antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 24, 2011 Comments are off

Малчнаа баривчлах захирамж гаргадаг Засаг дарга Б.Цээпилдорж

нийтлэсэн Admin

Бидний ярьж заншсан Зүүнхараа хот (Одоогийн Мандал сум) энэ жил Монгол Улсын тэргүүний сумаар шалгарч Засгийн газраас 100 сая төгрөгөөр шагнуулсан юм даг. Хүн ам нь 23 мянгад хүрч ажлын байр, бүтээн байгуулалтаараа улсдаа номер нэг. Энэ нутагт ажилгүйдэл, ядуурлын тухай яриад ч хэрэггүй гэнэ. Мандал сумын Засаг дарга Б.Цээпилдорж мэдээллийн хэрэгслээр “Монголын ард түмнийг улсын тэргүүний Мандал  суманд ирж ажиллахыг урья” гэдэг байна.Монгол Улсын хэмжээнд Бруней, Катар шиг болчихсон гэх нь холгүй байгаа Зүүнхараад очлоо. Тараагаад хаячихсан хүүхдийн тоглоом шиг нэвсгэр сумын төв. Их хот айлд байдаг утаа, хог, ажилгүйдэл, архидалт Мандал сумыг тойрсонгүй. Тэр ч бүү хэл траншейны иргэд байдаг ч дуулдав. Ажил төрөлгүй иргэд самар жимс зарж байгаа дүр зураг ч харагдана. Сумын удирдлага энд тэндхийн дарга нарыг ирэхээр эдгээр ядарсан иргэдээ “Баривчилна” хэмээн сүрдүүлэн тараадаг юм гэсэн.

Энэ сумын хүн ам 23 мянгад хүрснийг иргэд “Манай сумын төвд Зүүнхараагийн хорих анги 1937 оноос хойш ажиллаж байна. Эндээс суллагдсан хоригдлууд нутаг орондоо очих нүүргүй болсон байдаг. Тийм учраас манай суманд шингэдэг” хэмээн тайлбарласан юм. Зүүнхараад ганц баян хүн бий гэнэ. Тэр баян нь сумын Засаг дарга Б.Цээпилдорж  аж. Зочид буудалтай, хөрөө рамтай, төмөр, тоосгоны үйлдвэртэй, дэлгүүртэй, газар тариалантай. Хятад иргэдтэй нийлэн Зүүнхараад тоосгоны бизнес хийдэг юм билээ. Сүүлийн жилүүдэд Мандал суманд газар тариалангийн компаниуд үйл ажиллагаагаа явуулах болжээ. Үүний үр дүнд газар нутгийн зай талбай хомсдож нутгийн малчид мал маллах боломжгүй болсон. Үүнээс үүдээд газрын төлөөх тэмцэл хэрүүл ч гарах болсон байгаа юм. Орон нутгийн удирдлага аж ахуйн нэгжүүдтэй нэгдэн хуулийн нэрээр иргэдийн газар нутгийг булаах болжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн малчин Шаравын Батмөнх сумын төвөөс 40 орчим км зайтай Цагаан чулуут хэмээх газар үе дамжин амьдарч байгаа аж. Гэтэл Б.Цээпилдорж Засаг дарга болонгуутаа л малчин Ш.Батмөнхийн эргэн тойронд газар олгоод эхэлсэн байна. Газар тариалангийн компаниуд нутгийн малчдын малын бэлчээр, өвөлжөө хаваржааг дайран хөрс шороог хоромхон зуур эргүүлж орхисон байх юм.

Газар тариалангийн компаниудад өвөлжөө нь гурван талаараа бүслэгдсэн малчин Ш.Батмөнх  малаа бэлчээх газар нутагтай үлдэх гэж чармайж байгаа аж. Гэсэн хэдий ч сумын Засаг дарга Б.Цээпилдоржоор ахлуулсан  газрын “дээрэмчид” энэ өрх айлын малын бэлчээр рүү уулгалан довтолж  нутаг орондоо амар жимэр амьдрах бололцоогүй болгожээ. Цагаан чулуут хэмээх нутагт өвөлжиж буй Ш.Батмөнх гуайнд очлоо. Тэрээр “Насны бөгсөнд нутаг орноосоо хөөгдөж гэр бүлийн маань хүн хүртэл шоронд хүртэл суугаад хэцүү байна” гэсээр угтсан юм.

tseepildorj

-Засаг дарга Б.Цээпилдоржийн захирамжаар таны эхнэр Г.Оюунчимэгийг цагдаад баригдсан гэж сонслоо. Чухам юу болоод байна даа?

-Манай өвөлжөөний эргэн тойрон дахь газрыг тариалангийн компаниудад өгчихсөн юм.  Уг нь манайх бэлчээр эзэмших гэрчилгээтэй. Тэр гэрчилгээтэй газрыг маань сумын Засаг дарга Б.Цээпилдорж өгөөд байгаа хэрэг. Энэ жилийн наадмын өмнө 2011 оны долдугаар сарын аравны өдөр дуудлага худалдаа зарласан юм байна. Тэгээд Ч.Дондог, Долгор гэдэг хоёр иргэнд 37 га газрыг дөрвөн сая төгрөгөөр зарсан байдаг. Тэр зарагдсан гээд байгаа хэсэгт манай өвөлжөөний урд тал, мал усалдаг худаг хүртэл орсон.

-Хэзээнээс өвөлжөөний газрыг чинь хагалаад эхэлсэн бэ?

-Энэ жил чинь их ойнууд давхацсан том наадамтай жил шүү дээ. Тэгэхэд 2011 оны долдугаар сарын аравны өдөр гаргасан шийдвэрээр орой нь л гэхэд трактортой хүмүүс ирчихсэн газар хагалж байгаа юм даа. Хүний шунал хэцүү шүү. Оройн 18 цагийн алдад өвөлжөөний урд талын газрыг хагалж эхэлсэн. Бүтэн сайн өдрийн орой шүү дээ. Яваад очтол Мандал сумын газрын даамал Алтанзул ирчихсэн газар хагалуулж байсан.  Ямар ч бичиг баримт үзүүлээгүй. Тэгээд манай гэр бүлийн хүнийг “Хөгшин авгай минь  дуугүй бай. Чи юу мэддэг юм бэ” гэсэн. Энэ үед  МАН-ын гишүүн Ч.Дондог гэдэг хүний хүү трактороо асаан “Ална” гээд дайрсан юм. Тэгтэл газрын даамал Алтанзул “За за газрыг чинь хагалахаа болилоо. Дахин дуудлага худалдаа зарлана. Тэгэхээр ороорой” гээд явчихсан. Тухайн үед ийм л юм болсон.

-Дараа нь юу болов?

-Наймдугаар сарын есний өдөр хэсгийн төлөөлөгч Алтансүх, дэслэгч Билэгжүгдэр нар манайд ирсэн байж. Би эзгүй байсан. Энэ үед гэр бүлийн хүн Г.Оюунчимэгт “Танай малын бэлчээрийн асуудал нааштайгаар шийдэгдэж байгаа шүү.Та яаралтай сумын төв орох хэрэгтэй байна. Буцаагаад хүргэж өгнө” гэсэн байгаа юм. Манай гэр бүлийн хүн газрын асуудал нааштайгаар шийдэгдэх болсонд баярлаад машинд нь суугаад сум дээр ирсэн. Тэгтэл нөгөө хоёр цагдаа Г.Оюунчимэгийг Зүүнхараагийн мөрдөнд хорихоор болсон байгаа юм. Энэ насандаа шорон орон үзээгүй манай хүн гэнэтийн цочролд орон бие нь муудсан. Энэ үед ээжийнхээ биеийг муу байгааг дуулсан охин маань хэсгийн төлөөлөгч рүү утасдаж эм тан өгүүлэх гэж гуйсан. Өглөөний 11 цагаас 18 хүртэл суулган айлгаж ичээгээд сумын Засаг дарга Б.Цээпилдоржийн арав хоног баривчлах 508 тоот захирамжийг үзүүлсэн. Тэгээд хэсгийн төлөөлөгч Билэгжүгдэр дагуулан явж шүүгч Мөнгөнцэцэгтэй уулзуулсан.

-Засаг дарга хүн баривчлуулах эрхтэй гэж үү?

-Тэр шүүгч Засаг дарга Б.Цээпилдоржийн захирамжийг зөв гэж үзээд эхнэрийг маань хорих байранд хорьсан. Тэгэхдээ гар хөлийг нь мушгин гавлаад сүйд хийсэн байгаа юм. Энэ хооронд биеийнх нь байдал муудсан хэдий ч эмнэлгийн тусламж үзүүлээгүй. Бид танил талаараа хөөцөлдөн Б.Оюунчимэгийг эмнэлэгт хүргэн тариа хийлгэсэн.

-Танай гэр бүлийн хүнийг юу гэж буруутгасан юм бэ?

-Төрийн ажилд саад хийсэн. Тракторын доогуур орж хэвтсэн гэж гүтгэсэн  юм. Тэгээд манай хүний бие дээрдэхгүй болохоор Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийсэн ч олигтой дээрдсэнгүй. Одоо толгой тархи нь өвдөөд хэцүү байна даа.

-Хууль бус баривчилгааны талаар засаг төрд хандсан уу?

-Аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, аймгийн цагдаагийн хэлтэс, шүүх, АТГ-ын ахлах мөрдөн байцаагч Одхүү  гээд олон байгууллага, албан тушаалтанд өргөдөл гаргасан. Бүгд Засаг дарга Б.Цээпилдорж малчин ардынхаа газрыг булааж ядарсан эмэгтэйг шоронд хорьсон нь зөв гэж үзсэн дээ. Ард иргэдээ хайрлахаа байсан цаг үе иржээ дүү минь.

-Хүний эрхийн комисс нааштай шийдвэр гаргасан гэж дуулсан?

-Хүний эрхийн комиссын дарга Ж.Бямбадорж “Мандал сумын Засаг дарга Б.Цээпилдоржийн 508 дугаар захирамж Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “Халдашгүй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна. Иймд Засаг дарга Б.Цээпилдоржийн 508 тоот захирамжийг хүчингүй болгож манайд мэдэгдэнэ үү” гэсэн байна лээ.

-Таныг олон малтай гээд ад үзээд байдаг юм  уу даа?

-Манайх 1500 толгой малтай байсан юм . Ихэнх малаа Архангай аймагт байлгаж байна.  Зүүнхараагийн тэргүүн баян Б.Цээпилдоржоос урьд өмнө Дүнгээ гэдэг Засаг дарга байлаа. Надад ч их сайн, малчдаа дэмждэг хүн байсансан. Би ч гэсэн нутаг орныхоо хөгжил дэвшилд хувь оруулж хандив ч өгдөг байлаа. Газар тариалангийн компаниуд малыг үзэхгүй. Тарианд  ойрхон гарсан малыг аваачаад хашна. Тэгээд дааж давшгүй торгууль тавина. Торгуулийг өгөхгүй удаахаар хашсан малыг маань алаад идчихдэг юм.

-Арай үгүй байлгүй дээ?

-Олон хүн хэлээд өгнө. Би энэ хэдэн малаа тарианд оруулахгүйн тулд арга бардаг хүн. Энэ нутагтаа хамгийн олон  адуутай байлаа. Тариалангийн компаниудад адуугаа бүлаалгахгүй гээд зарж үрээд хоёрхон морьтой үлдсэн. Малаа бэлчээх нутаг оронгүй, өмгөөлж хамгаалах төр засаггүй, мань мэтийн малчид амар жимэр байж байгаад авсанд орох юмсан. (Түүний хоолойн өнгөнд төр засагтаа гомдсон аяс илэрхий мэдрэгдэж байлаа)

T.ЦОГТ-ЭРДЭНЭ


“ӨДРИЙН СОНИН”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car