв урьдын адил үр ашиг муутай төсөв боллоо л гэж харж байгаа. Уул уурхайгаас орж ирж байгаа энэ их орлогыг зөв зарцуулах хэрэгтэй байна. Эргээд өгөөжөө өгөх зүйлд зориулах ёстой.
-Манай эдийн засагт Голланд өвчин туссаныг улс төрчид хүлээн зөвшөөрч эхэлж байх шиг байна, тийм үү?
-Уул уурхайн баялгаас орж ирсэн мөнгөний буруу зарцуулалт чинь Голланд өвчний шинж тэмдэг байхгүй юү. Эдийн засаг маань ганцхан зүйлээс хамааралтай байж болохгүй. Ер нь 1980-аад оноос эхлээд эдийн засагт Голланд өвчний шинж илэрч эхэлсэн юм. Эрдэнэт үйлдвэрээр жишээ татаад үзье л дээ. Төсвийнхөө 50 хувийг энэ үйлдвэрээс бүрдүүлж байлаа. Тэгэхээр Голланд өвчин Монголд саяхан үүссэн гэж ойлгож болохгүй байх. Бид өнөөдөр уул уурхайгаас бараг бүх төсвөө бүрдүүлж байна.
-Уурхайгаас олсон орлогоо тэгвэл юунд зориулах ёстой гэж. Ер нь Оюу толгойгоос олигтой юм орж ирэхгүй бололтой?
-Хөрөнгөө зөв зохистой хуримтлуулж, зөв зарцуулах асуудлыг л ярих ёстой. Засгийн газар олон сан бий болгосон. Энгийн жишээ хэлье л дээ. Аймаг орон нутагт төрийн захиргааны ордон барина гээд байгаа, зарим нөхдүүд. Энэ чинь хорь, гучин тэрбум төгрөгөөр босох асар их зардалтай зүйл. За, тэгээд тэр байрыг нь халаах, цахилгаан гэрэлтүүлэг тавих зэрэгт нь бас ихээхэн мөнгө шаардана. Тэдгээрийг дагалдаад үйлчилгээний олон асуудал бий. Өөрөөр хэлбэл төрд данстай хүмүүсийн тоо нэмэгдэнэ. Бөөн зардал урсана биз дээ. Ийм үрэлгэн байдлаа зогсоогоод бусад үйлдвэрлэлүүдийг дэмжих хэрэгтэй байна. Тэгвэл хүмүүс ажилтай, байнгын орлоготой болно. Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулахаар УИХ-аас тогтоол гаргасан. 57 дугаар тогтоол гэхээр хүмүүс бүгд мэддэг болсон доо. Энэ тогтоол хэрэгжээд явах ёстой. Хөрөнгө оруулагч тал маань хөрөнгө оруулалтаа нөхмөгц манай талын эзэмших хэмжээ 50 хувьд хүрнэ. Гэхдээ гэрээний энэ тал дээр хугацаа заагаагүй тул хэзээ ч хэрэгжих боломжтой гэж ойлгох ёстой юм л даа, уг нь. Төрийн гурван өндөрлөг гэгддэг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар сууж байгаад гадаадын компаниудтай гэрээний талаар ярилцсан. Тэгээд мэдэгдэл гаргасан. Тэгвэл мэдэгдэл нь илүү хүчтэй юү, УИХ-ын тогтоол нь хүчтэй байх уу. Мэдээж тогтоол нь хүчтэй үйлчлэх ёстой биз дээ.
-Говийнхоо хамаг баялгийг цөлмөөд бид юутай үлдэх бол?
-Монголчууд бидэнд бурханаас нэг зүйлийг харамгүй өгчээ. Энэ нь газрын доорх баялаг. Харин усыг бурхан бидэнд чандмань эрдэнэ мэт хайрлах хэмжээнд хязгаартай өгсөн байхгүй юу. Тэгэхээр бид юун түрүүнд усаа хайрлах, ариг гамтай хэрэглэх нь чухал боллоо. Ялангуяа говийн бүс нутагт үүнийг онцгой анхаарах ёстой. Оюу толгой, Таван толгой зэрэгт байгаль орчны үнэлгээ хийлгээд явж байгаа. Энэ ажилд дотоодын компаниуд өргөнөөр оролцож байна. Гэхдээ гадаадын зарим нөхдүүдийн хийсэн байгаль орчны үнэлгээг харж байхад сэтгэл зовмоор юм бий. Юув гэхээр тэд орд, уурхайг ашигласнаар байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөлөл байхгүй мэтээр дүгнэсэн байх юм. Манай экологийн системд өөрчлөлт орохгүй гэж тэд юу яриад байгаа юм бэ. Ямар ч ордыг ашиглахад их бага хэмжээгээр заавал өөрчлөлт ордог. Тиймээс би тэдгээр нөхдийг үндэслэлгүй зүйл хийж байна гэж хэлэх гээд байгаа юм. Оюу толгой, Таван толгой болон говьд ажиллаж байгаа бүх компани чинь тэндэхийн байгалийг орвонгоор эргүүлнэ. Энэ бол тодорхой. Харин энэ сөрөг нөлөөллийг яаж бууруулах вэ гэдгээ сайтар ярих л хэрэгтэй байна. Уурхайнууд ганц ганцаараа усны хайгуул хийж, тус тусдаа төмөр зам, авто зам тавих гээд байгаа. Үүнд төрийн нэгдсэн бодлого зайлшгүй хэрэгтэй. Усны хувьд гэхэд Оюу толгойнхон Гүний хоолойн усыг ашиглаж байна. Тэгтэл хажуугаар нь бас нэг компани тэнд усны хайгуул хийгээд сууж байх юм. Оюу толгойд гүний усны нөөц хэр зэрэг нөлөөлөх юм бэ гэдгийг нарийвчлан авч үзэх хэрэгтэй. Нэг газраас хоёр, гурван компани гүний усаа сороод эхлэхээр юу болох бол доо. Тэнд улсын нөөцийн бэлчээрийн газар гэж бий. Алсдаа энэ газраа усгүй болгож сүйрүүлэх үү. Энэ мэтээр бодох юм их бий шүү дээ. Говьд нийтдээ хэдэн орд газрыг яаж ашиглах гэж байгаа, тэнд усны асуудлыг яаж шийдвэл болохов гэх мэтээр нэгдсэн бодлогоор хандахгүй бол боломгүй байна. Түүнээс биш хэн дуртай нь очоод дураараа цоолоод ус гаргаад байж болохгүй. Одоо бол тэнд ямар ч хяналтгүй байгаа. Ер нь орд ашиглаж, гүний усаа шавхаад дуусахад говь маань пургисан цагаан тоос татсан элсэн цөл болно шүү дээ. Оюу толгойнхон Гүний хоолойн усыг ашиглахад газрын гүнд байгаа усан бассейн түвшин буурахгүй мэтээр тооцоо, дүгнэлт гаргасан байна лээ. Тэгээд малчдын амьжиргаанд нөлөөлөхгүй ч гэх шиг. Ийм байж болохгүй. Энэ нь улс төрийн хэллэгээр бол билейп байхгүй юу. Монголчууд биднийг гадныхан зүгээр л ингэж билейптэж байгаа юм. Худаг усны, малчид нь нутгаасаа дайжиж нүүсэн ийм л юм болж таарна, эцсийн дүндээ. Нөгөө ховордож байгаа мазаалай, хулан, тахь, аргаль, янгир бүгд алга болно. Хүний хүн байна уу, монголчууд өөрсдөө байна уу хамаагүй. Эцсийн дүнд байгалиас нь авах юмаа аваад оронд нь элсэн цөл үлдээх болж байна гэдгээ л сайтар ухаарах ёстой. Ийм эмгэнэлтэй байдалд орохгүйн тулд бид нарийн тооцоон дээр нөхөн сэргээлтээ урьтаж бодоод уурхайгаа ажиллуулах хэрэгтэй байгаа юм.
-УИХ дээр цөөнхөө сонсдоггүй гажиг хэвээрээ л байна уу?
-Хамтарсан Засгийн газар өнөөгийнх шигээ баялгаас орж ирсэн мөнгөө баруун солгойгүй цацаад байвал Африкийн хоосорсон орнуудын загвар руу л яваад байна. Олонхи нь цөөнхөө сонсохгүй тохиодол их гарч байгаа. Газар доорх баялгийг бид газрын дээрх баялаг болгож хувиргахын төлөө л Оюу толгойгоос эхлээд ухаалаг алхам хийгээсээ гэсэндээ тодорхой юм яриад яваад байна. УИХ-ын тогтоолоо биелүүл гэж шаардаад байгаа юм.
-Лиценз олголтыг яаж журамлавал зүгээр вэ?
-Юун түрүүнд төсөвтэй хамааралтай бас нэг зүйлийг энд хэлэхэд бид асар их юмаа гадагш нь алдаад байна. Оросуудаар жишээ аваад үзье. Тэндэхийн томоохон бизнесменүүд Оросоос мөнгөө зугтаалгаж, гадаадын томоохон банкуудад байршуулж байгаа. Зарим нь Америк руу гаргаж байна. Нэг хэсэг нь гадаад улс оронд үл хөдлөх хөрөнгө худалдан авч байх жишээтэй. Оросын шинжээчид ирэх жил бараг 100 тэрбум доллар урсаж гарах болов уу гэж таамаглаж байгаа. Манайд ч бас ийм байдал үүссэн. Монголын хөрөнгийн урсгал гадагшаа явах нөхцөл нь бүрдчихээд байна. Эх орныхоо баялгийн төлөө дуугарсан хүнийг ад үзэж, хамгийн муухай хүн мэтээр үзэж байна, зарим нь. Энэ бол эрүүл бус үзэгдэл. Лицензүүдээ цэгцлээч гэж бид яриад байгаа. Өнөөдөр Монголын компани Орост очоод лиценз эзэмшиж чадах уу. Хэдэн хүн Монголоос Орост лиценз аваад байна. Байхгүй биз дээ. Орост бид танайхаас лиценз авъя гээд очвол ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад буцаад яв л гэнэ. Тэгэхээр би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид их талархаж явдаг юм. Энэ хүн лиценз олголтыг бага ч гэсэн хумьж чадлаа. Цаашдаа маш нарийн хяналттай болгох хэрэгтэй байна. Ямар ч лицензийн 51 хувийг төр эзэмшиж байхаар хийх нь зүйтэй юм.
-Гадаадын компаниудын нөлөө их болжээ. Үүнийг дагаад авлига улам гаараад байх шиг?
-1990-ээд онд гадаадын дэмжлэг яах аргагүй хэрэгтэй байсан. Монголчуудыг дөнгөж зах зээл рүү шилжиж байх үед Япончууд асар их дэмжлэг үзүүлсэн. Америк, Европын холбоо ч муугүй дэмжсэн. Гэхдээ явцын дундуур бизнес, эдийн засгийн нөлөөлөл их орж ирсэн. Янз бүрийн зөвлөхүүдийг шургуулж байлаа. Тэдгээр зөвлөхүүдийн нөлөөгөөр жишээ нь манай ашигт малтмалын хууль батлагдаж байлаа шүү дээ. Гучин жилийн хугацаанд ямар ч том ордыг хамаад л аваад гарна биз дээ. Ийм боломжийг хуулиар тавьж олгосон байсан. Бороо гоулд, Цайрт минерал гээд олон компанийн олз ашиг гадныхны нөлөөгөөр хийгдсэн. Хэр зэрэг хэмжээний авлига авч өгөлцсөнийг би хэлж мэдэхгүй. Гэхдээ гадаадын том нөлөө тэдгээр ордууд дээр байж л байгаа.
-Та сая усны үнийг нэмэх тухай ярих шиг болсон. Засгийн газар үүнийг яаж дэмжиж байгаа вэ?
-Би Оюутолгойн гэрээг ярьж байх үед байр сууриа тодорхой илэрхийлж байсан. Монголын тал баялгаа гадныханд сул өгч байна шүү гэж шүүмжилж байлаа. Жишээ нь одоо бид гадныханд усаа сул өгсөөр байгаа. Өнөөдөр дэлхийд хамгийн үнэтэй юм чинь өнөөх алт, зэс гэхээсээ илүү ус болж хувирч байна шүү дээ. Цаашдаа ус бол улам үнэ цэнтэй болно. Гэтэл манайхан Оюу толгойн гэрээг хийхдээ Усны тухай хуульдаа өөрчлөлт хийгээд л усаа зүгээр өгсөн. Энэ бол маш хортой зүйл болсон. Нэгэнт бид онцгой эрхээр гэрээ хийх гэж байгаа бол усныхаа үнийг нэмнэ гэх ёстой. Усны үнэ цэнийг бид одоо гадаадынханд мэдрүүлэх хэрэгтэй. Туул голын эрэгт гэхэд дүүрэн гадаадынхан байна. Туулын ус руу үйлдвэрт ашигласан хромтой усаа юүлээд сууж байгаа. Бид тэднийг тэгээд зүгээр л хараад яваад байх уу. Ийм байж болохгүй шүү дээ. Тэгвэл яаж зохицуулж болох вэ гэвэл усыг үнэтэй болгохоос эхлэх хэрэгтэй байгаа юм. Өндөр үнээр усаа авч эхлэхээрээ тэд чинь юм бодож, технологоо ч бас шинэчлэж, усаа ариг гамтай хэрэглэдэг болно. Харамсалтай нь, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Засгийн газар усын үнийг нэмэх сонирхолгүй байгаа.
-Гадаад өр улам өслөө. Инфляци ч дахиад өсөх шинжтэй. Гэтэл төрийн албан хаагчдын цалинг ирэх оноос нэмнэ гэнэ. Үнийн өсөлт ёстой галзуурах байх даа?
-Гадаад өр ноцтой хэмжээнд хүрч байгаа. Орост бид 11,8 тэрбум долларын өрийг тэглэсэн. Гэтэл одоо яг тэр хэмжээнд өр маань дөхөж очлоо. Өнөөдөр найман тэрбум болж байна гэнэ. Болох, болохгүй хэмжээний зээл авлаа. Тэдгээр зээлийн зарим нь хэзээ үр ашгаа өгөх нь ч мэдэгдэхгүй байлаа шүү дээ. Инфляци ирэх онд бараг 30 хувьд хүрэх байх. Хувийн хэвшил дээр тулгуурласан эдийн засаг биш төр бүх юманд оролцох гээд байдаг тийм сонин эдийн засаг бий болчихлоо. Төр баахан тендер зарлаад байдаг. Химийн хэллэгээр бол ханасан уусмал шиг болжээ, энэ төр маань. Төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр дундаж давхарга цохиулж байгаа. Төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд хүн амыг ажлаар хангаж байдаг жижиг дунд аж ахуйнууд чирэгдэнэ. Энд би товчлоод нэг л зүйлийг хэлье. Өнөөдөр УИХ, Засгийн газар, Монгол банк гурав нэгдсэн бодлогоор явж чадахгүй байгаа юм.
Ярилцсан Б.Отгонбаяр

Холбоотой мэдээ
Comments are closed.