“Зөв банк Хас банк” хэмээдэг тус газар өгсөн нэр томьёогоо өөрчлөн “Хулхи банк Хас банк” гэсэн шинэ нэртэй болжээ. Учир нь тус банк олон жил тогтвортой ажиллаж арилжааны банкууд дундаа л “Зөв банк” гэсэн тодотгол зүүж иргэдийн итгэл найдварыг олж байсан цаг саяхан.
Мэдээж иргэдийн өдөр тутам харилцаж, их бага хэмжээгээр мөнгөө “сэгсрүүлж” байдаг газар бол банк. Банк хооронд гүйлгээ хийсний төлөө 300-500 төгрөг авна. Бэлэн мөнгөний машинаас мөнгө авахдаа шимтгэл төлнө. Зээл авахад элдэв янзын шимтгэл, баримтын үнэ гээд л хураана. Иргэдээс мөнгө татах ямар л арга, боломж байна, тэр болгоныг үлдээлгүй ашигладаг гэхэд болно. Гэтэл их хэмжээний ашиг хонжоо олоод ирэнгүүтээ харилцагчдаа маш цэвэрхэн аргаар залилдаг байсан нь энэ сарын 10-ны өдөр ШӨХТГ-аас хийсэн хяналт шалгалтаар илэрчээ.
Шившигээ дэлгэсэн гэдгийн учрыг тайлбарлавал тус банкны захирлууд Монгол Улсад их зүйлийг хийж ард түмнийхээ аж амьдралд “Бид л их үнэтэй хувь нэмэр оруулж байгаа” хэмээн өөрсдийгөө магтан ярьж байсныг тодхон санаж байна.
Өөрөөр хэлбэл ШӨХТГ-аас тус банкинд шалгалт хийхэд иргэдээс хоёр дахин их мөнгийг шимтгэл хураамж гэх нэрээр авч байсаннь илэрсэн гэсэн үг.
Бүр тодруулбал тэд иргэдийн зээлсэн мөнгөнөөс шимтгэл хураамж гэх нэрээр 0.5-1 хувьтай тэнцэх хэмжээний төлбөр хураамжид 500-15 мянган төгрөг авдаг байсан бөгөөд бүр давхардуулан авдаг байсан нь баримтаар илэрсэн байна.
Тус банкны энэхүү хууль бус үйлдлийг ШӨХТГ-ын улсын ахлах байцаагч Ж.Очирхуяг, Б.Ариунаа, улсын байцаагч К.Жархынбек, М.Мөнхбаяр нар шалгаж байх явцдаа бусад холбогдох газруудаас нь хяналт шалгалтын ажилд шаардлагатай баримт материалыг гаргуулан авч судалсны үндсэн дээр энэхүү ноцтой хэргийг ил болгосон байна.
Энэхүү хууль бус үйлдэл нь нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.2, 12.1.10, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7.1, 12.9 дэх заалтуудыг тус тус зөрчсөн байна. Мөн тус газрынхан зээлийн шимтгэлийг зээл олгосноос гарч буй зардал гэж тайлбарлаж буй боловч зээл олгохтой холбогдуулан гарах зардалтай харьцуулахад өндөр тогтоогдсон. Гэрээний харилцаанд оролцогчдын эрх тэгш байдлын зарчмыг зөрчиж байгаа бөгөөд зээлдэгчийн эрхийг дордуулсан гэж үзэх үндэслэл болж байгаа аж.
Зээл олгохтой холбогдуулан гарах зардлаас өндөр хэмжээний төлбөр авч байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т “Хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх”-ийг хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчсөн нь ноцтой үйлдэл болоод байгаа юм.
Уг нь тус банкны түүхэн гараа нь “Хөгжлийн алтан сан”-гаар олонд танигдаж бусад арилжааны банкуудаас урьтаж бага, дунд орлогтой бизнестэй хүмүүсийн амжилтын шанг тавилцаж байсан банк. Гэтэл өнгөрсөн он жилүүдээс эхэлж тус банкны харилцагчид нь маш ихээр эргэлзэх болж алхам тутамдаа түншээсээ мөнгө хулгайлж байсан увайгүй үйлдлийг бага багаар мэдэрч эхэлжээ.
Тодруулбал өнгөрсөн оны долоодугаар сараас эхэлж найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн 30 хувийн урьдчилгааг цуглуулах гэж иргэд арилжааны банкуудын үүдийг сахиж сууцгаах болсон.
Гэтэл тус банк урьдчилгааныхаа хэмжээг хоёр дахин өсгөж 3 хувь биш бүр 60 хувь болгосноор зээл хөөцөлдсөн иргэдийг санхүүгийн өгөөш болгон ашигласан хэрэг бас л гарч байсан. Иргэдэд зээл олгохын тулд Хасынхан “Монголбанк”-наас хөнгөлөлттэй зээл авч иргэдийн зээлийн баримтыг бүрдүүлэх, шимтгэл хураах нэрээр нэлээд ашиг олж байсан нь тодорхой.
Өөрөөр хэлбэл хамгийн энгийнээр бодоход тэд банк хоорондын мөнгөн шилжүүлгийнхээ шимтгэлийг манай улсад хаана ч байхгүй өндөр үнэ болох 2000 төгрөгт хүргэж байсан дуулиан шуугиан өнөөг хүртэл яригдсан хэвээр л байгаа. Энэ нь бусад арилжааны банкуудаас тав дахин өндөр үнэнтэй байсан гэсэн үг. Тэдний мөнгө олох хамгийн энгийн арга нь найман хувийн ч бай бусад өөр төрлийн гүйлгээ хийсэн тохиолдолд 2000 төгрөгийн шимтгэл авч гүйлгээ хийнэ.
Бас тус банктай холбоотой нэгэн хэрэг 2012 онд гарч байсан. Тодруулбал тус газраас ямар нэгэн зээл авахад тэд “Санхүүгийн түрээсийн гэрээ”-байгуулдаг байсан. Гэтэл тэд хатуу чанга шаардлагыг үйлчлүүлэгчдээ тавьдаг мөртлөө өөрсдөө санхүүгийн түрээсийн гэрээгээ зөрчиж байсныг нь иргэн Г.Батаа гомдол мэдүүлсний үндсэнд ШӨХТГ-ын хяналт шалгалтын багийнхан илрүүлж байсан юм.
Тухайлбал “Хас банк”-ны санхүүгийн түрээсийн гэрээний 2.2.6-д “Түрээсийн зүйлд аливаа засвар хийх, эд хөрөнгийн даатгалд даатгуулах болон түрээсийн зүйлийн өмчлөх эрхийг түрээслэгчид шилжүүлэхтэй холбогдон гарах зардлыг хариуцахгүй”, 2.3.6-д “Түрээсийн зүйлийг түрээслэхтэй холбоотой болон эд хөрөнгийн даатгалд даатгуулах, улсын дугаар авах, өмчлөх эрхийг шилжүүлэн авахтай холбогдсон аливаа зардлыг түрээслэгч бүрэн хариуцах” гэх зэргээр зээлдэгчид хариуцлага үүрүүлж, тэднээс мөнгөн төлбөр гүйцэтгүүлэх зүйл заалтуудыг оруулж өгсөн нь зээлийн шимтгэл, хүүгээс гадна иргэнээр мөнгө гаргуулах, Банкны тухай хууль зөрчсөн зүйл заалтууд хэд хэд байсан нь шалгалтаар илэрч байсан гэсэн үг.
Хэдийгээр тус банктай холбоотой олон ноцтой үйлдэл илэрдэг ч тэд иргэдээс авсан бохир мөнгөөрөө зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мөнгө төлж энэхүү хууль бус үйлдлээ далдлан өнгөлдөг нь нууц биш.
Товчхондоо эл банк хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ санхүүгийн мэдлэггүйг нь ашиглан удаа дараа залилан хийсэн гэсэн үг юм.Энэ нь тус банкаар үйлчүүлэх иргэдийн тоо цөөрүүлнэ үү гэхээс биш нэмэгдүүлэхгүй нь ойлгомжтой. Борооны дараах мөөг шиг олширсон энэ олон арилжааны банкуудаас иргэд өөрсдөө сонголтоо зөв хийх хэрэгтэйг энэ дашрамд анхааруулж байна.
Үргэлжлэл бий…
Р.Саруул
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
ж (June 18, 2014 3:33:12 pm )
Нэг гүлгээ хийхэд нэлээд хэдэн талхны мөнгө суутгаад байгх ш тээ Та нар
-
Сүхбаатар (June 18, 2014 9:27:09 pm )
Монголд маань хаа сайгүй луйварчидын үүр уурхай болжээ . Бас тэгээд зөв банк гээд байгаа юмаа
2 Comments